Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 126/2016/0041/З |
Дугаар | 233 |
Огноо | 2017-06-14 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 233
Иргэн Д.Цолмонжаргалын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтанцоож нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0228 дугаар магадлалтай, иргэн Д.Цолмонжаргалын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан Д.Цолмонжаргалын “Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/14 дүгээр тушаалын Д.Цолмонжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Галт сум хариуцсан хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0228 дугаар магадлалаар: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1, 27.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цолмонжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/14 дүгээр тушаалын Д.Цолмонжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Цолмонжаргалыг Хөвсгөл аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Сум хариуцсан хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтний ажилд тогтоосон байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.Цолмонжаргалд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2 114 367 төгрөгийг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Эрдэнэхуяг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүдийг татан буулгаж, аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг байгуулсан бөгөөд үүний дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалаар бүтэц, орон тоог шинэчлэн баталж, Хөвсгөл аймгийн Галт сум хариуцсан Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо 1 байхаар шийдвэрлэгдсэн. Үүний дагуу уг орон тоонд Д.Цолмонжаргал, М.Номингэрэл нарын аль нэгийг үргэлжлүүлэн ажиллуулах шаардлагатай болсон бөгөөд дээрхи 2 ажилтны ажлын ур чадвар, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг, мэдлэг чадвар, дадлага туршлага зэрэг шалгуурыг үндэслэн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн их хангаж байгаа ажилтныг томилохдоо эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна гэсэн хуулийн шаардлагын дагуу М.Номингэрэлийг уг албан тушаалд томилсон. Нэхэмжлэгч Д.Цолмонжаргалын үр дүнгийн гэрээний үнэлгээ 2014 онд 60 /D/, 2015 онд 65 /D/-ээр тус тус үнэлэгдсэн. Уг үнэлгээ нь үндэслэлтэй бөгөөд тухайн үед энэ талаар ямар нэг маргаан гарч байгаагүй, үр дүнгийн гэрээ дүгнэсэн эсэхтэй танилцаад гарын үсэг зураагүй боловч ямар нэгэн тайлбар хийгээгүй. Үүнийгээ дараа нь болохоор үнэлгээг зөвшөөрөхгүй буюу буруу үнэлсэн мэтээр ойлгомжгүй байдалд хүргэж байна. Үр дүнгийн гэрээний илтгэх хуудсанд Д.Цолмонжаргал нь өөрийгөө үнэлж дүнг 84 гэж тооцсон нь үндэслэлгүй бөгөөд албан ёсны үнэлгээ болон түүний дүнтэй зөрчилдөж байна. Үүнийг давж заалдах шатны шүүх өөр хооронд нь ялгаагүйгээс алдаатай дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Д.Цолмонжаргал 2 жил дараалан үр дүнгийн гэрээний үүргээ хангалтгүй биелүүсэн байхад түүнийг хэрхэн ямар учраас яагаад шагнагдсаныг шалгаж тогтоогүй байж түүнийг шагнагдсаныг нь илүүд үзэж үнэлэлт хийсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна. Хуучин Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн болон манай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас шагналд Д.Цолмонжаргалыг тодорхойлж байгаагүй. Үүнийг Захиргааны шүүхээс шалгаж тогтоогоогүй байхад давж заалдах шатны шүүх “үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудсууд нь эргэлзээтэй байна” гэсэн нь хийсвэр болсон байна. Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс болон Хөдөлмөрийн хэлтсүүд нэгдэж зохион байгуулалт өөрчилсөн оновчтой харилцаанд орж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон өргөжсөн. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийн бүх ажиллагсдын ажлын байр өөрчлөгдсөн, хасагдсан, цөөрсөн тул Хөдөлмөрийн хуулийн дагуу мэдэгдэл хүргүүлсэн. Д.Цолмонжаргалын хувьд ажлын байр байхгүй болсон тул түүнд бусдын адил мэдэгдэл өгч хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлж зохих тэтгэмжийг олгосон. Энэ талаар Д.Цолмонжаргал ямар нэгэн маргааныг тухайн үед үүсгээгүй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байна гэж үзэн бусад сум хариуцсан мэргэжилтнүүдийг шинэчлэн зохион байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын сум хариуцсан мэргэжилтнээр томилсон. Д.