Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2025/0493

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэгч: “С” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/*** дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 0401 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч

Хэргийн индекс: 128/2025/0306/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “С” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/*** дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 0401 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/*** дүгээр захирамжийг хүчингүй” болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 2.15-д “Нийслэлийн Засаг даргаас уг шийдвэрийг гаргахдаа сонсох ажиллагааны мэдэгдлийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01-09/4620 дугаар албан бичгээр “С” ХХК-д хүргүүлсэн, гаргасан шийдвэрээ 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 04-08/3814 дугаартай албан бичгээр хүргүүлсэн гэж тайлбарлаж, эдгээр албан бичгийг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн ч тус албан бичгийг нэхэмжлэгч гардаж аваагүй болох нь шуудангийн магадалгаагаар “хаягт байхгүй” гэж тэмдэглэсэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын явсан бичгийн бүртгэлийн дэвтэрт “хаяг тодорхойгүй” гэж тэмдэглэсэн зэргээр тогтоогдлоо. 2.16-д “Мөн Өдрийн сонины 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаарт газар эзэмшигч, ашиглагч нарт хандаж зар гаргасан байгаа боловч Нийслэлийн Засаг даргаас 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01-09/4620 дугаар албан бичгээр гаргасан сонсох ажиллагааны мэдэгдлийг тухайн компанид хүргүүлсэн баримт байхгүй байна” гэж тус тус дүгнэсэн байна. Үүнээс үзэхэд албан бичгийг баталгаат шуудангаар авсан бүртгэлийг бүрэн гүйцэт шалгаагүй буюу тус баталгаат Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 6 дугаар байрны 30 тоотод хүргүүлсэн бөгөөд тус хаяг нь Улсын бүртгэлийн гэрчилгээний хаяг байдаг. Нэхэмжлэгч нь захиргааны байгууллагад хаягийн өөрчлөлтөө мэдэгдэж байгаагүй бөгөөд хуулийн дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн нь сонсох ажиллагааг явуулаагүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны журам зөрчөөгүй байна.

3.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШЗ2024/7096 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 221/ШТ2024/0143 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн байна. Үүний дагуу Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандаж 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаар дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтээр Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, 94.2 дахь хэсэг, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 4.1, 4.7.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн “С” ХХК-ийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/*** дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх болон хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай гомдлыг хүлээн авахаас татгалзаж бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд хандах эрхтэй байхаар хуулиар зохицуулсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр дээр дээрх дүгнэлтийг огт дурдаагүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс хэрхэн яаж тооцож байгаа нь тодорхойгүй, дүгнэлт огт өгөөгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.У нь 2022-2024 онуудад Монгол Улсад байгаагүй гэж тайлбарладаг хэдий ч энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэх дээр дүгнэлт өгөөгүй үлдээсэн.

3.3. Мөн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж заасныг зөрчиж шүүхэд хэрэг хянан хэлэлцэх шатанд мэтгэлцэх эрхээр хангалгүй явуулсан. Бодит нөхцөл байдал дээр маргаан бүхий газар хуучин бетон хашаатай бөгөөд үйлчилгээний зориулалтын дагуу ашигласан гэх зүйл огт байхгүй байдаг. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2025/0401 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч “С” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/*** дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.2. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/*** дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжаар “Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо /хуучнаар 10 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 300 м.кв газрыг эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй тул “С” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож” шийдвэрлэжээ.

2.3. Анхан шатны шүүхээс “...барилгын ажил эхлүүлэхэд шаардлагатай байдал олон зөвшөөрлүүд, техникийн нөхцөл зэрэг баримт бичгүүдийг нэг зэрэг, эсхүл богино хугацаанд бүрдүүлэх боломжгүй... Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны төлөвлөгөөнд тусгуулаад нисэхийн барилга байгууламж, цэвэрлэх байгууламж депо гэх мэт зориулалттай барилга байгууламж барьж болно гэж, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар нь одоогоор шинээр техникийн нөхцөл олгох боломжгүй гэж, Иргэний нисэхийн ерөнхий газар шинэ Олон улсын нисэх буудал ашиглалтад орсны дараа барилгаа барих боломжтой гэж байснаас үзвэл нэхэмжлэгчээс шууд шалтгаалахгүй шалтгааны улмаас 2016 оноос хойш барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй байсан...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол цуцлахаар заасан ба газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан хоёр жил байх, ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцөлүүдийг хууль тогтоогчоос заасан тул эдгээр нь нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ.

2.5. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” зөвлөмжид “... Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийн “газрыг 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг ойлголтыг газар эзэмших гэрээний хугацаатай хамааралгүй гагцхүү гэрээ хийгдсэн өдрөөс хойш бүтэн 2 жилийн хугацаанд тухайн газар дээрээ зориулалтын дагуу барилга, байгууламж, зам талбай зэрэг нүдэнд харагдаж хэмжиж, тооцоолж болохуйц объект бий болгоогүй байхыг ойлгох нь зүйтэй. Харин газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад ашиглуулсан зэргийг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино. Хуулийн дээрх зүйл, хэсгийн “хүндэтгэн үзэх шалтгаан” гэсэн заалт нь газрыг зориулалтаар ашиглаагүй, 2 жил ашиглаагүй гэдэг заалттай шууд хамааралтай юм. Гэрээ хийгдсэний дараа бусдын буруугаас эсхүл давагдашгүй хүчний улмаас байгалийн тогтолцооны өөрчлөлт гарсан, эвдрэл, элэгдэл бий болсон болон эзэмшигч өвчтэй байсан, гадаадад ажилласан зэрэг зайлшгүй шалтгаанаар газраа зориулалтаар нь 2 жилийн хугацаанд ашиглаж чадахгүйд хүрсэн зэргийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзнэ. Эзэмшигч энэ тухайгаа эрх олгосон байгууллага, албан тушаалтанд албан ёсоор мэдэгдсэн, зориулалтыг өөрчлүүлэх, хугацааг сунгуулах арга хэмжээ авсан эсэхийг шүүх заавал шалгаж тогтоосон байвал зохино ...” гэж тайлбарласан.

2.6 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч нь гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглахын тулд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Үйлчилгээний барилгын загвар зураг, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Инженер-геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх ажлын гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт, 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгаа хийх гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус тус “У” ХК-иас техникийн нөхцөл зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байх явцад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 03/985 дугаар албан бичгээр “...орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тусгай зориулалтаар ашиглах нөөц бүсэд орсон байна. Иймд төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нисэхийн барилга, байгууламж, цэвэрлэх байгууламж, депо гэх мэт зориулалттай барилга байгууламж барих боломжтой” гэх, Иргэний нисэхийн ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 07/8*** дүгээр албан бичгээр “...Олон улсын нисэх буудал ашиглалтад орсны дараа танай байгууллага 4 давхар барилга барих боломжтой...” гэх хариуг тус тус өгснөөс үзвэл нэхэмжлэгч барилгын ажлаа эхлүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн буюу нэхэмжлэгч компанийн хувьд газраа зориулалтын дагуу ашиглахаар барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцөл авах зэрэг баримт бичгийг энэ хугацаанд бүрдүүлэх боломжгүй байсан болох нь тогтоогдож байна.

2.7. Энэ талаар анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч “С” ХХК нь газраа зориулалтаар ашиглах үндэслэл болсон зэрэгцэн орших байгууллагын зөвшөөрөл, эрх бүхий байгууллагын олгох ёстой техникийн нөхцөлүүдийг авахгүйгээр барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй, зайлшгүй шаардлагатай баримт бичгийг батлуулах, зөвшөөрөл авах ажлыг 2016-2020 онуудад тасралтгүй хийж ирсэн, зарим байгууллагууд зөвшөөрөл олгохгүй удаашруулсан байгаагаас уг газрыг өөрөөс нь шалтгаалсан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтаар нь ашиглаагүй гэж үзэхээргүй байна” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

2.8 Мөн дээрх хуулийн заалт, тайлбараас үзэхэд газар эзэмшигч нь гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгохоор зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч “С” ХХК нь газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх баримт хангалттай тогтоогдохгүй байх тул газар эзэмших эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр хууль бус гэж дүгнэх үндэслэлтэй байна.

2.9. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоосон нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд дээрх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байна.

2.10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “С” ХХК нь газар эзэмшсэнээс хойш буюу 2016-2020 онд тасралтгүй холбогдох баримт бичгийг бүрдүүлж эрх бүхий байгууллагад зөвшөөрөл авахаар хүсэлтээ гаргасан, зөвшөөрлүүд өөрөөс шалтгаалахгүйгээр олгогдохгүй удааширсан, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан нь дээр дурдсан бүх нийтийг хамарсан хатуу хол хорио тогтоосон үед таарч тухайн газартаа үйл ажиллагаа явуулах боломжгүй, нөхцөл байдал бий болсон, хөл хорио цуцлагдсанаас хойш 1 жил 4 сарын дараа маргаан бүхий актыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газраа зориулалтаар нь 2 жил дараалан ашиглаагүй гэж хариуцагч шууд газар эзэмших эрхийг цуцалсан нь учир дутагдалтай.

2.11. Хариуцагч захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасныг зөрчиж Газрын тухай хууль болон уг хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарт заасан дээрх үндэслэл, нөхцөл бий болсон эсэхийг тодруулаагүй байна.

2.12. Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагааны мэдэгдлийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01-09/4620 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн, харин маргаан бүхий захиргааны актыг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 04-08/3**** дугаартай албан бичгээр хүргүүлсэн боловч нэхэмжлэгч гардаж аваагүй болох нь “Хаягт байхгүй”, “Хаяг тодорхойгүй” гэж тэмдэглэсэн шуудангийн магадалгаагаар нотлогдож байх тул энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...албан бичгийг баталгаат шуудангаар авсан бүртгэлийг бүрэн гүйцэт шалгаагүй буюу тус баталгаат хаяг болох Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, *** мянгат, * дугаар байрны *3* тоотод хүргүүлсэн бөгөөд тус хаяг нь Улсын бүртгэлийн гэрчилгээний хаяг байдаг” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.13. Мөн эрх бүхий байгууллагуудаас өгсөн зөвшөөрлийн хүрээнд барихад төлөвлөсөн уг объект дан ганц нэхэмжлэгч этгээдийнх бус бусад этгээдүүдтэй хамтран хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөсөн байх бөгөөд уг газрыг зориулалтын дагуу нэхэмжлэгч дангаараа ашиглах боломжгүй гэх зэрэг бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 0401 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                               А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА