Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2019/02369

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 06 өдөр                  Дугаар 183/ШШ2019/02369                             Улаанбаатар хот 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Ж.Сэмжид нарын бүрэлдхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороотоотод оршин суух, Л /РД:..........-ийн нэхэмжлэлтэй,

         

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, тоотод байрлах, Б ХХК /РД:.........../-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 265.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч П , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.                  

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...ХУД 3-р хороо ......-р байрны пудволд байрлах дулаан гражид ‘6’ номерын зогсоол түрээслэдэг юм. Манай машин Ргадо120 маркийн ........ ........ улсын дугаартай. 2019.03.08-ны орой 23цаг 35 миунтын үед гражруу орж байтал гражийн автомат хаалга гэнэт дээрээс бууж ирэн манай машины баруун талын ачааны мөр хугалсан мөн дээврийн хэсэг зурагдсан. Энэ үед харуул нь ирээд манай гражийн хаалганы мэдрэгч нь ажиллахгүй доголдоод удаж байгаа. Энэ талаар удирдлагууддаа зөндөө хэлсэн боловч арга хэмжээ авч өгөхгүй байгаа ба өмнө нь нэг удаа өөр машины дээрээс энэ хаалга унах гэж байхад нь би гараараа тогтоож барьсан гэж ярьсан. Энэ талаар маргааш нь буюу 03.09-нд тухайн гражын ашиглалтыг хариуцдаг ‘Б ХХК руу утасаар ярьж хэлэхэд Б  гэж байцаагч ирж манай машины зургийг аваад эргээд хариу хэлнэ гээд явсан. Хэдэн цагийн дараа манай байгууллага танай хохирлыг барагдуулахгүй учир нь манай хаалга одоо хэвийн ажиллаж байгаа гэсэн хариу өгсөн. Яагаад танай хаалганы мэдрэгч нь ажиллахгүй хүний эд хөрөнгийг эвдчихээд байхад хохирол барагдуулахгүй гэж байгаа вэ гэж асуухад манай байгууллагаас ийм дүгнэлт гарсан гэж хэлсэн. Ингээд 03.12-нд Б ХХК -д өөрийн биеээр очиж дарга Мөнхбаатар гэж хүнтэй уулзахад та нар согтуу явж байгаад манай хаалгыг очиж мөргөсөн байна лээ тиймээс манайх танай хохирлыг барагдуулахгүй гэж хүнийг гүтгэн доромжилсон. Тухайн үед юу болсон талаар бодит байдлыг сонсохыг ч хүсэхгүй шууд бүх бурууг хэрэглэгч рүү түлхсэн тайлбар хийгээд өөрөө гараад явсан. Ингэж байж боломгүй тайлбар хийн бусдыг гүтгэж болохгүй шүү дээ. Тэнд байсан Баатарсүх гэдэг инженертэй уулзахад гражийн камер шүүгээд эргээд холбогдоно гээд цагийн дараа камераа үзсэн үү гэж асуухад манай камер бичлэг хадгалдаггүй юм байна. Манай байгууллага танай хохирыг барагдуулах юм шиг байна. Маргааш хурлаар оруулаад эргээд хэлнэ гэсэн. Маргааш нь бас л энэ тайлбараа хэлсэн. Ингэж удаа дараа хойшлуулсан тул ХУД-н Цагдаагийн хэлтэст 03.18-нд өргөдөл өгч шалгуулсан. Байцаалтаар харуул анхаарал болгоомж алдсан гэдгээ өөрөө хүлээсэн. 03.22-нд Б ХХК -н байцаагч Б утасаар холбогдоод манай харуул анхаарал болгоомж алдсанаас болж танай машиныг гэмтээсэн байна. Тиймээс танай машинд учруулсан хохирлыг тухайн үед гарч байсан харуул барагдуулна гэж хариу өгсөн. Гэтэл харуул болох Г  цалин буухаар машиныг чинь янзалж өгнө гэсэн боловч цалин нь бууснаас хойш маргааш гэж хойшлуулсаар манай хохирлыг барагдуулахгүй өдийг хүрч байна. Энэ талаар тухайн байгууллагын байцаагч Баатарсүхтэй холбогдохоор мөн адилхан тайлбар тавьж байна” гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч П  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани Нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт үйлчилгээг шилжүүлэх гэрээний үндсэн дээр тухайн байрны авто зогсоолтой холбоотойгоор граж болон ил зогсоолыг хамгаалах, гражын хаалга эвдэрсэн тохиолдолд тухай бүр засварлах үүрэг хүлээсэн нь үнэн хэдий ч тухайн цаг үед уг гражын хаалга эвдэрсэн, доголдсон гэх байдал үүсээгүй, энэ талаар компанийн удирдлагад мэдэгдсэн зүйл байдаггүй. Түүнчлэн гражийн хаалганы мэдрэгч гацсан тухай манай компанид хөлсөөр ажиллаж байсан Ганзориг огт хэлээгүй бөгөөд тэрээр компани дээр ирээд тайлбарлахдаа өмнө нь нэг машин ирж ороод хаапгаа буулгаж байхад ...... ........ улсын дугаартай автомашин гэнэт орж ирээд хаалганд дээд хэсэг нь цохигдсон юмаа. Жолооч нь гарч ирээд загнаад унахаар нь айсан бөгөөд мөн цагдаагаас дуудахаар нь миний буруу гээд хэлчихсэн юм. Тэгэхгүй бол загнаад зүгээр байлгахгүй байсан гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл манай компаний буруутай үйл ажиллагаа буюу тухайн хаалга эвдрэлтзй байсан асуудал байгаагүй болно. Мөн Ганзориг нь манай компанитай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаагүй бөгөөд хөлсөөр ажиллах гэрээгээр сар сард нь хөлс аван ажиллаж байсан болно. Ажиллах хугацаанд өөрийн буруутай үйдлийн улмаас учруулсан хохиролыг өөрөө бие даан шийдэх бөгөөд компанийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролыг компани шийдвэрлэх ёстой болно. Гэтэл манай компанийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй. энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй, тухайн үед хаалга эвдэрсэн зүйл огт байхгүй, энэ талаар гаргасан гомдол, компанийн удирдлагад мэдэгдсэн зүйл огт байхгүй тул хэдийгээр нэхэмжлэлийн шаардлага бага хэдий ч хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. ИХШХШТХ-ийн 28 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч хариуцагчаа сонгох эрхтэй боловч манай компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор учирсан гэм хор учирсан гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... 2019.03.08-ны орой 23 цаг 35 минутын үед гараж руу орох үед автомат хаалга гэнэт бууж машины баруун талын ачааны мөр хугалсан, дээврийн хэсэг зурагдсан” гэх үндэслэлээр хариуцагч Б ХХК-иас  гэм хорын хохирол 265,000 төгрөг гаргуулахыг шаардсан байна. 

 

Хариуцагч Б ХХК нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт, үйлчилгээг шилжүүлэх гэрээний үндсэн дээр тухайн байрны автомашины гараж болон ил зогсоолыг хамгаалах, засварлах үүрэг хүлээсэн боловч тухайн үед гаражын хаалга эвдэрсэн, доголдсон зүйл тогтоогдоогүй гэжээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд ........ ........ улсын дугаартай, Prado 120 маркийн өмчлөгч Г болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон, “уг машины орой зурагдаж халцарсан, ачааны мөрний таг хагарсан байсан, үнэлгээгээр тогтоосон дүн 240,000 төгрөг” гэсэн 2019.04.10-ны өдрийн Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, үнэлгээний төлбөрт 25,000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан байна.

 

          Дээрх үнэлгээ нь зөвхөн нэг талын буюу нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн, өмнө нь тухайн автомашины орой, ачааны мөрний таг нь хэвийн эвдрэлгүй байсныг нотолсон баримтгүй, хариуцагч Б ХХК-ийн үйлдлээс автомашинд хохирол  учирсаныг тогтоосон баримт хэрэгт байхгүй байна.

 

          Нэхэмжлэгч Г нь  2018.11.07-ны өдрийн дулаан гараж түрээслүүлэх гэрээг  Атек ХХК-тай байгуулсан, энэ гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах, ...... дугаар байрны Атек ХХК-ийн үйлчилгээтэй барилгын дулаан гаражид 6 тоот зогсоолыг түрээслэдэг байна.

 

           Талуудын хүсэлтээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсээс ирүүлсэн баримтаас үзэхэд Ц /нэхэмжлэгчийн гэр бүл/ гомдол гаргасан байх бөгөөд 2019.03.21-ний өдрийн зөрчлийн талаар, гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай 214 дугаар тогтоол гарсан, уг тогтоолд хохирогч Ц, гэрч Б.Баатарсүх, Г.Ганзориг нарын мэдүүлэг зэргээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэх зөрчлийн шинжтэй үйлдэл тогтоогдохгүй байна гэжээ.

 

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “… бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр /буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэжээ.

 

            Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд тухайн эд хөрөнгөнд гэм хор учирсан байх, хариуцагчийн үйлдэл блон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, зөрчил гаргасан гэх этгээдийн гэм буруутай болохыг хуулиар тогтоосон байх бөгөөд эдгээр нөхцөлүүд тогтоогдсон тохиолдолд шүүх гэм хор, түүнд ногдох хариуцлагыг шийдвэрлэдэг болно.

 

  Иймд хариуцагч Б ХХК-ийн гэм буруутай үйлдлээс нэхэмжлэгчийн автомашинд хохирол учирсан гэх талаар нотлосон баримтгүй, нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт зааснаар томилогдсон иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  ирээгүй тул хариуцагч талын зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б ХХК-иас гэм хорын хохирол, гарсан зардалд 265,000 төгрөг гаргуулахыг хүссэн Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ

 

                                             ШҮҮГЧ                                 Д.МӨНХЦЭЦЭГ

                                                                                  

                                                                                       Ж.СЭМЖИД