Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2025/0492

 

 

 

 

 

 

 

“Ш р с” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “Ш р с” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Т

Нэхэмжлэгч: “Ш р с” ХХК

Хариуцагч: Баянхонгор аймгийн Татварын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захиргааны байгууллага үүргээ биелүүлээгүйгээс үүдэж нэхэмжлэгчид учирсан учирсан 2020, 2022 онуудад холбогдох нийт 259.817.006,72 төгрөгийн аж ахуй нэгжийн орлогын албан татвар нь чөлөөлөгдөх болохыг тогтоож, уг татвараас буцаан олгох, 259.817.006,72 төгрөгийн аж ахуй нэгжийн орлогын албан татвар, түүнд холбогдох 109.035.082,20 төгрөгийг алдангийн хамт нийт 358.852.088,92 төгрөгийг буцаан олгох үүргийг Баянхонгор аймгийн Татварын газарт даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 009 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д, Т.Л

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Ч.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч

Хэргийн индекс: 111/2025/0004/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ш р с” ХХК нь Баянхонгор аймгийн Татварын газарт холбогдуулан “Захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захиргааны байгууллага үүргээ биелүүлээгүйгээс үүдэж нэхэмжлэгчид учирсан учирсан 2020, 2022 онуудад холбогдох нийт 259.817.006,72 төгрөгийн аж ахуй нэгжийн орлогын албан татвар нь чөлөөлөгдөх болохыг тогтоож, уг татвараас буцаан олгох, 259.817.006,72 төгрөгийн аж ахуй нэгжийн орлогын албан татвар, түүнд холбогдох 109.035.082,20 төгрөгийг алдангийн хамт нийт 358.852.088,92 төгрөгийг буцаан олгох үүргийг Баянхонгор аймгийн Татварын газарт даалгах”-аар маргасан байна.

 

2. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 009 дүгээр шийдвэрээр: “Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.9, Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2.7, 75 дугаар зүйлийн 75.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ш р с” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч “Ш р с” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Төвшин дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй гэж дүгнэсэн тухай:

“Ш р с” ХХК-ийн хувьд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын чөлөөлөлтөд хамаарах хөөн хэлэлцэх хугацааны тухай хөндсөн бөгөөд тухайн хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Тодруулбал, “Ш р с” ХХК нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.9, Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1-д заасан үйл ажиллагааг албан татвараас чөлөөлүүлэх эрхтэй байх бөгөөд 2023,     2024 онуудад энэхүү чөлөөлөлтийг эдэлсэн ба энэ талаар Татварын хэлтэс маргаагүй. Харин Татварын ерөнхий хуулийн 15.1-д “хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байна” гэж зааснаар 2020, 2022 онуудад хамаарах үйл ажиллагааг албан татвараас чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан. Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0009 дугаартай шийдвэрийн “Үндэслэх хэсэг”-ийн 4.3-д татвар төлөгч хүсэлт гаргаж татварын хөнгөлөлт эдэлж байсан тул татварын чөлөөлөлттэй холбоо ой 4 жилийн хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй гэж үзсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ Татварын ерөнхий хуулийн 15.2-т зааснаар “Татвар, алданги, торгуулийн өр төлөх болон энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан татварын өр хураах журам, түүнчлэн татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй” хэмээх зохицуулалтыг удирдлага болгосон нь хууль хэрэглээ болон тайлбарын алдаатай шийдвэр болсон гэж үзэж байна. Учир нь Татварын ерөнхий хуулийн 15.2 дугаар заалт нь татварын өр хураах, төлсөн татварыг буцаан олгохтой холбоотой харилцаанд хөөн хэлэлцэх хугацааны хязгаарлалт байх ёсгүй буюу татвар төлөгч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр татварын өр хураах хууль ёсны ажиллагаа явуулах эрхийг хязгаарлахгүй гэдгийг тодотгосон заалт юм. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 292 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журам”-ын 1.2-д “Албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг эдлүүлэхдээ Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан хугацааг баримтална” гэж заасан. Тус журам нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхэд баримталж буй тусгай шинжтэй, хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээ болохын хувьд татварын алба, хэлтэс болон шүүх заавал харгалзан үзэх ёстой эрх зүйн акт мөн юм. Угтаа татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарах эсэх нь Улсын дээд шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 188 дугаар тогтоолоор шийдвэрлэгдсэн асуудал юм. Иймд Татварын ерөнхий хуулийг 15.1 болон Сангийн сайдын 292 тоот тушаалын хавсралтаар батлагдсан журамд үндэслэн аливаа аж ахуй нэгж татварын чөлөөлөлтийг 4 жилийн хугацааны дотор эдэлж болох нь ба анхан шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэж, улмаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гол үндэслэл болсон гэж үзэж байна.

3.2. Анхан шатны шүүхээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн бөгөөд ингэхдээ хугацаа тоолох, тасалдах тухай дүгнээгүй тухай:

Татварын хөөн хэлэлцэх хугацаа тоолох нь татварын акт, нөхөн ногдуулалтын акт, хөнгөлөлт, чөлөөлөлт бүрд ялгамжтай бөгөөд онцлог зохицуулалттай байдаг билээ. Манай компанийн хувьд татвараас чөлөөлөгдөх асуудлаар нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэгдэхгүй гэж үзээд зогсохгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзсэн. Татварын ерөнхий хуулийн 15.3-д “Энэ хуулийн 15.1-д заасан хугацааг дараах байдлаар тоолно”, 15.3.1-д “тайлант жилийн эцэст нэг удаа гаргаж, татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд уг тайланг гарган, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс” гэж заасан. “Ш р с” ХХК нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг хуулийн 26.4 2-д нийцүүлэн гаргаж мөн хуулийн 25.2-д зааснаар “жилийн эцэст хийсэн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор төсөвт төлнө” гэж заасны дагуу дараа жилийн 02 дугаар сарын 10-ны дотор төсөвт тайлагнаж, төлөх үүрэгтэй. Ингээд үзвэл манай компани нь ААНОАТ-ын тайланг гаргах, төсөвт төлөх хугацаа буюу өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа дуусах тооцоолол доорх байдалтай харагдана. ... Угтаа татвараас чөлөөлөгдөх харилцаа нь Татварын ерөнхий хуулийн 15.1, Сангийн сайдын 2019 оны 292 тоот тушаалын хавсралтаар батлагдсан журам, Улсын дээд шүүхийн 2013 оны хүчин төгөлдөр тогтоолын дагуу хөөн хэлэлцэх 4 жилийн хугацаанд хамаарах асуудал юм. Мөн хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмын хувьд ч нэхэмжлэгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааны дотор татварын маргаан таслах зөвлөл, цаашлаад анхан шатны шүүхэд хандсан болов ч энэ бүх асуудлыг шүүхээс үндэслэлгүй дүгнэж, шийдвэрлэсэн байна.

3.3. Анхан шатны шүүх татварын хөнгөлөлт болон чөлөөлөлтийн ялгааг буруу тодорхойлж, нэхэмжлэгчийн зүгээс татварын чөлөөлөлт эдлэх нэхэмжлэл гаргасан суурь асуудлыг ялгаж шийдвэрлээгүй тухай:

“Ш р с” ХХК нь 2020, 2021, 2022 онуудад Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.5.1-д заасан аймаг, хот, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан үндэслэлээр 50 хувиар аж ахуй нэгжийн орлогод албан татварын хөнгөлөлтөд хамрагдаж байсан. Баянхонгор аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс энэ үйл баримтыг нэхэмжлэгчийн гаргасан “татвараас чөлөөлөгдөх” агуулгатай хольж, улмаар хуулийг буруу хэрэглэх, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Тодруулбал, албан татвараас хөнгөлөх болон чөлөөлөх нь ялгаатай эрх зүйн харилцаа бөгөөд хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.9-д зааснаар Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1-д заасан байгууллагын үйл ажиллагааны орлогыг чөлөөлөх эрх зүйн зохицуулалттай. Энэ талаар Баянхонгор аймгийн татварын хэлтсээс маргаагүй бөгөөд 2023, 2024 онуудад хамаарах үйл ажиллагааны орлогыг нэхэмжлэгч компанийн хүсэлтээр чөлөөлж шийдвэрлэсэн. Ингээд дээр дурдсан Татварын ерөнхий хуулийн 5.1-д заасны дагуу сүүлийн 4 жилийн хугацаанд буюу 2020, 2022 онуудад хамрагдах ёстой байсан татварын чөлөөлөлтөө эдлэх гомдлыг Баянхонгор аймгийн татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлд, холбогдох нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Анхан шатны шүүхээс холбогдох жилүүдэд татварын хөнгөлөлт эдэлж байсан үйл баримтыг, нэхэмжлэгчийн татвараас чөлөөлөгдөх хуульд заасан эрхтэй хамаатуулсан нь хууль буруу тайлбарлаж хэрэглэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “чөлөөлөх борлуулалтаа өөрсдөө тодорхойлон тайлагнаж гаргаснаар чөлөөлөлт эдлэх боломжтой” гэсэн нь татварын хөнгөлөлт эдлэхэд хэрэглэгддэг процессыг чөлөөлөлттэй адилтган, улмаар хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. Цаашлаад шүүхээс татвар ногдох орлогын тодорхой хэсэгт хөнгөлөлтөд хамрагдсан байх нь хожим үлдсэн хэсгийг хуульд зааснаар чөлөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд хязгаарлалтад болох ёсгүй гэж үзэж байна.

