| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2023/0015/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/17 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Ч.Отгонбаатар |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Ч.Отгонбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч Н.Төмөрзориг нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Төмөрзоригт холбогдох эрүүгийн 2222000000191 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 3 дугаар Гүн овоот гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Гонгор овогт Наранцэцэгийн Төмөрзориг, /регистрийн дугаар: ЗН73042713/
Шүүгдэгч Н.Төмөрзориг нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4 дүгээр баг “Ол овоо” гэх газраас 09 дүгээр сарын дундуур /2022 оны 09 дүгээр сарын 12-ноос 17-ны өдрийн хооронд/ иргэн Х.Нямцэрэнгийн 2 тооны үхрийг /духан дээрээ сартай эм улаан гунж-1, улаан хүрэн эр бяруу 1 тооны/ бэлчээр дээрээс нь машин механизм ашиглан /мотоцикл/ хулгайлж 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “Олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Х.Нямцэрэнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөрөө авсан, ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байна.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Гонгор овогт Наранцэцэгийн Төмөрзориг нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ол овоо” гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын дундуур /2022 оны 09 дүгээр сарын 12-17-ны өдрийн орчим/ иргэн Х.Нямцэрэнгийн 2 тооны үхрийг /духан дээрээ сартай улаан зүсмийн эм гунж 1, улаан хүрэн зүсмийн эр бяруу 1/ бэлчээрт байхад нь мотоциклоор сүргээс нь тасдан авч явсан буюу бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:
Хохирогч Х.Нямцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Манайх 2022 оны 03 дугаар сарын 10-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4-р багийн нутаг Хадан худаг гэх газарт отроор нүүж ирсэн юм. Намар 2022 оны 09 дүгээр сарын 12-нд Дундговь аймгийн Дэрэн суманд айлын гэрийн найранд эхнэрийн хамтаар явсан юм. Тухайн явдаг өдрөө үхрээ “Ол овоо” гэх нууранд усалчихаад урагшаа тууж гаргаад орхиод явсан, тэгээд аймаг яваад 7 хоног хэрээтэй болсон байх. Яваад иртэл манай үхрээс шүдлэн гунж 1, эр бяруу 1 дутсан байсан. Тухайн үед ойр хавийн айлуудын үхрээр шүүгээд олдохгүй болохоор нь хулгайд алдаж дээ, эзгүйг далимдуулаад хулгайч аваад явсан хэрэг гэж бодсон. Тухайн үед цагдаад хэлж бүртгүүлэх гэж байснаа болиод, хүний нутагт нүүж яваа болохоор ойр хавийн айлууд муу хэлэх байх ямар авсан хүнийг нь харсан биш гэж бодсон. Манайх сая 10 дугаар сарын 28-ны өдөр тухайн газраасаа зүүн урагшаа нүүгээд Зараа гэх газарт нүүж очсон байсан. Тухайн 2 алдагдсан үхрээ ямар ч байсан цагдаад бүртгүүлье гэж бодоод цагдаагийн газарт гомдол гаргасан. Надад сэжиглэж таамаглаж байгаа хүн одоогоор байхгүй. Алдагдсан шүдлэн гунжаа 1.000.000 төгрөг, эр бяруугаа 700.000 төгрөгөөр үнэлж байна. Алдагдсан үхрээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/
Хохирогч Х.Нямцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн “... Миний хүрэн өнгийн эр бярууг амьдаар нь өгсөн, сартай ягаан гунжны хохирол болох 2.000.000 төгрөгийг надад бэлнээр өгсөн. Би хохирлоо бүрэн авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц.Сайнбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Миний хувьд Ган-Эрдэнэ найзаараа дамжуулан П.Даваажав дүүгээс бяруу худалдаж авсан байсан нь хулгайн үхэр байсныг мэдэлгүй авч надад өгсөн байсныг би нэг үхрийг нь буцааж өгсөн. Нөгөө үхэр нь тэр шөнөдөө гүйгээд алга болчихсон. П.Даваажав бид 2 ярилцаад гол хөлдөх үеэр надад орны бярууг авч ирж өгөхөөр бид хоорондоо тохиролцсон...” гэх мэдүүлэг /хх-34-55-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч П.Даваажавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр миний эзэмшлийн Хаан банкны 5990192866 дугаартай данс руу Н.Төмөрзориг ахаас 1.400.000 төгрөг шилжүүлсэн байсан. Одоо Н.Төмөрзориг бид хоёрын дунд ямар нэгэн тооцоо байхгүй. Өгсөн байсан 1.400.000 төгрөгөө олж авсан учир ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ц.Сайнбаяр бид 2 ярилцаад өвөл гол хөлдөх үеэр 2 үхрийг нь өгөхөөр хоорондоо тохиролцож ярьсан. Одоо бид нарын дунд ямар нэгэн өглөг авлага гэх зүйл байхгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-39-40-р хуудас/