Цолмонжаргалын хувьд ажлын байранд тавигдах шаардпагыг хангаагүй гэж үзсэн тул чөлөөлсөн. Сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтонд: Нийгмийн ажилтан, нийгмийн салбарын мэргэжилтэй байх, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй байхыг шаардсан. Д.Цолмонжаргал нь Бизнесийн удирдлагын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн нь дээрх шаардлагатай нийцээгүй. Тэгээд ч 9 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажил эрхэлсэн нь түүний ажлын байранд тавигдах шаардлагад нийцсэн гэж үзэхгүй байна. Халамжийн чиглэлээр мэргэшсэн гэдэг нь мэргэжлээрээ олон жил тасралтгүй ажиллаж ажлын арвин туршлагатай болсон байхыг ойлгоно. Галт сум хариуцсан Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Номингэрэлийн үр дүнгийн гэрээг нь 2014 онд 80, 2015 онд 80 үнэлгээтэй дүгнэгдэж байсан бөгөөд мэргэжил болон ур чадварын хувьд уг ажлын байрны шаардлагыг илүү хангаж байгааг харгалзан үзэж хөдөлмөр, эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон.
Шинэ ажлын байранд дан ганц халамжийн мэргэжилтний төдийгүй хөдөлмөр хариуцсан мэргэжилтний ажлын үндсэн чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн болох нь ажлын байрны тодорхойлолтоор нотлогдож байтал шүүх зөвхөн халамжийн мэргэжилтний чиг үүргийг үнэлж хянасан нь учир дутагдалтай байна. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 221/МА2017/0228 магадпалыг хүчингүй болгож, Хөвсгөл aймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, Д.Цолмонжаргалын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасантай нийцсэн байна.
Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар “Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нэгдэж, суманд хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллах болсон” гэсэн үндэслэлээр Галт сум хариуцсан халамжийн мэргэжилтэн Д.Цолмонжаргалыг төрийн албанаас чөлөөлсөн байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар” ажиллахаар тогтоож, үүнтэй холбоотойгоор урьд ажиллаж байсан “Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс”, “Хөдөлмөрийн хэлтэс” нэгдэж, “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар” болж өөрчлөн байгуулагджээ.
Уг өөрчлөн байгуулагдсан Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан сумын мэргэжилтэн 26 байхаар орон тоог батлаж, уг албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтоор Д.Цолмонжаргалын урьд хэрэгжүүлж байсан “сум хариуцсан халамжийн мэргэжилтэн”-ний албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байна.
Тухайн тохиолдолд, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ... боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан нэмэгдэл баталгаагаар төрийн жинхэнэ албан хаагч хангагдах учиртай.
Гэтэл хариуцагч албан тушаалын орон тоо хасагдсан гэж маргаанд хамааралгүй Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дахь заалтыг хэрэглэн Д.Цолмонжаргалыг төрийн албанаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь буруу байх тул давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв байна.
Хариуцагч “Галт суманд Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн-1 байхаар тусгагдсан тул Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан Д.Цолмонжаргал, Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан М.Номингэрэл нарын ажлын үзүүлэлт, үр дүнгийн гэрээг шалгуур үзүүлэлт болгон, шалгаруулж авсан” гэж тайлбарлах боловч Д.Цолмонжаргал, М.Номингэрэлийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан журмын дагуу шалгаруулаагүй болох нь маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үндэслэл, хэрэг цугларсан нотлох баримтаар тогтоогдож, үүнийг давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн байна.
Иймд, Д.Цолмонжаргалыг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн захиргааны актын улмаас төрийн албанд ажиллах адил, тэгш боломжоор хангагдах нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоосон энэхүү шүүхийн шийдвэр нь цөөрсөн орон тоонд үргэлжлүүлэн ажиллах төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан журмын дагуу шалгаруулан авах харилцаанд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0228 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН