Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 08

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг

Улсын яллагч Өмнөговь аймаг дахь Сум дундын 1дүгээр Прокурорын газрын хяналтын прокурор А.Амгалан,

Шүүгдэгч Ж.Гончигсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ариунсанаа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Жанчивийн Гончигсүрэнд холбогдох 201616010112 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 40 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ “Оч наран” ХХК-д түрээсээр автомашин жолоодох ажил эрхэлж байсан, ам бүл 1, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, сонгины 24-232 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар  шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Жанчивын Гончигсүрэн /РД:ЙС76080132/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Ж.Гончигсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө согтуугаар 28-76 УНР улсын дугаартай, SINOTRUK маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тогтоомж зөрчиж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гэх газарт байрлалтай монгол гэрийг дайрч, уг гэр дотор байсан иргэн В.Цэрэнбямбын амь насыг хохироосон, уг зам тээвийн осол гарсан хэргийн газрыг санаатай орхиж, зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Гончигсүрэн мэдүүлэхдээ: ” 2016 оны 10 сард “Оч наран” ХХК-д ажиллахаар гэрээ хийж Батсүх гэдэг хүний хувийн эзэмшлийн хово маркийн машинтай Цагаан хаданд ирсэн. Ирсэн цагаасаа хойш ажил хийхгүй нэлээн удсан бөгөөд 17-ны өдөр хайрга ачих ажилд гуйж байгаад явсан. Урагшаа гараад хайрга ачаад буцах гэсэн боловч тухайн үед удирдаж байсан Оюутолгой ХХК-ийн хүн хоосон буц гэсэн чиглэл өгсөн. Дараа нь “Оч наран” ХХК-ийн захирал Очбаатар нь наанаа байж бай гэж хэлсэн. Урагшаа гараад удахгүй гэж бодсон учир хоол унд, ор хөнжлөө орхиод явсан учир идэх зүйл болон хөнжил пүүгээ олж ирэхээр миний машинд 3-лаа суугаад Цагаан хад руу 18-ны орой явсан. Мөн манай нэг ажилчин эм аваад ирээрэй гэж хэлсэн. Цагаан хаданд очоод авах ёстой зүйлээ авсан. Эрдэнэ-Очир, Төмөрчөдөр, Амгалан 3 дэлгүүрийн эгчийг таньдаг байсан учир уулзалдаад нийт 3 шил архи хувааж ууцгаасан. Түүнээс хойш санахгүй байгаа. Өглөө нь цагдаад баригдаад хэргийн газар очоод л эрдэнэт хүний амь нас хохироосон байна гэдгээ мэдсэн. Архинаас болж ийм хэрэгт холбогдож хүний амь хохироосондоо маш их харамсаж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Одоо хүртэл өөртөө итгэхгүй байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ариунсанаа мэдүүлэхдээ: “Болсон үйл явдлыг 2016 оны 10 сарын 19-ний өдөр мэдсэн. Тухайн үед цагдаагийн ахмад Баасанбат гэх хүн надад болсон үйл явдлыг хэлсэн. Намайг хэргийн газарт очиход Гончигсүрэн ах согтуу байсан бөгөөд надад юу хийснээ хэлсэн. Эхлээд итгэхгүй байсан бөгөөд тэр орой нь ээжийнхээ цогцсыг харсан. Дараа нь ээжийнхээ цогцсыг аваад буцсан. Оршуулгийн ажил явдал сайхан болж өнгөрсөн. Хохирол төлбөр бүрэн төлж барагдсан тохиолдолд энэ хүнд муу зүйл санаад яахав гэж манай гэр бүлийнхэн ярилцаад шийдсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-13 дугаар хуудас/

Цогцос, түүний өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 дугаар хуудас/

Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-24 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /хх-ийн 25 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Аруинсанаагийн өгсөн:”...Ээж маань одоогоос 3 жилийн өмнөөс энэ Цагаан хад гэх газар ирж хувиараа гэр гуанз ажиллуулдаг болсон. Завсар зайгаар нь Улаанбаатар хот руу гэртээ харьдаг байсан. Тэгтэл сая энэ осол хэрэг болсныг бид Улаанбаатарт байхдаа сонсоод урд шөнө хотоос энд ирлээ. ...Ээжийнхээ оршуулгатай холбоотой гарсан 11 орчим сая төгрөгийн зардал, түүн дээр сэтгэл санааны хохиролд дөрвөн сая төгрөг буюу осолд буруутай жолоочоос нийт 15 сая төгрөг нэхэмжилж байна. Талийгаач ээжийг нутаглуулах үед жолооч Гончигсүрэнгийн талаас 7 сая төгрөг бэлнээр өгсөн. Жолооч Гончигсүрэн өнөөдөр 2 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Цаашид үлдэгдэл 6 сая төгрөгийг өгчихвөл нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 дугаар хуудас/

Гэрч Б.Чимэдцэрэнгийн өгсөн:”...Би талийгаачтай анх 2013 онд Ханбогд сумын Цагаан хаданд танилцаж байсан юм. ...Тэгээд бид хоёр нийлж дөрөв тав хоног хоол хийж байгаад осол болдгийн урд өдөр надад ажил гараад би өөрийнхөө машинаар Даланзадгад руу явсан юм. ...Манай гэр болон гэрт байсан эд хогшил дахин ашиглагдхааргүй эвдэрч хэмхэрсэн. Гэр маань том дөрвөн ханатай, хоёр давхар бүрээстэй гурван жил гаруй барьсан хуучин боловч ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гэр байсан. Би гэрээ 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр үнэлнэ. Дээр нь гэр дотор байсан тавиур, газан плитка, битүү чанагч, 2 ширхэг ор, 100 литрийн усны хуванцар сав, гал тогооны хэрэгсэл эвдэгдэж хэмхэрсэн. Эдгээрийг нийтэд нь 430,000 төгрөгөөр үнэлнэ. Гэрийн үнэтэйгээ нийлээд 1,230,000 /нэг сая хоёр зуун гучин мянга/ төгрөгийн хохирлыг осолд буруутай хүмүүсээс нэхэмжилж байна...” /хх-ийн 34 дүгээр хуудас/

Гэрч Д.Эрдэнэ-Очирын өгсөн:”...архиа бид гурав уугаад талд нь оруулж байгаад хажуугийн гэрт байсан урьд нь хамт ажиллаж байсан Амгалан ахыг дуудаж ирүүлсэн. Амгалан ах нэг ахтай хамт орж ирээд бид үлдэгдэл архиа ууж дуусгасан. Дараа нь Амгалан ахын орж ирэхдээ авчирсан 0,75 литрийн улаанбаатар архийг бүгдээрээ хуваагаад уусан. Архи уухаас өмнө Гончигсүрэн ганцаараа гарч яваад зам дээр орхисон машинаа авчраад комиссын дэлгүүрийн арын хашаа руу оруулж байрлуулсан байсан. Бид хоёрдох архиа ууж дуусгаад нэлээд халамцах үед гадаа машин дуугарсан. Жагаа эгч гаднаас орж ирснээ танай нөгөө жолооч хашааны хайс дайраад гараад явчихлаа гэсэн. Тэгэхээр нь Жагаа эгчтэй хамт гараад очиж үзэхэд Гончигсүрэн машинаа ухрааж хашаанаас гарахдаа машиныхаа араар хашааны төмөр хайсыг дайрч газарт унагаад явчихсан байсан. Ойр орчимд Гончигсүрэн машинтайгаа байгаагүй, би түүнийг хойно машинууд байрлуулсан газар луугаа очхоор явчхаж гэж ойлгоод эргэж нөгөө хэд дээр очиж ганц нэг дуу дуулж сууж байгаад Амгалан ах хамт яваа жолооч хоёрын байрлаж байгаа наар зассан гэрт Төмөрчөдөр бид хоёр ороод тэр хоёртой хамт нааран дээр унтсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр хуудас/

Гэрч Д.Төмөрчөдөрийн өгсөн:”...Уужим одын кемпийн хойд талд машинаа паркалж үлдээгээд Гончигсүрэнгийн унадаг цагаан өнгөтэй Хово машинаар Эрдэнэ-Очир, Гончигсүрэн бид гурав Цагаан хад орж, Жагай гэдэг найзындаа хоол хийлгэж идээд тэнд хоёр шил 0,75 литрийн Улаанбаатар архи уусан. Архийг Эрдэнэ-Очир, Гончигсүрэн бид гурав голчлон уусан. Хажуу гэрээс Амгалан ах нэг хүнтэй орж ирсэн. Тэд архинаас бага зэрэг л уусан. Тэгээд тэдний хашаанд байсан гэрт Амгалан ах, Эрдэнэ-Очир нөгөө нэг хүний хамт дөрвүүл хамт хоносон. Өглөө унтаж байхад Эрдэнэ-Очир намайг сэрээсэн. Гадаа цагдаа нар ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар хуудас/

Гэрч Есөн-эрдэнийн өгсөн:”...шөнийн 01 цагийн үед манай баруун хойдох сэндвичэн байшинд амьдардаг Тулгаа гэдэг залуу манай ээжийг байгаа эсэхийг асуусан. Би ээжийг байхгүй гэдгийг хэлтэл “хойд гэрт чинь байсан уу? Гэж асуусан. Би хүн байгаашдээ яасан гэтэл “сая нэг том тэрэг ирж дайрчхаад зугтаад явчихлаа” гэж хэлсэн. Би гэрээс гарч Тулгаатай уулзаад гэрээс ямар нэг дуу чимээ гарахгүй байна уу гэхэд Тулгаа “ямар нэгэн дуу чимээ гарахгүй байна” гэсэн . Тэгээд Тулгаа Ханбогдын цагдаа руу утастаж ослын талаар хэлсэн. Тэгээд Цагдаа нарыг иртэл бид гадаа Тулгаагын машинд сууж байсан. ...Би нам унтчихсан байсан. Тулгааг ирж хаалга хүчтэй цохиход л би сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/

Гэрч Я.Амгалантогтохын өгсөн:”...удалгүй хашаанд оруулаад ирчихсэн цагаан Ховогоо асааж байгаа сонсогдсон. Эрдэнэ-Очир, Төмрөө хоёр араас нь гүйгээд гарсан. Удалгүй “хулгайч чинь үгэнд оролгүй явна гэсээр байгаад явчихлаа” гэсээр Эрдэнэ-Очир, Төмрөө хоёр буцаж орж ирсэн. Нөгөө машин хашаанаас гараад явчхаж байгаа сонсогдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/

Гэрч Ц.Баатарсүхийн өгсөн:”...архи талаасаа доошлоод дуусах дөхөж байхад одоо энэ гадаа байгаа айл дайрсан гэх жолооч хүн амьтанд мэдэгдэлгүй гарч яваад дэлгүүрийн хашаанд байсан цагаан өнгийн хово машинаа асааж байгаа сонсогдсон. Тэгтэл Эрдэнэ-Очир нөгөө жолооч хоёр гүйгээд гарсан. Удалгүй тэр хоёр буцаж орж ирэхдээ нөгөө жолоочоо үгэнд оролгүй явчихлаа гэж хэлж байсан. Тэгээд үлдсэн жаахан архиа хувааж уучхаад дөрвүүлээ бид хоёрын амарч байсан жижиг гэрт ороод унтсан. Жагаа гэх эмэгтэй дэлгүүрийнхээ арын өрөөнд үлдсэн. Тэгээд өглөөгүүр 05 цагийн үед Эрдэнэ-Очирын утас дуугарч ярьснаа нөгөө жолоочоо аваар хийчихжээ гэж хэлээд сандраад явсан, түүний дараахан цагдаа нар Амгаа бид хоёрын унтаж байгаа гэрийг ирж харчхаад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/

Гэрч О.Насанжаргалын өгсөн:”...нөгөө хэд суугаад архи дарсаа ууж байсан. Тэгтэл нэг харахад Гончигоо гэх залуу гараад явчихсан түүний араас Төмрөө, Эрдэнэ-Очир хоёр гарч яваад буцаж орж ирж байгаа харагдсан. Тэгэхдээ “муу пизда чинь үгэнд орохгүй машин асаагаад гараад явчихлаа” гэж хэлж байсан. Түүнээс хойш нэг их удаагүй тэд унтлаа гээд манайхаас гараад явсан. Би ч хаалгаа түгжээд унтаад өгсөн. Дараа нь юу болсныг мэдэхгүй өглөөгүүр хаалга балбаад нэг цагдаа орж ирээд энд архи дарс уусан уу гэж асуусан. Би болсон ослын талаар тэгээд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/

Гэрч Ц.Дамдинжамцын мэдүүлэг:”...Мөнхтулга бид хоёр ажилчдын хоолонд орчихоод Эрдэнэ-Очирын утас руу залгатал “Цагаан хаданд айлд байна, ингэсгээд очлоо” гэхээр нь “Мөнхтулгын нүд өвдөөд байна анальгин аваад ирээрэй” гэж захисан юм. Мөн хөнжил олдвол аваад ирээрэй гэж мөн захисан. Тэгээд Мөнхтулга бид хоёр 10 цаг өнгөрөөгөөд тус тусынхаа машины кабинд унтсан. Нөгөө гурав биднийг унтах үед ирээгүй байсан. Тэгээд шөнө унтаж байтал Очбаатар шөнийн 04 цагийн үед утастаад наана чинь юу болоод байгаа юм бэ? Тэр гурав байгаа юм уу гэж асуусан. Тэгээд болсон ослын талаар мэдсэн...” гэх мэдүүлэг /48 дугаар хуудас/

Гэрч Б.Мөнхтулгын өгсөн:”...нүүрс тээврийн замын хойноосоо 184 дэх км-ээс Гашуун сухайт боомт хүртэлх автозамд машинтайгаар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Шөнийн 01 цаг өнгөрч байх үед манай диспетчирээс миний утас руу залгаад “цагаан хадан дээр самосвал машин айл дайрчхаад зугтаасан талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл ирлээ, зам руу орж ирж магадгүй тийм машин байвал шалгаадах гэж хэлсэн. Тэгээд би шалган 4-өөс хойшоо замаа шалгаад явж байтал Цагаан хадны төвөөс хойш байдаг энержигийн уулзварын орчимд /цагаан хад талаасаа/ цагаан өнгийн самосвал нүүрсний зам руу орж ирээд хойш чиглээд явсан. Би машиныхаа гэрэл, дуут дохиогоо асаалттай явсан баа тэр машины жолооч намайг харсан бололтой жаахан яваад замын зүүн тал руу буухаар нь би араас нь очоод зогсоогоод жолооч талын хаалгаар нь очиж хаалгыг нь тогштол жолооч нь цонхоо онгойлгосон. “та буугаад ирээч” гэтэл хаалгаа нээгээд тэр жолооч машинаасаа бууж ирсэн, тэр хүнээс архи ихээр үнэртэж гуйвж дайвж байсан” “та архи уучихсан юм уу, хаана уусан бэ ?” гэхэд ах нь Цагаан хаданд архи уучихсан юм гэж тэр хүн хэлсэн. “та бичиг баримтаа үзүүлнэ үү гэхэд би чамд бичиг баримтаа өгөхгүй гэж тэр хүн хэлсэн. Би “та согтуу байж замын хөдөлгөөнд оролцож болохгүй, машинаа унтраагаад түлхүүрээ өгчих, машиндаа унтаад жаахан архи дарсаа гаргачих гэж би тэр хүнд хэлсэн. Тэр хүн машинаа унтраагаад надад түлхүүрээ өгөөд машиныхаа кабинд унтаад өгсөн. Би тийм машин саатуулсан талаар диспетчирт мэдэгдсэн. Удалгүй цагдаагийн ажилтан над руу яриад “Ханбогдоос гарч байна, наад жолоочоо машинтай нь саатуулаад байж байгаарай бид удахгүй очлоо” гэж ярьсан. Тэгээд удалгүй цагдаагийн ажилтнууд ирэхээр нь би машиныг жолоочтой нь хүлээлгэн өгөөд замд хяналт шалгалтаа хийгээд явсан...тэр машинд жолоочоос өөр хүн байгаагүй...тэр машин их гэрлээ асаачихсан хөдөлгөөнд оролцож явсан. ...намайг тэр машиныг харснаас хойш ямар нэгэн хүн бууж суугаагүй. ... тэр машин Цагаан хад талаас засмалын баруун талын шороон замаар хойшоо чиглэж явж байгаад нүүрсний зам руу энержигийн уулзвараар орж ирээд мөн л хойшоо чиглэж яваад замын зүүн тал руу буусан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/