3.4. Шүүхээс “Ш р с” ХХК-ийн татвар ногдох бусад үйл ажиллагаанаас олсон орлогыг чөлөөлүүлэхээр маргасан мэт үйл баримтыг буруу тогтоосон нь шүүхийн шийдвэрийн гол үндэслэлийн нэг болсон тухай:

Нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй, тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанаар хэлэлцээгүй Татварын албаны нөхөн ногдуулалтын акттай холбоотой 75,318,311.00 төгрөгийн зөрчлийн асуудлыг “Үндэслэх нь” хэсэгт оруулж ирсэн нь үйл баримтыг буруу тогтоож, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэх болгохуйц дүгнэлтэд хүргэжээ гэж үзэхээр байна. Шүүх хуралдааны явцад “Ш р с” ХХК нь эмнэлгийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа эрхлэх замаар тодорхой багахан хэмжээний орлого олдог болохыг хүлээн зөвшөөрч, энэ орлогыг чөлөөлүүлнэ гэж маргаагүй. Харин 2020, 2022 онд хамаарах зөвхөн Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д заасан үйл ажиллагаанаас олсон орлогыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч компанийн зүгээс татвараас чөлөөлөгдөх борлуулалтын орлогод татвар ногдуулан төлсөн 271,952,220.00 төгрөгт чөлөөлөгдөхөөс бусад орлого байгааг харгалзан, 12,135,214.00 төгрөгийг чөлөөлөгдөхөөс бусад үйл ажиллагааны орлогод татвар төлсөн байсныг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн дүнг өөрчлөн 259,817,006.00 төгрөг, 109,035,082.00 төгрөгийн алдангийн хамт нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн бага хэсэгт хамаарах бүртгэлийн алдааг бүхэлд нь нялзаан хамаатуулж шийдвэрлэсэн, ялгамжтай авч үзээгүй байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7.4-д татвар төлөгчийн албан татвар ногдуулах орлогыг нэрлэн заасан бөгөөд 7.4.1-д “үйл ажиллагааны орлого”, 7.4.4-д “бусад орлого” гэж заасан. Мөн хуулийн 7.5-д “Албан татвар ногдох орлогын дүнг тодорхойлохдоо албан татвараас чөлөөлөгдөх орлогыг хасаж тооцно” гэж тус тус зохицуулсан. “Ш р с” ХХК нь үйл ажиллагааны үндсэн орлого болон бусад орлогыг тодорхой ялгаж тайлагнасан нь анхан шатны баримт, татварын тайлан, санхүүгийн тайлан зэргээр нотлогддог.

3.5. Эцэст нь анхан шатны шүүх татварын албаны хууль таниулах, туслалцаа үзүүлэх үүргийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: Нэхэмжлэгч анхан шатны нэхэмжлэлийн үндэслэлдээ Татварын хууль тогтоомжийн шинэчилсэн найруулга, холбогдох эрх зүйн зохицуулалтыг таниулах, шаардлагатай бол туслалцаа үзүүлэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ татварын алба огоорсон буюу эс үйлдэхүй байгаа тухай онцолсон байдаг. Угтаа төр, түүний байгууллагуудаас татвар хураах үйл ажиллагаанд хэт төвлөрөх, нөгөө талаар татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэхдээ хойрго хандах асуудал гаргахаас сэргийлж, хууль тогтоомжийн хүрээнд холбогдох үүргийг татварын албанд оногдуулсан. Гэтэл хууль тогтоомжийн хэрэгжилтийн шатанд татвар ногдуулах, нөхөн ногдуулалтын акт тавих ажилд буюу татвар ногдуулах талаа хэт барих, эсрэгээрээ хуульд заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх тодорхой асуудал орхигдож байна гэж үзэж байна. Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн 75.1.1 -д “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах” мөн хуулийн 75.2-д “Татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх” гэж тус тус заасан. Баянхонгор аймгийн анхан шатны шүүхээс дээр дурдсан татварын албаны үүргээс зөвхөн олон нийтэд хандаж массаар нь зөвлөгөө, сурталчилгааг л татварын алба хэрэгжүүлэх ёстой мэт дүгнэлт хийсэн байдаг. 2020 оны 01 сард шинэчлэн найруулагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн татвараас чөлөөлөгдөх хэсэг нь шинээр татварын хууль тогтоомжид зохицуулагдсан, тэр нь аймгийн томоохон аж ахуй нэгжийн нэг болох “Ш р с” ХХК-д хамаарах болохыг татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд ерөнхий хяналт тавих хууль зүйн үүрэг Татварын албанд оногдож байна.

