| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2019/02015/И |
| Дугаар | 181/ШШ2019/02474 |
| Огноо | 2019-12-02 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2019/02474
2019 оны 12 сарын 02 өдөр
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГ холбогдох,
Шийдвэр гйүцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нарийн бичгийн дарга Ч.Б нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 1930 дугаар шийдвэрээр ЖХХК болон ТОСКТӨҮГ-ын хооронд үүссэн зээлийн маргааныг шийдвэрлэж, ЖХХК-аас төлбөр гаргуулж ТОСК ТӨҮГ-т олгохоор шийдвэрлэсэн.
Талуудын хооронд мөн барьцааны гэрээ хийгдсэн бөгөөд гэрээнд харилцан тохиролцсоны дагуу барьцааны зүйлийн үнэлгээг 1 526 000 000 төгрөгөөр тохиролцож тусгасан. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хийж эхэлсэн бөгөөд манай компанийн зүгээс барьцааны зүйл болох хөрөнгийн үнэлгээг хуульд заасны дагуу тус газарт албан ёсоор хүргүүлсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 06 сарын 27-ны өдрөөр огноолсон мэдэгдлийг манай компанид ирүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд эд хөрөнгийг 298.900.800 төгрөгөөр үнэлсэн болохыг бидний зүгээс мэдсэн. Үүний дараагаар хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид үнэлгээний тайлантай танилцах хүсэлт тавьсан боловч танай компанид мэдэгдэл хүргүүлсэн өөр танилцуулах зүйл байхгүй гэх тайлбарыг хийсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь зөрчиж огт танилцуулахгүй байгааг энд дахин дурьдах нь зүйтэй.
Энэхүү нэхэмжлэлээ манай компанийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн гаргаж байна. Нөгөө талаар ирүүлсэн мэдэгдлээс үзвэл манай барьцаа хөрөнгийг зах зээлийн үнэлгээгээр илтэд зөрүүтэй хэт бага үнээр үнэлгээг хийсэн харагдаж байна.
Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 1930 дугаар шийдвэрийн дагуу хийгдэж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1930 дугаар шийдвэрээр Ж ХХКомпаний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ж ХХКомпаний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-, Г- дугаарт бүртгэлтэй тоот газар үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 298.900.800 төгрөгийн 70%-иар тооцон 209.230.560 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр үнэлгээг төлбөр төлөгч “Жиди” ХХК-д мэдэгдсэн. Шийдэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гаргасан гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх, зохигч талуудын тайлбар, мэтгэлцээн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, МОТ ХХК-иар 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үнэлүүлсэн барьцаа хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.
Хариуцагч тал үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, үнэлгээ хийлгэх шинжээчид эрх, үүргийг тайлбарласан, шинжээч хуульд заасны дагуу үнэлгээг тогтоосон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01930 дугаартай шийдвэрээр хариуцагч ЖХХК-иас 1 250 000 000 төгрөгийг гаргуулж, ТОСКТӨҮГазарт олгох, улсын тэмдэгтийн хураамжид 6 407 950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэжээ./хх-21-23 дахь талд/
Дээрх шүүхийн хүчин төгөлдөр болсон шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.4, 44 дүгээр зүйлийн 44.2.8-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Эрхийн улсын бүртгэлийн Ү-, Г- дугаарт бүртгэлтэй, тоотод байршилтай газар, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 153/19280066 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 226/19280066 дугаар тогтоолоор хураах ажиллагааг хийсэн байна./хх-27, 29 дэх талд/
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу барьцаа хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 202 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоолгох эрх бүхий хуулийн этгээдээр МОТ ХХК-ийг шинжээчээр томилж, тухайн тогтоолыг шинжээч Б.Э танилцуулж, гарын үсэг зуруулсан ба түүнд Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан танилцуулж баримтжуулжээ. /хх-51, 54-55 дах талд/
Гэтэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний ажилд шинжээчээр Б.Э, Б.Мнарын хоёр үнэлгээчин ажиллаж, үнэлгээний тайланг гаргасан болох нь Хөрөнгийн үнэлгээний тайлан №55/Ш-д буюу хэргийн 34 дүгээр хуудсанд тэмдэглэгдсэнээр тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлах үүрэгтэй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулах, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулах ажиллагааг хийх үүрэгтэй гэж хуульчилсан.
Маргаан бүхий эд хөрөнгийн үнэлгээг хийж, шинжээчээр ажилласан Б.Мягмарсүрэнд энэхүү хуульд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгөх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /шийдвэр гүйцэтгэгч/ хийж гүйцэтгээгүй нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул эдгээр шинжээч нарын гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлага хангаагүй гэж дүгнэлээ.
Хариуцагч тал хуульд заасан журмын дагуу ажиллагаа явагдаж, шинжээч хөрөнгийн үнэлгээг гаргасан гэж маргаж буй үндэслэл нь дээрх хуулийн үндэслэл, хэрэгт авагдсан бичгийн баримтаар няцаагдаж байна.
Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан хөрөнгийн үнэлгээний тайланг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх гомдлын үндэслэл баримтаар нотлогдоогүй тул түүний гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Харин хариуцагч нь хуульд заасан журмын дагуу шинжээчээр оролцож хөрөнгийн үнэлгээг гаргасан Б.М эрх, үүрэг тайлбарлах ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй зөрчсөн байна гэж шүүх дүгнээд энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдолд дурдсан, МОТ ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч ЖХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, НШГГ холбогдох, МОТ ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ЖХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч НШШГ 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЖХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