Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2019/02470

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                                              

Нэхэмжлэгч: Б.М

Нэхэмжлэгч: Б.С

Нэхэмжлэгч: Б.Ж нэхэмжлэлтэй,                                                                         

Хариуцагч: А Г ХХК холбогдох                                                                                                                                                                                              

1 351 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр анх хүлээн авч 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг дахин хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.У, нарийн бичгийн дарга Ч.Б нар оролцов.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Б.М нь 2018.07.09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах А Г ХХК-аас төлбөрийн баримтыг эмайлаар авч аялалын хөтөлбөртэй танилцан үйлчилгээ авахаар харилцан тохиролцон Хөвсгөл далайн аялалд өөрийн 2 хүүхдийн хамт нийт 864,000 төгрөг (1 том хүн 480,000, 1 хүүхэд 384,000 төгрөг) тус компанийн дансанд шилжүүлэн 2018.07.10-нд аялалдаа гарсан болно. Аялал нь 4 шөнө, 5 өдөр ба аяллын хөтөлбөрт том автобусаар 2 талд үйлчилнэ, өглөө 8 цагт хөдөлнө гэж заагдсан боловч тохирсон цагаасаа 3 цагийн дараа өдрийн 11 цагт УБ-аас хөдлөөд тус компани аялалын хөтөлбөрт заагдсаны дагуу том оврын унаагаар үйлчлээгүй үүний оронд суудлын эстима маркийн машинаар хүний тоог хэтрүүлэн тав тухгүй зөөвөрлөсөн ба 2018.07.11-ний шөнийн 2 цагт Далай түр гэх жуулчны баазад буулгасан. Анх аялалын менежер гэх тус компанийн ажилтан Сбайшинд байрлуулна гэсэн мэдээлэл, тайлбар өгсөн боловч тус баазад байсан байшингууд нь ашиглалтанд ороогүй гээд анх тохиролцсоноос өөр маш тав тухгүй, хуучин гэрт 3 том хүн, 2 хүүхдийн хамтаар оруулсан. Тэр даруйдаа тус зөрчлийг тус компанийн 99017779 дугаар руу утасдаж мэдэгдэхэд эргээд хариу өгий гээд тасалсан. Улмаар харилцан тохиролцсон гэрээгээ тус компани зөрчсөн тул нэг гэрт байрласан бусад 3 том хүний хамтаар төлсөн бүх мөнгөө буцааж авий гэж мэдэгдсэн боловч тодорхой хариуг буцаад өгий гээд таслан, мөнгөө буцааж шилжүүлээгүй ба маш олон удаа залгасны эцэст төлсөн төлбөрөөс 614,000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 250,000 төгрөгөндөө тухайн баазын гэр буудлын мөнгө болон буцаж унаагаар авч явна гэж амлан хэлсэн боловч гэр буудлын мөнгөө ч төлөхгүй таг алга болоод 2018.07.13-ны өдөр хүмүүсээ хаяж унаа нь явсан байсан. Мнь 2 нялх хүүхэдтэйгээ буцах гэсэн боловч баяр тохиогоод ачаалал ихтэй байсны улмаас буцах унаа олдоогүй учир УБ хотоос унаа дуудаж ирүүлсэн. Иймд тус баазад байрласан үйлчилгээний төлбөр, бензиний зардал, замдаа хоносон буудлын хөлс гэх мэт тус компанийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэн нийтдээ 601,000 төгрөгний хохирол учирсан.

Б.Жболон Б.Снар нь хамтдаа аялалд явахаар төлөвлөн 2018.07.08-ны өдөр А Г ХХК-аас зардлын үнийн дүнг утсаар аван аялалын хөтөлбөртэй танилцан үйлчилгээ авахаар харилцан тохиролцон Хөвсгөл далайн аялалд 960,000 төгрөг (1 хүний 480,000 төгрөг) тус компанийн дансанд шилжүүлэн аялалдаа гарсан. Тохирсон унаагаар үйлчлээгүй мөн байшин биш гэрт байрлуулсан тул мөнгөө бүхэлд нь буцааж авий гэж тохирсон боловч Б.Ж 330,000 төгрөг шилжүүлэн 150,000 төгрөг дутуу, Б.С 330,000 төгрөг шилжүүлэн 150,000 төгрөг дутуу өгсөн ба энэ мөнгөндөө буцах унааны зардал орсон гэсэн боловч 2018.07.13-ны өдөр орхиж УБ руу хөдөлсөн байсан. Б.Жболон Б.Сбид хотруу унаагаар явсан зардалд тус компанийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэн тус бүрийн 100,000 төгрөг нийтдээ 200,000 төгрөгийн хохирол учирсан.

Иймд тус компаниас гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учирсан хохиролд нийт 1 351 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2018.07.10-ны өдөр Хөвсгөл далайн 3 шөнө, 4 өдрийн аяллыг  зохион байгуулсан. Энэ аялал 7 хүний бүрэлдэхүүнтэй гарах байсан боловч манай аялал тухайн үед аяллын группээс шалтгаалан аялагчийн тоонд тохирсон унаагаар үйлчилдэг. Аялагч Б.Мөглөө ирэхэд 2 жаахан хүүхэдтэй бороотой байгаа болохоор аялалаа цуцлах уу гэж асуухад өөрийн хүсэлтээр явна гээд явсан байдаг. Аялал эхлэх цагаас хоцорсон шалтгаан нь бид хол замд аялагчдаа тав тухтай явуулахын тулд машины бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй байдаг тул дугуй шинээр авч тавьсан. Нэхэмжлэгч Б.Мнь 2 хүүхэдтэй явсан бөгөөд 7 настай хүүхдийн төлбөр 384.000 төгрөг, том хүн 480.000 төгрөг, нийт 864.000 төгрөг төлж 3 настай хүүхдийг нь үнэ төлбөргүй явуулж хөнгөлөлт үзүүлсэн. Аялал 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт эхлэж, аялагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс тайван явж 2018 оны 07 сарын 11-ний нэг цагт Хөвсгөл далайн “Далай тур” жуулчны бааз дээр очсон. Аялал нэг гэрт орныхоо тоогоор ордог тул 2 охинтойгоо явсан Золзаяа 4 ортой гэр, дараагийн 4 ортой гэрт Б.М2 хүүхэдтэйгээ, Б.Ж, Б.Снарын хамт орсон. Гэрийн хувьд таалагдахгүй байна гэж шөнө залгасан учир өглөө шийдэж өгөе гэж хариу өгөөд өглөө баазтай холбогдоод 12 цагаас сольж өгөхөөр болсон боловч тэр хооронд Мминут тутамд залгаж манай компанийг зүй бусаар хэлж орилж асуудлыг улам дэвэргэж байсан. Аялагч Золзаяа бол хүлээцтэй хандаж, гэрээ солиулж 2 охинтойгоо хөтөлбөрийн дагуу дуусгасан. Мудаа дараа компани руу утасдаж элдвээр хэлж доромжлон гэрээ солиулахгүй төлбөрөө аваад өөрсдөө явна гэсэн учир манайх очсон унааны хөлс болон 1 хоног байрласан баазын төлбөрийг суутган, Мөнхмандахын 614.000 төгрөг, буцаалтыг 2018 оны 07 сарын 11-нд шилжүүлсэн. Үлдсэн 250.000 төгрөгийг унаа, буудлын төлбөрт суутгасан болно. Мөнгөө буцааж авахдаа, буцахдаа танай унаагаар буцахгүй, өөрсдөө унаа олоод явна гэж хэлсэн тул жолооч 3 аялагчаа аваад маршрутын дагуу хотруу буцаж ирсэн. Мманай компани, Далай тур баазын ажилчидтай зүй бусаар харьцаж, элдвээр харааж зүхэж байсан явдлыг манай байгууллага асуудал үүсгэлгүй орхисон, шаардлагатай тохиолдолд Мөнхмандахын талаар баримтаар шүүхэд гомдол гаргаж, мобикомоос ярианы бичлэг хавсаргах болно. Мкомпани болон хамтран ажилладаг байгууллагын нэр төрд халдсан талаар шүүхэд нэхэмжлэл гаргах болно. Мөн холбогдох хүмүүсээс мэдүүлэг авч болно.

Б.Ж, Б.Снар өргөдөл гаргаагүй гарын үсэг зураагүй байна. Мбусдын өмнөөс сайн дураараа нэхэмжлэл гаргаж хууль зөрчиж оруулсан байна. Манай байгууллага олон жил үйл ажиллагаагаа явуулж байгаа туршлагатай олон мянган аялагч аялуулсан аливаа асуудлыг тухай бүрт нь шийдэн аялагч нарын тав тухтай байдлыг хангаж ажиллаж ирсэн. Тухайн аялагч нарт зохих төлбөрийг хүсэлтийнх нь дагуу олгосон, суутгасан төлбөртөө тохирсон үйлчилгээ үзүүлсэн тул манайх хууль зөрчсөн ямар нэг асуудал байхгүй.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нхэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэх судлаад

                                                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Мнь 851 000 төгрөг, нэхэмжлэгч Б.Ж, Б.Снар 500 000 төгрөг, нийт 1 351 000 төгрөгийг хариуцагч А ГХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Шүүх, дараах үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэг авагдсан бичгийн баримтаар, иргэн Б.Ж, Б.С, Б.Мнар зарын дагуу, 2018 оны 07 сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах, А Г ХХК-ийн 4 шөнө, 5 өдрийн  аяллын хөтөлбөртэй Хөвсгөл далайн аялалд явахаар харилцан тохиролцжээ. Аяллын төлбөрт Б.М2019 оны 07 сарын 09-ний өдөр 2 хүүхдийн хамт 1 том хүн 480 000 төгрөг, 1 хүүхдийн зардал 384 000 төгрөг, нийт 864 000 төгрөгийг, Б.Жавхлантөгс, Б.Снар 2018 оны 07 сарын 10-ны өдөр тус бүр 480 000 төгрөг, нийт 960 000 төгрөгийг тус тус төлсөн байна /хх-9-10 дах талд/.

2018 оны 07 сарын 10-ны өдрийн 11 цагийн орчимд Эстима маркийн суудлын автомашинаар Улаанбаатар хотоос А ГХХК нь аялагч нарыг авч хөдлөөд явсаар шөнийн 02 цагийн орчимд Далай тур жуулчны баазад очсон. Аялагч нарыг гэрт хонуулсан ба гэр тав тухгүй, шаардлага хангахгүй байгаа талаар аялагчид хариуцагч компани руу тэр даруйд нь утсаар мэдэгдсэн байна. Аяллын хол замд хөтөлбөрт заасан том автобусаар явуулаагүй, жижиг машинд суудал хэтрүүлснээс Б.Мнэг хүүхдээ өвөр дээрээ, нөгөө хүүхдээ хүний өвөр дээр суулгаж шахцалдан ядарч ирсэн, шөнө ирэхэд компанийн менежер н.Сбайшинд оруулна гэсэн боловч уг баазын байшингууд ашиглалтад ороогүй байсан, тохьгүй байна гэсэн шалтгаанаар аялагчид А ГХХК-тай байгуулсан гэрээнээсээ татгалзах тухай мэдэгдэхэд хариуцагч компани 2018 оны 07 сарын 11-ний өдөр Б.М 614 000 төгрөгийг, мөн Б.Жавхлантөгс, Б.Снарт 660 000 төгрөгийг тус тус буцаан шилжүүлж өгсөн /хх-32 дах талд/ ба хариуцагч компаний унаа аялагчдыг орхиж явсан үйл баримт тогтоогдсон, талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй.

Хариуцагч тал тайлбартаа Б.М том хүний 150 000 төгрөг, хүүхдийн 100 000 төгрөг, Б.Ж, Б.Снараас тус бүрээс 150 000 төгрөг нийт 300 000 төгрөгийг хүргэсэн унаа, байрласан баазын төлбөр, нэг өглөөний цай, шатахууны зардал, 1 өдрийн жолоочийн ажлын хөлсөнд тус тус суутган тооцсон гэж тайлбарлан маргасан.

Нэхэмжлэгч Б.Мнь наадмын баяр болж унаа олдоогүйн улмаас Улаанбаатар хотоос эцгээрээ өөрийн машиныг бариулж ирүүлсэн, эцэг, эх нь машинд шатахуун хийж жуулчны бааз хүртэл жолоодон явж ирсэн, Начу ХХК-ийн буудалд 1 шөнө хоносон, Б.МДалай тур жуулчны баазад шөнө хоносон, хоолны зардлыг өөрөөсөө гаргаж хохирсон гээд А ГХХК-ийн суутгасан 250 000 төгрөгийн хамт 601 000 төгрөгийг буюу нийт 851 000 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Ж, Б.Снар Хөвсгөл аймгийн төвөөс унаа дуудаж ирүүлэн явахад төлсөн хөлс 200 000 төгрөгийг, хариуцагчийн суутгасан тус бүрийн нийлбэр 300 000 төгрөгийн хамт 500 000 төгрөг буюу нийлээд бүгд 1 351 000 төгрөгийг А ГХХК-иас гаргуулахаар шаардаж нэхэмжилжээ.

Хариуцагч А ГХХК нь Липн ХХК гэсэн нэртэй байсан бөгөөд оноосон нэрээ 2014 оны 04 сарын 03-ны өдөр өөрчилж А ГХХК болсон нь улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрмээр нотлогдож байна./хх-21-25, 45-49 дэх талд/  

Зохигч талууд хүсэл зоригоо нэгтгэн, А ГХХК нь аялагч буюу жуулчин Б.М2 хүүхдийн хамтаар, Б.Жавхлантөгс, Б.Снарыг Хөвсгөл далайн аяллын хөтөлбөрөөр Хөвсгөл далай руу аялуулах үйлчилгээг үзүүлэх, аяллын төлбөрт хөтөч, хоол, унаа, буудлын хөлсийг оруулан тооцож Б.М1 хүүхдийн хамт, Б.Жавхлантөгс, Б.Снар гэрээ байгуулагдмагц том автобусаар үйлчлүүлэх тусгайлан заасан хөтөлбөрийг сонгон хөлсийг төлсөн байдал нь Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1 дэх хэсэгт заасан аялал жуулчлалын гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч талын жуулчдад танилцуулсан хөтөлбөрт заасан аяллын төлбөрт хөтчийн хөлс орсон боловч хөтөч яваагүй, том автобусаар үйлчүүлэх хөлс болох 480 000 төгрөгийг сонгож төлсөн хэдий ч жижиг машинаар явсан, үүний улмаас холын замд жуулчдад суудал хүрэлцэхгүй шахалдаж Б.Мөнхмандахын 7 настай хүүхэд 384 000 төгрөгийн хөлсийг төлсөн байхад суудалгүй хүний өвөр дээр сууж явсан, шөнө оройтож очсон, жуулчдыг байрлуулсан гэр ая тухгүй шаардлага хангахгүй байгааг тэр дор нь хариуцагч компанид хэлж шаардлага тавьсан болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нар гэрээгээр хүлээсэн аяллыг зохион байгуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзээд гаргасан зардлаа хохиролд тооцон шаардсан, хариуцагч тал хүргэсэн унаа, буудал, өглөөний цай, шатахуун, 1 өдрийн жолоочийн үйлчилгээний хөлсийг суутгасан гэж тус тус харилцан маргаж байгаагаас үзэхэд тухайн аялал зорилгодоо хүрэлгүй дуусгавар болсон талаар маргаагүй ба энэ нь хэний буруугаас болсон, зарцуулагдсан аяллын зардлыг хэн хариуцах үүргийн талаар маргаж байна.

А ГХХК нь Иргэний хуулийн 372 дугаар зүйлийн 372.1 “Аялал жуулчлал зохион байгуулагч нь гэрээнд заасан аяллын ач холбогдлыг бууруулах буюу үр ашиггүй болгох аливаа доголдол гаргахгүй аяллыг зохион байгуулах үүрэгтэй” ба аялал зохион байгуулагч энэ хуулийн 372.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй бол жуулчин уг доголдлыг арилгахыг шаардах эрхтэй гэж үзлээ.

Хариуцагчийн маргаж буй тайлбарт дурдсан буюу өөр гэр санал болгосон, хүргэсэн унаа болон буудал, өглөөний цай, шатахуун, 1 өдрийн жолоочийн үйлчилгээний хөлс тооцсон гэсэн үндэслэл тодорхойгүй, энэ талаархи бичгийн баримт хэрэгт авагдаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хариуцагч татгалзаж буй үндэслэл шаардлагаа нотлох, баримтыг гаргаж, цуцлуулж өгөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Аялал жуулчлал зохион байгуулагч нь аяллыг үр ашиггүй болгох аливаа доголдлыг гаргахгүйгээр зохион байгуулах хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, тусгайлан тохиролцсон хөлс авсан унаагаар үйлчлээгүй, аяллын хөтөч гаргаагүй, байрлуулсан буудал нь шаардлага хангаагүй доголдол гаргасан, жуулчдын бааз дээр очсоны маргааш нь аяллын үйлчилгээг цуцалж, үйлчилгээний хөлсийг жуулчдад буцаан шилжүүлсэн нь Иргэний хуулийн 373 дугаар зүйлийн 373.1.3-т “аялал жуулчлал зохион байгуулагч нь жуулчны тогтоосон хугацаанд доголдлыг арилгаагүй” гэж үзэх бөгөөд жуулчны гомдлоор талуудын хооронд байгуулагдсан аялал жуулчлалын гэрээ дуусгавар болсон нь нотлогдож байна.

Иймээс хариуцагч компанийг жуулчидтай байгуулсан гэрээний аяллын зорилго хэрэгжээгүй, хөтөлбөрийн дагуу хэлэлцэн тохиролцсон үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй, тавьсан шаардлагыг биелүүлээгүй гэрээ дуусгавар болсонд хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, доголдлоо арилгахыг шаардсан жуулчдын шаардлагыг биелүүлээгүйгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болгосонд гэм буруутай гэж үзнэ.

Иргэний хуулийн 373 дугаар зүйлийн 373.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч компани жуулчдаас үйлчилгээний хөлс авах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч нараас ямар нэгэн баримт, тооцоололгүйгээр Б.Мөнхмандахаас 250 000 төгрөгийг, Б.Жавхлантөгс, Б.Снараас тус бүрээс 150 000 төгрөгийг тус тус суутгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин Иргэний хуулийн 374 дүгээр зүйлийн 374.1-т “Аялал жуулчлал зохион байгуулагчийн гэм буруугаар доголдол бий болсон бол жуулчин хөлсийг буруулах буюу гэрээг дуусгавар болгохын зэрэгцээ учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр аялал жуулчлал зохион байгуулагчаас шаардах эрхтэй” гэсэн заалт болон мөн хуулийн 377 дугаар зүйлийн 377.1.1-т Жуулчинд учирсан хохирол нь аялал жуулчлал зохион байгуулагчийн санаатай, болгоомжгүй үйлдлээс болоогүй бол хариуцлагыг хязгаарлахаар зохицуулсаны дагуу нэхэмжлэгч нар хохирлоо шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэл нь Иргэний хуулийн 375 дугаар зүйлийн 375.1-т заасан гомдлын шаардлага гаргах хугацаандаа гаргасан байна.

Нэхэмжлэгч нарын хохиролд шаардсан хэргийн 11 дэх талд авагдсан Б.Ж ХААН банкны деспокит дансны хуулгын унаа 200 000 төгрөгийн зарлагын гүйлгээ гэсэн баримт байгаа боловч ямар унаагаар Улаанбаатар хотруу ирсэн болохоо нотлоогүй ба холбогдох баримтыг гаргаж өгөөгүй тул хангах үндэслэлгүй, харин 14 дэх талд авагдсан Б.М 2018 оны 07 сарын 13-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримтаар 1 хоногийн байшингийн төлбөрт 255 000 төгрөг, 2018 оны 07 сарын 14-ний өдөр бэлэн мөнгөний орлогын баримтаар байрны үнэ 40 000 төгрөгийг тус тус төлсөн нь нотлогдож байх тул энэхүү нэхэмжлэгч Б.М 295 000 төгрөгийг хохиролд тооцон хангах үндэстэй байна.

Б.М нэхэмжлэлийн шаардлагаас хэргийн 14 дэх хуудасны ар талд авагдсан Хөвсгөл Монтрэйвел ХХК-ийн 2019 оны 7 сарын 13-ны огноотой тооцооны хуудсанд гэр 1 ширхэг, 70 000 х 2 хоног = 140 000 төгрөг гэсэн баримт нь Б.Мтөлсөн гэж үзэх боломжгүй, шатахууны тооцооны баримтууд нь хэний эзэмшил өмчлөлийн ямар автомашиныг, хэн гэдэг жолооч /эцэг, эх нь ирсэн гэж тайлбарлан нэхэмжилсэн боловч тэр үйл баримт нь тодорхойгүй, баримт авагдаагүй/ авч ирсэн болохыг тус тус баримтаар давхар нотлогдохгүй байгаа нь нэхэмжлэгч тал энэхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа бүрэн нотлохоор хуульд заасан үүргээ хэрэгжүүлж чадахгүй байна гэж дүгнэлээ.

Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.М нэхэмжлэлийн шаардлагаас бодит хохирол учирсан нотлогдож буй 295 000 төгрөгийн зардал, доголдолтой үйлчилгээний хөлс болох Б.Мболон 1 хүүхдийн төлсөн хөлснөөс хариуцагчийн суутгасан 250 000 төгрөг, нийт 545 000 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Жавхлантөгс, Б.Снараас тус бүрээс 150 000 төгрөг тооцон суутгасан 300 000 төгрөгийг буюу нийтдээ 845 000 төгрөгийг хариуцагч А ГХХК-аас гаргуулж нэхэмжлэгч нарт тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагын Б.Мн нэхэмжилсэн 306 000 төгрөг, Б.Ж, Б.Снарын нэхэмжилсэн 200 000 төгрөг, нийт 506 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                              ТОГТООХ нь:  

1. Иргэний хуулийн 370 дугаар зүйлийн 370.1, 373 дугаар зүйлийн 373.2, 374 дүгээр зүйлийн 374.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ГХХК-иас нийт 845 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М 545 000 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Ж, Б.Снарт 300 000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 506 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /25 000 + 8 825 + 8 825/ нийт 42 650 төгрөгөөс нэхэмжлэлээр шаардсан хэмжээ тус бүрт ногдох /24 974+8 150+8 150/ нийт 41 274 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 1 376 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч нарт, хариуцагч А ГХХК-иас 41 274 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М 24 974 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Ж, Б.Снарт тус бүрт 8 150 төгрөгийг тус тус олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болж 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ТҮМЭНЦЭЦЭГ