Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 840

 

 

 

 

 

 

 

 

 

“АТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 182/ШШ2018/00218 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “АТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “НХОГ” ОНӨААТҮГ, МУХБХХК-д тус тус холбогдох

 

Гэрээний үүргээ гүйцэтгээгүйн алданги, харуул хамгаалалтын зардал, зээлийн хүү төлсөн хохирол, валютын ханшны өөрчлөлтөөс учирсан хохирол, нийт 3 628 791 908 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг,

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Д, О.М, Э.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Э,

Хариуцагч НХОГ ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б, С.Б,

Хариуцагч МУХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.А, Л.Б, Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

   Нэхэмжлэгч “АТ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АТ” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ИБТУ-2012/03 дугаартай “Улаанбаатар хотын Баянголын амны Баянгол 110/35/10 кВ-ын 2*40мВа чадалтай дэд станц, 22 км ЦДАШ-ын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г НХОГтай байгуулсан. Уг гэрээг захиалагчийн хүсэлтээр сунгаж 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ИТБУ- 2012/03-01 тоот сунгалтын гэрээ, 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ИТЗТБУ-2012/03-02 тоот сунгалтын гэрээг тус тус байгуулсан байдаг. Уг ажлын санхүүжилтийг МУХБ шийдвэрлэнэ гэсэн тул бид 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр СДБ-Б-2014-160 дугаартай “Их тойрог 110КВ-ын 97 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10 КВ-ын 2*40 MBA дэд станц төслийн хүрээнд хийгдэх Улаанбаатар хотын Баянголын амны Баянгол 110/35/10 кВ-ын 2*40мВа чадалтай дэд станц, 22 км хоёр хэлхээт ЦДАШ-ын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г захиалагч НХОГ болон санхүүжүүлэгч Хөгжлийн банктай байгуулсан ба уг гэрээгээр гэрээт ажлын санхүүжилтийн талаар зохицуулсан байдаг. 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ИБТУ-2012/03 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээт ажил буюу Улаанбаатар хотын Баянголын амны Баянгол 110/35/10 кВ-ын 2*40мВа чадалтай дэд станц, 22 км ЦДАШ-ын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх нийт ажлын төсөв 9,490,881,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон ба гэрээний төлбөрийг төлбөрийн мэдэгдэл гарч баталгаажсан өдөр буюу ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 20 хоногийн дотор төлөхөөр гэрээний тусгай нөхцлийн 40.0-д заасан байдаг. Мөн гэрээний тусгай нөхцлийн 46.0-д төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувийн алданги тооцохоор заасан байна. Захиалагч буюу хариуцагч нь гэрээт ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, баталгаажуулсан боловч гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, удаа дараа төлбөрийг хугацаа хоцорч хийсэн байдаг. Тиймээс ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцлийн 46.0-д заасны дагуу манай компани хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцох хууль зүйн үндэслэл бий болсон байна. Алдангийн дэлгэрэнгүй тооцооллыг нэхэмжлэлийн нэгдүгээр хавсралтад тусгасан бөгөөд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаанд гарсан алдангийн нийт дүн 621,050,730 төгрөг байна. Мөн талууд гэрээг 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр  гэрээг тус тус сунгасан. Иймд бид алдангийн хэмжээг 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан СДБ-Б-2014-160 дугаартай гэрээнд заасны дагуу бодож нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нийт 515,314,795.11 төгрөгөөр ихэсгэх хүсэлтэй байна. Манай компани байгууламжийн ажлыг гүйцэтгэх үүргээ цаг тухайд нь биелүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлыг бүхэлд нь дуусгавар болгосон тухай захиалагчид мэдэгдсэн. 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 11 дүгээр cap хүртэлх хугацааны харуул хамгаалалтын зардалд төлсөн 7,027,097 төгрөг, мөн дээрх хугацаанд гэрэлтүүлгийн зардалд төлсөн 4,301,121 төгрөг, нийт 11,328,218 төгрөгийн зардлыг захиалагчийн буруутай үйл ажиллагааны улмаас манай компанийн зүгээс төлсөн тул үүнийг буцаан төлүүлэхээр шаардаж байна. Захиалагчаас санхүүжилт хугацаандаа хийгээгүйн улмаас бараа материалын төлбөрийг төлөхийн тулд толгой компани болох “Нью прогресс групп” ХХК-иас “Хаан банк” ХХК-тай жилийн 15.6 хувийн хүүтэй байгуулсан байсан шугаман зээлийн эх үүсвэрийг ашигласан болно. Үүний улмаас манай компани зээлийн хүү төлж, нийт 600,724,684.34 төгрөгийн хохирол учирсаныг гаргуулахаар нэхэмжилж байна. Гэрээ байгуулах үед ам.долларын ханш 1,389.65 төгрөг байсан бол энэхүү ханш тасралтгүй өссөөр 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 1,710.61 төгрөг, өнөөдрийн байдлаар 2,444.19 төгрөг болсон. СДБ-Б-2014-160 ажил гүйцэтгэх гэрээний хавсралт 2-н 12.1.4-р зүйлд “Валютын ханш гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 20 хувь буюу түүнээс их хэмжээгээр унаад тасралтгүй 30 хоног үргэлжлэх” нь захиалагчийн хүлээх эрсдэл байхаар заасан байна. Дээр дурдсаны дагуу ханшийн зөрүүгээс хамааран манай компанид ихээхэн хэмжээний хохирол учирсан бөгөөд бараа материал худалдаж авахтай холбоотойгоор валютын ханшны хэлбэлзлээс шалтгаалан нийт 1,226,066,186.01 төгрөгийн хохирол, гаалийн шимтгэлд валютын ханшийн хэлбэлзлээс шалтгааалан 654,307,294.7 төгрөгийн хохирол нийт 1,880,373,480.8 төгрөгийн хохирол учирсан бөгөөд гэрээнд заасны дагуу энэхүү хохирлыг арилгуулахыг захиалагчаас нэхэмжилж байна. Иймд хариуцагч нараас нийт 3 628 791 908 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч МУХБХХК шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “АТ” ХХК нь 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ИБТУ-2012/03 дугаартай “Улаанбаатар хотын Баянголын амны Баянгол 110/35/10 кв-ын 2*40 мва чадалтай дэд станц, 22км ЦДАШ-ын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г НХОГтай байгуулсан. Уг гэрээний 3.2-д “гэрээний үнэ ажлын төсөвт өртөг нь 9,490,881,000 төгрөг бөгөөд үүнээс 2,290,881,263 санхүүжүүлэгч гэрээний дагуу олгоно. 2,290.881,263 төгрөг нь гэрээний үнэ байх ба санхүүжилт олгох хуваарийг гэрээний хавсралт 6-д тохиролцов" гэжээ. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан хавсралт 1-ийн гүйцэтгэл 1-5-д дурдсан ИБТУ-2012/03 дугаартай гэрээний санхүүжилтээс үүссэн алданги МУХБинд хамааралгүй байх бөгөөд энэ гэрээнээс үүсэх аливаа харилцаанд хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй байна. МУХБны 2015 оны 12 дугаар 17-ны 2/1540 дугаартай албан бичгээр дээрх төслийн санхүүжилтийг олгох зөвшөөрөл авахаар Сангийн яаманд хүргүүлсэн бөгөөд Сангийн яамнаас 2015 онд багтан зөвшөөрөл олгоогүй болно. Учир нь НХОГ ажлын гүйцэтгэлээ он дуусахаас 3 хоногийн өмнө баталгаажуулж ирүүлсэн учир 2015 онд багтаж санхүүжилт олгох зөвшөөрөл Сангийн яам өгөөгүй асуудалд Хөгжлийн банкны буруутай үйл ажиллагаа байхгүй. Улмаар МУХБны 2016 оны 01 дүгээр 12-ны 2/57 дугаартай албан бичгээр дээрх төслийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар чиглэл хүсч Сангийн яаманд, дээрх төслийн санхүүжилтийг Сангийн яамны зөвшөөрөл ирүүлээгүй тул олгоогүй тухай МУХБны 2016 оны 1 дүгээр сарын 12-ны 2/60 дугаартай албан бичгээр НХОГ, Сангийн яаманд тус тус хүргүүлсэн боловч аль ч байгууллагаас албан бичгээр хариу ирүүлээгүй. НХОГ болон “Алтай трест “ХХК төслийн гүйцэтгэлийн баталгаажуулалтаа хугацаа тулгаж ирүүлсэн мөн уг төслийг санхүүжүүлэх зөвшөөрөл эрх бүхий байгууллагаас олгохгүй байсан зэрэг нь Хөгжлийн банкны буруутай үйл ажиллагаанаас хамаарахгүй байх тул алданги тооцох үндэслэлгүй. Гүйцэтгэгч “АТ” ХХК ажил дуусгавар болсныг 2014 оны 11 дүгээр сард захиалагч болох НХОГт мэдэгдсэн байх бөгөөд үүнээс хойш нэг жилийн дараа буюу 2015 оны 12 дугаар сарын 28-нд НХОГ Хөгжлийн банкинд ажлын гүйцэтгэлээ баталгаажуулж ирүүлсэн нь дээрх гэрээний 42.4-т заасан хугацааг захиалагч зөрчсөн үйлдэл харагдаж байна. Тиймээс харуул хамгаалалт болон гэрэлтүүлгийн зардал болох 11,328,218 төгрөгийн хохиролд Хөгжлийн банк хариуцлага хүлээх үндэслэлгүй. Хөгжлийн банкны хувьд гэрээний оролцогч биш байна. Өөрөөр хэлбэл 2012 онд Хөгжлийн банк “АТ” ХХК хоёрын хооронд ямарч эрх зүйн харилцаа үүсээгүй тул валютын ханшны зөрүү төлөх үндэслэлгүй. Уг төсөл нь 2016 оны төсвийн тухай хууль болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тусгагдаагүй. НХОГ болон “АТ” ХХК төслийн гүйцэтгэлийн баталгаажуулалтаа хугацаа тулгаж ирүүлсэн, уг төслийг санхүүжүүлэх зөвшөөрөл эрх бүхий байгууллагаас олгохгүй байсан зэрэг нь Хөгжлийн банкны буруутай үйл ажиллагаанаас хамаараагүй тул нэхэмжлэлийн хавсралт 1-ийн гүйцэтгэл 7-д дурдсан алданги тооцох үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс “АТ” ХХК-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

 Хариуцагч “НХОГ” ОНӨААТҮГ шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “НХОГ” ОНӨААТҮГ нь “АТ” ХХК-тай Улаанбаатар хотын Баянголын амны “Баянгол” 110/35/10 кВ-ын 2x40 мва чадалтай дэд станц, 22 км ЦДАШ-ын барилга угсралтын ажлыг 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхэлж 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ашиглалтад оруулах нөхцөлтэйгээр ИТБУ-2012/03 дугаар бүхий гэрээг байгуулсан. Нийт төсөвт өртөг нь санхүүжилтийн нийт төсөвт өртөг болно гэж гэрээнд заасан бөгөөд гэрээний нийт үнэ 9,490,881,000 төгрөг юм. Дээрх төсөл арга хэмжээ нь нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих бөгөөд үүнээс тухайн жилд батлагдсан хөрөнгийн дүнгээр хийгдсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжилт хийгдсэн. Гэрээний хугацааг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. Ажлын үр дүнг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн, ажлын хөлсийг бүрэн төлж гэрээ дуусгавар болсон байхад 2 жилийн дараа ямар ч үндэслэлгүйгээр алданги нэхэмжилж буйг ойлгохгүй байна. НХОГ нь “АТ” ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд зөвхөн захиалагчийн хяналтыг хэрэгжүүлсэн бөгөөд дээрх ажлын үр дүнд бий болсон эд хөрөнгө нь улсын өмчид бүртгэгдэж, цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит ХК-иас ашиглалт, хамгаалалтыг хариуцдаг. Харин НХОГ нь дээрх төсөл арга хэмжээнд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн оролцох эрх, үүргийнхээ хүрээнд ажлын явцад хяналт тавьж, гүйцэтгэлийг баталгаажуулан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлсэн. Иймд харуул хамгаалалтын болон гэрэлтүүлгийн зардлыг төлөх үндэслэлгүй. Тус гэрээнд валютын ханшийн талаар буюу ханшийн өөрчлөлтийг захиалагч хариуцах талаар ямар ч заалт байхгүй бөгөөд гэрээний үнийн дүн хатуу тогтсон үнэ байх нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан. Дээрх гэрээг байгуулсан өдөр буюу 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс гэрээ дуусгавар болсон 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хооронд гэрээний 12.1.4-т заасан ханшын уналт гараагүй болно. Гэтэл гүйцэтгэгч нь 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээний дээрх заалтыг 2012 онд байгуулагдсан гэрээтэй холбон ханшийн уналт гэж 1,880,373,480.8 төгрөгийг захиалагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж гэрээ байгуулсан Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “НХОГ”, “МУХБ”-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргээ гүйцэтгээгүйн алданги 621,050,730 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний алданги 515,314,795.11 төгрөг, гэрэлтүүлгийн зардал 4,301,121 төгрөг, нийт 1,140,666,646.11 төгрөгийг гаргуулж “АТ” ХХК-д олгож, “Алтай трест ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх харуул хамгаалалтын зардал 7,027,097 төгрөг, зээлийн хүү төлсөн хохирол 600,724,684.34 төгрөг, валютын ханшны өөрчлөлтөөс учирсан хохирол 1,880,373,480.8 төгрөг, нийт 2,488,125,262.14 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,660,315.57 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,861,283.23 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Захиалагч буюу “НХОГ” нь ажлын гүйцэтгэлийг цаг хугацаанд нь хүлээн аваагүйгээс үүдэн нэхэмжлэгч “АТ” ХХК нь 7,027,097 төгрөгийн зардлыг харуул хамгаалалтад зориулан зарцуулсан. Нэхэмжлэгчээс НХОГт 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр №03/14/329 дугаар бүхий албан бичиг /хавтаст хэрэг №1 202-р хуудас/-ээр ажлын үр дүнг хүлээн авахыг шаардаж мэдэгдэж байсан боловч энэ үүргээ биелүүлээгүйн улмаас ажил гүйцэтгэгчийн хувьд ажлын үр дүнг хадгалах хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан болно. Нэхэмжлэгч “АТ” ХХК-н толгой компани болох “Нью прогресс групп” ХХК нь Хаан банктай 2011 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 11/01 дугаар бүхий шугамын зээл”-ийн гэрээг байгуулсан /Хавтаст хэрэг №1, 193-197-р тал/ байдаг ба нэхэмжлэгч нь дээрх зардлыг зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн байдаг. “Аптай трест” ХХК-иас санхүүжилтийг цаг хугацаанд нь гүйцэтгэхийг шаардаж мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдэн зээлийн санхүүжилтээр ажил гүйцэтгэж байгаа талаар захиалагчид удаа, дараа мэдэгдэж байсан. Гэтэл анхан шатны шүүхээс зээлийн гэрээний хүүнээс үүссэн хохирлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Валютын ханшны огцом өсөлт нь бараа материал, тоног төхөөрөмжийн худалдан авах болоод гаалиар орж ирэх үнийг өсгөсөн бөгөөд валютын ханшны огцом өсөлтөөс үүдэн ажил гүйцэтгэгчид нийт 1,880,373,480.8 төгрөгийн хохирол учирсан байдаг. Талууд валютын ханшны өсөлтөөс үүсэх эрсдэлийг харилцан хүлээн зөвшөөрч СДБ-В-2014-160 тоот гэрээний 12.1.4-т “Валютын ханш гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 20% буюу түүнээс их хэмжээгээр унаад тасралтгүй 30 хоног үргэлжлэх нь Захиалагчийн хүлээх эрсдэл” байхаар тохиролцсон байдаг. Гэтэл анхан шатны шүүх гэрээний 12.1 4 дэх хэсгийг хууль зөрчсөн хэмээн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган хариуцагч “НХОГ” ОНӨААТҮГ, МУХБХХК нараас нийт 2,488,125,262.14 (хоёр тэрбум дөрвөн зуун наян найман сая нэг зуун хорин таван мянга хоёр зуун жаран хоёр төгрөг, арван дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “НХОГ” ОНӨААТҮГ-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хариуцагч хугацаа хэтэрч төлбөрийг шилжүүлж байсанд маргаагүй, Худалдаа аж үйлдвэрийн танхимийн "Хүнд нөхцөл байдал”-ын баталгаагаар үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” гэх ганцхан өгүүлбэрээр алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь нотлох баримтад тулгуурлаагүй, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. НХОГ нь захиалагчийг төлөөлөн Алтай трест ХХК-тай 2012.10.03-ны өдөр ИТБУ-2012/03 дугаар гэрээг байгуулсан. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 118, 2014 оны 114 дүгээр тогтоолд төсөл арга хэмжээний санхүүжилт болох 2,291,000,000 төгрөг тусгагдан уг санхүүжилтийг Сангийн яамнаас санхүүжүүлсэн байдаг бөгөөд уг санхүүжилт нь НХОГ-тай огт хамааралгүй. Гэрээний үнийн үлдэгдэл болох 2,290,881,263 төгрөгийн санхүүжилтийг МУХБ санхүүжүүлэхээр болж энэ талаар гэрээнд тодорхой тусгасан байдаг. Гэрээний аль тал, ямар үүргээ хэрхэн, яаж зөрчсөн тохиолдолд хэнд оногдуулах алданги гэдэг нь тодорхой бус, тухайн жилд батлагдсан хөрөнгийн дүнгээр хийгдсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжилтийг цаг тухайд нь олгож байсан тул алданги шаардах үндэслэлгүй болно. Шүүх алданги шаардсан шаардлагыг хангахдаа Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Хөгжлийн банк, “АТ” ХХК нарын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээг үндэслэл болгосон атлаа НХОГ-аас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно” гэж заасныг зөрчсөн бөгөөд НХОГ нь захиалагчийг төлөөлөн гэрээ байгуулж, гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэн, төсөл арга хэмжээний 2 хувиар цалинжсаныхаа төлөө ажил гүйцэтгэх гэрээний үнийг төлөх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Иймд алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч МУХБ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  НХОГ болон “АТ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2012 оны 10 дугаар сарын 03-ны ИБТУ-2012/03 дугаартай "Улаанбаатар хотын Баянголын амны Баянгол 110/35/10 кв-ын 2*40 мва чадалтай дэд станц, 22 км ЦДАШ-ын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ"-ний үүргээс үүссэн алданги 621 050 730 төгрөгийг уг гэрээний харилцаанд үүрэг хүлээгээгүй, гэрээний оролцогч тал биш МУХБнаас гаргуулсан шийдвэрийн тухайн хэсэг үндэслэлгүй. Шүүх МУХБнаас гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудыг үнэлээгүй бөгөөд гэрээний заалтыг өөрт ашигтай байдлаар, буруу тайлбарласан нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл болгон илтэд нэг талыг барьж, МУХБнаас гаргаж өгсөн баримтууд "Хүнд нөхцөл байдал"-ын баталгаа болохгүй гэж дүгнээд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.6-д заасныг баримтлан 2014-160 дугаартай гэрээний үүрэг гүйцэтгээгүйн алданги 515 314 795.11 төгрөгийг МУХБнаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хууль болон гэрээг зөрчсөн шийдвэр гаргасан. Гэвч эдгээр нөхцөл байдлаас үл хамааран “АТ” ХХК-ийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 515 314 795.11 төгрөгийг МУХБ хариуцах хууль, эрх зүйн үндэслэлгүй болохыг гурван талт гэрээний ерөнхий нөхцлийн 47.1, тусгай нөхцлийн 47.1 дэх заалтуудаар нотолж байна. Гэрээний зохицуулалтаас харахад гэрээнд зөвхөн гүйцэтгэгч алданги төлөхөөр зохицуулагдсан ба өөрөөр хэлбэл ямар ч тохиолдолд санхүүжүүлэгч буюу МУХБ алданги төлөх үндэсгүй байна. Нэхэмжлэгч нь тусдаа бие даасан гэрээний оролцогч бөгөөд гэрээгээр өөрийн онцлогт тохирсон эрх, үүрэг бүхий НХОГ, МУХБнаас хариуцагч тус бүрийн гэрээний үүргээ хэрхэн зөрчсөн гэм буруугийн хэр хэмжээг буюу нэхэмжлэлийн үнийг тодорхойлоогүй, хариуцагч нараас ямар үндэслэлээр, хэдий хэмжээний алданги нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй хариуцагч нараас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үнийг тодорхойлохгүйгээр нэхэмжлэлээ гаргасан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5 дахь заалтыг нэхэмжлэгч зөрчсөн байхад нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, НХОГ, МУХБ нь уг ажил гүйцэтгэх гэрээнд  гэрээний үнэ /нийт 9.4 гэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажил гүйцэтгэх гэрээний 2.2 тэрбум төгрөгийн гэрээний үнэ бүхий хэсэгт МУХБ гэрээний нэг тал болж орсон/, гэрээний үргэлжлэх хугацаа, гэрээгээр хэрэгжүүлэх эрх, үүргийн хувьд өөр өөр нөхцөлтэй байхад тэдгээрийн гэм буруугийн хэмжээг тогтоогоогүй. Гэрээний үүрэг биелэгдээгүй шалтгаан, нөхцөлийн талаарх бичмэл нотлох баримтуудыг шүүхэд гарган өгч, шүүх хуралдаанаар шинжлэн судлуулсан атал анхан шатны шүүх хууль, гэрээнд заасан үндэслэлгүйгээр МУХБ, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 1 140 666 646.11 төгрөгийг гаргуулж, хариуцагч нарт оногдох төлбөрийн хэмжээг ялгамжтай тогтоогоогүй, хууль зөрчсөн шийдвэр гаргасан. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй хамааралгүй байх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс энэ талаар шүүх хуралдааны асуулт, хариултын явцад хариуцагч тал тодруулж асуухад "Гэм хорын хохирол учирсан" гэж хариулсан зэргээс харахад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтыг ноцтой зөрчин хэргийг дангаар шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул шийдвэрийг бүхэлд нь хянана уу. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтын “хариуцагч нараас нийт 1 140 666 646 төгрөг гаргуулж “АТ” ХХК-д олгож “ гэснийг хүчингүй болгож, уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, шийдвэрийн 1 дүгээр заалтын бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

            Нэхэмжлэгч “АТ” ХХК нь хариуцагч МУХБХХК, “НХОГ” ОНӨААТҮГ-т тус тус холбогдуулан гэрээний үүрэг гүйцэтгээгүйн алданги 1 136 365 525 төгрөг, харуул хамгаалалтын зардал 7 027 097 төгрөг, гэрэлтүүлгийн зардал 4 301 121 төгрөг, зээлийн хүү төлсөн хохиролд 600 724 684 төгрөг, валютын ханшны өөрчлөлтөөс учирсан хохирол 1 880 373 480 төгрөг, нийт 3 628 791 908 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Хариуцагч “НХОГ” ОНӨААТҮГ болон нэхэмжлэгч “АТ” ХХК-иуд 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, ИТБУ-2012/03 дугаартай, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч “АТ” ХХК нь Улаанбаатар хотын Баянголын амны “Баянгол” 110/35/10 кв-ын 2х40 мВА чадалтай дэд станц, 22 км ЦДАШ-ын барилга угсралтын ажлыг хийж 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ашиглалтад оруулах, захиалагч НХОГ нь 9 490 881 000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Талууд уг гэрээг 2013 оны 10 дугаар сарын 12-нд, 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр тус тус сунгаж, ажлын гүйцэтгэлийг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон байна. /1-р хх-ийн 7-92 дугаар тал/

