Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 112/ШШ2022/0009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

 Нэхэмжлэгч: “С” ХХК

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Одбаяр, Ж.Мөнхнасан

 Хариуцагч: Говь-Алтай аймгийн *******

 Гуравдагч этгээд: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Батсүх нарын хоорондын  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв 16,17 дугаар байрны дунд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн С ХХК-ийн эзэн Д.Т-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий  маргааныг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, Б.Одбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээд Д.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч  С ХХК-ийн захирал Б.Б нь  аймгийн *******т холбогдуулан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв 16,17 дугаар байрны дунд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн С ХХК-ийн эзэн Д.Тид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байна.

           2. 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв  Харзат багийн 16,17 дугаар байрны дунд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн 74,25м2  2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр С ХХК-ийн эзэн Б  овогтой Д.Т /ДЮ69081017/,  Д овогтой Б-ын Б /ДЗ67050108/ нарт   хоёр хүний өмчөөр гэрчилгээ олгосон байна.

          3. Нэхэмжлэгч: С ХХК-ийн захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:  Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд 16, 17 дугаар байрны урд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай дэлгүүрийн барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг С ХХК-ны эзэн Д.Т гэх нэр дээр бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай.

          4. Нэхэмжлэлийн үндэслэл: С ХХК-г анх 2000 оны 09 дүгээр сарын 27-ны өднь үүсгэн байгуулсан бөгөөд тус аймгийн Есөнбулаг сумын 4 дүгээр багийн нутагт 17 дугаар байрны урд байрлах 18 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний буюу хүнсний дэлгүүрийн зориулалттай барилгыг барьж С ХХК-ийн үндсэн хөрөнгөөр бүртгүүлэхээр холбогдох материалыг бүрдүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

           Улмаар 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдөр С ХХК-ийн  эзэмших эрхийг үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн хамт Балъянжавын Баярмаа надад шилжүүлсэн бөгөөд тус компаний захирлаар миний бие өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа.

           Гэвч 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдөр С ХХК-ийн эрхийг Б.Б надад шилжүүлснээс 3 сарын дараа буюу 2003 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тус компаний үндсэн хөрөнгө болох Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах 18 м2 талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг С ХХК-д ямар нэгэн хууль эрхийн хамааралгүй болсон П.Б-аас иргэн Д.Т нь Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч улсын бүртгэлд С ХХК эзэн Д.Т гэж гэрчилгээ авсан байна.

         С ХХК-ны үүсгэн байгуулагч нь П.Б бөгөөд тус компаний эрхийг Б.Б миний бие шилжүүлэн авч одоог хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Д.Т нь тус компанид ямар нэгэн хамааралгүй хүн юм.

          Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн байгууллага нь 2003 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тухайн хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхдээ хуулийн этгээдийн хөрөнгө, С ХХК-ны эзэн, захирлаар хэн байдаг эсэхийг огт нягтлан шалгаж, анхаарч үзэлгүйгээр компаний эд хөрөнгийг эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авалгүйгээр хувь хүн иргэний нэр дээр бэлэглэлийн гэрээ, мэдүүлэг зэргийг нь үндэслэн шилжүүлэн улсын бүртгэлд бүртгэсэн энэхүү бүртгэл нь илт хууль бус болсон гэж үзэж байна гэв.

          Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв 16,17 дугаар байрны дунд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн С ХХК-ийн эзэн Д.Тид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-оор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.

 

           Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Бидэн хоёрын хөрөнгөтэй холбоотой маргааны талаар анхнаас нь эхлээд ард явсан. Тэр үед ч гэсэн, өнөөдөр ч гэсэн хөрөнгөнөөс болоод ямар нэгэн өс хонзон санаж үзээгүй. Та хоёрын надаас нэхэмжлээд авсан хөрөнгөнүүд тодорхой бид хоёр хоёулаа хүчин зүтгэж байж авсан хөрөнгийг бүгдийг нь авсан байгаа. Тухайн хөрөнгөнүүдийг манай эцэг эхээс өвлөж өгсөн хөрөнгө байгаа. С ХХК нь худалдаа үйлчигээний барилга байгаа. Гэтэл дэлгүүргүйгээр ямар ч худалдаа үйлчилгээ явуулах боломжгүй. Анхнаасаа тийм байсан. Одоо ч гэсэн тийм байгаа. Миний амьдарч байсан гэр оронг шүүхээр шийдвэрлүүлээд гаргасан. Би тэр үед юм хэлээгүй. Говь-Алтай аймагт анх удаа Benz howo машиныг манайх анх оруулж ирж байсан. Тэр машиныг бас аваад явсан. Би бас юм хэлээгүй. 5 сая төгрөг ирэх ёстой байсан ирээгүй. Энэ компанийн үйл ажиллагааг явуулж байсан гэж хэллээ. Санахгүй байна, мөнгө тушаагаад ир гэхэд чадаггүй байсан. Урд талын Сухантыг яаж хоёулаа босгож байсан билээ. Би мэдэхгүй байх үндэслэлтэй. Нотариатын Нямаа эгч та хоёр ганцхан чиний нэр дээр бичүүлээд гарч байсан. Тэр бүрд би юу ч хэлдэгүй байсан. Би 20  сая төгрөгийн өр тавиад авч байсан. Таны охин өнөөдөр миний оронд байсан бол ямар байх вэ. Хариуцагчийн зүгээс энэ барилга урд нь шүүхээр ороод шийдвэрлэгдэж байсан гэдэг зүйлийг хэлж байна. Тэр миний нэхэмжлэлтэй байгаагүй. Д.Т дүү нартаа өгөх гэж ороод шүүхээр орж хүчингүй болж байсан. Би С ХХК-ийн дэлгүүрийг 2 удаа өргөтгөл хийхэд дэлгүүрээс олсон орлогоороо би өргөтгөл хийж байсан. Амьдарч байсан байрыг намайг аваарт орсон байхад өөрийнхөө нэр дээр авсан. Чи маш олон муухай үйлдэл гаргасан. Хоёр эцэг эх 80 нас гарсан хүмүүс байна. Хоёулаа гарын үсэг зураад өгвөл тэр хүмүүс ч гэсэн хэрэглэж болно. Ийм муухай үйлдэл гаргадгаа болих хэрэгтэй. Үүнийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Миний ээж ааваас надад ирсэн хөрөнгө. Эдгээр байдлыг ойлгоод зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Манайх бэлэглэлийн гэрээг үндэслээд шилжүүлсэн. Тухайн дэлгүүрийн байр нь 2 хүний өмчөөр явж байгаа гэж тайлбарлаж байна. Бэлэглэлийн гэрээг үндэслээд шилжүүлсэн гэж байгаа боловч 2003 онд тухайн дэлгүүр шилжих үед эрх залгамжлал нь Б.Бгийн нэр дээр шилжиж ирээгүй байсан. 2003 оны 06 дугаар сарын 23-нд Б.Бгийн нэр дээр эрх шилжээд ирсэн баримт байгаа. Б.Бгийн нэр дээр шилжиж ирснийг мэдээгүйгээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй тайлбар юм. Б.Бгийн нэр дээр шилжиж ирснийг яагаад хэлээгүй гэхээр татвар дээр бүртгэгддэг манайд хамааралгүй байсан гэдэг зүйлийг хэлж байгаа. Улсын бүртгэлийн байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль байгаа. Тухайн хуулийн зорилт нь хуулийн этгээдийг шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, иргэн, хуулийн этгээд болон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд лавлагаа олгох, хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж байгаа. Хуулийн этгээдийн улсын бүртгэгч хийж байгаа хүн тухайн компани нь хэний компани юм бэ, энэ компанийн эзэмшигч нь хэн байгаа юм бэ гэдгийг мэдэхгүйгээр иргэд хооронд шилжүүлсэн байгаа. Компани гэдэг нь Б.Балъяанжавын нэр дээр байгаа. Ийм учраас шилжүүлсэн байна. Иргэд хоорондын гэрээгээр шилжүүлсэн бол юуны эзэн нь  Д.Т юм бэ, иргэн хүн үүнийг мэдэхгүй байж болно, яваад очиход нь тухайн улсын бүртгэгч нь заагаад зөвлөөд явах ёстой. Тэгэхээр өнөөдөр би мэдэхгүй байсан. Манайх мэдэхгүй гэдэг. Б.Б дээр хэдэн оны хэдэн сард эрх нь шилжиж ирсэн юм бэ, хэзээ шилжиж ирснийг мэдсэн юм бэ гэдэг баримтууд нь хавтаст хэрэгт байхгүй байгаа. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд тус хуулийн зорилт нь байгаа. Хуулийн этгээдийн хувийн хэрэгт юу юу байх юм бэ, мэдээллийн санд тухай бүр өөрчлөлт мэдээлэл бүртгээд явах, цахим болон цаасан хэлбэрээр бүртгээд явах заалт байгаа. Хуулийн этгээдийн хувийн хэргийн агуулга байгаа. Хуулийн дагуу бэлэглэлийн гэрээг үндэслэж хийсэн гэдэг нь ор үндэслэлгүй илт хууль бус байгаа нь харагдаж байгаа. Өмнөх хурал дээр гуравдагч этгээд энэ компани надад хамааралгүй гэж хэлж байсан. Тухайн гэрчилгээнд эзэн Д.Т нэр байгаа боловч эзэн нь Д.Т мөн юм уу гэдэг талаар лавлагаа хавтаст хэрэгт байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэв.  

 

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Анхны бүртгэл үүссэн цагаас С ХХК-ийн эзэн Д.Т гэж бүртгэгдсэн байгаа. Бодит нөхцөл байдал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалтыг үндэслэж байгаа. Мэдүүлэг бөглөж өгсөн тухайн хөрөнгө нь өөр этгээдийн нэр дээр байна уу гэдгийг улсын бүртгэлийн газар шалгах ёстой байсан. Анх С ХХК 2003 оны 10 дугаар өөрийн үндсэн хөрөнгөөр үүсгэн байгуулсан. 13 сая төгрөгийн хөрөнгөтэй байсан тухайн үед 2.5 сая төгрөгөөр үнэлэгдсэн. 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өөрийнхөө охин Б.Бд шилжүүлж 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч Өлзий-Орших энэхүү өөрчлөлтийг анх бүртгэсэн. Хариуцагчийн зүгээс бүртгэл байхгүй гэж хэлж байна. Тухайн компанийн үндсэн хөрөнгийн нэг асуудал нь дэлгүүрийн барилгын асуудал байгаа. 2003 оны 09 дүгээр сард хуучин захирал байсан Б.Б нь иргэнийхээ хувьд бэлэглэлийн гэрээ хийж дэлгүүрийн барилгыг шилжүүлсэн. 2003 оны 09 дүгээр сард иргэн П.Бнь С ХХК-ийн өмчлөлийг шилжүүлэх эрх байсан уу гэхээр байхгүй. Хамгийн сүүлийн бүртгэл нь 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хийгдсэн. 2003 оны 09 дүгээр сарын 23-нд бэлэглэлийн гэрээг үндэслэж хийсэн гэсэн гэрчилгээ нь С ХХК-ийн нэр дээр байсан. Хуульд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гаргаж байгаа бол хуулийн этгээдийн гэрчилгээг заавал байна гэж заасан. Тухайн хуулийн этгээдийн өмч хөрөнгийг өөр бусад эрхгүй этгээд бүртгүүлчих бий гэсэн хамгаалалтын заалт байна. Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс бүртгүүлж байгаа тохиолдолд гэрээнд заасан бол болно гэдэг. Гэтэл гэрээнд С ХХК-ийн захирал, Д.Т гэсэн зүйл байдаггүй. Эзэн Д.Т гэсэн зүйл мөн байхгүй. Тухайн үед компанийн эрх Б.Бгийн нэр дээр шилжиж ирсэн байгаа. Тухайн баримтыг яагаад шаардаж болоогүй юм бэ. Энэ бүртгэл анхнаасаа хууль бусаар хийгдсэн. Гэрээнд захирал Д.Т гэсэн ганц үг байхгүй. Эд хөрөнгө өмчлөх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэдгийг нотолсон баримт байхгүй бол, 14.1.9-д тухайн эрхийг урд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд хүчинтэй бол гэж байгаа. С ХХК нэр дээр анхны бүртгэл хийгдсэн. Дараа нь гэрээгээр өөрчилсөн гэж байгаа боловч компанийн нэрээр гаргахдаа мэдүүлэг бөглөсөн хүний нэрээр бүртгэсэн байдаг. Тухайн үед мэдүүлэг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байхад улсын бүртгэлийн байгууллага хууль бус үйл ажиллагаа явуулсан байдаг. С ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байхад эзэн захирал гэж ямар ч хамааралгүй Д.Тийг эзэн гэдгээр хийсвэр дүгнэлт хийж С ХХК-ийн эзэн Д.Т гэсэн гэрчилгээ гаргасан. Гуравдагч этгээдийн зүгээс С ХХК-тай ямар ч хамааралгүй гэж өмнөх шүүх хуралдаан дээр хэлж байсан. Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирсэн албан бичиг дээр анхны өмчлөг хэн бэ, эцсийн өмчлөгч хэн бэ талаар тодорхой байгаа. Ийм байхад улсын бүртгэлийн байгууллага яагаад С ХХК-ийн эзэн Д.Т гэсэн бичсэн юм бэ? Д.Ттой холбоотой баримт байхгүй. Тамга тэмдэг байхгүй хэн гаргаж байгаа нь тодорхойгүй байхад бүртгэснийг ойлгохгүй байна. С ХХК-ийн эзэн Д.Т гэсэн нь анхнаасаа үндэслэлгүй байна.

          Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2003 оны Үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой бусад баримт бичгийн тухай хуулийн заалтыг зөрчсөн. Учир нь улсын бүртгэл хуульд заасны дагуу үнэн зөв бүртгэгдэх ёстой. Улсын бүртгэлд бүртгэхдээ холбогдох баримтуудыг дутуу бүрдүүлсэн. Тухайн бүртгэгдэж байгаа эд хөрөнгө нь түүнийг төлөөлөх эзэмших бүрэн эрхтэй этгээд мөн эсэхийг нягтлан шалгахгүйгээр өөрөөр хэлбэл хуулиар төлөөлөх эрхтэй субъек нь хэн бэ гэдгийг огт нягтлан шалгахгүйгээр С ХХК-ийн эзэн Д.Т гэх бүртгэлийг хийсэн байгаа. С ХХК буюу тус маргаан бүхий Есөнбулаг сумын 16, 17 дугаар байрны дунд байгаа объект нь С ХХК-ийн үндсэн хөрөнгөд хамаардаг. Гэтэл Д.Т нь С ХХК-тай ямар ч хамааралгүй. Энэ нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2003 оны хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. С ХХК-ийн эзэн ганцхан Б гэсэн эзэмшигчтэй. 2003 оны 06 дугаар сард аав Б-гийн Б компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан шилжүүлж авч захирлаар бүртгэгдсэн.

         Иймээс холбогдох хууль тогтоомжийг зөрчиж бүртгэсэн С ХХК-ийн эзэн Д.Т гэж бүртгэсэн нь хууль бус байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагын бүртгэлийн хувьд 2003 оны 09 дүгээр сарын 23-нд хийгдсэн бэлэглэлийн гэрээг үндэслэж бүртгэл хийгдэж гэрчилгээ гарсан байгаа. Энэ бүртгэлийг хийх үед улсын бүртгэлийг хийхдээ тухайн үед ирсэн нотлох баримтыг үндэслэж бүртгэл хийдэг. Өөр бусад нотлох баримтыг шаардах боломжгүй. Компанийг өмчлөгч өөрчлөгдсөн талаар улсын бүртгэлийн байгууллага мэдэх боломжгүй байсан. Тухайн өмчлөгч нь үл хөдлөх хөрөнгийн газар ирж тэр талаар бүртгэлээ мэдэгдэх үүрэгтэй байдаг. 6 сард өмчлөгч өөрчлөгдсөнөөс хойш ирж бүртгэл хийлгээгүй учраас компанийн өмчлөгч өөрчлөгдсөн талаар мэдэх боломжгүй байсан. Тухайн үеийн бэлэглэлийн гэрээг үндэслэж бүртгэлээ хийсэн. Компанийн эзэн ганцхан Д.Т гэж бичээд гаргасан зүйл биш. Хоёр хүний өмч гэж хувийн хэрэг болон гэрчилгээнд байгаа. Ганцхан компаний өмчлөгчийг өөрчлөөд бичсэн зүйл байхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Б гэж бичсэн байгаа. Иргэн П.Бнь хөрөнгийн эзний хувьд иргэн Б.Б, Д.Т нартай хэлцэл хийгээд хөрөнгөө шилжүүлсэн байдаг. Гэрээний хавсралтаар авагдсан нотлох баримт байгаа. Иргэн Б.Б-ын нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт байгаа. Энэ бүгдээс Б.Б, Д.Т нар руу шилжсэн болох нь харагдаж байна. Үүнийг үндэслэж тухайн үед гэрчилгээг олгосон байгаа. Хуулийн этгээдийн өмчлөгчийг өөрчлөөд бүртгэсэн зүйл байхгүй. Хуулийн этгээдийн бүртгэл тусдаа байгаа. Өмчлөгчийн нэг Б.Б энэ гэрээнд оролцоод гарын үсэг зурсан. Тухайн үед компанийг шилжсэн талаар мэдэж байсан. Өөрөө гэрээний нэг тал болоод гарын үсэг зурсан байдаг. Өөрөө мэдүүлэг бичиж өгсөн. Тухайн үед мэдэж байсан маргах боломжтой байсан. Энэ хөрөнгөтэй холбоотой маргаан шүүх дээр шийдэгдэж байсан. 2011 онд манай байгууллагыг хариуцагчаар татааж орж байсан. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 Иргэн Д.Т, нэхэмжлэгч Б.Б нар нь 2003 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-гээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд 16, 17 дугаар байрны урд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 18 м.кв барилгыг өмчлөх эрхтэй болж, уг бэлэглэлийн гэрээ болон 2003 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Д.Тийн гаргасан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг үндэслэн улсын бүртгэлд тэднийг өмчлөгчөөр бүртгэсэн байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлээ Улсын бүртгэлийн байгууллага нь 2003 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тухайн хөрөнгийг улсын          бүртгэлд буртгэхдээ хуулийн этгээдийн хөрөнгө, С ХХК-ны эзэн, захирлаар хэн байдаг эсэхийг огт нягтлан шалгаж, анхаарч үзэлгүйгээр компанийн эд хөрөнгийг эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авалгүйгээр хувь хүн иргэний нэр дээр бэлэглэлийн гэрээ, мэдүүлэг зэргийг үндэслэн шилжүүлэн улсын бүртгэлд бүртгэсэн..." гэж тайлбарлажээ.

Иргэн П.Б нь 2000 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасныг үндэслэн түүнийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгчөөр бүртгэсэн байна.

Өмчлөгч П.Б нь 2003 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Д.Т, Б.Б нартай Бэлэглэлийн гэрээ байгуулсан байдаг бөгөөд бүртгэлийн байгууллага уг гэрээ иргэн Д.Тийн гаргасан мэдүүлгийг үндэслэн Д.Т, Б.Б нарын 2 хүнийг өмчлөгчөөр бүртгэсэн байна.

Бүртгэлийн байгууллага тухайн үед маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан П.Б-ын өөрийнх нь хийсэн Бэлэглэлийн гэрээг үндэслэж өмчлөгчөөр  Т, Б.Б нарыг бүртгэсэн нь хууль зөрчөөгүй. Бүртгэл хийх үндэслэл болсон гэрээ хүчинтэй хэвээр байгаа тохиолдолд бүртгэлийг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй бөгөөд гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээг эрх бүхий этгээд байгуулсан эсэхийг хянах эрх зүйн үндэслэл бүртгэлийн байгууллагад байхгүй юм.

Нэхэмжлэгч манай байгууллагыг буруутгаж байгаа үндэслэлээ “С ХХК-ны эзэн, захирлаар хэн байдаг эсэхийг огт нягтлан шалгаж, анхаарч үзэлгүйгээр компанийн эд хөрөнгийг эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авалгүйгээр хувь хүн иргэний нэр дээр бэлэглэлийн гэрээ, мэдүүлэг зэргийг үндэслэн шилжүүлэн улсын бүртгэлд бүртгэсэн...” гэж тайлбарласан байна.

         Улсын бүртгэлийн Ү-0518000308 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт С ХХК-ийн эзэн нь өөрчлөгдөж Б.Б гэдэг хүн болсон талаарх нэг ч баримт мэдээлэл байхгүй.

Түүнчлэн шинээр өмчлөгч өөрчлөх тухай бүрггэл буюу Бэлэглэлийн гэрээний дагуу Д.Т, Б.Б нарын өмчлөлд шилжүүлэх тухай мэдүүлэг хавсарган баримтад ч энэ талаар мэдээлэл бүхий баримт байгаагүй.

Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бүртгэлийг хийхдээ тухайн хөрөнгийн бүртгэлийн хувийн хэрэгт байгааа мэдээлэл болон шинээр бүртгэл хийлгэх үндэслэл болгож байгаа баримтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг.

Анх тухайн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хийхэд бүрдүүлсэн баримт бичиг нргэн П.Б гэх хувь хүний нэр дээрх баримтууд байсан.

Өмчлөх эрхийн гэрчилгээн дээр ...С ХХК. Эзэн П.Б...” гэж тэмдэглэгдсэн боловч энэ нь С ХХК тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй юм.

            Нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагад дурдагдсан  С ХХК-ийн эзэн Д.Т...” гэх бүртгэлийг хийх үндэслэл болсон Бэлэглэлийн гэрээнд оролцсон, энэхүү бүртгэл хийгдсэн мэдэж байсан нь дараах эаримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Бүртгэл хийх үндэслэл болсон 2003 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Бэлэглэлийн гэрээнд Б.Б нь хамтран өмчлөгчөөр орж гарын үсэг зурсан.  Гэрээг гэрчлэх үндэслэл болсон тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч асан П.Б-ын гаргасан өгсөн тодорхойлолтод уг хөрөнгийг Д.Т, Б.Б нарт бэлэглэж байгаа талаар тодорхой дурдсан.

Гэтэл нэхэмжлэгч Б.Б нь 18 жилийн өмнө хийгдсэн бүртгэлийг илт хууль бус  талаар маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ энэ нь компанийн өмч гэж үзэж  байсан бол тухайн үедээ маргах боломжтой байсан.

Энэ бүртгэлтэй холбоотой асуудлаар урьд нь хуучин өмчлөгч байсан  Балъяанжав нь манай байгууллага болон нотариатчийг хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Тухайн нэхэмжлэлийг нь тухайн үед шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан. Шүүх урьд нь маргаж байсан гэрээтэй холбогдуулан манай байгууллагыг дахин хариуцагчаар татан бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх нь хууль нийцэхгүй гэж үзэж байиа.

Дээр дурьдсан 2003 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г үндэслэн улсын бүртгэл хийгдсэний дараа нэмэлт хөрөнгө оруулалт хийгдэж, тус 18 м.кв бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай 1 давхар барилгын хажуу талд 56,25 м.кв 1 өрөө агуулахыг нэмж, нийт 74,25 м.кв 2 өрөө болсон байх бөгөөд уг нэмэгдсэн талбайн хэмжээг нэмж, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг Д.Тоос гаргасны дагуу 2009 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд 16, 17 дугаар байрны урд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 74,25 м.кв барилгын өмчлөгчөөр Д.Т, хамтран өмчлөгчөөр Б.Б нар нь бүртгэгдэж, эрхийн улсын бүртгэлийн Ү-0518000308 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг авсан байна.

Эдгээр бүх улсын бүртгэлийг нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан төдийгүй, нэхэмжлэгч Б.Б нь хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

Маргаан бүхийн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт орсоны дараа өмнөх бүртгэлийн хууль бус гэж үзэх нь өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчих үр дагаварт хүргэнэ гэдгийг анхаарах шаардлагатай.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын гол агуулга үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн талаар ярьж байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хуулийн этгээдийн бүртгэлийн талаар яриад байх шиг байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд өмчлөгчийг бичихэд хуулийн этгээдийн бүртгэлд хамаарахгүй. Хуулийн этгээдийн бүртгэл тусдаа нотлох баримтаар авагдсан байгаа. Гарсан гэрчилгээний тухайд тухайн хөрөнгийн өмчлөгч хэн бэ гэдэг талаар нотолсон баримт байгаа. Тухайн гэрчилгээнд бичигдсэнийг илт хууль бус болохыг тогтоолгох баримт байгаа. Бүртгэл хийх гол үндэслэл нь бэлэглэлийн гэрээ байгаа. Комданийн эрхийг шилжүүлж авсан хүн нь бэлэг хүлээн авагч болж байсан. Энэ гэрээ хүчинтэй хэвээр байгаа учир гэрээг үндэслэж хийсэн бүртгэл хууль бус болох үндэслэл байхгүй. Нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. Ийм учраас шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэв. 

 

  Гуравдагч этгээд Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа:           

 Миний бие Д.Т нь С ХХК-иас Говь-Алтай аймгийн *******т холбогдуулан танай шүүхэд гаргасан нэхэмжлэл бүхий хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч тэгээдээр татагдан оролцож байгаа бөгөөд С ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. С ХХК-ийн эзэн, захирал Б.Б бид хоёр 1991 онд гэр бүл болсон бөгөөд 2009 оноос хойш хамт амьдрахаа больж, даруй 12 хоёр жил өнгөрөөд байгаа.

Энэ хугацаанд бидний хооронд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчтэй холбоотой хэд хэдэн маргаан шүүхээр явагдсаны нэг нь одоо маргаад байгаа “С 2” дэлгүүрийн барилгын асуудал юм.

Бодит байдал дээр энэ барилгыг бид хадам аав П.Б-аас худалдаж авсан юм. Тухайн үед төрсөн эцэг, хадам ааваасаа авч байсан учир албан ёсны бүртгэлийг Бэлэглэлийн гэрээ байдлаар хийсэн юм. Үүнийг ашиглан хадам эцэг П.Б-ын нэрээр 2012 онд Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг Говь-Алтай аймгийн иргэний хэргийн шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан.

Гэтэл одоо С ХХК-ийн нэрээр нэхэмжлэл гаргаж Б.Б бид нарын гэр бүлийн дундын хөрөнгийн маргаанд захиргааны байгууллагыг татан оролцуулж байгаа нь үндэслэлгүй юм.

Миний бие Говь-Алтай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт оногдох хэсгээ гаргуулан авах нэхэмжлэлийг С ХХК-ийн эзэн, захирал Б.Б гэх хувь хүнд холбогдуулан гаргасан. Миний шаардлагад хамаарах эд хөрөнгүүдийн нэг нь энэхүү захиргааны хэргийн маргаанд хамааралтай “С” дэлгүүрийн барилга орсон.

Б.Б нь С ХХК-ийн нэрээр нэхэмжлэл гаргасан боловч цаанаа гэр бүлийн дундын хөрөнгөнөөс надад оногдох хэсгийг өгөхгүй байх зорилгоор зориуд хууль бус нэхэмжлэл гаргасан байна.

2. Бид 2003 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ” байгуулах үед бүгдээрээ байсан ба нэг талаас хадам аав П.Б, нөгөө талаас Б.Б бид хоёр гарын үсэг зурсан байдаг. Мөн барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг бидний нэр дээр гаргуулан авах ажлыг Б.Б өөрөө гардан хийсэн.  Эдгээр нь гэрээн дээр зурагдсан болон бүртгэлийн байгууллагад гарган өгсөн баримтууд дээр зурагдсан Б.Бгийн гарын үсгээр хангалттай нотлогдоно.

С ХХК-ийн эзэн, захирал Б.Б, иргэн Б.Б нар нь нэг л хүн, өөрөөр хэлбэл, С ХХК-ийн эзэн, захирлын хувиар Б.Бгийн гаргаж байгаа шийдвэр, явуулж байгаа үйл ажиллагаа нь бүгд хувь хүн Б.Бгаар  дамжин хийгдэж байгаа гэсэн үг.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд 16, 17 дугаар байрны урд байрлах  худалдаа үйлчилгээний зориулалттай 18 м.кв барилгыг Б.Б бид хоёрын өмчлөлд шилжүүлэн авсан бүхий л үйл ажиллагаанд өөрөө биечлэн оролцож байсан атлаа одоо “...С ХХК-ны эзэн, захирлаар хэн байдаг эсэхийг огт нягтлан шалгаж, анхаарч үзэлгүйгээр компанийн эд хөрөнгийг эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авалгүйгээр хувь хүн иргэний нэр дээр бэлэглэлийн гэрээ, мэдүүлэг зэргийг үндэслэн шилжүүлэн улсын бүртгэлд бүртгэсэн...” гэж  гомдоллож байгаа нь хууль бус гэж үзэж байна.

3. Энэ барилгын худалдан авснаас хойш би барилгын талбайн хэмжээг анх байснаас нь гурав дахин их буюу 56,25 м.кв-аар нэмэгдүүлж, үүнийг улсын бүтгэлд бүртгүүлснээр одоо энэ барилга нийт 74,25 м.кв талбайтай болсон.

Энэ хэсгийг бид тухайн үед гэр бүлийн хамтын үйл ажиллагааны орлогоос олсон хөрөнгөөрөө барьсан.

Б.Б нь намайг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан нь миний шинээр барьсан хэсгийн өмчлөл мөн хүчингүй болгоход зорилгыг агуулсан байна. Иймд Б.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

 

Гуравдагч этгээд Д.Т шүүх хуралдаанд хэлсэн  тайлбартаа: Миний хувьд 2 хөгшин шилжихэд худалдаж авсан хөрөнгө. Амьдралын эвгүй асуудал Б.Бтай холбоотой. Энэ хүн ачааны машин ганцаараа идсэн гэж байна. Бид хоёрын асуудал 2009 оноос хойш тусдаа амьдарсан. Говь-Алтай аймагт хүнсний төв ажиллуулж байсан. Мөнгө төгрөгийн асуудлаас болоод 2 тийш болсон. 2008 оноос эхлээд Б.Б ажиллуулж байсан хүнсний бөөний төвийг бүх орлоготой нь авсан. Би тэндээс өнөөдрийг хүртэл 100 төгрөг ч аваагүй. 2010 онд маргаад байгаа дэлгүүрийг барьцаанд байхад нь манай дүү бэр хоёрт шилжүүлж ав гэж хэлээд 20 сая төгрөгийг авсан. 5 жилийн дараа бичиг баримт гараагүй байсан одоо би дэлгүүрээ өгөхгүй гэж хэлээд хөөж эхэлсэн.  Тэгээд 20 сая төгрөгөө олж авахын тулд шүүхэд хандсан. Тэр бэлэглэлийн гэрээгээр ноцтой байдлаар гомдоосон учир буцааж авна гэж хэлээд шүүхэд хандсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2013 онд миний бизнесийг дэмжээч гэж хэлээд Хас банкнаас 50 сая төгрөгийн зээл авахуулсан. Тэр мөнгийг би авч өгсөн. Энэ хүн тэр мөнгийг аваад цаашаа харсан. Тэрнээс болоод шүүхийн ажил явагдаад шийдэгдсэн. Тэгэхэд 5 сая төгрөгийн төлөө бүх банкны дансыг хаалгасан байдаг. Гэрлэлтээ цуцлаад өөрөө хүн шиг амьдрах үлдсэн. Одоо 2 дэлгүүр ажиллуулж байгаа. Худалдаж авсан нь үнэн, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан нь үнэн гэв.

           Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Хууль зүйн асуудалтай холбоотой нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагыг тодохойлохдоо миний үйлчлүүлэгчийг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн бүртгэлийг илт хууль бус захиргааны актаар тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7 дахь заалтад заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэлтэй гэж маргаж байгаа. Маргаан бүхий захиргааны актыг гарах үедэнэ хууль үйлчлээгүй байсан. 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс бүртгэгдсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар энэ хууль зүйн талаас тайлбарласангүй. Асуултад хариулсан байдлаас үзэхэд Иргэний хуулийн ерөнхий ангийн зарчмын заалтуудыг яриад байна. Гэхдээ хуульд заасан үндэслэл журмаас өөрөөр тайлбарласан. Маргаан бүхий захиргааны актыг гарахад үйлчлээгүй байсан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7 дахь заалтаар маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлгүй юм. Энэ утгаараа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй юм. Тайлбарлахдаа хууль буцаан хэрэглэхтэй холбоотой асуудлыг буруугаар тайлбарласан. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан. Иргэний хуулийн энэ хэсэгт заасан зарчмын дагуу үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн ажиллагаатай холбоотой захиргааны актад Захиргааны ерөнхий хуулийг буцаан хэрэглэх тухай ойлголт байхгүй. Нэхэмжлэгч нар Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7 дахь хэсэгт заасан захиргааны акт утга агуулгыэн илэрхий алдаатай гэдэг заалтыг яриад байна. Агуулгаар нь аваад үзэхээр тухайн үед үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.1-д энэ зохицуулалт байгаа. Шаардлага нь энэ хуулийн зохицуулалтад нийцэх эсэхийг шүүх анхаарч үзэх ёстой. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлахдаа Многол Улсын Дээд шүүхийн 2006 оны 36 дугаар тогтоолын 4 дэх заалтыг хэрэглэдэг. Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай гэдэгт акт гаргасан захиргааны байгууллага албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэт илэрхийлэгдээгүй гэдэг шинж энэ акт дээр байхгүй.  Актын заалтууд хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгаар агуулагдаж болохоор байгааг хэлнэ. Тийм шинж мөн байхгүй. С ХХК-ийн эзэн Д.Т гэж бичигдсэн нь захиргааны актыг ойлгомжгүй байдалд оруулаагүй. Б.Б болон Д.Т гэсэн 2 хүний өмч болохыг тодорхойлсон.  Найруулга зүй болон үг, үсэг тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр бол өмчлөгчөөр баталгаажуулсан бол найруулга зүй иалдаа байгаа ч тухайн өмчлөгчөөр баталгаажуулсан нэхэмжлэгч С ХХК-ийн эрх хууль ёсны ашиг  сонирхлыг зөрчөөгүй. Иймээс илт хууль бус захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар улсын бүртгэлийн байгууллаг илт хууль зөрчсөн гэж Эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 12.5.1, 13.5.1, 14.1 дэх заалтыг үндэслэл болгоод тайлбарлаад байна. Энэ хуулиар үл хөдлөх хөрөнгө бүртгэх дараалал, эрхүүдийг ялгамжтай зохицуулсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын дурдаад байгаа хуулийн зохицуулалт нь анхдагч бүртгэлийг хийхэд тавигддаг хууль зүйн үндэслэл. Маргаж байгаа бүртгэл нь нэг өмчлөгчийн өмчлөлөөс нөгөө өмчлөгчийн өмчлөлд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх харилцаа буюу Эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан үл хөдлөх хөрөнгийн шилжилтийг бүртгэх гэсэн ажиллагаа байсан. Энэ хуулийн зохицуулалтаар маргаад байгаа зүйлийн хууль зүйн үндслэлилйг тодорхойлсон. Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн тухайн шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд эх хувийг эсхүл нотариатаар батлуулсан хувийг хавсаргах болно. Энэ хууль зүйн шаардлагын хүрээнд тавигдсан. Бэлэглийн гэрээний нэг тал нь хувьцаа эзэмшигч Б.Балъянжав, бэлэг хүлээн авагч Д.Т, Б.Б нар хэлцэлд орсон. Энэ хэлцлийг бүртгэхэд хуулийн этгээдийн дүрэм эрхтэй, эрхгүйг нотлох шаардлага байхгүй. Анхны бүртгэлээр энэ мэдээллүүдээ авсан учир дахин шаардах хууль зүйн үндэслэл байгаагүй. 24.3 дахь хэсэгт эрхээ шилжүүлж байгаа болон түүнийг шилжүүлэн авч байгаа этгээдийн аль нь ч гаргах эрхтэй. Энэ хуулийн шаардлагын хүрээнд өөрийн өмчлөлд шилжүүлж авч байгаа мэдүүлгийг гаргасан. Ганцаараа гаргаагүй, мэдүүлгийг Б.Б өөрөө гаргаад гарын үсэг зурсан байдаг. Б.Б нь хэрэгт байгаа баримтаас үзэхэд С ХХК ганц хувьцаа эзэмшигч бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байж энэ үйлдлийг хийсэн. Тэгэхээр энэ үйлдэл нь ямар нэгэн хууль зөрчиж биш хүсэлт зоригийн үндсэн дээр хийгдсэн хууль ёсны үйлдэл байсан гэдэг нь энэ баримтуудаар харагдана. Хуулийн этгээдийн улсын бүртгэл, өмчлөх эрхийн улсын бүртгэл ялгаатай эрх зүйн ойлголт. Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой харилцааг маргаантай үйл явдалд хамаарах 2003 он, 2005 он, 2018 онд батлагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй холбоотой харилцааг Эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хууль, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай 2018 оны хуулиудаар зохицуулж байна. Эдгээр хуулиудад тухайн тухайн хуулийн зохицуулалтыг тайлбарласан. Баримт бичгийн бүрдүүлэлтийн хувьд тус тусдаа хийгддэг ажиллагаа. Энэ хоёр ажиллагаа хэзээ ч нэг доор хийгддэггүй. Бие даасан өөр өөр улсын байцаагч нарын бүртгэлийн материал тус тусдаа явагдана. Эд хөрөнгийн улсын бүртгэл дээр хуулийн этгээдийн улсын бүртгэл давхар хийгдэж явдаггүй. Эд хөрөнгө өмчлөхтэй холбоотой бүртгэл хариуцсан мэргэжилтэн зөвхөн тэрийг л хариуцна. Тэр бүртгэлд ямар баримт байна тэрийг үндэслэж хийнэ. Тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчилж байгаа хуулийн этгээд, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд өөрчлөгдөн зохион байгуулагдсан бол энэ тухай  хуулийн байгууллагад бүртгүүлэх ёстой. 19 жилийн дараа энэ бүртгэл илт хууль бус гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэх байх. Нэхэмжлэгч Б.Б өөрийнх нь аавын үйлдэл гэж тодорхойлсон. Энэ агуулгаар нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэж байгаа юм. Иргэний хэрэг үүсгэсэн баримтуудыг хэрэгт ач холбогдолтой гэж гаргаж өгсөн. Ээн хоёр хүний хувьд 2009 оноос хойш эд хөрөнгийн маргаантай асуудал явж байгаа. Тухайн үед Б.Б нь бэлэглэгчийг ноцтойгоор гомдоосон гэж нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргаад маргаан бүхий эд хөрөнгөнөөс өөрт нь оногдох хэсгийг гаргуулж авахаар нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг үүсгэгдсэн. Тэгэхэээр энэ иргэний хэргийн эсрэг ийм ажиллагаа явуулж байна. Нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах гэж шүүхэд хандаад байна уу, эсхүл иргэний эрх зүйн харилцааны үүрэг хариуцлагаас зайлсхийж нэхэмжлэл гаргаад байна уу гэдгийг шүүх бодитоор үнэлж дүгнээсэй гэж бодож байна гэв. Хуулийн этгээдийн бүртгэл эд хөрөнгийн эрхийн бүртэлийн ялгаа заагийг 2009 оноос өмнө үл хөдлөх хөрөнгийн бие даасан агентлагууд тус тусдаа хэрэгжүүлсэн байдаг. 2009 онд Улсын бүртгэоийн ерөнхий хуульгарч энэ явцад ингэж зохион байгуулалт хийх үед хуулийн этгээдийн улсы бүртгэлийн газа, эд хөрөнгий бүртгэлийн газар нэртэй болсон. Хэдийгээр тусдаа үйл ажиллагаа явуулж байсан боловч хуулиараа хамгаалах чиг үүргээ нотлох баримтыг хянах нь хэвээрээ байгаа. Илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа бол хууль зүйн үндэслэлийг няцааж тайлбар өгсөнгүй. Улсын бүртгэлд авагдсан байгаа баримтуудыг тухайн бүртгүүлэх гэж байгаа хөрөнгийн өмчлөгч хууль ёсны болохыг нотлох тухайн хөрөнгө дээр зуун ийм баримт байх ёстой гэж бодит байдалд байж боломгүй. Шилжүүлж байгаа баримтууд дээр 24.1 үл хөдлөх хөрөнгө хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэж байгаа. Энэ бүртгэлийг хийхээ хэлцлийн үндэслэж хийгээрэй гэдэг. Нотариатаар мэдүүлэгтээ хавсаргаж өг гэж заасан зүйл биш. Тэр журамд үүнийг шүүх анхаарч үзээд шийдвэрэх байх гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. С ХХК-ийн захирал Б.Б нь аймгийн *******т холбогдуулан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв 16,17 дугаар байрны дунд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн С ХХК-ийн эзэн Д.Тид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

2. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. С ХХК-ийг 2000 онд П.Бхүнсний худалдаа эрхлэх чиглэлээр, нэг гишүүнтэйгээр үүсгэн байгуулсан.

2.2. С ХХК-ийг үүсгэн байгуулахад түүний эхлэлтийн балансад Алтай хорооны төв, 17 дугаар байрны урд байрлах 18м2 1 өрөө 2500000 төгрөгний үнэтэй, 1 давхар тоосгон барилга тусгагдаж, үл хөдлөх хөрөнгийн 0518000308 дугаарт С ХХК-ийн өмчлөлд бүртгэгджээ.

2.3. П.БС ХХК-ийг өөрийн охин Б.Бд “Компаний эрх шилжүүлэх гэрээ”-гээр 2003 оны 06 дугаар сарын 03-ны өдөр компанийг шилжүүлж, С ХХК-ийн захирлаар 2003 оны 06 дугаар сарын 03-нд Б.Б бүртгэгдсэн.

2.4. П.Б 2003 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн 0518000308 дугаар бүхий гэрчилгээтэй, Алтай хорооны төв, 17 дугаар байрны урд байрлах 18м2 1 өрөө 2500000 төгрөгний үнэтэй, 1 давхар тоосгон барилгыг Д.Тид бэлэглэх гэрээ байгуулж, бэлэг хүлээн авагч Д.Т, Б.Б нарт шилжүүлжээ.

2.5. Энэхүү бэлэглэлийн гэрээг бүртгүүлэхээр 2003 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр С ХХК-ийн захирал Б.Б үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг гаргасан байна.

2.6. С ХХК-ийн захирал Б.Бгийн мэдүүлгийг хүлээн авч 2003 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн 0518000308 дугаар бүхий гэрчилгээтэй, Алтай хорооны төв, 17 дугаар байрны урд байрлах 18м2 1 өрөө 2500000 төгрөгний үнэтэй, 1 давхар тоосгон барилгыг С ХХК-ийн болон Д.Тийн нэр дээр бүртгэн “хоёр хүний өмч” гэж бүртгэжээ.

2.7. 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Д.Т уг өмчийн талбайг нэмэгдүүлэн бүртгүүлэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд Харзат баг, 16, 17 дугаар байрны дунд байрлах 74.25м2 2 өрөө барилгыг С ХХК-ийн болон Д.Т, Б.Б нарын нэр дээр бүртгэн “хоёр хүний өмч” гэж бүртгэсэн байна.

2.8. П.Б 2011 оны 06 дугаар сарын 15-нд шүүхийн шийдвэрийн 2.4-т дурдсан “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

2.9. 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Б.Б С ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байдаг.

3. Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

          3.1. Нэхэмжлэгчээс “Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн байгууллага нь 2003 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тухайн хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхдээ хуулийн этгээдийн хөрөнгө, С ХХК-ны эзэн, захирлаар хэн байдаг эсэхийг огт нягтлан шалгаж, анхаарч үзэлгүйгээр компаний эд хөрөнгийг эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авалгүйгээр хувь хүн иргэний нэр дээр бэлэглэлийн гэрээ, мэдүүлэг зэргийг нь үндэслэн шилжүүлэн улсын бүртгэлд бүртгэсэн энэхүү бүртгэл нь илт хууль бус болсон” гэж маргадаг.

3.2. Хариуцагчаас С ХХК-ийн эзэн Д.Т...” гэх бүртгэлийг хийх үндэслэл болсон Бэлэглэлийн гэрээнд оролцсон, энэхүү бүртгэл хийгдсэн мэдэж байсан, энэ бүртгэлтэй холбоотой асуудлаар урьд нь хуучин өмчлөгч байсан П.Б нь манай байгууллага болон нотариатчийг хариуцагчаар татан шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Нэхэмжлэлийг нь тухайн үед шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан. Шүүх урьд нь маргаж байсан гэрээтэй холбогдуулан манай байгууллагыг дахин хариуцагчаар татан бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх нь хууль нийцэхгүй гэж үзэж байна” гэж маргадаг.

3.3. Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан тайлбараа нэхэмжлэгч нь урьд нь нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлж байсан тул нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй гэжээ.  

Шүүхийн шийдвэрийн 2.8-д дурдсанчлан2011 оны 06 дугаар сарын 15-нд өөрийн хийсэн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэр нь С ХХК-иас өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн бүртгэлийн талаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа захиргааны байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааг илт хууль бус болохыг тогтоолгох агуулгаар тодорхойлсон байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.

3.4. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв 16,17 дугаар байрны дунд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн С ХХК-ийн эзэн Д.Тид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодруулсан боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус болох аль тохиолдол бүрдсэн талаар тодорхой дурдаагүй болно. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7 дэх хэсэгт заасан үндэслэл үүсээд байгаа гэж тайлбар гаргасан.

Маргаан бүхий бүртгэлийг хийх үед шүүхийн шийдвэрийн 2.3-т дурдсанчлан Б.Б нь С ХХК-ийн эрхийг шилжүүлэн авч захиран зарцуулах, удирдах, төлөөлөх эрхтэй болсон байсан байна. (хавтаст хэргийн 84-86 дахь талд)

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно.” гэж хуульчлан заажээ.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана.”, 13 дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө.”, 24 дүгээр зүйлийн 24.3-т “Өмчлөх эрх шилжсэнийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг эрхээ шилжүүлж байгаа болон түүнийг шилжүүлэн авч байгаа этгээдийн аль нь ч гаргах эрхтэй.” гэж заажээ. С ХХК захирал Б.Бгийн гаргасан мэдүүлэг, (хавтаст хэргийн 35-37 дахь талд) түүнд хавсаргасан гэрээг (хавтаст хэргийн 38-42 дахь талд) үндэслэн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэсэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг тус тус хэрэгжүүлж ажилласныг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь С ХХК-ийг төлөөлөх бүрэн эрх 2003 оны 06 дугаар сарын 3-нд  Б.Бд шилжсэн учир П.Бкомпаний эд хөрөнгийг бэлэглэх эрхгүй гэж дүгнэхээр байх боловч Б.Б өөрөө мэдүүлэг гаргасан, бэлэг хүлээн авагчаар гарын үсэг зурсан нь эрх бүхий захирал компаний эд хөрөнгийг хамтран өмчлөхийг зөвшөөрсөн гэх үзэхүйц нөхцөл байдлыг бий болгосон байна.

 С ХХК-ийн эзэн, захирлаар хэн байдаг эсэхийг огт нягтлан шалгаж, анхаарч үзэлгүйгээр компаний эд хөрөнгийг эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авалгүйгээр бүртгэсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл нь захиргааны байгууллага өөрөө шийдвэр гаргах ажиллагааг санаачилан эхлүүлдэггүй онцлогтой бөгөөд нэхэмжлэгч компанийн захирлын өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр буюу гаргасан мэдүүлэгт үндэслэн шийдвэр гаргадаг онцлогтой.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга, агуулгын илэрхий алдаатай байх тохиолдлыг заасан. Утга, агуулгын илэрхий алдаа гэдэгт актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ. Түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцно. Энэ алдаа нь захиргааны актыг харсан хүн хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлт хийхүйц байхыг шаарддаг. Иймээс маргаан бүхий бүртгэлийг утга, агуулгын илэрхий алдаатай гэж дүгнэх үндэслэлгүй байна.

3.5. Хэдийгээр маргаан бүхий улсын бүртгэлийн гэрчилгээнд “эзэн “Б” овогт Д Т” гэж бичигдсэн байх боловч түүний дор “Хоёр хүний өмч” гэсэн бичвэртэй байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна.” гэж зааснаар гуравдагч этгээд Д.Т нь тухайн эд хөрөнгийн хамтран өмчлөгч болсон байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулна: 19.1.1.үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих; 19.1.2.эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх; 19.1.З.үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, оршин байгаа газрын харъяалал өөрчлөгдөх.” гэж зааснаар уг эд хөрөнгийн бүртгэлд хамтран өмчлөгч нэмсэн, мөн талбайг хэмжээг нэмэгдүүлсэн бүртгэл тус тус хийгджээ.

3.6. 2009 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Д.Т уг өмчийн талбайг нэмэгдүүлэн бүртгүүлэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд Харзат баг, 16, 17 дугаар байрны дунд байрлах 74.25м2 2 өрөө барилгыг С ХХК-ийн болон Д.Т, Б.Б нарын нэр дээр бүртгэн “хоёр хүний өмч” гэж бүртгүүлсэн байдаг. (хавтаст хэргийн 35-37 дахь талд) Ийнхүү бүртгэл хийлгэхдээ Д.Т мэдүүлэг гаргаж, С ХХК-ийн захирал гэж гарын үсэг зурж зуржээ. Гэвч нэхэмжлэгчээс үл хөдлөх хөрөнгийн талбайг нэмэгдүүлэн бүртгэл хийлгэсэн баримттай маргадаггүй. Мөн хэргийн оролцогчид компанийн гүйцэтгэх удирдлагын талаар маргаагүй болно.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” байх тохиолдлыг заасан. Нэгэнт хэргийн оролцогчид үл хөдлөх эд хөрөнгийн талбайг нэмэгдүүлсэн бүртгэлийн талаар болон  компаний удирдах эрх мэдлийн талаар маргахгүй байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан нөхцөлийг үүсгэхгүй байна. Учир нь захиргааны акт илт хууль бус байх энэхүү заалт нь “... хувийн болон нийтийн эрх зүйн аль ч салбарт бодит нөхцөл байдалд тохирохгүй үүрэг ногдуулж болохгүй” гэсэн эрх зүйн зарчимд нийцээгүй байх тохиолдлыг ойлгоно.  

3.7. Гуравдагч этгээд Д.Т нь С ХХК-ийн захирал Б.Бгаас нар нь гэр бүл цуцлуулах нэхэмжлэл гаргасан байх бөгөөд уг иргэний хэргийг Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх түдгэлзүүлсэн байгааг тэмдэглэв.

3.8. Харин нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь С ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийг компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй этгээд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэж үзэж байгаа тохиолдолд Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

4. С ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд Б.Б өөрөө мэдүүлэг гаргасан, бэлэг хүлээн авагчаар гарын үсэг зурсан, хэргийн оролцогчид компанийн гүйцэтгэх удирдлагын талаар маргаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа тул уг бүртгэл нь илт хууль бус гэж үзэх тохиолдлыг бүрдүүлэхгүй байна.

Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7 дахь заалт,  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.9, 19 дүгээр зүйлийн 19.1, 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг тус тус баримтлан С ХХК-ийн захирал Б.Бгаас Говь-Алтай аймгийн *******т холбогдуулан гаргасан “Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв 16,17 дугаар байрны дунд байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн С ХХК-ийн эзэн Д.Тид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн  51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОЮУНСҮРЭН