| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 162/2017/0186/Э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2018-03-07 |
| Зүйл хэсэг | 094.1., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 105
Б.Лх-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Д.Данзандорж, хохирогчийн өмгөөлөгч Б.Ариунбаяр, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 889 дүгээр магадлалтай 201403000293 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Лх-, түүний өмгөөлөгч Д.Данзандорж, Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй Б.Лх- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Б.Лх-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Б.Лх-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Лх-гийн цагдан хоригдсон 329 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд тооцохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг “Б.Лх-гийн цагдан хоригдсон 343 хоног” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Лх- гаргасан гомдолдоо “...Миний бие Архангай аймгийн Чулуут суманд эхнэр 5 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. 2014 оны 08 дугаар сарын 01-нд миний төрсөн дүүгийн хурим болсон. Би хурим зохион байгуулж байсан. Талийгаач Ц.Бу- бусад хүмүүсийн хамт бэр авахаар яваад согтуу ирж унтаж амралгүй, унаж тусаад явж байсан. Хэсэг чимээгүй болсон чинь манай хүүгийн морийг унах гэж байгаад дээгүүр нь давж тархиараа уначхаад гэрийн гадаа ирж хойноос хүзүүгээр тэврээд авахад нь би өөрөөсөө холдуулах зорилгоор чи унтаж амраач гээд 2 гарыг нь мултлан хойш түлхсэн.
Тухайн өдрийн маргааш нь надаас болон бусад гэрч нараас прокурор, байцаагч нар мэдүүлэг авсан. Задлан шинжилгээний хариу гарсны дараагаар 2014 оны 8 дугаар сарын 5-нд Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 хэсэгт зааснаар надад холбогдолгүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэсэг хугацааны дараа байцаагч Н.Ба- гэрч нарын мэдүүлгийг өөрчилж хүндрүүлэн надад хэрэг үүсгэсэн. Хэрэг буцах болгонд байцаагч Н.Ба- хэргийг хүндрүүлж байна гэж прокурорт хүсэлт бичиж өгсөн боловч арга хэмжээ аваагүй. Би талийгаач Ц.Бу-той тухайн үед хэрэлдэж, маргалдаагүй. Талийгаач намайг улсуудтай цуг байхад ирээд хойноос зуураад авсан. Надад хүнийг санаатай түлхэж алах санаа байхгүй байсан. Би өөрөөсөө салгаж түлхсэн. Иймд эрхэм шүүгч нар минь миний зүйл ангийг өөрчилж өгнө үү” гэжээ.
Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ гаргасан гомдол болон шүүх хуралдаан хэлсэн саналдаа “...Анхан болон давж шатны шүүх шүүгдэгч Б.Лх-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, Б.Лх-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэсэн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Ц.Бу- нь 08 дугаар сарын 01-ний өдөр согтуугаар морь унах гэж байгаад морины баруун тал руу давж толгойгоороо газар унасан, ингэж унасныхаа дараа хурим болж байсан гэрийн гадаа ирж Б.Лх-г хойноос тэврээд авахад Б.Лх- түүнийг өөрөөсөө холдуулах зорилгоор “чи одоо унтаж амраач” гэж 2 гарыг мултлан хойш түлхсэн байдаг ба Ц.Бу- нь бөгсөөрөө газар суугаад босож ирээд эхнэр Д.Бо- агсам тавьж түүнийг гэрийн сүүдэрт унтуулахаар аваачиж тавьсны дараа ухаан алдаж унасан байдаг.
Энэ үйл явдал нь хавтаст хэрэгт хэргийн болсон явдлыг нүдээр харсан гэрчүүд болон хохирогч Д.Бо-гийн мэдүүлгээр тогтоогддог. Эдгээр гэрчүүд бүгд хэргийн газар, тухайн цаг хугацаанд байсан төдийгүй, зарим гэрч нь Б.Лх-тэй цуг бага гэр рүү орсон, зарим гэрчүүд хэрэг болсон газар үлдсэн байдаг.
Харин давж заалдах шатны шүүх дээрх гэрч нарын мэдүүлгийг хэрэг болсон цаг хугацаанд хэргийн газарт амь хохирогчийн хажууд байсан Г.Эр-, С.Но-, Б.Ба- нарын мэдүүлгээс давуу үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь хэрэг болох үед тухайн газар байгаагүй насанд хүрээгүй гэрч болон түлхэх үед амь хохирогчийг унах үйл явдлыг хараагүй гэрч нарын мэдүүлгээр хүнийг санаатай алсан гэж дүгнэлт хийсэн нь буруу болсон байна.
Мөн Ц.Бу- нь төрөлхийн унаж татдаг өвчний улмаас байнга тархи толгойгоороо юм мөргөж унадаг байсан ба Б.Лх- нь бусдын амь насыг санаатай хохироосон гэх гэмт хэргийн гэм буруугийн санаатай хэлбэр болох хүсч хохирол хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл хийгээгүй, бусдыг алах санаа зорилгогүй, түлхэж байгаа үйлдлийн хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 13 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэн өөрөөсөө зайлуулан “чи одоо унтаж амар” гэж түлхэж байгаа нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181 шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 889 дүгээр магадлалд зохих өөрчлөлт оруулж, Б.Лх-гийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутай тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж өгнө үү” гэв.
Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Данзандорж гаргасан гомдол болон шүүх хуралдаан хэлсэн саналдаа: “Өмгөөлөгч миний бие давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо, мөрдөн байцаах, прокурорын байгууллага яаж хуулийн заалтыг зөрчсөнийг, хуулийн заалт, зүйлээр нь 5 үндсэн хэсэгт хуваан 20 ангиллаар маш дэлгэрэнгүй тодорхойлсон боловч хэргийн материалыг бүрэн танилцаж үзээгүй гэж үзэхээр, сэтгэл хөдлөлөөр хуулийн дагуу гаргасан үндэслэлийг асууж хариулж байгаа мэтээр тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, хууль зүйн шинжлэх ухааны үүднээс хандаж хуулийг амьдрал, практикт зөв хэрэгжүүлэх, хэргийг зөв зүйлчлэх талаар ямар ч ач холбогдол өгөлгүй, холбогдогчийн гэм бурууг нотлох баримтнд тулгуурлан дүгнээгүйд гомдолтой байна. Юуны өмнө давж заалдах шатны шүүхэд хандаж гаргасан 5 хуудас гомдлыг минь шүүх хууль зүйн талаас нь холбогдогчийн гэм буруугүйг нотлох баримтаар тогтоож чадаагүй тул дээрх гомдлыг нэр бүрчлэн танилцан дүгнэлт хийж өгнө үү.
Б.Лх-гийн түлхсэн үйлдэл нь хохирогчийг үхэлд хүргэсэн толгойн гэмтэлтэй ямар ч холбогдолгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байдаг. Хэрэгт мэдүүлэг өгсөн гэрчүүд бүгдээрээ хохирогчийг бөгсөөрөө унасан гэж мэдүүлсэн байдаг. Нийт 16-17 гэрч асуугдсанаас давж заалдах шатны шүүхийн магадлалд 7 хүний мэдүүлгийг түүвэрлэн дүгнэсэн байна. Эдгээр нэр дурдсан гэрчүүд болон бусад бүх гэрчүүдийн мэдүүлгээр Б.Лх-гийн түлхэлтээс хохирогч толгойн тус газраа гэмтэл авсан гэх үндэслэл тогтоогдоогүйн гадна шүүхээс нотолсон нотолгоо нь эх сурвалжгүй байгаа болно. Мөн яллах дүгнэлт, шийтгэх тогтоол, магадлалд гэрчийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй бичигдсэн байгаа, үг үсэг, утга авцалдаагүй байгааг анхаарна уу.
