| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2023/0095/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/699 |
| Огноо | 2023-05-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Э.Чанцалням |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/699
2023 05 12 2023/ШЦТ/699
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Сосорбурам,
Улсын яллагч Э.Чанцалням,
Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч С.Баясгалан, Б.Оюунбилэг /цахим/,
Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Г, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.Б нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 02957 0288 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа *** тоотод оршин суух хаягтай, урьд
- 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 3/59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх комиссын 2847 дугаартай Өршөөл үзүүлэх тухай тогтоолоор эдлээгүй үлдсэн 02 жил 09 сар 26 хоногийн хорих ялыг өршөөн хасаж суллагдсан,
- 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, регистрийн ЧП88032174 дугаартай, Боржигон овогт Ганцогтын Г.Г,
Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа засварчин хийдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, М.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд бусдын эд хөрөнгийг хулгайлсан, мөн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн,
Шүүгдэгч М.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Г.Гоос унадаг дугуйг зах зээлийн үнээс хямдаар худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Г, М.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.
Хэргийн үйл баримтын талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 9-14 дэх тал/,
Хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 21-22 дахь тал/,
Мастер үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 21/008 дугаартай “...нийт дүн 350.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнийн тодорхойлолт /1хх-ийн 41-42 дахь тал/,
2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “...гэрч Б.О нь таниулах этгээдийг туранхай, бүлтгэр нүдтэй залууг царай төрхөөр нь таньж чадна. ...Б.Оээр таниулахад 3 гэж дугаарласан Г.Гийн зургийг шууд таньж заав...” гэх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 84-86 дахь тал/,
Яллагдагч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гомпил ах, Оюунчимэг нар тасарчихсан унтаж байсан. Тэгсэн том өрөөнд нь зурагт байхаар нь тэр зурагтыг нь аваад гэрээс нь гараад яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 123-124 дэх тал/,
Хохирогч М.Яын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 150-151 дэх тал/,
2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “...хохирогч М.Я нь №5 дугаартай зургийг зааж миний 700.000 төгрөгийг аваад зугтсан Г.Г гэх залуу мөн байна...” гэх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 159-160 дахь тал/,
Хохирогч П.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 203-204, 207 дахь тал/,
Гэрч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 212-213 дахь тал/,
Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн БГ2-22-935 дугаартай “...үнэлгээний дүн 360.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 220-221 дэх тал/,
2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “...хохирогч П.Б нь №4 дугаартай зургийг зааж энэ хүн миний утсыг ярьчхаад өгье гэж хэлээд зугтсан хүн мөн байна гэв...” гэх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 225-226 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогч Г.Чгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2хх-ийн 7-8 дахь тал/,
Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 19а байрны дүрс бичлэгийг Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2хх-ийн 1 дэх тал/,
2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “...унадаг дугуйг саарал өнгийн куртиктэй, цэнхэр өнгийн женсин өмдтэй, 168-175 см өндөртэй, 28-35 насны эрэгтэй тэврээд орцны хаалгаар гарч явж байгаа бичигдсэн байв...” гэх сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 2-3 дахь тал/,
Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн СБ1-22-1233 дугаартай “...үнэлгээний дүн 500.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 17-18 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 44-47 дахь тал/,
Хохирогч М.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2хх-ийн 56-58, 60 дахь тал/,
Дамно ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б31-22-951 дугаартай “...үнэлгээний дүн 858.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 68-69 дэх тал/,
Хохирогч Д.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2хх-ийн 115-116, 119 дэх тал/,
Дамно ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн БЗ1-22-952 дугаартай “...үнэлгээний дүн 704.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 122-123 дахь тал/,
Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2хх-ийн 144 дэх тал/,
Дамно ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн СБ1-22-1639 дугаартай “...үнэлгээний дүн 983.488 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 157-158 дахь тал/,
Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Хос жүрж хотхоны 19а байрны хяналтын камерын бичлэгийг Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2хх-ийн 163 дахь тал/,
2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 164-166 дахь тал/,
Хан-Уул дүүргийн 17-р хороо, Дондогдулам ресиденс хотхоны 73-р байрны гражын давхарт Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 184-189 дэх тал/,
Хохирогч А.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2хх-ийн 196-197 дахь тал/,
Хан-Уул дүүргийн 17-р хороо, Дондогдулам ресиденс хотхоны 73-р байрны хяналтын камерын бичлэгийг Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2хх-ийн 190 дэх тал/,
2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-ийн 191 дэх тал/,
Дамно ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ХУ1-22-674 дугаартай “...үнэлгээний дүн 408.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 204-205 дахь тал/,
Хохирогч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2хх-ийн 249-250, 3хх-ийн 3 дахь тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2хх-ийн 235 дахь тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 238-244 дэх тал/,
Дамно ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б31-22-948 дугаартай “...үнэлгээний дүн 600.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 10-11 дэх тал/,
Хохирогч Б.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3хх-ийн 33-34 дэх тал/,
Дамно ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн БЗ1-22-949 дугаартай “...үнэлгээний дүн 210.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 36-37 дахь тал/,
Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3хх-ийн 42 дахь тал/,
Хохирогч Б.Баын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3хх-ийн 95-96 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр фейсбүүк дээрээс унадаг дугуйны зар харж байтал үл таних эрэгтэй хүн нэрийг мэдэхгүй байна..., ...Тухайн залуу карт байхгүй бэлэн мөнгөөр тооцоогоо хийе гэж хэлэхээр нь би ойролцоох Хаан банкны АТМ ороод бэлнээр 250.000 төгрөг аваад өгсөн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 104-105 дахь тал/,
Дамно ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн БЗ1-22-947 дугаартай “...үнэлгээний дүн 692.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 115-116 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Даас хар хөх өнгийн Trial cannobdale гэсэн бичигтэй унадаг дугуйг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3хх-ийн 123 дэх тал/, хохирогч Б.Бааас тус унадаг дугуйг хүлээн авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 124 дэх тал/,
Яллагдагч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3хх-ийн 146-148 дахь тал/,
2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх-ийн 153-160 дахь тал/,
Хохирогч М.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие өөрийн эзэмшлийн XDS гэсэн бичиглэлтэй хар саарал өнгийн унадаг дугуйгаа. ...алдсанаас хойш 1 сарын дараа намайг цагдаагаас дуудахаар нь яваад очтол миний унадаг дугуйг олчихсон байсан...миний унадаг дугуйг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 56-58, 60 дахь тал/,
Хохирогч Б.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өөрийнхөө цагаан шаргал өнгийн Soul нэртэй унадаг дугуйтайгаа явж Алтан сан хорооллын үүдэнд байх Хаан банкны үүдэнд явж байгаад уначихсан юм. Тэгэхэд нэг жижигхэн биетэй эрэгтэй хүн ирээд ахаа гайгүй юу, таны дугуйг би түрээд зам гаргаад өгье гэсэн юм. ...Дугуйгаа бүрэн бүтэн хүлээж авсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 33-34 дэх тал/
2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн М.Боос унадаг дугуй хүлээн авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 42 дахь тал/,
Яллагдагч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Г.Гоос 2 ширхэг хулгайн унадаг дугуй авсан нь үнэн. Уг хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /3хх-ийн 244 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан бусад шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруунбаян-Уулын 13-19 тоотоос Б.Оийн эзэмшлийн Samsung маркийн 32 инчийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 350.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро худалдааны төвийн автобусны буудал дээр М.Яыг “мөнгийг чинь тоолоод өгье” гэж итгүүлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 700.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 104 дүгээр байрны хойд талын авто зогсоол дээр П.Бийн эзэмшлийн Samsung А42 маркийн гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 360.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Хос Жүрж хотхоны 19А байрны 4 дүгээр давхарт байрлуулсан байсан Г.Чгийн эзэмшлийн Merida маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 500.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Emerald хотхоны 502 дугаар байрны 5 дугаар давхарт байрлуулсан байсан М.Агийн эзэмшлийн XDS маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 858.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Emerald хотхоны 505 дугаар байрны 14 дүгээр давхарт байрлуулсан байсан Д.Тын эзэмшлийн Jama маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 704.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2022оны 05 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Хос Жүрж хотхоны 19А байрны гадна байрлуулсан байсан Б.Бийн эзэмшлийн Btwin маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 983.488 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Дондогдулам ресиденс хотхоны 73 дугаар байрны гараашинд байрлуулсан байсан А.Оийн эзэмшлийн Maximus маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 408.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 44 дүгээр байрны 2 дугаар орцны 8 давхарт байрлуулсан байсан Б.Нын эзэмшлийн Trek маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 600.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан сан хорооллын Хаан банкны замын урд талд явж байсан Б.Бд түүний эзэмшлийн Soul маркийн унадаг дугуйг “зам гаргаад өгье” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 210.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 44 дүгээр байрны гараашинд байрлуулсан байсан Б.Баын эзэмшлийн Cannondale маркийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 692.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
Шүүгдэгч М.Б нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний дэлгүүрийн гадна талын зогсоол дээр Г.Гоос XDS маркийн унадаг дугуйг зах зээлийн үнээс хямдаар буюу 120.000 төгрөгөөр худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн,
2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Номно хотхоны гадна Г.Гоос Soul маркийн унадаг дугуйг зах зээлийн үнээс хямдаар буюу 50.000 төгрөгөөр худалдан авч мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байна.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл мөн эсэх:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэргийн хохиролд тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.Гийн бусдын эд хөрөнгө /унадаг дугуй/-г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлд нь Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт яллагдагчаар татсан нь үндэслэлтэй болжээ.
Харин хохирогч М.Яд 700.000 төгрөгийн хохирол учруулсан /1хх-ийн 150-151 дэх тал/, Б.Бд 210.000 төгрөгийн хохирол учруулсан /3хх-ийн 33-34 дэх тал/, П.Бт 360.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан /1хх-ийн 203-204, 207 дахь тал/, үйлдлүүдэд Прокуророос эхлээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд зааснаар Яллах дүгнэлт үйлдүүлэхээр буцааж шийдвэрлэсэн боловч Шүүхээс хэргийг дахин хэлэлцэхдээ шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэлээ.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 25 дугаар зүйлд Улсын Дээд Шүүх зөвхөн гурван үндэслэлээр хянадаг болсны нэг нь мөн зүйлийн 25.7.5.а дахь дэд заалтад “…анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах…” зорилгоор хяналтын журмаар шийдвэрлэдэг болсон.
Иймд дээрх үйлдлийг шүүхээс зүйлчлэхдээ хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “…Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно…” гэх зарчмыг хангах үүднээс Залилах гэмт хэргээр зүйлчлэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч М.Б нь Г.Гийг бусдыг эд хөрөнгийг хууль бусаар олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан Мөнгө угаах гэмт хэрэгт яллагдагчаар татсан нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 4.3 дахь заалтад “…бага хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош…” ойлгоно гэжээ.
Иймд Г.Гийн бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт,
шүүгдэгч М.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан...” гэх шинжийг тус тус хангаж байх тул Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үйлдэл мөн байна гэж шүүхээс дүгнэв.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “…Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална…” , мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “…хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй…” гэж тус тус заасан бусдын өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.
Гэм буруутай эсэх:
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар “…Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна…” гэх дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч М.Б болон түүний өмгөөлөгч Л.Бурмаа нар нь улсын яллагчийн дүгнэлттэй маргаагүй болно.
Харин шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч С.Баясгалан, Б.Оюунбилэг нар нь шүүгдэгчийн гэм буруутай маргаагүй бөгөөд Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдүүлсэнтэй маргасан бөгөөд шүүхээс өмгөөлөгч нарын үндэслэлийг хүлээн авч зүйлчлэлийг 17.3 дугаар зүйлд буюу Залилах гэмт хэргээр зүйлчлэхээр тогтов.
Г.Г, М.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх бөгөөд түүний үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул гэм буруугийн шууд санаатай байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Гийн хууль бус үйлдлийн улмаас:
- хохирогч Б.От 350.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Мастер үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 21/008 дугаартай “...нийт дүн 350.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнийн тодорхойлолт /1хх-ийн 41-42 дахь тал/,
- насанд хүрээгүй хохирогч Г.Чд 500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн СБ1-22-1233 дугаартай “...үнэлгээний дүн 500.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 17-18 дахь тал/,
- хохирогч М.Ад 858.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б31-22-951 дугаартай “...үнэлгээний дүн 858.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 68-69 дэх тал/,
- хохирогч Д.Тт 704.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн БЗ1-22-952 дугаартай “...үнэлгээний дүн 704.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 122-123 дахь тал/,
- хохирогч Б.Бт 983.488 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн СБ1-22-1639 дугаартай “...үнэлгээний дүн 983.488 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 157-158 дахь тал/,
- хохирогч А.Оэд 408.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ХУ1-22-674 дугаартай “...үнэлгээний дүн 408.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-ийн 204-205 дахь тал/,
- хохирогч Б.Над 600.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Б31-22-948 дугаартай “...үнэлгээний дүн 600.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 10-11 дэх тал/,
- хохирогч Б.Баад 692.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн БЗ1-22-947 дугаартай “...үнэлгээний дүн 692.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 115-116 дахь тал/,
- иргэний нэхэмжлэгч Ч.Дд 250.000 төгрөгийн хохирол учирсан болох нь иргэний нэхэмжлэгч Ч.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3хх-ийн 104-105 дахь тал/,
- хохирогч М.Яд 700.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч М.Яын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 150-151 дэх тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 159-160 дахь тал/,
- хохирогч Б.Бд 210.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн БЗ1-22-949 дугаартай “...үнэлгээний дүн 210.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-ийн 36-37 дахь тал/,
- хохирогч П.Бт 360.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн БГ2-22-935 дугаартай “...үнэлгээний дүн 360.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 220-221 дэх тал/ зэргээр тус тус тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Г нь хохирогч Б.Бы “Soul”, хохирогч М.Агийн “...миний унадаг дугуйг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 56-58, 60 дахь тал/,
хохирогч Б.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дугуйгаа бүрэн бүтэн хүлээж авсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 33-34 дэх тал/,
2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн М.Боос унадаг дугуй хүлээн авсан тухай тэмдэглэл /3хх-ийн 42 дахь тал/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Мөн хохирогч Б.Баын “Cannondale” нэртэй дугуйг иргэний нэхэмжлэгч Ч.Дд 250.000 төгрөгөөр зарсан байх ба иргэний нэхэмжлэгч Ч.Д нь хохирогч Б.Баын “Cannondale” нэртэй дугуйг буцаан өгсөн болох нь Эд зүйл баримт бичиг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3хх-ийн 124 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Гоос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 4.855.488 /дөрвөн сая найман зуун тавин таван мянга дөрвөн зуун наян найм/ төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б.От 350.000 төгрөг, хохирогч М.Яд 700.000 төгрөг, хохирогч П.Бт 360.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Г.Чгийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхжаргалд 500.000 төгрөг, хохирогч Д.Тт 704.000 төгрөг, хохирогч Б.Бт 983.488 төгрөг, хохирогч А.Оэд 408.000 төгрөг, хохирогч Б.Над 600.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Дд 250.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Г, М.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тул 3 жил хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулах, нэмж нэгтгэн 5 жилийн хорих ялаас цагдан хоригдсон 338 хоногийг хасаж, 4 жил 20 хоног хорих ял оногдуулах санал гаргасан. Хохирогчид нийт 4,855,0000 төгрөгийг төлөөгүй байгаа. Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тул 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгч М.Бын өмгөөлөгч Л.Бурмаагаас эрүүгийн хариуцлагын талаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй байдал, мөн эрүүл мэндийн байдлуудыг тус тус харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч С.Баясгалан, Б.Оюунбилэг нараас бага насны 2 хүүхэдтэй, өрх толгойлсон ганц бие эцэг, мөн хохирол төлбөр төлөх учраас ажил хийх боломжоор хангаж хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү гэх дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Г.Г нь өөрийгөө өмгөөлж болон шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хорихоос өөр төрлийн ял шийтгэл эдлүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч М.Б нь өөрийгөө өмгөөлж болон шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Г, М.Б нарт хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Г.Г, М.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч нарт хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдалтай нь холбоотой дараах баримтуудыг судалсан болно. Үүнд:
Г.Гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 173 дахь тал/
М.Бын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 206 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 107, 3хх-ийн 209 дэх тал/.
Шүүгдэгч Г.Г нь бага насны 2 хүүхэдтэй боловч тухайн хүүхдүүд өвөө, эмээ нар дээрээ байдаг гэж мэдүүлсэн бөгөөд бага насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон ганц бие эцэг гэх баримт хэрэгт авагдаагүй тул түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн шүүгдэгч Г.Г нь хохирол төлбөр төлж барагдуулаагүй байгаа бөгөөд хохирлоо төлөх талаар илэрхийлж байгаа боловч түүний хувьд ямар бодит боломж, бололцоо байгаа талаар тодорхой баримт гаргаж танилцуулаагүй тул хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Харин М.Бын хувьд түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх болон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж үзлээ. Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж дүгнэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч М.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүй байдал зэргийг харгалзан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Гийн ял шалгах хуудаст өмнө нь Өршөөлийн хуульд хамрагдаж байсан талаар тэмдэглэгджээ. Иймд Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “…Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй…” гэж заасныг үндэслэн Г.Гийн үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт 338 хоног, шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт 7 хоног тус тус цагдан хоригдсон, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч М.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Г.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Г.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бод 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Гт энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 328 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 328 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялыг 3 жил 7 сар 11 хоногийн хугацаагаар тогтоосугай.
6. Шүүгдэгч Г.Гт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бын энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 338 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан 3 жил 7 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаас тус тус хасаж тооцсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Быг эрүүл мэндийн болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Б нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Гоос нийт 4.855.488 /дөрвөн сая найман зуун тавин таван мянга дөрвөн зуун наян найм/ төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б.От 350.000 төгрөг, хохирогч М.Яд 700.000 төгрөг, хохирогч П.Бт 360.000 төгрөг, хохирогч Г.Чд 500.000 төгрөг, хохирогч Д.Тт 704.000 төгрөг, хохирогч Б.Бт 983.488 төгрөг, хохирогч А.Оэд 408.000 төгрөг, хохирогч Б.Над 600.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Дд 250.000 төгрөгийг тус тус олгосугай
11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор М.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт урьд авсан цагдан хорих сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч М.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