Гэрч П.Даваажавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Манай нутгийн Н.Төмөрзориг ах 2022 оны 09 дүгээр сарын дундуур 2 тооны улаан бяруу зарсан. Би нэгийг нь 700.000 төгрөгөөр худалдаж аваад аавын 04-55 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачаад Говьсүмбэр аймагт авч ирээд махны ченж Ган-Эрдэнийн хашаанд буулгасан. Ган-Эрдэнээс би 2022 оны хавар мөнгөний хэрэг гараад 5.000.000 төгрөг гуйсан юм. Тэгтэл “хүн надад арван бяруу нэгийг нь 500.000 төгрөгөөр олоод өг гээн” мөнгө надад байгаа. Би надад намар гэхэд 10 бяруу өгнө гэвэл 5.000.000 төгрөг ав гэхээр нь би тэгье гэж хэлээд авсан юм. Тэрнээс хойш Ган-Эрдэнэд өгөх бяруунаас 8 бярууг нь өгөөд байж байтал Ган-Эрдэнэ 9 сард залгаад үлдсэн 2 бяруугаа яаралтай өг хүн нь нэхээд байна гэхээр нь нутгийн ах болох Төмөрзориг ахаас зарах бяруу байна уу гэж асуухад байгаа гээд манайд өөрөө 2 бяруу туугаад ирсэн. Тэгээд 10 дугаар сарын сүүлээр Нямка гэх залуу 2 улаан бяруу алдчихсан байна гээд надаас асууж байсан. Төмөрзориг гэх хүний надад зарсан 2 бяруу зүсээрээ яг таарч байсан. Тэгээд би Төмөрзоригтой уулзаж өгсөн 2 бяруу чинь хүний бяруу байсан юм биш үү гэж хэлэх гэж байсан боловч Төмөрзориг надтай ерөөсөө таараагүй. Би Төмөрзоригоос хэний бяруу вэ гэж асуухад алдчихсан байж байгаад олоод авч ирж байна. Манай өөрийн үхэр байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд би саахалт айлын хүн болохоор итгэсэн. Нэг улаан бяруу нь духан дээрээ жоохон сартай эм бяруу байсан, нөгөөх нь улаан эр бяруу байсан. Хоёулаа имгүй байсан. Төмөрзориг 2 үхрээ манай хороон дээр тууж ирэхдээ өөрийнхөө улаан өнгийн Haojue гэх мотоциклтой тууж ирсэн. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51-р хуудас/
Шүүгдэгч Н.Төмөрзоригийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... 2022 оны 09 дүгээр сарын дундуур хэдний өдрийг нь санахгүй байна. Цагаандэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг “Ол овоо” гэдэг газар өөрийн хонь ямаагаа хариулаад явж байхдаа хүний 10-аад үхэр эзэнгүй бэлчиж байсан, ойр хавьд хүн байгаагүй. Тэгэхээр нь тэр даруйдаа хүрэн өнгийн эр бяруу, сартай ягаан охин гунж байсныг тасдан хөөж 5-6 км цаана байдаг Даваажав гэдэг айлд өгсөн. Даваажав надаас үхэр худалдаж авна гэхээр нь айлын 2 үхэр тасдаж аваачаад өгсөн... Даваажав гэдэг хүн надад 2 үхрийн мөнгө болох 1.400.000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгсөн. Би өөрийн Хаужи /Haojue/ нэртэй улаан хүрэн мотоциклоор тууж явсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 83-р хуудас/
Шүүгдэгч Н.Төмөрзориг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “... 2022 оны 09 сарын дунд үеэр айлын үхэр манай ойрхон байдаг усан дээр нэлээн хэд хоносон. Танихгүй үхэр байхаар нь автал гадны айлын үхэр байсан. Тууж авч ирээд Даваажав гэдэг хүнд мөнгөний хэрэг гараад өгсөн. 1 үхрийг нь амьдаар нь буцааж өгсөн...” /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Хохирлын үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг үнэлгээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам шүүгдэгч Н.Төмөрзоригийг “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдээгүй харин эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “... Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасаныг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.
