Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00205

 

Л.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/001916 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1665 дугаар магадлалтай,

 

Л.Сийн нэхэмжлэлтэй

Э.Ц, Д.Тнарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 32,870,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч Э.Ц, Д.Тнарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.С, хариуцагч Э.Ц, Д.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/001916 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Ц, Д.Тнараас 24,985,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Сэд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,885,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 322,299.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ц, Д.Тнараас 282,875 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Сэд олгож шийдвэрлэжээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1665 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01916 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 460 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

3. Хариуцагч Э.Ц, Д.Тнар хяналтын гомдолдоо: ...Магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэнд тус тус гомдолтой байна. Шүүхийн дээрх шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Сийн нэхэмжлэлтэй хариуцагч бидэнд холбогдох 32,870,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан иргэд хоорондын зээлийн гэрээний үүрэг хангуулах тухай шаардлагад эрх зүйн дүгнэлт хийхдээ зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул хуульд зааснаар хүү шаардах, анз шаардах эрхгүй байна. Хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргалдагч талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнээд хариуцагч нараас гэрээний үлдэгдэл 19,000,000 төгрөг, талуудын гэрээнд тохиролцсоноор гүйцэтгээгүй 19,000,000 төгрөгийн үүрэгт хоног тутам 0,5 хувиар алданги тооцож хуульд зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэхгүй гэж дүгнээд 19,000,000 төгрөгт 11,970,000 төгрөгийн алдангийг хариуцагч нараас нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн мөртлөө шүүх 5,985,000 төгрөгийн алдангийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна гэж хоёрдмол байдлаар үзэж үндэслэлгүй шийдвэрлэсэн байна. Өөрөө хэлбэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрхэн хэрэглэж 5,985,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Хариуцагч нарын зүгээс анхан шатны шүүх Иргэний хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэж үндэслэлгүйгээр анз гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 5,985,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

4. Хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

5. Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч Э.Ц, Д.Тнарт холбогдуулан зээлийн үүрэгт үндсэн зээл 19,000,000 төгрөг, хүү 1,900,000 төгрөг, алданги 11,970,000 төгрөг, нийт 32,870,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нар зээлийн гэрээ байгуулж мөнгө аваагүй, үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад үлдэх 19,000,000 төгрөгийг төлөхөөр тохирсон гэж маргажээ.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч нараас 24,985,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

7. Э.Ц, Д.Тнар нь 2018.09.12-ны өдөр Л.Сээс Баянзүрх дүүрэг 28 дугаар хороо, Хужирбулан 5 дугаар хэсэг, 91 дүгээр гудамж, 2921 тоот хаягт байршилтай хувийн сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 70,000,000 төгрөгөөр худалдан авч, төлөөгүй 19,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр, зээлийн гэрээ байгуулсан үйл баримт тогтоогджээ.

 

8. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний үүргийг өөр үүрэг буюу зээлийн гэрээний үүргээр солих нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан зохицуулалтад нийцэх боловч хоёр шатны шүүх нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлийг худалдах-худалдан авах гэрээ, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь Иргэний хуулийг зөрчөөгүй байна. Учир нь худалдах-худалдан авах гэрээ, эсвэл үүргийг сольж зээлийн гэрээ аль нь ч байсан хариуцагч нь мөнгөн төлбөрийн үүрэгт хугацаа тогтоож хүү, алданги төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлсэн, талууд энэ талаар тохирсон, үүрэг үүссэн тул биелүүлэх ёстой. Иймд алданги төлөхгүй гэх хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

9. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар хариуцагч нар үл хөдлөх хөрөнгийн эзэмшил, өмчлөлөө шилжүүлэн авсан, үлдэх 19,000,000 төгрөгийг төлөөгүй тул үүргээ биелүүлэх ёстой, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Гэрээний 2.7-д “төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0,5 хувийн алданги төлөхөөр заасан, шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны дагуу шүүх хариуцагч нараас гаргуулах алдангийн хэмжээг багасгасан байна. Иймд шүүхийн шийдвэр, магадлал хуулийн үндэслэлтэй тул хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/001916 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1665 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 110,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Х.ЭРДЭНЭСУВД

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                              Г.БАНЗРАГЧ

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