Гэрч О.Баттулгын өгсөн:”...01 цагийн үед /цаг минутыг тодорхой санахгүй байна/ ачааны том машины дуу манай засварын төвийг чиглээд ирж байгаа сонсогдсон. Тэгээд миний би? Энэ шөнө юун автомашин ирж байдаг билээ гэж бодоод байшингаасаа гараад харах үед дээрх ачааны машин манай засварын төвийн ертөнцийн зүгээр урд зүгт 5 м орчим зайд байсан Монгол гэрийг дайраад зогссон. Энэ үед би тухайн машины улсын дугаарыг нь харах гээд байшингаа тойроод хартал уг машины жолооч талын хаалганаас нэг хүн бууж дайрсан гэрийг хараад буцан суугаад автомашинаа ухраагаад уг гэрийг тойроод цааш зугтан явсан. Уг машины кабин ачаа зэрэг нь бүгд цагаан өнгийн, хово маркийн ачааны самосвол машин байсан ба улсын дугаарын сүүлийн хоёр нь 76 төгссөн байсан... “гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/

Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №2 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №9880 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/,

Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №6840 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-69 дүгээр хуудас,

Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн №9566 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70 дугаар хуудас,

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн Замын цагдаагийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Ганбатын гаргасан зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 71-74 дүгээр хуудас/

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №24 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76 дугаар хуудас/

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №30 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн автотээврийн төвийн дүгнэлт /хх-ийн 81 дүгээр хуудас/

Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны №17/01 шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83 дугаар хуудас/

Ж.Гончигсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... Тэр хоёр орж ирээд нөгөө архийг бүгдээрээ хувааж уугаад дуусгасан. Миний картанд хэдэн төгрөг байсан болохоор би түүнийг эгчид барьцаа маягаар өгөөд түүнээс 20,000 төгрөг зээлж аваад түүгээр дахин нэг шил архи авсан. Түүнийг ууж байхдаа би зам дээр орхисон машинаас юм хум алга болчих вий гэж бодоод ганцаараа алхаж очиж машинаа асааж унаад дэлгүүрийн эгчийн хашаа руу толгойгоор нь оруулж байрлуулсан. Тэгээд нөгөө өрөөндөө ортол тэр хэд архиа уугаад сууж байсан. Би хийж өгсөн архинаас нь уугаад сууж байтал нэг мэдэхэд согтчихсон байсан. ...нэг мэдэхэд би согтчихсон машинаа унаад нөгөө оруулж тавьсан хашааны баруун урд булан руу бөгсөөрөө ухарч байгаад толгойгоороо айлын хашаанаас гарч байсан санагдаж байна. Тэгээд нэг мэдэхэд намайг орон дээрээ гараад унт гэж хүн хэлээд би кабин доторх орон дээрээ гараад унтахаар хэвтэж байснаа санаж байна. Тэгээд нэг сэрэхэд цагдаагийн машины арын багаажинд гараа гавлуулчихсан сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-99 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ж.Гончигсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 101-103 дугаар хуудас/

Ж.Гончигсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, жолоочийн түүхийн талаарх Цагдаагийн газрын лавлагаа, жолоочийн үнэмлэхний хуулбар, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 104-109 дүгээр хуудас/

Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 12-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 110 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.Гончигсүрэнгийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн111 дүгээр хуудас/

Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/368 тоот тодорхойлолт /хх-ийн 113 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.Гончигсүрэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ж.Гончигсүрэнгийн урьд ял шийтгүүлсэн Хан-уул дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 214 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 117-119 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ж.Гончигсүрэнгийн арилжааны банкуудын харилцагчийн талаарх мэдээлэл /хх-ийн 121-128 дугаар хуудас/

28-76 УНР улсын дугаартай СИНОТРАК /SINOTRUK/ маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 130 дугаар хуудас/

28-76 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 131 дүгээр хуудас/

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт /хх-ийн 132-133 дугаар хуудас/

“Оч-Наран” ХХК болон Б.Батсүх нарын хооронд байгуулсан тээврийн хэрэгслийн түрээсийн гэрээ, хавсралт /хх-ийн 134-136 дугаар хуудас/

Оюутолгой ХХК-ны жолооны сургалтад суусан талаарх хүснэгт /хх-ийн 139 дүгээр хуудас/

 Өмнөговь аймгийн засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/692 дугаартай согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох тухай захирамжийн хуулбар /ххийн 141 дүгээр хуудас/

Хохирогч /талийгч/ В.Цэрэнбямбын гадаад пасспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 143 дугаар хуудас/

Талийгч В.Цэрэнбямбын нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 144 дүгээр хуудас/

Хохирол төлбөр, оршуулгын зардлын баримтууд /хх-ийн 145-152 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Чимэдцэрэнгийн хохирол төлбөрийн баримт /хх-ийн 153 дугаар хуудас/ зэрэг баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.Гончигсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө согтуугаар 28-76 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан баг, Цагаан хад гэх газарт байрлалтай монгол гэрийг дайрч уг гэр дотор байсан иргэн В.Цэрэнбямбын амь насыг хохироосон, уг зам тээврийн осол гарсан хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Ж.Гончигсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216.2-д заасан гэмт хэргийн зүйлчлэлд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж мэтгэлцсэн боловч шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан бөгөөд уг ослын газрыг орхиж явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирч байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ариунсанаа талийгаачийн оршуулгын зардалд 15.000.000 төгрөг нэхэмжилсэн ба хавтаст хэрэгт 5,165,640 төгрөгийн баримтыг авагдсан бөгөөд шүүгдэгч Ж.Гончигсүрэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ариунсанаад 9,000,000 төгрөгийн хохирол барагдуулсан байна.

Мөн иргэний нэхэмжлэгч Б.Чимэдцэрэн нь шүүгдэгчээс 1,160,000 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилсэн бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Ж.Гончигсүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан буюу бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Гончигсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг барагдуулсан зэрэг нөхцөлийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар, согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан зэргийг ял хүндрүүлэх нөхцөл байдлаар тооцож түүний хувийн байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдууллаа.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн боловч уг гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилаагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Нэмэгдэл ялын хувьд Ж.Гончигсүрэнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Ж.Гончигсүрэнгийн №496952 дугаартай BCЕ ангиллын жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дугуй болон эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгуулж хууль ёсны эзэмшигч Б.Батсүхэд шилжүүлэх тухай иргэний нэхэмжлэгч Б.Батсүх нь хүсэлт гаргасан байх тул эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож иргэний нэхэмжлэгч Б.Батсүхэд олгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигин овогт Жанчивын Гончигсүрэнг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар Ж.Гончигсүрэнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан Ж.Гончигсүрэнгийн эдлэх ялыг 3 жил 6 сараар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ж.Гончигсүрэнд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Ж.Гончигсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, 28-76 УНР Синотрак маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Батсүхэд олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины дугуйг хууль ёсны эзэмшигч Б.Батсүхэд буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ж.Гончигсүрэнгийн 496952 дугаартай жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Гончигсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.СОЛОНГО