Учир нь шүүгдэгч Н.Төмөрзоригоос гэрч П.Даваажав нь үхэр зарах эсэх талаар хэрэг үйл явдал болохоос өмнө хэлж байсан талаархи мэдүүлэг, түүнчлэн Н.Төмөрзоригийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “... Эзэнгүй 10-аад тооны үхэр байхаар нь 1 үхэр тасдан хөөсөн тэгээд шууд Даваажавд зарсан...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг яллах нотлох баримтаар үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “... Алдуул мал завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.
Гэтэл шүүгдэгч Н.Төмөрзориг нь бэлчээрт байсан бусдын эзэмшлийн үхэр сүргээс 2 тооны үхрийг мотоцикл ашиглан тасдан тууж бусдад зарж борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “Олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан” гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл байх ба тухайн үйл явдал болох үед уг 2 тооны үхэр хэний эзэмшлийнх болох нь тодорхойгүй байгаагүй буюу хохирогч Х.Нямцэрэн нь айлын найранд явах зорилгоор үхэр сүргээ услаад бэлчээрт туусан байдалтай түр орхисон буюу ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч тодорхойгүй үхэрнүүд байгаагүй талаар мэдүүлэг өгсөн байна.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар , хууль бусаар авах байдлаар илэрнэ.
Шүүгдэгчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 2 бод малыг шууд санаатай үйлдлээр хулгайлсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг, олон тооны мал хулгайлах үйлдлээ хялбарчлах, үйлдлээ түргэвчлэх зорилгоор машин механизм ашигласан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох машин механизм ашигласан гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Төмөрзоригийг бусдын 2 тооны буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн болно.
Прокуророос Н.Төмөрзоригт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4 дүгээр баг “Ол овоо” гэж бичсэн байх ба хавтаст хэрэгт хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “Дундговь аймгийн Цагаандэлгэр сум 4 дүгээр баг “Ол овоо”, /хх-ийн 3-5-р хуудас/, түүнчлэн хохирогчийн мэдүүлэгт “... Дундговь аймгийн Цагаандэлгэр сум 4 дүгээр баг...”, /хх-ийн 27-28, 30-р хуудас/, мөн шүүгдэгчийн мэдүүлэгт “... Цагаандэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг “Ол овоо”...” гэж тус тус дурдагдсан ба яллах дүгнэлтэнд хэрэг үйлдэгдсэн сумын нэрийг зөрүүтэй бичиж техникийн шинжтэй алдаа гарсан байх боловч энэ нь хэрэг шийдвэрлэхэд саад болохооргүй байх тул шийтгэх тогтоолд нотлох баримтуудыг үндэслэн зөвтгөсөн болохыг жич дурьдах нь зүйтэй байна.
Хохирлын талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Нямцэрэнд 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын үнэлгээний комиссын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаартай үнэлгээгээр /хх-ийн 67-68 дугаар хуудас/ тогтоогдсон байна.
Шүүгдэгч Н.Төмөрзориг нь түүнчлэн дээрх хулгайлан авсан 2 тооны үхрээ П.Даваажавд худалдан борлуулсан, улмаар П.Даваажав нь мөн иргэн Ц.Сайнбаярт гэх зэргээр дамжуулан худалдсан ба хохирогч Х.Нямцэрэнд учирсан хохирлыг шүүгдэгч Н.Төмөрзориг нь нөхөн төлсөн, бусад иргэний нэхэмжлэгч нар нь хохирлоо барагдуулан авсан, тохиролцсон талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.Төмөрзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Төмөрзориг нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн Хаужи /Haojue/ маркийн улсын дугааргүй мотоцикл буюу машин механизм ашигласан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашин Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д заасан “тээврийн хэрэгсэл” гэсэн ойлголтод хамаарч байх тул тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Төмөрзориг нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө орлого байхгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1,3, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гонгор овогт Наранцэцэгийн Төмөрзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар Гонгор овогт Наранцэцэгийн Төмөрзоригт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Төмөрзоригт оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй Хаужи /Haojue/ маркийн улсын дугааргүй 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий мотоциклыг улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсрагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД17.12