3.6. Мөн анхан шатны шүүхийн “Үндэслэх нь” хэсгийн 2.1-д энэ талаар тусгасан бөгөөд хариуцагчийн хариу тайлбар нь Татварын албаны алба, нэгж, хэлтсийн чиг үүргийг илт хольж, гуйвуулсан байдлаа тайлбарласан. Мөн Татварын ерөнхий хуулийн 30.2.7 дугаар заалтын агуулгыг буруугаар тайлбарлаж татварын алба “хуульд нийцсэн эсэхийг хянан шалгах” үүрэгтэй болохоос татвар төлөгчийг “хүсэлтээ бичээгүй байхад татвараас чөлөөлөгдөх эсэхийг хянах үүрэггүй” гэж тайлбарласан. Энэ тайлбар нь шүүхийн үндэслэх хэсэгт дурдагдсан бөгөөд татварын албаны эс үйлдэхүйг зөвтгөсөн буюу цааш цаашдын татварын хууль тогтоомж хэрэгжих үндсийг зөвхөн татвар хураах, акт ногдуулахад хамааралтайгаар, харин аж ахуй нэгж татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхэд халтай байдлаар тайлбарласан жишиг тогтоож байна гэж үзэж байна. Дүгнэвэл, Баянхонгор аймгийн Татварын хэлтэс нь “Ш р с” ХХК-ийг татвараас чөлөөлөгдөх эрхтэй аж ахуй нэгж болохыг зөвшөөрч 2023, 2024 онд татварын чөлөөлөлтөд хамрагдсан Татварын хэлтэс хуульд заасны дагуу зөвхөн өмнөх оны тайланг засварлах эрх хэмжээгээр хязгаарлагддаг тул энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэж манай компанийн зүгээс үзсэн. Гэтэл Баянхонгор аймгийн анхан шатны шүүх Татварын ерөнхий хуулийн 15.1, 15.2, 15.3, 15.4, 30.2.7, 75, 76 дахь заалтуудыг буруу тайлбарлан, хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь манай компанийн хуулиар олгогдсон эрх хязгаарлагдах, хэрэгжихгүй байх үр дагаварт хүргээд байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс манай компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага болох 2020, 2022 онуудад холбогдох нийт 259,817,006.00 төгрөгийг түүнд холбогдох 109,035,082.00 төгрөгийн алдангийн хамт нийт 368,852,088.00 бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ

 

4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэрт өөрчлөлт орууллаа.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч “Ш р с” ХХК нь Баянхонгор аймгийн Татварын газарт холбогдуулан “Захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захиргааны байгууллага үүргээ биелүүлээгүйгээс үүдэж нэхэмжлэгчид учирсан 2020, 2022 онуудад холбогдох нийт 259.817.006,72 төгрөгийн аж ахуй нэгжийн орлогын албан татвар нь чөлөөлөгдөх болохыг тогтоож, уг татвараас буцаан олгох, 259.817.006,72 төгрөгийн аж ахуй нэгжийн орлогын албан татвар, түүнд холбогдох 109.035.082,20 төгрөгийг алдангийн хамт нийт 358.852.088,92 төгрөгийг буцаан олгох үүргийг Баянхонгор аймгийн Татварын газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.2. Анхан шатны шүүх “...Татвар төлөгч байгууллага нь өөрсдөө татвараа хэрхэн мэдүүлэх, тухайн байгууллага татвараас чөлөөлөгдөх эсвэл хөнгөлүүлэх эсэхээ хэрхэн хуулийн шаардлагад нийцүүлсэн эсэх, энэ нь үнэн зөв байгаа эсэхэд хяналт тавина. Татварын алба нь энэ хүрээнд буюу татвар төлөгчийн өөрсдөө гаргаж ирүүлсэн тайлангийн хүрээнд хяналт шалгалт хийсэн байна... татвар төлөгчийг  хүсэлтээ бичээгүй байхад татвараас чөлөөлөгдөх эсвэл хөнгөлүүлэх эсэхийг хянах үүрэггүй...” гэж тус тус дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Баянхонгор аймгийн татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд нэхэмжлэгч “Ш р с” ХХК нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 24/105 дугаар албан бичгээр аж ахуй нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх агуулгаар гомдол гаргасны дагуу тус захиргааны байгууллагаас 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/01 дугаар бүхий албан бичгээр “... Маргаан таслах зөвлөлийн харьяалалд хамаарахгүй” гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлжээ.

2.4. Улмаар нэхэмжлэгч байгууллага нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 25/01 дүгээр албан бичгээр Баянхонгор аймгийн Татварын хэлтэст “...Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан 4 хүртэлх жилийн хөөн хэлэлцэх хугацаанд чөлөөлөгдөх орлогод нөхөн хамруулж, татварын илүү төлөлтийг баталгаажуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргахад тус аймгийн Татварын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 36 дугаар албан бичгээр “...Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар “Ш р с” ХХК-ийн 2020, 2020 оны татварын тайланг залруулж, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21.1.9-д заасан үндэслэлээр албан татвараас чөлөөлөх боломжгүй...” гэх хариуг хүргүүлсэн байна.

2.5. Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага дараах төрөлтэй байна”, 15.1.8-д “сувилал”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Албан татвар төлөгчийн дараах орлогыг албан татвараас чөлөөлнө” гээд 21.1.9-д “Боловсролын тухай хуулийн 12.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1-д заасан байгууллагын үйл ажиллагааны орлого”, Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-д “Татвар, алданги, торгуулийн өр төлөх болон энэ хуулийн 12 дугаар бүлэгт заасан татварын өр хураах журам, түүнчлэн татвар төлөгчид гаргасан хүсэлтийнх нь дагуу төлсөн татварыг буцаан олгохтой холбогдсон харилцаанд энэ хуулийн 15.1-д заасан хугацаа хамаарахгүй”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Татварын алба татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавина”, 30.2.7-д “тайланд тусгасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэн тооцож, тодорхойлсон эсэх”, 75 дугаар зүйлийн 75.1.1-д “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах;” Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тус тус заасан.

2.6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч “Ш р с” ХХК нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөгдөх этгээдэд хамаарах бөгөөд энэ талаарх хүсэлтээ шийдвэрлүүлэхээр хариуцагч Баянхонгор аймгийн Татварын газарт удаа дараа гаргажээ. Харин тус хүсэлтийн дагуу хариуцагч захиргааны байгууллага хууль тогтоомжид заасны дагуу хяналт, шалгалт хийлгүйгээр шууд татгалзсан нь дээр дурдсан холбогдох хууль журмын заалттай нийцээгүй байна.

2.7. Тодруулбал, Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 292 дугаар тушаалаар баталсан “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журам”-ын 2.8-д “Татвар төлөгч нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ татварын тайлан, тайлангийн хавсралт мэдээ, нотлох баримт, хөнгөлөлтөө буцаан авах хүсэлтийг татварын албанд ирүүлэх ба татварын алба нь холбогдох хуульд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхээр заасан орлого, хөрөнгө, татварыг хуульд тогтоомжид заасан нөхцөл, шалгуурт нийцүүлэн татварын тайланд үнэн зөв тусгасан эсэхийг нотлох баримттай тулган татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын баталсан "Татварын тайлан үйлдэх, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам"-д заасны дагуу хянан баталгаажуулна” гэж журамласнаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх шаардлагатай бөгөөд Баянхонгор аймгийн Татварын газраас 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 25/01 дүгээр албан бичгээр “...албан татвараас чөлөөлөх боломжгүй...” гэж шууд татгалзсан хариу өгснийг дээрх журамд заасан ажиллагааг хийсэн гэж үзэхгүй. Түүнчлэн  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасанчлан иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзэхээр байна.

2.8. Захиргааны байгууллагаас нэгэнт дээр дурдсан хяналт, шалгалт хийх ажиллагаа явуулаагүй байгаа энэ тохиолдолд шүүхээс “Ш р с” ХХК-ийн 2020, 2022 онд төлсөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг буцаан төлөхийг даалгах буюу энэ талаар дүгнэлт хийж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 009 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.9, Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2.7, 75 дугаар зүйлийн 75.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч захиргааны байгууллагын татгалзал хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “Ш р с” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөгдөх хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА