Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын  яллагч О.Эрхэмбаяр

Шүүгдэгч Х.Маналын өмгөөлөгч Т.Дашцэрэн

Шүүгдэгч Х.Манал, Д.Батбаяр нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Манал, Д.Батбаяр нарт холбогдох эрүүгийн 2222000000197 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Яшил” гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Яшил овогт Хүрэлбаатарын Манал, /РД:ЗГ90081013/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт,  Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан толгой” гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Буурал Угалз овогт Дагвадоржийн Батбаяр /РД:ЗГ86080617/

 

Шүүгдэгч Д.Батбаяр нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Дундговь аймгийн Гурвансайхан сумын 5-р багийн нутаг дэвсгэр сумын төвд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зүс таних Х.Маналтай үл ялих зүйлээс маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Х.Манал нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2-р баг “Хар толгойн говь” гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зүс таних Д.Батбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хөлөөрөө нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                       1. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох талаар:  

       

Шүүгдэгч Буурал Угалз овогт Дагвадоржийн Батбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Гурвансайхан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр буюу сумын төвд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Х.Маналтай үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Яшил овогт Хүрэлбаатарын Манал нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар толгойн говь” гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Д.Батбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар хөлөөрөө нүүрэн тус газарт нь өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

 

Шүүгдэгч Х.Манал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна гэв.

Шүүгдэгч Д.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна гэв.

 

Хохирогч Х.Манал мөрдөн байцааалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “... Би 2022 оны 11 дүгээр сарын 10-ны орой дэлгүүр хаахаас өмнө дэлгүүр орж 1 шил 0.75 литрийн Хараа архи, 1 том пиво авсан юм. Би Гурвансайхан сумын хаалган дээр Бүдээ, Заяа нарыг үлдээсэн байсан газраа эргээд ирсэн. Тэгээд бид нар тэндээ 1 шил архи ууцгаасан тэр үед Батбаяр ирсэн байсан юм. Бид нар архиа Батбаярын машинд орж Батбаяртай хамт уусан. Би зарим зүйлийг тодорхой санахгүй байна. Би нэг мэдсэн чинь эхнэртэйгээ гар утсаараа яриад явж байсан, их согтсон байсан. Батбаяр намайг зодсон, би Батбаярт боолгуулсан байдалтай байснаа санаж байна. Тэрнээс өмнө Батбаяр намайг 2-3 удаа өшиглөж байсан, тэр үедээ би эхнэртэйгээ утсаар яриад байж байсан, утсаа салгаагүй өвөртөө хийсэн манай эхнэр сонсож байсан юм байна лээ. Тэгээд сэргээд гэр рүүгээ харьсан. Тэгээд өглөө нь гэртээ сэртэл манай аав, ээж нар “Чи наад нүүрээ яачихсан юм бэ” гэхээр нь би аавдаа “Батбаяр намайг зодсон” гэж хэлсэн. Тэгтэл манай аав Батбаяр “Яагаад чамайг зоддог юм бэ очиж уулзъя” гээд аав намайг дагуулаад Батбаярын эгчийн гэрт очсон юм... Миний зүүн нүд рүү цохигдсон байдалтай хавдаж хөхөрсөн, хамар зүүн талаасаа хонхойсон, толгойн ар хэсэгт хавдсан басан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 15-16-р хуудас/,

 

Хохирогч Д.Батбаяр мөрдөн байцааалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “... Би 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө Гурвансайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар толгойн говь” гэх газарт унтаж байтал Манал гэх хүн орж ирээд “Адъяа ах дуудаж байна” гэж хэлсэн. Тэгээд эгчийнхээ гэрээс гарах гээд хувцсаа өмсөж байтал Манал нь миний нүүрэн тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн юм. Мөн тэр үед Манал нь өөрийн төрсөн эцгийн хамтаар орж ирсэн байсан юм. Аав Хүрэлбаатар нь бас намайг зодох гэж дайрсан. Тэр үед манай эгч дундуур орж салгаад гэрээс Хүрэлбаатар, Манал нарыг гаргасан. Тухайн үед миний хамраас цус их гараад тогтохгүй байхаар нь сумын төвийн эмнэлэг дээр ирж үзүүлээд аймагт эмчлүүлэх шаардлагатай гэсэн бичиг хийж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,

Гэрч Ц.Заяагийн “2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би Маналтай таараад тэгээд Маналын хамтаар хөдөө Цогоо гэх хүний гэрт очиж Манал 2 адуу нядалсан. Тэгээд Цогоогийнхоос гараад Маналын хөдөө гэрт ирээд хонь малыг нь услаад байж байгаад орой харанхуй болж байхад сумын төв рүү Маналын хамтаар мотоциклтой явсан юм. Манал бид хоёр ирээд намайг сумын баруунханд талд буулгаад төвд байх дэлгүүр орохоор явсан. Би тэгээд Бүдээтэй таараад тэгтэл Бүдээ Батбаяр ахыг дуудсан. Манал дэлгүүрээс 1 шил архи, 1 том пивотой ирсэн. Тэр үед Батбаяр ах Приус-11 маркийн машинтай ирсэн ба бид нар машинд нь суугаад баруун тийшээ байх Гурвансайхан гэх бичигтэй газарт ирээд тэндээ архи, пиво уусан... Намайг машинд сууж байхад Батбаяр, Манал нар барьцалдаад зогсож байсан. Тэгээд би машинаас бууж ирээд яаж байна аа одоо больцгоо гэсэн. Тэгэхэд больцгоосон харин би тэр үед айлд хүргүүлж үлдсэн юм. Манал ярихдаа намайг утсаар ярьж байхад Батбаяр цохичихлоо гэх юм ярьж байсан. Надад харсан зүйл байхгүй. Гэхдээ машинд нь архи ууж байхад Батбаяр, Манал нар дуугаа өндөрсгөөд л маргалдах янзтай байгаад байсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 32-33-р хуудас/,

Гэрч Ц.Эрдэнэбатын “... 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө би Гурвансайхан сумын 2-р багийн нутаг “Хар толгой” гэх газарт өөрийн хамтран амьдрагч Дуламсүрэнгийн гэрт унтаж байсан юм. Өглөө 07 цагийн үед хаалга хүн цохих шиг болсон. Дуламсүрэн босоод хаалга нээхэд Батбаяр хаана байна гэхэд Дуламсүрэн тэнд байна гээд зааж өгч байх шиг байсан. Тэгтэл нөгөө хүн “Босоод ир гадаа Адъяа дуудаж байна” гэсэн. Тэгээд байж байтал нэг зүйл тас хийх шиг болсон. Тэгтэл Манал буюу Улаанаа байсан. Аав нь гэрт орж ирсэн байсан. Тэгээд Дуламсүрэн нөгөө хэдийг гэрээсээ хөөгөөд гаргасан. Батбаярын хамраас гарсан цусыг Дуламсүрэн цэвэрлэсэн. Өөр ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй... Дуламсүрэн, Данзанравжаа, Батбаяр, Манал, Маналын аав /Хүрэлбаатар/, бид нар байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/

Гэрч Д.Данзанравжаагийн “... 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө намайг гэртээ унтаж байхад манай гэрт хүмүүс чанга чанга яриад байсан. Тэгээд би сэрээд харахад Батбаяр ахын хамраас нь цус гарсан байдалтай сууж байсан. Тэр үед ээж манай гэрт байсан хүмүүсийг гэрээс хөөгөөд гаргасан. Ээжийг гэрээс хөөгөөд гаргахад Манал ах буюу Улаанаа байсан. Манал ах Батбаяр ахыг “Гараад ир би чамайг ална” гэх зэргээр хэлж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/

Гэрч Н.Хүрэлбаатарын “... 2022 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 12 цагийн орчимд манай хүү Манал нь гэртээ ирсэн. Гэртээ ирээд шөнө ёолоод байхаар нь манай эхнэр өвчин намдаах эм өгч байсан. Өглөө эрт босоод Маналыг хартал зүүн нүд нь хөхөрч хавдсан, хамар нь шалбарсан, толгой ар хэсэг болон хажуу хэсгээрээ нэлээд хавдсан байдалтай байсан. Би хүү Маналаас юу болсон талаар асуухад “Намайг урд шөнө Батбаяр зодчихсон юм” гэхээр яагаад миний хүүг зодож байгаа юм бэ гэж хэлээд Маналыг дагуулаад Батбаярын байгаа газар болох Хар толгойн говь гэх газар эгчийнх нь гэрийн гадаа ирээд хүүгээ ороод Батбаярыг дуудаад ир, аав нь уулзаад хэдэн үе хэлье... гэсэн. Тэгээд манай хүү гэрт ороод нэлээн удсан. Гэрт их дуу чимээ гараад маргалдаж байгаа юм шиг болохоор нь би Батбаярын байсан айлд яваад ороход манай хүү Батбаярын нүүр рүү өшиглөсөн гэж хэлсэн. Тэгээд би тэр айлаас хүүгээ аваад шууд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/

Д.Батбаяр нь Х.Маналын нүүрэн тус газарт нь гараараа цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 319 дугаартай “Х.Маналын биед зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт, /хх-ийн 44-46-р хуудас/

Х.Манал нь Д.Батбаярын нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 318 дугаартай “Д.Батбаярын биед тархи доргилт, хамар ясны хугарал, зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 36-38-р хуудас/ тус тус тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг  нотолсон байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч Д.Батбаяр нь Х.Маналын нүүрэн тус газарт гараараа цохисон үйлдэлдээ, Х.Манал нь Д.Батбаярын нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөсөн үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. Д.Батбаяр, Х.Манал нар нь шууд санаатай үйлдлээрээ харилцан бие, биедээ хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч Д.Батбаяр, Х.Манал нар Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “Хүний халдашгүй дархан байх эрх” буюу “Хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж харилцан зодолдож бие, биенийхээ эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Батбаяр, Х.Манал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч нар нь харилцан хохирогчоор тогтоогдсон ба бие биедээ төлөх төлбөргүй болох нь хохирогч Д.Батбаяр, Х.Манал нарын ”... гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтүүдээр нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Батбаяр, Х.Манал нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүгдэгч Д.Батбаяр, Х.Манал нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал  тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, ахуй амьдралын хувьд малчин зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тэдний зорчин явах эрх, хөдөлмөрлөх эрхийг хөндөлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Батбаяр, Х.Манал нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэг, 36.8, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буурал Угалз овогт Давгадоржийн Батбаяр, Яшил овогт Хүрэлбаатарын Манал нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Буурал Угалз овогт Давгадоржийн Батбаяр, Яшил овогт Хүрэлбаатарын Манал нарыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батбаяр, Х.Манал нарт шүүхээс оногдуулсан оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй 15000 /арван таван мянга/ тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, шүүгдэгч нар нь харилцан гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ТӨРБОЛД