| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбатын Шинэхүү |
| Хэргийн индекс | 105/2022/1794/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/779 |
| Огноо | 2023-05-29 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/779
2023 05 29 2023/ШЦТ/779
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,
Нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч Ц.Сайнхүү,
Гэрч З.Б, П.Б,
Хохирогч Л.С, Б.С, З.Г, Н.О, Д.П, Ч.Н, Д.У,
Шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч П.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Дд холбогдох эрүүгийн 2106 00861 1079 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, ам бүл 4, дүү, ээж, хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай, урьд
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 586 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, регистрийн *** дугаартай, Ц.Д.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Д нь БНСУ-ын мульти виз гаргаж өгнө, банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл гаргуулж өгнө гэж бусдыг хуурч мэхэлж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Ц.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ц.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Хохирогч Аын хувьд мөнгө зээлж авсан. Мөнгө зээлж авахаас бүр өмнө буюу 2018 онд надад өөрийн байрыг нь зарж борлуулж, банк санхүүгийн байгууллагад тавьж болно гэж итгэмжлэлийг хийж өгсөн. Тэрийг нь би ашиглаагүй. Дараа нь А Бүгд Найрамдах Солонгос улс руу явж ирчхээд надад сайн дураараа мөнгө зээлсэн. Үүн дээр гэрч байгаа. Сар бүр зээлээ төлөөгүй миний буруутай үйлдэл байгаа. Уламбаяр хохирогчийн хувьд би визийг нь гаргаж өгөөгүй. Өөр хүн гаргаж өгсөн. Би мульти виз гаргаж өгнө гэж хэлээгүй. Нэг удаа виз гарсны дараа олон удаагийн мульти виз нээгддэг журамтай. Мөнгийг нь авсан хүн тусдаа буюу би зуучилж өгсөн. Хохирогч Л.Сийн хувьд энэ үйлдэл дээрээ бол маргахгүй. Б, П нарын хувьд би зээлийг нь хөөцөлдөж өгсөн. Юнескор гэх Хан-Уул дүүргийн автотээврийн газарт байдаг байгууллагад материалыг нь өгч шалгуулсан. Ажил хөөцөлдөж өгөөд төлбөрт нь уг мөнгийг өгнө гэсэн хэлэлцээ л хийсэн. Хохирогч Сэлэнгийн хувьд мөнгийг нь өөр хүнд өгсөн. ТОСК-ийн байранд оруулж өгнө гэж хэлсэн. Тэр хүн нь байгаа. С эгч нотариатын гэрээ хийе, би хүүтэй зээлнэ. Энийг бүтээж өгвөл энэ мөнгийг өгнө гэж хоорондоо тохиролцсон. 10.000.000 төгрөгийг 20.000.000 төгрөг болгож өгнө гэсэн гэрээ Хан-Уул дүүргийн нотариатын газар байгаа. Оийн хувьд манай найз Б надаас гуйсан учраас би зээлийг нь хөөцөлдөж өгсөн. Ойн байр нь тухайн үед шүүхийн шийдвэрийн байгууллагад байсан. Би зээлийг нь бүтээж өгч чадаагүй учраас хохирлыг нь бүрэн барагдуулж өгнө гэдгээ хэлсэн. Одоогийн байдлаар бага хэмжээгээр барагдуулсан байгаа. Б надаас 20.000.000 төгрөг авсан байгаа. Пид 1.000.000 төгрөг өгсөн байгаа. Нийт 21.000.000 төгрөг барагдуулсан. Нд 10.000.000 төгрөг өгсөн байгаа...” гэв.
Гэрч З.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би Цогтбаатарын М гэх хүнийг танихгүй. Миний данснаас Мын данс руу 28.000.000 төгрөг шилжүүлсэн зүйл байхгүй. Гөд зээлж Цийн данс руу шилжүүлсэн. З.Г надаас 25.000.000 төгрөг зээлсэн. Уг мөнгөө буцааж авсан. Галмөнх бид хоёр нэг нутаг гэв...” гэв.
Гэрч П.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн Ц.Дд өгсөн 60.000.000 төгрөг Д.Пийн найзынх нь мөнгө байсан. Би гэрээнд зээлдэгч гэж гарын үсэг зураагүй. Би Ц.Дөөс 20.000.000 төгрөг аваагүй. Ц.Д 2.000.000.000 төгрөгийн зээл гаргаж өгье гэсэн. Урьдчилаад 2.000.000.000 төгрөг авчихвал алтны ажлаа эхэлж байя гэж бодсон юм. Ц.Д баталгаа бий болгож 200.000.000 төгрөг дэнчин болгож тавиад 100.000.000 төгрөгийг бэлэн авна гэж хэлсэн. Ярилцаад үнэ боломжийн гэхээр нь зөвшөөрсөн. Зээл бүтэж байгаа эсэх талаар Д.П бид хоёр хоёулаа Ц.Дтэй уулзсан. Тэгэхэд одоо болох гэж байна гэдэг. Би эхний 10.000.000 төгрөгийг авсан. Тухайн мөнгө 60.000.000 төгрөгөөс хасагдахгүй. Би Д.Птай хамтарч алт олборлоё гэж ярьж байсан. Зээлийн гэрээ байгуулахдаа Баатарчулуун, Д.П нар зээлдүүлэгч, Ц.Д зээлдэгч гэж гэрээ байгуулсан...” гэв.
Хохирогч Д.П нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Баатарчулуун Ц.Д гэх хүн 100.000.000 төгрөг өгвөл 7.000.000.000 төгрөгийн зээл гаргаж өгнө гэж байна, надад туслаад 100.000.000 төгрөг өгөөч гэхээр нь Баатарчулууны дансанд дүүгээрээ 70.000.000 төгрөг баримтжуулаад хийлгэсэн.Би өөрөө Эмээлтэд явж байсан учир очоод зургийг нь авч баталгаажуулна гээд зураг авсан нь хэрэгт байгаа. 20.000.000 төгрөг төлөгдсөн гэж байгаа боловч надад 100 төгрөг ч ирээгүй. Өмнө нь шүүх хурлын өмнө 1.000.000 төрөг өгсөн. Бн, Ц.Д хоёрын хооронд ямар яриа яригдсаныг би мэдэхгүй. Бн энэ асуудлаар Хан-Уул дүүрэгт шалгагдаж байгаа...” гэв.
Хохирогч Б.С нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Ц.Д надаас ТОСК-ын байранд оруулж өгнө гээд 10.000.000 төгрөг авсан. Би хэлсэн бүх материалыг нь бүрдүүлээд 10.000.000 төгрөгийн хамт өгсөн. Сая Ц.Д “зээлдүүлсэн” гэж хэлж байна. Надтай мессенжерээр харьцсан бүх чат байгаа. Зээлдүүлсэн зүйл байхгүй. Бараг 5 жилийн өмнө таньдаг хүн байгаа учир ТОСК-ын түрээсийн байранд оруулж өгнө, үүний хариуд 10.000.000 төгрөг өгөөрэй гэж хэлж авч байсан...” гэв.
Хохирогч Н.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 05 дугаар сард Нарангэрэл гэх залуу Ц.Дийг Хаан банкны эдийн засагч гэж надтай танилцуулсан. Тэгээд Ц.Дтэй уулзаад зээл гаргуулахаар тохиролцсон. Тухайн үед Ц.Д нь байрны зураг хөрөг авна гээд яг эдийн засагч шиг л ирж байсан. Тухайн үед банк бус санхүүгийн байгууллагад зээл хоцролттой байсан учраас байраа банк руу оруулж зээлээ хэвийн төлөлтэй болгож явъя гэж Ц.Дтэй тохиролцсон. Энэ зээлийг гаргахын тулд банкны хүмүүст 20.000.000 төгрөгийг хахууль өгөх ёстой гээд надаас нэхсэн. Надад шууд өгөх боломж байгаагүй учир би цувуулаад өгсөн. Ц.Д өөрөө Прогресс гэдэг байгууллага руу оруулж өгсөн гэж мэдүүлж байна. Надад тухайн үед Хаан банканд салбарын захиралд нь мөнгөтэй маань оруулж өгсөн гэж хэлж байсан. 06 дугаар сарын 30-ны үед мөнгө чинь дутуу байна гэхээр нь Насанбат эгчийн данснаас 4.000.000 гаруй төгрөг явуулж байсан. Нарийн тоог нь санахгүй байна. Тэр нь миний хохирлын тооцоонд буюу яллах дүгнэлтэд байгаа 16.900.000 төгрөгт ороогүй явж байна. Одоо тогтоогдсон төгрөг дээр нэмэх нь 4.000.000 төгрөг байгаа. Насанбат эгч миний өмнөөс надаас 2.000.000 төгрөг аваад Насанбат эгч өөрөөсөө 2.000.000 төгрөг гаргаж Ц.Дд шилжүүлсэн. Би тухайн үед мөрдөгчид хэлсэн. Тэгэхэд миний данснаас гарсан мөнгийг бичнэ гэж хэлж байсан санагдаж байна...” гэв.
Хохирогч Ч.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Манай дүү Эрдэнэбилэг зээл хөөцөлдөөд болохгүй байна гэж байсан. 2021 оны 06 дугаар сарын 10-ны орчимд зээл болно гэж мөнгө хэрэгтэй байна, хүмүүсээ хөдөлгөх хэрэгтэй гэж байсан. Банканд материалыг чинь өгсөн хурлаар оруулах гэж байгаа тул мөнгө хэрэгтэй гэж байсан. Банкнаас зээл гаргаж өгнө гэж надаас урьдчилгаа мөнгө авах ёстой гэж байсан. Тухайн үед эхлээд 10.000.000 төгрөг өгөөч гэж аваад, сүүлд цувуулж авсан. Нийт 17.000.000 төгрөг болж байгаа. Би Ц.Дтэй Оюунбилэгээр дамжуулж танилцсан. Тухайн үед банкны зээлийг гаргаж өгөхөд хурлаар оруулахын өмнө урьдчилгаа 10 хувийг нь авна гэж байсан. Ц.Дтэй Оюунбилэгт өгсөн мөнгийг хасаад тооцъё гэж ярьсан. Ингэж бодоод 17.000.000 төгрөгөөс 3.800.000 төгрөг хасагдаж байгаа...” гэв.
Хохирогч Л.С нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ц.Д нь Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө, элчин сайдын яаманд эгч нь ажилладаг гээд 15.000.000 төгрөг авсан. Манай хадам эгч нөхөртэйгөө хамт виз өгөөд гарсан байна гэдэг сураг сонсоод тэр хүмүүсээр дамжуулж танилцаж байсан. Мульти визэнд орно гэж 15.000.000 төгрөг өгсөн боловч миний виз гараагүй...” гэв.
Хохирогч Д.У нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би анх 2019 оны 08 дугаар сард Ц.Дтэй уулзсан. Би Ц.Дий найз гээд байгаа охинтой хамт наймаа эрхэлдэг байсан. Би их өрөнд орсон байгаа гэхэд тухай охин та Солонгос улсад ир гэсэн. 08 дугаар сард хүүгийнх нь төрсөн өдөр гээд гэрийнх нь гадаа хоёр дүүтэйгээ очиж уулзсан. Би нөхөртэйгөө хамт мульти виз авмаар байна, харлахгүй гэхэд 15.000.000 төгрөг байдаг гэж хэлсэн. Намайг урьдчилгаа өг гээд 5.000.000 төгрөг орчмыг өгсөн. Таныг би харж үзээд 10.000.000 төгрөгөөр мульти виз гаргаад өгье гэж хэлсэн. Нэг удаагийн виз гаргана гэвэл хамаа алга 3 хоногт гаргаад өгнө гэхэд нь би авахгүй, надад мульти виз л хэрэгтэй гэж хэлээд хүлээгээд байсан. Би визний газарт материалаа өөрөө аваачиж өгссөн. Ц.Д надад виз гаргаад өгчихлөө гэж бодоход элчин сайдын яамд таних хүн байхгүй байсан. Ц.Д зүгээр л зөвлөгөө өгдөг байсан юм байна лээ. Би Хан-Уулын виз гаргадаг газар өөрөө материалаа аваачиж өгөөд виз маань гарсан. Тэгэхэд Ц.Д ирэхээр чинь мульти виз болгож өгнө гэсэн. Би онгоцны билетийн мөнгөө шилжүүлэхэд 1 талын тийз л авсан байсан. Би буцаж ирэх билетээ өөрөө авсан. Та 60 хоногтоо ирэх ёстой шүү гэж хэлж байсан. Гэхдээ мульти виз ч байхгүй, корона вирус гарсан гэв. Нийт 10.000.000 болон Солонгос улсад байхад 500.000 төгрөг надаас авсан. Очоод 5 хоногийн дараа хэдэнд ирэхээ хэлээрэй би буцаж ирэх билетийг нь тавиулна гэсэн. Би ирээд мульти виз аваад буцна гэхэд юу ч үгүй хоцорсон...” гэв.