Шүүх эмнэлгийн 3 удаагийн дүгнэлтийн тухайд талийгаачид учирсан гэмтлийг үгүйсгэх гээгүй боловч гэмтэл ямар үйлчлэлээр, юуны нөлөөллөөр, хэрхэн яаж учирсныг тогтоож чадаагүй нь харамсалтай байдаг” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Б.Ариунбаяр хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгдэгч нь талийгаачийг түлхсэн үйлдлээ хүсч үйлдсэн болох нь тодорхой харагдаж байна. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар шалгавал зохих асуудлууд хангалттай шалгагдсан. Шүүгдэгч Б.Лх- нь хохирогчийг заамдаж түлхсэний улмаас түүний биед хүнд гэмтэл учирч амь хохирсон болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Лх-, түүний өмгөөлөгч Д.Данзандорж, Ц.Бат-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Лх-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Б.Лх- нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн нутаг дэвсгэр, Чулуун хороот гэх газар согтууруулах ундаа хэрэглэсэн хохирогч Ц.Бу-ийг хүрч ирээд зууралдахад нь биеэсээ холдуулж “явж амар” хэмээн түлхэж унагасны улмаас Ц.Бу-ийн эрүүл мэндэд “тархины битүү гэмтэл, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорх тархмал цус харвалт, тархины няцрал” бүхий хохирол /гэмтэл/ учирч нас барсан үйлдэлд прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Б.Лх-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 8 жил хорих ял шийтгэсэн байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Лх-д холбогдох хэргийн үйл баримтыг дүгнэхдээ маргаан үүсэх болсон шалтгаан, хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйл явдалд хандах хандлага, санаа зорилгыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зөв тогтоож чадаагүйн улмаас хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцааг зөрчиж, хор хохирол учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо үйлдэлдээ хандаж байгаа хандлага буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно.
Хүнийг алах гэмт хэргийн хувьд өөрийн хийж буй үйлдлийн улмаас хүний амь нас хохирч болохыг лавтай сайн ухамсарлаж ойлгосон атлаа уг үр дагаврыг буюу бусдын амь насыг зориудаар хүсч хохироосон үйлдлийг ойлгодог бөгөөд харин уг хууль бус үйлдлийн улмаас бусдын амь нас хохирч болно гэдгийг мэдэх боломжтой, мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь хохироосон бол хүнийг болгоомжгүй алсан гэм буруутайд тооцдог болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзэхэд шүүгдэгч Б.Лх-, амь хохирогч Ц.Бу- нар садан төрлийн холбоотой бөгөөд тухайн өдөр хохирогч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хуримын ажлыг зохион байгуулж завгүй байсан ах Б.Лх-тэй хэрүүл өдөж, барьцалдан маргалдаад байхаар нь түүнийг өөрөөсөө холдуулан, “явж амар” хэмээн түлхэж унагасан үйлдлийн улмаас хохирогчийн тархинд хүнд гэмтэл учирч нас барсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч нь биеийн эрүүл мэнд болоод зан авирын онцлогийн хувьд согтууруулах ундаа хэрэглэхдээ амархан согтдог талаар гэрчүүд мэдүүлсэн байх бөгөөд тэрээр бэр авахаар яваад ирэхдээ ихээхэн согтуу ирж, улмаар хурим болж байгаа газар бусдад төвөг учруулж, мориндоо мордохдоо давж унах зэргээр хэвийн бус байдалтай байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Лх- тухайн өдөр төрсөн дүүгийн хуримын ажлыг зохион байгуулах үүрэгтэй байсан тул согтууруулах ундаа хэрэглээгүй гэж мэдүүлсэн бөгөөд завгүй ажилтай байхад согтуугаар ирээд зууралдахаар нь төвөгшөөж өөрөөсөө холдуулах зорилгоор түлхсэн үйлдлийн улмаас хохирогчийг шууд үхэлд хүргэсэн гэмтлийг учруулсан байх тул түүнийг бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэж дүгнэх үндэслэлтэй гэж үзэв.
Иймд энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Данзандорж, Ц.Бат-Эрдэнэ нарын гомдлыг хүлээн авч, прокуророос Б.Лх-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчилж, бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Түүнчлэн тухайн гэмт хэрэг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2400 цагаас өмнө үйлдэгдсэн бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан өршөөлд хамруулах үндэслэлд хамаарч байх тул Б.Лх-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 889 дүгээр магадлалд “Б.Лх-д холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон өөрчилж, Б.Лх-г бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Лх-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнийг нэн даруй сулласугай” гэсэн өөрчлөлт оруулсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН