Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2016/0338

 

 

 

 

 

 

 

2016 оны 5 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2016/0338

Улаанбаатар хот

 

С.Банзрагчийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч С.Банзрагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван нарыг оролцуулан хийж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Банзрагчийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч С.Банзрагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын Их Хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад нэмэлт өөрчлөлт оруулснаар хуулийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон. Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 52 дугаар тогтоолын дагуу тэтгэврээ шинэчлэн тогтоолгохыг хүсэж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр сумын нийгмийн даатгалын байцаагчид өгсөн ч аймгаас хүлээж бай гэсэн гээд өргөдлийг буцаан өгсөн... 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд өргөдөл өгч, тэтгэврээ шинэчлэн тогтоолгосон бөгөөд тэтгэврийн зөрүүг олгохгүй гэж шийдвэрлэсэн. Иймд, Нийгмийн даатгалын хэлтсээс 2015 оны 02 дугаар сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны тэтгэврийн зөрүү болон Улаанбаатар хот, Булган аймаг хооронд ирж очих замын зардлыг гаргуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Болормаа шүүхэд гаргасан тайлбартаа: ...С.Банзрагч нь анх тэтгэвэр тогтоолгохдоо 2001-2005 оны хоорондох 5 жилийн цалинг сонгож, тэтгэвэр тогтоолгон авч байсан. Харин тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтооно гэж дээрх хуульд заасны дагуу 1986-1990 оныг дуусталх 5 жилийн цалингаар тэтгэврээ тогтоолгож, тэтгэврийн хэмжээ 505209 төгрөг болсон. Өмнө авч байсан тэтгэвэр нь 372009 төгрөг байсан... Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн гишүүд хуралдаж, өргөдлийг авч хэлэлцээд нэмэгдлийг тооцож олгох улсын төсөв батлагдаагүй байсан учраас тэтгэврийн даатгалын сангаас олгох боломжгүй мөнгө гэдэг дүгнэлтийг гаргасан. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс нэмэгдлийг тооцож олгож байна. С.Банзрагчийн нэхэмжилсэн хугацааны тэтгэврийн зөрүү нь 2015 оны төсөвт тусгаагүй учир 2015 оны 07 дугаар сарын 01-нээс нөхөн олгох боломжгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 30 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны тэтгэврийн зөрүү /133200х6/ болох 799200 төгрөгийг тэтгэврийн даатгалын сангаас гаргаж, нэхэмжлэгчид олгохыг Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “2015 оны 02 дугаар сарын 01-нээс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүү болон Улаанбаатар хот, Булган аймаг ирж очихын унааны зардал болох 99000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Болормаа давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгч С.Банзрагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож, тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа тэтгэврийн хэмжээг шинэчлэн тогтоох харилцааг хуульчилж өгсний дагуу 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврээ шинэчлэн тогтоолгох өргөдөл өгсөн буюу тэтгэврийг шинэчлэн тогтоож тэтгэврийн хэмжээ /өөрчлөхөөс өмнө/ 372009 төгрөг, шинэчлэн тогтоогдсоноор 505209 төгрөг болж, нийгмийн даатгалын тэтгэврийн даатгалын сангаас тэтгэврээ авч байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2-т “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн хэмжээг өөрчлөх асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд өргөдлийг тухайн сарын 15-наас өмнө хүлээж авсан бол мөн сарын 1-нээс, тухайн сарын 15-наас хойш хүлээж авсан бол дараа сарын 1-нээс тус тус эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийг олгоно” гэж заасан. Гэвч С.Банзрагч нь хууль батлагдсан өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн өөрчлөгдсөн тэтгэврийн зөрүү болох 1332000 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн байна.

Уг хууль 2015 оны 01 дүгээр сарын 30-нд батлагдаж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан боловч Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” заалтын дагуу дээрх хуулийн заалтыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх талаар Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас 2015 оны 1/2558 тоот албан бичгээр өгсөн чиглэлийг Нийгмийн даатгалын хэлтэс нь хэрэгжүүлж ажиллаж байгаа тул С.Банзрагчийн нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй.

Анхан шатны шүүх С.Банзрагчийн Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн /2015 оны 01 дүгээр сарын 30-наас/ тэтгэврийн зөрүү болох 1332000 төгрөгийн 2015 оны 07 дугаар сарын 01-нээс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны зөрүү 799200 төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулахаар шийдвэрлэснийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” заалтаар шийдвэрлүүлэх саналтай байна. Мөн нэхэмжлэгч хуулийн хугацаанд өргөдөл нэхэмжлэлээ гаргаагүй учир /тэтгэврээ өөрчлөн тогтоолгох өргөдлийг 2016 оны 01 дүгээр сарын 26-нд өгсөн/ уг зөрүү мөнгийг нөхөн олгох хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч “Улсын Их Хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь заалт, Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар тогтоолын 1А заалтын дагуу 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны тэтгэврийн зөрүү гаргуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийг Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргажээ.

Монгол Улсын Их хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заажээ.

Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийн хэмжээг өөрчлөх асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд өргөдлийг тухайн сарын 15-ны өдрөөс өмнө хүлээж авсан бол мөн сарын 01-нээс...” гэж заасан байна.

Нэхэмжлэгч С.Банзрагч нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “...Нийгмийн даатгалын хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу миний тэтгэврийг 1985-1989 оны цалингийн дагуу шинэчлэн тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг Булган аймгийн Хишиг-Өндөр сум дахь Нийгмийн даатгалын албанд гаргасан болох нь түүний нэхэмжлэлдээ хавсаргасан баримт болон тайлбар, бусад баримтаар нотлогдож байна.

Хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа” гэснээр тэтгэврийн хэмжээг өөрчлөх, шинэчлэн тогтоохоор зохицуулсан дээрх хуульд зааснаар Нийгмийн даатгалын байгууллага нь түүний тэтгэврийн хэмжээг өөрчлөх асуудалтай холбогдох өргөдлөө хүлээн авч, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэврийн зөрүүг тооцон олгох ёстой байжээ.

Гэтэл хариуцагч Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар тогтоол, мөн Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолыг үндэслэн тооцож, С.Банзрагчийн тэтгэвэр тэтгэмжийг 505209 төгрөг болгон нэмж өөрчилж, тэтгэврийн зөрүү болох 133200 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэж байгаа нь дээрх хуулийг зөрчсөн гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, “...хуулийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан боловч Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д заасны дагуу дээрх хуулийн заалтыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оны 1/2558 тоот албан бичгээр өгсөн чиглэл өгсөн бөгөөд уг дээд байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж байгаа” гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

            Тодруулбал, нэгэнт Монгол Улсын Их хурлаас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан байхад иргэн С.Банзрагчийн тэтгэвэр тэтгэмжийн зөрүүг хариуцагч 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэж байгаа нь хуульд тусгайлан заасан хугацааг хэрэгжүүлэхгүй байна гэж үзэхээр байна.

            Тиймээс хуульд зааснаар С.Банзрагчид олгох байсан тэтгэврийн зөрүүг 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс бус, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчаас тооцон олгох үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

             Харин “Улаанбаатар хот, Булган аймаг ирж очсон унааны зардал болох 99000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагад холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгч С.Банзрагч нь энэхүү хохирлын асуудлаар холбогдох баримтуудыг бүрдүүлэн ердийн журмаар гомдол гаргах эрх нь нээлттэй болно.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.

                                     

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                    ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

                                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР