Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 32

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх  даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:
    Прокурор Э.Хосбаяр
    шүүгдэгч Д.Ж, түүний өмгөөлөгч Г.Сүрэн
хохирогч Ч.А,
нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.    

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүрэнгийн давж заалдах гомдлоор тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Жд холбогдох эрүүгийн 1830003230253 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 онд Сүхаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 5, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг, ... тоотод оршин суух, “М” ХХК-ийн захирал ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д.Ж.

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Д.Ж нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Боловсрол өргөө” дотуур байрны өрөөнд амарч байсан Ч.Агийн толгойг хөлийн гишгүүрээр гуядах, орноос нь татаж унагаан алгадах, хогийн сав авч шидэх зэргээр эрүүл мэндэд нь зүүн гарын 5 дугаар хурууны цуурсан гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч Д.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Д.Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Жын орлого олох боломжийг харгалзан 450 000 төгрөгийн торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Жд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялтан Д.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1 334 420 төгрөг нэхэмжилснээс 376 220 төгрөгийг шүүгдэгч Жаас гаргуулж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7-р багт оршин суух хохирогч Ч.Ад олгож,   нэхэмжлэлийн шаардлагаас 592 200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, гэм учруулсанаас үүссэн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүрэн давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлд  заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг нотолж чадаагүй, гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдоогүй, Д.Ж гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэж үзэж байна. Улсын яллагч нь хохирогч Ч.А, гэрч Н.Б, Б.Э, Г.Ц нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 552 дугаар дүгнэлт зэргийг яллах нотлох баримт болгон Д.Жыг яллаж, түүнийг анхан шатны шүүх тогтоолынхоо үндэслэл болгож, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх нь хохирогч Ч.Аг унаж тусахдаа гэмтэл аваагүй, Ж түүнийг түлхсэнээс болж гэмтэл авсан гэж үзэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй. Мөрдөн байцаалтын шатанд гэм буруутай үйлдэл, хор уршиг хоёрын хоорондын шалтгаант холбоог тогтоогоогүй. Иймд шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 5-т зааснаар Жд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Мөн тухайн эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болно гэжээ.

Прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Тус шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Жд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан тогтоохын зэрэгцээ түүнд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Ж нь  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд 2018 оны 09 дүгээр сарын 15-ны орой 23 цагийн үед “Боловсрол өргөө” дотуур байрны амралтын өрөөнд унтаж байсан хохирогч Ч.Агийн толгойг хөлийн гишгүүрээр гуядан  орноос нь татаж унагаан алгадан  хогийн сав шидэж, түүний  эрүүл мэндэд зүүн гарын тавдугаар хурууны цууралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч Ч.Агийн: “... 2018 оны 09 дүгээр сарын 15-ны орой ... нэг өрөөнд Баярмаа, Эрдэнэтуул бид гурав унтаж байтал Ж орж ирээд гэрэл асаан хөлийн гишгүүрээр гуядаж намайг сэрээгээд  3 удаа шалан дээр унагаасан юм. Өрөөнөөс гарахдаа үүдэнд байсан хогийн хувинг над руу авч шидсэн. Зүүн гарын чигчий хуруу хавдсан байдалтай байсныг Эрдэнэтуул, Баярмаа, Цэцэгсайхан нар харсан” гэх /хх-ийн 24-25, 30х/,

Гэрч Н.Бгийн: “... “Боловсрол-Өргөө” дотуур байранд Адъяасүрэнтэй нэг өрөөнд байрласан. 23 цагийн үед Ж нь “Адъяасүрэн хаана байна” гээд орилж, хашгирч орж ирээд хөлийн гишгүүрээр толгой руу гуядаж, дараа нь удаа дараалан алгадаж байсан. Тэгтэл бид нар сэрж, Ж гарахдаа хогийн сав авч шидээд гарсан” гэх /хх-ийн 32х/,

Гэрч Б.Эын: “... Манай өрөөнд Цэцэгсайхан, Баярмаа, Адъяасүрэн нар байрласан. Би замд ядраад унтсан байсан. Ж, Адъяасүрэн хоёрыг муудсан гэж дараа нь сонссон. Маргааш нь Адъяасүрэн эгч зургаа надаар даруулаад байсан” гэх /хх-ийн 44х/,

Гэрч Х.Цы: “... Хөдөөнөөс махтай ирээд махаа найзындаа өгчихөөд ирэхэд Адъяасүрэн нь “Ж намайг зодлоо” гээд байж байсан. Тэгээд зүүн гарынхаа чигчий хурууг тулсан байна гээд зургаа аваад байсан” гэх /хх-ийн 45х/,

Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “хохирогч Ч.Агийн биед  зүүн гарын тавдугаар хурууны цууралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан тухай” 552 дугаар дүгнэлт /хх-ийн 58-59х/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Энэхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийн оролцогчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн буюу хууль бусаар хязгаарласан явдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Жын гэм бурууг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хуульд заасан төрөл,  хэмжээний ял оногдуулсан байна.

Тодруулбал: Шүүхээс Д.Жд оногдуулсан торгох ял нь гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирчээ.

Прокурорын яллах дүгнэлтэд  “шүүгдэгч Д.Ж нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ гэмт үйлдсэн” гэж дурдсан боловч,  энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг үйлдсэнээс хойш  энэ хуулийн тусгай ангид  зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж,  яллагдагчаар татсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос Д.Жын 2018 оны 09 дүгээр сарын 15-ны орой үйлдсэн гэмт хэрэгт 2 сар 15 хоногийн дараа буюу 11 дүгээр сарын 30-ны өдөр түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул Д.Жын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох боломжгүй юм. /хх-ийн 166х/
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн  “шүүгдэгч Д.Жыг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүрэнгийн давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Хэрэгт эд мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

Гурав. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.


                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  О.БААТАРСҮХ
        
                              ШҮҮГЧИД                          Д.БАЙГАЛМАА
                 
                                                                                       Б.СҮХГОМБО