 

            Талуудын байгуулсан дээрх гэрээг хэрэгжүүлэхийн тулд 2014 оны 9 сарын 25-ны өдөр, СДБ-Б-2014-160 дугаартай гэрээг, захиалагчийг төлөөлж “НХОГ” ОНӨААТҮГ, гүйцэтгэгчээр “АТ” ХХК, санхүүжүүлэгчээр МУХБХХК тус тус оролцож байгуулжээ. /1-р хх-ийн 93-98 дугаар тал/

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд гэрээний саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

            Талууд ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох 110/35/10 кв-ын 2х40 мВА чадалтай дэд станц, 22 км ЦДАШ-ын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн болох, ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 9 490 881 000 төгрөг төлөгдсөн үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй.

 

            Зохигчдын байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн 40.0-д “Төлбөр хийх хугацаа нь төлбөрийн мэдэгдэл гарч баталгаажсан өдрөөс хойш 20 хоног байна” гэж  талууд тохиролцжээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар  үгийн шууд утгаар дээрх тохиролцоог тайлбарлавал хариуцагч НХОГ ОНӨААТҮГ ажлын төлбөрийг талууд харилцан баталгаажуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор  төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хавтаст хэрэгт гэрээнд зааснаар төлбөрийн мэдэгдэл гарч баталгаажсан тухай баримт байхгүй боловч бид ажлын гүйцэтгэл баталгаажуулсан баримтаар алданги шаардсан нэхэмжлэлээ нотлоно” гэжээ. Гэвч Хэрэгт авагдсан ажлын гүйцэтгэлтэй холбоотой баримтуудыг шинжлэн судлахад 1 дүгээр хавтаст хэргийн 108 дугаар талд байгаа МУХБны хэвэлмэл хуудас дээр санхүүжилтийн хүсэлт №02 гэх баримтаар 2015 оны 12 сарын 14-ний өдөр гүйцэтгэгч буюу “АТ” ХХК-иас 1 010 010 053 төгрөгийн  санхүүжилт хүссэнийг  захиалагч буюу НХОГ ОНӨААТҮГ хүлээн авч хяналтын багийн ахлагч С.Цэрэнсодном баталгаажуулж гарын үсэг зурсан баримтаас бусад баримтуудыг үйлдсэн огноо тодорхойгүй, огноо бичигдэх хэсэг хоосон, эсхүл хэзээнээс хэзээ хүртэл гүйцэтгэсэн ажлын санхүүжилт болох нь тодорхойгүй байна.  Энэ тохиолдолд зөвхөн 108 дугаар талд байгаа уг баримтыг гэрээний тусгай нөхцлийн 40.0-д заасан “төлбөрийн мэдэгдэл” гэж үзэхээр байна. Талуудын байгуулсан гэрээгээр төлбөрийн мэдэгдлийг баталгаажуулснаар 20 хоногийн дотор буюу 2016 оны 1 сарын 03-ны өдрөөр дээрх 1 010 010 053 төгрөгийн санхүүжилтийг захиалагч төлөх үүргийн хугацаа тодорхойлох боломжтой байна. Хариуцагч НХОГ ОНӨААТҮГ нь уг хугацаанд багтаан санхүүжилтыг олгосноо нотолж чадаагүй.

 

            Талууд 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр алданги ногдуулах хэмжээг 0,05 хувь байхаар тохиролцож, дараа нь 2014 оны 9 сарын 25-ны өдөр гэрээг шинэчлэн байгуулахдаа гэрээний заалтад өөрчлөлт оруулж алдангийн хэмжээг 0,25 хувь байхаар тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн хэмжээг хэтрүүлээгүй Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийсэн байна.  2015 оны 12 сарын 14-ний өдөр буюу үүрэг үүссэнээс өмнө уг алдангийн талаархи хэлцлийг талууд хийсэн байгаа тул төлбөрийн мэдэгдлээр баталгаажсан мөнгөн хөрөнгө болох 1 010 010 053 төгрөгийн үүрэгт алданги тооцоход  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 1 010 010 053 төгрөгийн 50 хувь болох 505 005 026 төгрөгийг хариуцагч буюу гэрээний тал болох Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гаргуулж нэхэмжлэгч “АТ” ХХК-д олгох нь зүйтэй.

 

            Хариуцагч НХОГ ОНӨААТҮГ, нэхэмжлэгч нарын хооронд тооцоо нийлсэн агуулгатай баримтууд /101-108, 3-р хх-58-71, 4-р хх-37-41 дүгээр тал/ байгаа боловч эдгээр баримтад үндэслэн төлбөрийн мэдэгдлийг хэдийд үйлдсэн болохыг тодорхойлох, улмаар уг хугацаанаас 14 хоног өнгөрсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.

 

            Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.1-д гэрээний нэг тал үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацааг хожимдуулсан бол гэрээний зүйлийг хадгалсантай холбогдож үүрэг гүйцэтгэгчээс гарсан нэмэлт зардлыг үүрэг гүйцэтгүүлэгч нөхөн төлөхөөр заасан. Нэхэмжлэгч “АТ” ХХК нь ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор гэрэлтүүлэг болон харуул хамгаалалтын зардлыг  гаргасан болох нь хөлсөөр ажиллуулах гэрээ, цалин олгосон баримт, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. /149-193 дугаар тал/ Захиалагч “НХОГ” ОНӨААТҮГ нь тохиролцсон хугацаанд ажлыг хүлээн аваагүй тохиолдолд гүйцэтгэгчээс гарсан нэмэлт зардалыг нөхөн төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч “НХОГ” ОНӨААТҮГ-аас харуул хамгаалалтын зардал 7 027 097 төгрөг, гэрэлтүүлгийн зардал 4 301 121 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “АТ” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.1-д заасантай нийцнэ.

 

            Харин гэрээгээр тохиролцсон алданги болон харуул хамгаалалтын зардал, гэрэлтүүлгийн зардлыг хариуцагч МУХБХХК-иас гаргуулах үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь алданги шаардаж буй нэхэмжлэлээ 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний 40.0, 46 дугаар заалтыг үндэслэдэг ба уг гэрээнд хариуцагч МУХБХХК гэрээний тал болж оролцоогүй байна.

 

            Иймд хариуцагч “НХОГ” ОНӨААТҮГ-аас алданги 505 005 026 төгрөг, харуул хамгаалалтын зардал 7 027 097 төгрөг, гэрэлтүүлгийн зардал 4 301 121 төгрөг, нийт  516 333 244 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “АТ” ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

            Зохигчид 2014 оны 9 сарын 25-ны өдөр шинэчлэн байгуулсан гэрээний ерөнхий нөхцлийн 12.1.4-т “Валютын ханш уналт гэрээ байгуулагдсан өдрөөс хойш 20 хувь буюу түүнээс их хэмжээгээр унаад тасралтгүй 30 хоног үргэлжилвэл” захиалагчийн хүлээх эрсдэлд хамаарахаар тохиролцсон байна. /1-р хх-ийн 214 дүгээр тал/ Гэрээний уг заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар  тайлбарлавал валютын ханш уналт байх боловч нэхэмжлэгч нь уг заалтыг валютын ханшны өсөлт, төгрөгийн ханшны уналт гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

 

            Энэ хүрээнд гэрээний уг заалтын агуулгаас үзэхэд валютын ханш огцом 20 хувиар өсч, энэ өсөлт тасралтгүй 30 хоног үргэлжилсэн нөхцөл тогтоогдсон байх учиртай. Энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан болзол тавьсан хэлцэл байх ба уг болзол биелэгдээгүй байна. Нэхэмжлэгч нь валютын ханшны зөрүүг анх гэрээ байгуулсан 2012  оны 10 сарын 03-ны өдрөөс хойш тооцож өссөн хэмжээгээр  нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд талууд 2014 оны 9 сарын 25-ны өдрийн гэрээгээр уг болзолтой заалтыг тохиролцжээ. Өөрөөр хэлбэл уг болзлын талаар  тохиролцохоос өмнөх нөхцөл байдалд гэрээний заалтыг буцааж хэрэглэх нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцэхгүй.

 

            2014 оны 9 сарын 25-ны өдрөөс хойш хэрэгт нотлох баримтаар цуглуулж өгсөн валютын ханшны лавлагаатай харьцуулж үзэхэд валютын ханш огцом 20 хувиар өсөөгүй байна. Тодруулбал, ам доллар нь 2014 оны 9 сарын 25-нд 1 839,04 төгрөг, 2015 оны 12 сард 1 995,84 төгрөг, 2016 оны 2 сард 1 988.95 төгрөг, 2016 оны 8 сард 2 045,88 төгрөгөөр өссөн байгаа нь талуудын гэрээгээр тохиролцсон 20 хувь өссөн өсөлтөд хамаарахгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардсан 1 880 373 480 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

            Нөгөө талаар хариуцагч МУХБХХК нь 2014 оны 9 сарын 25-ны өдрийн СДБ-Б-2014-160 дугаартай гэрээний 4.7-д зааснаар валютын ханшны хэлбэлзэлд хариуцлага хүлээхгүй байхаар заажээ. /1-р хх-ийн 96-р тал/   

 

            Нэхэмжлэгч  “АТ” ХХК нь 2011 оны 5 сарын 05-ны өдөр “Хаан банк” ХХК-иас “Нью прогресс групп” ХХК, “Алтайн зам” ХХК, “Мост интернэшнл” ХХК,  “Нью прогресс” ХХК, “Ховдын өргөө” ХХК, “Вестерн холд” ХХК-иудтай хамтран 3 900 000 000 төгрөгийн зээл авсан болох нь бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 193-197 дугаар тал/

 

            Уг зээлийн гэрээг маргааны зүйл болох ажил гүйцэтгэх гэрээ байгуулахаас өмнө байгуулсан байх бөгөөд гэрээний зориулалт “машин, механизм, тоног төхөөрөмж худалдаж авах” гэж зааснаас гадна өөр олон байгууллагуудтай хамтран авсан зээлийн зарцуулалт нь 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээтэй ямар шалтгаант холбоотой болох нь баримтаар тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагч нарт холбогдуулан зээлийн хүүд нэхэмжилсэн 600 724 684 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоос харуул хамгаалалтын зардалд 7 027 097 төгрөг гаргуулах хэсгийг хангасан, мөн хариуцагч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хангасан тул тэдгээрийн давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор шийдвэрлэв.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 182/ШШ2018/00218 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

            1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 224 дүгээр зүйлийн 224.2.1-д зааснаар хариуцагч “НХОГ” ОНӨААТҮГ-аас 516 333 244 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “АТ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 112 458 664 төгрөг болон хариуцагч МУХБХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

            2 дахь заалтын “... хариуцагчаас 5 861 283 төгрөгийг” гэснийг “хариуцагч “НХОГ” ОНӨААТҮГ-аас 2 739 616  төгрөг” гэж тус тус  өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 598 577 төгрөг, хариуцагч нараас тус бүр төлсөн 3 009 616 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ                                         

                                                          ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД                                                                                                   

                                                                                                       Г.ДАВААДОРЖ