Хохирогч З.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 06 дугаар сард Ц.Дтэй зүс таних хүнээр дамжуулж танилцаж, 500.000.000 төгрөгийн зээл бүтээнэ гэж холбогдсон. Богино хугацаанд бүтээх учир урьдчилгаа 25.000.000 төгрөг өгчих гэсэн. Би 20.000.000, 5.000.000, маргааш нь 3.000.000 төгрөг нийтдээ 28.000.000 төгрөг төлсөн. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл гаргана гэсэн. Ар гэрийнхэн нь энэ хугацаанд бэлнээр 1.200.000 орчим төгрөг, 1.000.000 орчим төгрөгийн гар утас принтер зэргийг өгсөн. Эдгээрийг нийт 2.200.000 төгрөгөөр тооцож байгаа...” гэв.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Л.Л.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 12 дахь тал/,
Гэрч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 14 дэх тал/,
Зээлдүүлэгч Л.С болон зээлдэгч Ц.Д нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 15.000.000 төгрөгийн зээлийн гэрээ /1хх-ийн 7, 180 дахь тал/,
Хаан банкны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 50/4344 дугаартай албан бичгээр Ц.Дий *** тоот дансны дэлгэрэнгүй хуулгыг 2019.04.01-ний өдрөөс 2021.03.10-ны өдрийн байдлаар ирүүлсэн лавлагаа /1хх-ийн 35-51/,
Хаан банкны 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 50/6825 дугаартай албан бичгээр Ц.Дий *** тоот дансны дэлгэрэнгүй хуулгыг 2019.08.23-ны өдрөөс 2019.10.23-ны өдрийн байдлаар ирүүлсэн лавлагаа /1хх-ийн 111-118 дахь тал/,
Хохирогч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 88-89, 3хх-ийн 158 дахь тал/,
Гэрч Д.Ты мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 90-91 дэх тал/,
“Төрийн орон сууцны корпораци” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/1/249 дугаартай Ц.Д /РД: МЯ89111502/ нь тус компанид ажиллаж байгаагүй тухай тодорхойлолт /1хх-ийн 109 дэх тал/,
Хаан банкны 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 50/6825 дугаартай “…2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дугаартай данснаас Ц.Дий *** дугаартай дансанд 10.000.000 төгрөг орсон тухай…” албан бичиг /1хх-ийн 111-112/
Хохирогч З.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 141-143 дахь тал/,
Гэрч З.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 146-147 дахь тал/,
Гэрч Б.Цйн мэдүүлэг /1хх-ийн 154-155, 2хх-ийн 2 дахь тал/,
Хаан банкны 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 50/6866 дугаартай албан бичгээр Бавуудайн Цийн *** тоот дансны дэлгэрэнгүй хуулгыг 2021.06.10-аас 2021.08.05-ны өдрийн байдлаар ирүүлсэн лавлагаа /1хх-ийн 169, 209-216 дахь тал/,
Хаан банкны данс эзэмшигч Б.Цийн *** тоот дансанд үзлэг хийсэн “…2021.06.11-ний өдөр Хаан банкны *** тоот данснаас 20 сая, 5 сая төгрөгөөр орлого орсон…” тухай тэмдэглэл /1хх-ийн 170 дахь тал/,
“Транскапитал” банк бус санхүүгийн байгууллагын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 21/314 дугаартай “Шидэт гал ХХК 400.000.000 төгрөгийн зээлийн хүсэлт гаргасан. Зээлийг судлах боломжгүй тул холбогдох материалыг буцаан олгосон” гэх албан бичиг /1хх-ийн 174 дэх тал/,
“Номин Карт” банк бус санхүүгийн байгууллагын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 4-6/204 дугаартай “Шидэт гал” ХХК нь манай байгууллагын харилцагчаар бүртгэлгүй байх бөгөөд зээл авах хүсэлтийг зээлийн хорооны хурлаар хэлэлцээгүй байна” гэх албан бичиг /1хх-ийн 176 дахь тал/,
Зээлдүүлэг З.Г зээлдэгч Ц.Д нарын хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 25.000.000 төгрөгийн зээлийн гэрээ /1хх-ийн 180/,
Хохирогч Б.Чын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 200 дахь тал/,
Гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3хх-ийн 195 дахь тал/,
Хаан банкны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 29/633 дугаартай албан бичгийн хавсралтаар “…Б.Цийн *** дугаарын дансанд 2021 оны 05 дугаар сарын 21-нд 5 сая төгрөг Б.Ч гэх утгаар орж ирсэн…” тухай /1хх-ин 208-216/
Хохирогч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 240, 3хх-ийн 189 дэх тал/,
Гэрч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 249 дэх тал/,
Хохирогч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн баримт /2хх-ийн 3-49 дэх тал/,
Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч А.Батын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Дансны хуулганд үзлэгт “…Н.Оээс Ц.Дд нийт 16.970.000 төгрөгийг шилжүүлж, Ц.Дөөс Н.От 200.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байна…” гэх тэмдэглэл /2хх-ийн 61-62 дахь тал/,
Хохирогч Д.Пийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2хх-ийн 136-137 дахь тал/,
Гэрч П.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2хх-ийн 122-123, 125 дахь тал/,
Хаан банкны 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 50/8378 дугаартай “…*** тоот данснаас 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 61.500.000 төгрөгийн зарлагын гүйлгээ 5003 кодтой Сөүл төвлөрсөн тооцооны төвд хийгдсэн байна…” гэх албан бичиг /2хх-ийн 127 дахь тал/,
Бүртгэлийн 296 дугаартай итгэмжлэл /2хх-ийн 113 дахь тал/,
Шанху Добу ХХК-ийн Хаан банкны *** тоот данснаас Ц.Дд зээлэв гэсэн утгатай 61.500.000 төгрөгийн дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 117-120 дахь тал/,
Номин Карт банк бус санхүүгийн байгууллагын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 4-6/356 дугаартай “…Шанхын Добу ХХК, П.Б, Д.П, Ц.Д, Ш.Чимэдцэеэ, Ц.М нар нь манайд харилцагчаар бүртгэлгүй байна…” гэх утгатай албан бичиг /2хх-ийн 146-147 дахь тал/,
Хохирогч Ц.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2хх-ийн 185 дахь тал/,
Гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3хх-ийн 83 дахь тал/,
Ц.Нын Худалдаа Хөгжлийн банкны от данснаас Мын от дансанд нийт 17.400.000 төгрөг шилжүүлсэн баримт /2хх-ийн 189-223/,
Хохирогч Д.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3хх-ийн 105 дахь тал/,
Хохирогч Д.Уын Худалдаа хөгжлийн банкны *** тоот данснаас 5.000.000 төгрөгийг *** тоот дансанд 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн баримт /3хх-ийн 122/,
Иргэн Б.Дашмягмарын Хаан банкны *** тоот данснаас *** тоот дансанд ulambayr гэх утгаар 500.000 төгрөг шилжүүлсэн баримт /3хх-ийн 123/,
Хохирогч Д.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4хх-ийн 2 дахь тал/,
Гэрч Г.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4хх-ийн 20 дахь тал/,
Прогресс Капитал ББСБ-ийн Зээлийн анкет /4хх-ийн 22/,
Ариг Банкны 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №5 дугаартай “…Д.А нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул үл хөдлөх хөрөнгийг нь зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү…” гэх албан бичиг /4хх-ийн 25/,
Прогресс Капитал ББСБ-тай Д.А, Ц.Д нарын байгуулсан 50.000.000 төгрөгийн Зээлийн гэрээ /4хх-ийн 27-29/
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/02043 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон Шүүгчийн захирамж /4хх-ийн 37-38/
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
1. Шүүгдэгч Ц.Д нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Л.Л.Сийг “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, энэхүү үйлдлээ нуух, халхавчлах зорилгоор хохирогчтой “барьцаагүй зээлийн гэрээ” байгуулан, Баянзүрх дүүргийн тойргийн 1872 дугаартай нотариатчаар гэрчлүүлж, улмаар өөрийн эзэмшлийн Хаан банкны *** дугаартай дансанд 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2. хохирогч Б.Сд өөрийгөө “Төрийн орон сууцны корпорацад ажилладаг, Буянт-Ухаа 2 хороололд түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр урьдчилгаа мөнгө гэж 10.000.000 төгрөгийг Хаан банкны *** тоот өөрийн дансаар шилжүүлэн авсан,
3. хохирогч З.Гийг “Банк бус санхүүгийн байгууллагаас 7 хоногийн дотор 500.000.000 төгрөгийн зээл гаргаж өгнө, зээлийн хурал хуралдаж байгаа, шийдвэр гарах гэж байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр зээл бүтээж өгсний урьдчилгаа болгож 25.000.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 3.000.000 төгрөг, нийт 28.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын үүдэнд байрлах Хаан банкны автомат тооцооны машинаас өөрийн *** дугаартай дансаар шилжүүлэн авсан,
4. 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Б.Чд Хаан банкнаас их хэмжээний зээлийг хүү багатай гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар хохирогч Б.Ч нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ивээлт хүлэг” авто засварын гадна талын автомашины ил зогсоолын орчимд мобайл банк ашиглан 5.000.000 төгрөгийг дансаар шилжүүлснийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан,
5. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “зээл хөөцөлдөж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Н.Оээс 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны хооронд бусдын дансаар 16.970.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
6. 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ““Номин Карт” Банк бус санхүүгийн байгууллагаас 7 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгнө” хэмээн хохирогч Д.Пийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Хаан банкны Хүүхдийн 100 салбарын гадна түүнээс 60.000.000 төгрөгийг авсан,
7. 2021 оны 06 дугаар сард хохирогч Ц.Нд банкнаас их хэмжээний зээлийг хүү багатайгаар гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар хохирогч Ц.Н нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 27-2 тоотод байхдаа интернэт банк ашиглан 17.400.000 төгрөгийг дансаар шилжүүлснийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан,
8. Бүгд Найрамдах Солонгос улсын мульти виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Д.Уаас 2019 оны 09 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарын хооронд 4 удаагийн үйлдлээр 5.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
9. Иргэн Д.Атай хамтран түүний үл хөдлөх эд хөрөнгийг “Прогресс Капитал” ББСБ-нд зээлийн барьцаанд тавьж 50.000.000 төгрөгийн зээлийг хамтран зээлдэгчээр авхуулж, үүнээс 24.990.000 төгрөгийг төрсөн дүү Ц.Мын Хаан банкин дахь 5176063270 тоот данс, төрсөн эх Б.Цэнд-Аюушийн Хаан банкин дахь *** тоот данс болон өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь *** дугаартай дансаар дамжуулан авсан үйл баримтууд тогтоогдлоо.
Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл мөн эсэх:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ц.Д нь Бүгд Найрамдах Солонгос улсын мульти виз гаргаж өгнө гэж Л.Сэс 15.000.000 төгрөгийг, Д.Уаас 5.500.000 төгрөгийг, Буянт-Ухаа 2 хорооллын түрээсийн байранд оруулж өгнө гэж Б.Сэс 10.000.000 төгрөгийг, “Номин карт”, “Транс капитал” Банк бус санхүүгийн байгууллага болон Хаан банкнаас зээл гаргуулж өгч чадна гэж З.Гөөс 28.000.000 төгрөгийг, Б.Чаас 5.000.000 төгрөгийг, Н.Оээс 16.970.000, Д.Паас 60.000.000 төгрөгийг, Ц.Насанбатаас 17.400.000 төгрөгийг шилжүүлэн авахдаа эдгээр мөнгийг хүссэн зээлийнх нь үнийн дүнгийн 10 орчим хувьд тооцох байдлаар урьдчилгаа хэлбэрээр ойлгуулан авч банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эдийн засагч, Төрийн орон сууцны корпорац, БНСУ-руу виз зуучилдаг байгууллагын зохих ажилчин буюу таньдаг хүндээ өгөх гэж байгаа болон өөрийн ажлын хөлс мэтээр ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар эд хөрөнгө шилжүүлэн авсан байна гэж дүгнэлээ.
Тодруулбал зохиомлоор дээрх байдлыг бий болгож хуурч, төөрөгдөлд оруулсан нь “Транскапитал” банк бус санхүүгийн байгууллагын 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 21/314 дугаартай “Шидэт гал ХХК 400.000.000 төгрөгийн зээлийн хүсэлт гаргасан. Зээлийг судлах боломжгүй тул холбогдох материалыг буцаан олгосон” гэх албан бичиг /1хх-ийн 174 дэх тал/, “Номин Карт” банк бус санхүүгийн байгууллагын 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 4-6/204 дугаартай “Шидэт гал” ХХК нь манай байгууллагын харилцагчаар бүртгэлгүй байх бөгөөд зээл авах хүсэлтийг зээлийн хорооны хурлаар хэлэлцээгүй байна” гэх албан бичиг /1хх-ийн 176 дахь тал/, “Төрийн орон сууцны корпораци” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/1/249 дугаартай Ц.Д /РД: МЯ89111502/ нь тус компанид ажиллаж байгаагүй тухай тодорхойлолт /1хх-ийн 109 дэх тал/-оор нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…” гэжээ. Иймд дээрх нэр бүхий 8 иргэнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нийт 157.870.000 сая төгрөг шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан Өмчлөх эрхэд халдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Ц.Дий үйлдлийн улмаас нийт 157.870.000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1 дэх заалтад заасан их хэмжээний хохиролд тооцогдохоор байна.
Харин Улсын яллагчаас Ц.Д болон иргэн Д.А хоёрын хооронд үүссэн харилцааг тайлбарлахдаа “…Ц.Д нь хохирогч Д.Аыг таньдаг байсан. Энэ нь урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан. Улмаар тухайн зээлийг төлнө гэж хэлчхээд төлөөгүй…” тул залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж тайлбарлав.
Шүүхээс Ц.Д, Д.А нарын харилцааны талаар дараах үндэслэлээр Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзлээ. Үүнд:
Иргэн Д.А нь УБ хотын Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 23-р байрны 39 тоот байршилтай 40.88 кв.м талбайтай улсын бүртгэлийн Ү-*** дугаартай үл хөдлөх хөрөнгийг “Прогресс капитал” ББСБ-аас зээлсэн 50.000.000 төгрөгийн 24 сарын хугацаатай зээлийн гэрээний барьцаанд тавьсан байх бөгөөд хамтран зээлдэгчээр Ц.Дий хамт зээлийн гэрээг байгуулжээ. Тус зээлийн гэрээний дагуу ББСБ-аас шимтгэл болох 10 хувь буюу 500.000 төгрөгийг хасаж 49.500.000 төгрөгийг Д.Аын *** дугаарын дансанд шилжүүлжээ.
Ингээд зээлсэн 49.500.000 төгрөгөөс 39.500.000 төгрөгийг Ц.Дий *** дугаарын дансанд шилжүүлж үлдсэн 10.000.000 төгрөгийг Д.А өөрөө тус тус авсан талаар мэдүүлжээ. Мөн Ц.Д авсан 39.500.000 төгрөгөөс 16.510.000 төгрөгийг дээрх үл хөдлөх хөрөнгийг өмнөх “Ариг банк”-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанаас нь чөлөөлж, үлдэгдэл 22.990.000 төгрөгийг өөртөө авсан үйл баримт тогтоогдлоо.
Улмаар зээлдэгч Д.А, Ц.Д нар нь “Прогресс капитал” ББСБ-аас авсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасны дагуу тус шүүхээс зээлдэгч нар болон зээлдүүлэгч нарын эвлэрлийг баталж 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/02043 дугаартай шүүгчийн захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Тус захирамжийн Захирамжлах хэсэгт Нэхэмжлэгч “Прогресскапитал” ББСБ ХХК, хариуцагч Д.А, Ц.Д нар харилцан тохиролцож зээлийн гэрээний үүрэгт 75.155.825 төгрөгийг төлөхөөр сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсоныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт “…Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна…” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл Эвлэрлийн гэрээнд зээлийн үүргийн үнийн дүнгийн хэдийг нь Ц.Д Д.А нар харилцан төлөх талаар тухайн иргэдийн өөрсдийн хоорондын харилцаа юм. Энэ талаар зохигчдын бичгээр байгуулсан гэрээнд тусгасан эсэх, хэрвээ тусгаагүй бол иргэн Д.А нь Ц.Дд зээлсэн үнийн дүнг иргэний хуульд заасан үндэслэлээр цаашид нэхэмжлэх үндэслэлтэй.
Иймд дээрх харилцаа нь иргэд хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа байх бөгөөд тухайн харилцааг иргэний маргаан гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний хэрэг үүсгэж, хэргийг хянан шийдвэрлэж шүүхийн шийдвэр гарсан байхад хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн талаар дахин дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй юм.
Тодруулбал иргэн Ц.Д нь Д.Аыг таньдаг байснаараа хамтран зээл авсан гэж буруутгаж байгаа бол яагаад хамтран авсан, яагаад зээлийг Ц.Д ганцаараа төлөх ёстой эсэх, энэ талаар тэдний хооронд байгуулсан ямар нэг хэлцэл байсан эсэх, хэрэв тийм бол бүрэн эсхүл харилцан тохиролцсон хэмжээгээрээ зохих хугацаандаа төлөөгүй нь эрүүгийн эрх зүйгээр зохицуулагдах харилцаа гэж үзэх боломжгүй.
Хэрвээ Ц.Д хувааж авсан дүнгээ зохих хугацаандаа төлөөгүй нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл Д.А мөн өөрийн авсан 10.000.000 төгрөг болон тухайн үл хөдлөх хөрөнгийг “Ариг банк”-ны өмнөх барьцаанаас чөлөөлсөн дүнг болох 16.510.000 буюу нийт 26.510.000 төгрөгийн зээлээ гэрээнд заасны графикийн дагуу төлж байсан эсэх асуудал тодорхой байх шаардлагатай юм. Иймд энэ талаар эрүүгийн 2106 00861 1079 дугаартай эрүүгийн хэрэгт ямар нэг баримт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “…Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална…” , мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “…хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй…” гэж тус тус заасан байх тул Ц.Дийг Л.С, Д.У, Б.С, З.Г, Б.Ч, Н.О, Д.П, Ц.Н нарын өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай шинж байна гэж дүгнэв.
Гэм буруутай эсэх:
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “…Д.П нь өөрийн 60 сая төгрөгийг Ц.Дд зээлсэн. Харин П.Б ямар нэг эд хөрөнгийн хохирол хүлээгээгүй учир тухайн хөрөнгийн өмчлөгч болох Д.П гуайг хохирогчоор тогтоох нь үндэслэлтэй. Энэ талаар гуравдагч этгээдийг төөрөгдүүлж дамжуулж эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчээс аливаа хөрөнгийг нь шилжүүлэн авсан нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж үзэн хөрөнгийн эзнийг хохирогч гэж үзэх талаар Улсын Дээд Шүүхийн тогтоол байгаа. Харин Д.Аын хувьд өмнө нь Ц.Дөөр дамжуулж БНСУ-руу виз гаргуулсан ба энэ нь урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж байраа барьцаанд тавиад өгөөч, та надад итгэж байгаа биз дээ гэх байдлаар ятгаж байрыг нь барьцаанд тавиулаад улмаар зээлээ төлөөгүй байгаа. Харин иргэний шүүхийн шийдвэр бол зөвхөн зээлээ хугацаанд нь төлөөгүй учраас нэхэмжлэл гаргаж, талууд эвлэрсэн тухай шийдвэр л байгаа учраас үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй. Харин Д.Уын хувьд мульти виз 15 сая төгрөгөөр гардаг. Гэхдээ би танд 10 сая төгрөгөөр гаргаж өгнө гэсэн. Өөрөө өрөнд орсон байтлаа гуравхан сар явахын тулд 10 сая төгрөг хүнд өгөх ямар ч шаардлага байхгүй. Зөвхөн мульти виз авах гэж л өгсөн. Мэдээ 3 сараас илүү хугацааны виз гаргуулж байж ажил хийн өрөө төлнө гэж бодсон. П.О гэж хүнд 10 сая төгрөгийг дамжуулж өгсөн гэж ярьж байна. Гэтэл энэ мөнгийг Д.Аыг БНСУ-д явуулахад л түүнээс авсан мөнгөө дамжуулж авсан талаар гэрчийн өөрийнх нь мэдүүлэг байгаа. Мөн эдгээр үйлдэл бүрийг яллагдагчаар татсан байсныг сүүлд нь нэгтгээд Ц.Дд танилцуулаад Ж.Батбаяр өмгөөлөгчийн хамтаар мэдүүлэг авсан байгаа. Хохирогчийн мэдүүлгийг давхар шалгахын тулд тэдний дансны хуулга болон Ц.Дий, дүүгийнх нь, ээжийнх нь дансны хуулгуудаар эргэлзээгүй тогтоогдсон байгаа. Яллагдагчийн хэлсэн болгоныг шалгаад яваад байх боломжгүй. Өөрөөр хэлбэл яллагдагч нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй этгээд байдаг. Өмгөөлөгчийн хэлж байгаа шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулахад хоёрхон үндэслэл байдаг. Гэтэл энэ хоёр үндэслэлийн нь аль нь гэдэг талаар тодорхой хэлсэнгүй. Иймд шүүгдэгч Ц.Д нь банк болон банк бус санхүүгийн байгууллагад дээрх иргэдийн зээлийг хөөцөлдөх талаар ямар нэг бодитой үйлдэл хийгээгүй, Төрийн орон сууцны корпораци ХХК, БНСУ-ын элчин сайдын яаманд виз зуучилдаг албан ёсны зөвшөөрөлтэй байгууллагад зохих ажил албан тушаал эрхэлдэггүйгээс гадна ажлын хөлс болон урьдчилгаа хэлбэрээр авч бусдад дамжуулж өгнө гэж амласны дагуу хэн нэгэнд шилжүүлээгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дэх хэсэгт бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг шилжүүлж авсан тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. ..” гэх агуулгаар гаргав.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй байна. Үүнд: Д.Пийн мэдүүлэгт би Ц.Дд өгөөгүй П.Бд л зээлсэн. П.Б банкнаас зээл гаргуулахын тулд Ц.Д гэж хүнд урьдчилгаа өгөх хэрэгтэй байна гэж хэлээд надаас зээлсэн гэж хэллээ. Тус 60 сая төгрөгөөс 10 сая төгрөгийг нь н.Ариунбаатар гэж хүнд шилжүүлсэн баримт байна. Энэ хүн бол Д.Птай хамтран ажилладаг. Мөн Д.Атай хамтран зээл авсан байдаг. Энэ талаар талууд хэдийг төлөх ёстой талаар шүүхийн шийдвэр гарсан байна. Хохирогч Д.У чинь виз нь гараад БНСУ руу яваад ирсэн шүү дээ. Мөн буцах онгоцны билет 700.000 төгрөгийг Ц.Д төлсөн байна. Энэ дүн хохирлоос яагаад хасагдаж тооцогдохгүй байгаа юм. Эдгээр нөхцөл байдлаас үндэслэж дүгнэвэл иргэд хоорондын тохиролцооны талаар санхүүгийн харилцаа үүссэн байна. Үүнийг зөвхөн хохирогчийн мэдүүлэг үнэн, шүүгдэгч худлаа ярьж болно гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж байна гэж харж байна. Миний үйлчлүүлэгч Д.У гэж хүний мөнгийг П.О гэж хүнд өгсөн гэж эх сурвалжаа зааж өгөөд байна. Энэ байдлыг эцэслэж шалгах ёстой. Өөрөөр хэлбэл би дундаас нь өөрийн зардал болох 1-2 сая төгрөг аваад бусдыг нь П.О гэж хүнд өгсөн гээд хэлээд байна. Бидний зүгээс бүх үйлдэлтэй маргаагүй зөвхөн Д.Пийн 60 саяын 10 саяыг нь П.Б, 10 саяыг нь н.Ариунбаатар нар авсан талаар баримт, мэдүүлэг нь байна. Мөн Д.У гэдэг хүн визээ аваад явсан, Д.А нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хувьд л маргаж байгаа. Эдгээр үйлдэл оролцоог нь тодорхой болгоод шалгаад өгөөчээ. Энэ хугацаанд хохирлоо төлье гэж л хүсэж байгаа юм…” гэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.Дд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14 дэх заалтуудад заасныг зөрчиж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг явуулсан үндэслэл тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзлаа.
Харин П.Гансүх өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтэд Д.Пийн хохирлын талаар болон Д.У БНСУ-руу явсан бөгөөд тухайн авсан 10.000.000 төгрөгөө П.Оюунд дамжуулж өгсөн, Д.Аын байрыг барьцаанд тавьсан харилцаатай гаргасан дүгнэлттэй холбогдуулж дараах шийдвэрийг гаргав.
Иргэн Д.А болон Ц.Д нарын хооронд харилцан тохиролцож хамтран зээл авсан нь иргэний эрх зүйн харилцаа болох талаар өмгөөлөгч П.Гансүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд энэ талаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хуульд заасан, нийгэмд аюултай үйлдэл гэж үзээгүй талаар дээр дүгнэсэн тул тус үйлдлийг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “…Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, …эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ…” гэж заасныг үндэслэж хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч Д.Уыг БНСУ-руу явуулсан, түүнээс авсан 10.000.000 төгрөгөө П.О гэх хүнд өгсөн гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбарласан боловч гэрч П.Оаас мэдүүлэг авахад “…2019 оны 10 дугаар сар шиг санагдаж байна. Ц.Д надад А гэж хүний материал өгөөд би түүний бичиг баримтыг нь бүрдүүлээд виз нь гараад явсан. Тэгээд надад Ц.Д 10-12 сая төгрөг өгч байсан…” /4хх-ийн 40/ гэх мэдүүлэг авагджээ.
Иймд өмгөөлөгчийн гаргасан хохирогч Д.Уаас авсан 10 сая төгрөгийг П.Оюун гэх иргэнд өгсний улмаас виз гарсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн хохирогч Д.У БНСУ-руу явсан үйл баримт байгаа хэдий ч энэ нь Ц.Дтэй харилцан тохиролцсоны дагуу явуулсан талаар ямар нэг баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Мөн Д.Паас 60 сая төгрөгийг П.Баар дамжуулан авсан нь залилах гэмт хэргийг үйлдэхдээ тухайн эд хөрөнгийг гаргуулж чадах итгэл хүлээсэн гуравдагч этгээдээр нь дамжуулан өмчлөгч этгээдийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь шилжүүлж авсан шинжтэй байна гэж үзлээ. Харин энэ талаар улсын яллагчийн гаргасан дүгнэлт нь шүүх хуралдаанд гаргасан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Д нь дээрх үйлдлүүдийг хийх үедээ тухайн эд хөрөнгийг буцааж төлөх, эсхүл харилцан тохирсны дагуу зохих байгууллага, албан тушаалтанд хандаагүй, хөрөнгө мөнгийг нь шилжүүлээгүй нь бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар үйлдэж, тухайн үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, хэрэг үйлдэх үедээ согтуурсан, мансуурсан байдал тогтоогдоогүй, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.Д нь Бүгд Найрамдах Солонгос улсын мульти виз гаргаж өгнө гэж Л.Сэс 15.000.000 төгрөгийг, Д.Уаас 5.500.000 төгрөгийг, Буянт-Ухаа 2 хорооллын түрээсийн байранд оруулж өгнө гэж Б.Сэс 10.000.000 төгрөгийг, “Номин карт”, “Транс капитал” Банк бус санхүүгийн байгууллага болон Хаан банкнаас зээл гаргуулж өгч чадна гэж З.Гөөс 28.000.000 төгрөгийг, Б.Чулуунбатаас 5.000.000 төгрөгийг, Н.Оээс 16.970.000, Д.Паас 60.000.000 төгрөгийг, Ц.Насанбатаас 17.400.000 төгрөгийг шилжүүлэн авчээ.
Үүнээс шүүхийн шатанд хохирогч З.Гөд 2.3 сая төгрөг, Н.От 1.9 сая төгрөг, Д.Пид 1 сая төгрөгийг тус тус хохиролд тооцож өгсөн бөгөөд энэ талаар шүүхийн хуралдааны явцад хохирогч нар авсан талаараа тус тус мэдүүлсэн тул хохирол төлбөрөөс тус бүр хасаж тооцлоо.
Харин хохирогч Ц.Н нь нэхэмжилж буй 17.4 сая төгрөгөөс 3.8 сая төгрөгийг Н.От зээлсэн. Улмаар Н.Оээс Ц.Дд шилжүүлсэн нийт 16.5 сая төгрөгт тус 3.8 сая төгрөг орсон байгаа талаар харилцан шүүх хуралдаанд мэдүүлсэн.
Иймд хохирогч Ц.Нын хохиролд тооцож гаргуулахаар нэхэмжилж буй 17.4 сая төгрөгөөс 3.8 сая төгрөгийг хасаж нийт 13.600.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Энэ талаар хохирогч Ц.Н, Н.О нар маргаагүй буюу улсын яллагч дээрх хохирол төлбөрүүдээс шүүх хуралдааны явцад тодруулсан байдлаар нь хохирлоос хасаж тооцуулах талаар дүгнэлтдээ дурдсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Мөн хохирогч Д.Паас 60.000.000 төгрөгийг Ц.Дд зээлдүүлэхдээ П.Быг хамтран зээлдэгчээр зээлийн гэрээг бичгээр байгуулжээ. /2хх-ийн 109/ Харин шүүх хуралдааны явцад гэрч П.Б оролцохдоо зээлсэн 60 сая төгрөгийг Д.Пийг явсны дараа 10 саяыг нь Ц.Дөөс авсан талаар мэдүүлсэн тул хасаж тооцох нь зүйтэй. Түүнчлэн өмгөөлөгч П.Гансүхээс н.Ариунбаатар гэх Д.Пийн хамтран ажилладаг хүнд 10 саяыг нь өгсөн талаар танилцуулсан боловч шүүхэд ямар нэг баримт гаргаж өгөөгүй тул хохирлоос хасаж тооцох үндэслэлгүй байна.
Хохирогч Д.У 11.2 сая төгрөгийг нэхэмжилж байгаа боловч хавтаст хэрэг авагдсан баримтаар 5.5 сая /3хх-ийн 122-123/ төгрөгийн баримт байх тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Мөн үүнээс түүний БНСУ-аас буцаж ирсэн зардал болох 700.000 төгрөгийг мөн хасаж тооцов.
Харин энэ талаар хохирогч Д.У нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Хохирогч нарын хохиролд авсан төлбөрүүдийг тус бүр хасаж дараах байдлаар шүүгдэгч Ц.Дөөс гаргуулахаар шийдвэрлэв. Үүнд:
Иймд шүүгдэгч Ц.Дийг нийт 128.170.000 төгрөгийн бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч Ц.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан…” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь гэм буруу дээрээ маргаагүй гэж үзэх боломжгүй юм. Маргаагүй гэдэг нь ганцхан гэмт хэргийн үйл баримт дээр маргахгүй байхыг хэлэхгүй бөгөөд хохирол, хор уршгууд бүгдтэй нь маргахгүй болон хийсэн үйлдэлдээ гэмшиж, дүгнэлт хийж байгаа байдал зэргийг бүгдийг харгалзан үзэх ёстой. Шүүх хуралдааны явцад Ц.Д хэлэхдээ би хүсэж аваагүй, эдгээр хүмүүс өөрсдөө л намайг гуйдаг байсан гэх мэтээр ярьж байна. Иймд түүнд 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна гэв.
Өмгөөлөгч П.Гансүхээс эрүүгийн хариуцлагатай холбогдуулан гаргасан дүгнэлтдээ “…миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаагүй. Харин үйл баримтын хувьд л маргаж байгаа. Энэ талаар ч шүүх хуралдааны явцад зарим хохирогч БНСУ руу явсан талаараа мэдүүллээ. Өмгөөлөгчийн зүгээс эрх зүйн мэтгэлцээн үүсгэж байгааг маргасан гэж үзэх нь өрөөсгөл юм. Мөн хохирол төлбөрөө бага ч гэсэн төлж байгаа байдал зэргийг харгалзан 2 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү…”
Шүүгдэгч Ц.Д нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “хэлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Ц.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн зүгээс хэрэг шүүхэд шилжиж ирснээс хойш Д.Пид 1 сая, Н.От 1.9 сая, З.Гөд 2.3 сая төгрөг төлснийг тус тус харгалзаж үзлээ.
Шүүгдэгч Ц.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй түүний дүгнэлт, хохирогч нарын санал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Д нь хорих ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Дд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/586 дугаартай тогтоолоор оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар дүйцүүлж 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар сольж 666 хоногийн хорих ялаар сольж нэмж нэгтгэхээр шийдвэрлэлээ.
Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас хэрхэн эдэлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нийт дүнгээр тооцлоо. Харин торгох ялаас эдэлсэн талаарх баримтаа шүүхэд гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.11, 37.12 дугаар зүйлүүдэд тус тус заасны дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас
/4хх-ийн 79 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа
/1хх-ийн 158 дахь тал/,
Оршин суугаа хаягийн лавлагаа
/1хх-ийн 159 дэх тал/
Нийгмийн даатгалын лавлагаа
/1хх-ийн 156 дахь тал/ зэрэг болно.
Бусад асуудлаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Дий цагдан хоригдсон 83 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ц.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 00861 1079 дугаартай хэргээс хохирогч Д.Ад холбогдох үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Ц.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар Ц.Дд 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дд энэ тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/586 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаас биелүүлээгүй үлдсэн 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, 01 жил 10 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 04 жил 10 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Дд оногдуулсан 04 жил 10 сар 01 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дий энэ хэрэгт цагдан хоригдсон 83 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан хорих ялаас хасаж тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дөөс нийт 128.170.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Л.Сд 15,000,000 төгрөг, Б.Сд 10,000,000 З.Гөд 25,700,000, Б.Чад 5,000,000, Н.От 15,070,000 , Д.Пид 39,000,000, Ц.Над 13,600,000, Д.Ут 4,800,000 төгрөгийг тус тус олгосугай.
8. Хохирогч Д.У нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ШИНЭХҮҮ