Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын  яллагч Ч.Отгонбаатар

Шүүгдэгч М.Бямбадорж, Н.Батбаяр нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бямбадорж, Н.Батбаяр нарт холбогдох эрүүгийн 2222000000172 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, 35 настай, эрэгтэй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Хулд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүрэн дэлийн бууц” гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Харнууд овогт Мөнхчулууны Бямбадорж, /РД:ЗМ87042511/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Сайн сүүж” гэх газарт оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Хулд овогт Наранцогтын Батбаяр /РД:ЗМ70010510/

 

Шүүгдэгч М.Бямбадорж нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар баг Сүүжийн хар овоо гэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн гэртээ иргэн Н.Батбаяртай маргалдан зодолдож нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, нүдний алимын доргилт, хамар ясны хугарал, чамархай, уруулд язарсан шарх, хүзүү, хацар, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.Батбаяр нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар баг Сүүжийн хар овоо гэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэн М.Бямбадоржтой маргалдан зодолдож нүүр хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь нүдний эвэрлэгт цус хуралт, зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                          1. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч Харнууд овогт Мөнхчулууны Бямбадорж нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Сүүжийн хар овоо” гэх газарт байрлах өөрийн гэртээ 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Н.Батбаяртай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан улмаар зодолдож нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, нүдний алимын доргилт, хамар ясны хугарал, чамархай, уруулд язарсан шарх, хүзүү, хацар, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Хулд овогт Наранцогтын Батбаяр нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар баг “Сүүжийн хар овоо” гэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч М.Бямбадоржтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдан зодолдож нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь нүдний эвэрлэгт цус хуралт, зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Шүүгдэгч М.Бямбадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна гэв.

Шүүгдэгч Н.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна гэв.

Хохирогч М.Бямбадорж мөрдөн байцааалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “... 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10-11 цагийн орчимд адуу хайж яваа гээд Дэлгэрхангай сумын харьяат Мэндбаяр ирсэн юм. Мэндбаярт би авдраасаа “Бөртэ” нэртэй 0.5 литрийн савлагаатай архи гаргаж Мэндбаярын хамт хувааж уусан юм. Тэр архийг уугаад сууж байтал саахалтын Батбаяр гэх хүн ирсэн. Тэгээд би дахин “Экс” нэртэй 0.75 литрийн архи гаргаад тэрийг Мэндбаяр, Батбаяр бид 3 хувааж уусан. Тэрнээс хойш миний санаж байгаагаар Батбаяр намайг дарж унагаад миний нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би эргүүлж цохиод Батбаяр бид хоёр зууралдаж зодолдож эхэлсэн... Бэлчээр, уснаас л болсон байх, мөн тухайн үеэс хэд хоногийн өмнө манай хоёрын хонь нийлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/

Хохирогч Н.Батбаяр мөрдөн байцааалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “... 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хонь хариулж яваад саахалт М.Бямбадоржийнд буусан. Тухайн үед М.Бямбадорж гэртээ Мэндбаяртай хамт 0.5 литрийн савлагаатай архи задлаад хувааж уугаад сууж байсан. Тэгээд тэр архийг М.Бямбадорж, Мэндбаяр бид 3 хуваагаад уусан. Тэгтэл М.Бямбадорж 0.75 литрийн Экс нэртэй архи гаргаж ирсэн. Тэрийг мөн бид 3 хувааж ууж дуусгасан. Тэгээд яг юунаас болсныг мэдэхгүй М.Бямбадоржтой хэрэлдэж маргалдсан юм. Тэгээд М.Бямбадоржийн гэрээс гараад Мэндбаяр намайг араас тэвэртэл М.Бямбадорж миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон... Тэгээд тэрнээс хойш юу болсныг санахгүй байна тухайн үед миний хамарнаас цус гарсан ба нэг сэргэхэд эмнэлэгт байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/

 

М.Бямбадорж, Н.Батбаяр нарын үйлдлийг харсан талаараа мэдүүлсэн гэрч Б.Мэндбаярын “... Би 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр адуу хайж яваад М.Бямбадоржийнд бууж адуу сурсан юм. Тэгээд М.Бямбадоржоос адуугаа сурчихаад явах гэж байтал М.Бямбадорж цэнхэр өнгийн шилтэй 0.5 литрийн савлагаатай архи гаргаж ирсэн. Тэр архийг хуваагаад уугаад сууж байтал тэр ах хүү /Батбаяр/ ирсэн. Тэгээд архиа бид 3 хувааж ууж дуусгаад би гарч бие засаад явах гэтэл М.Бямбадорж ороод ир гэж дуудсан юм. Тэгээд яваад ортол дахиад нэг 0.75 литрийн архи /нэрийг нь мэдэхгүй байна/ гаргаад ирчихсэн задлах гэж байсан. Тэр архийг бид 3 мөн хувааж уусан. Тэгж байгаад М.Бямбадорж, Батбаярыг цохичих шиг болсон. Тэгээд тэр хоёр зодолдож эхэлсэн ба би тухайн үед их согтсон байсан тул юм санахгүй байна... Архи ууж байхдаа Бямбадорж, Батбаяр гэх хүнийг “Хонь малаа адууны зэлэн дээр авч ирлээ” гэж хэлсэн. Тэгэхэд Батбаяр гэх хүн “Би чиний адууг авч ирсэн, чи үнэ хөлс өгөөгүй” гэж хэлсэн. Тиймэрхүү юм яриад хэрэлдэж маргалдсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-р хуудас/,

Гэрч Б.Нансалмаагийн “...Манайх Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р багийн нутаг Сүүжийн хар овоо гэх газарт байгаа юм. Би 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цаг өнгөрч байх үед аймгаас хөдөө гэртээ очсон юм. Тухайн үед манай нөхөр байгаагүй. Тэгэхээр нь малдаа явж дээ гэж бодсон. Тэгээд байж байтал 13 цаг өнгөрч байх үед танихгүй 20 орчим насны залуу мотоциклтой ирээд лууван Баяраагийн эхнэр мөн үү гэхээр нь би ...тийм хүн танихгүй харин Батбаяр гэж хүнийг танина... гэж хэлэхэд танай нөхөр чинь айлын хүмүүстэй зодолдоод байна, хүрч ирж нөхрөө ав гэсэн. Тэгэхээр нь би хаана, хэнийд гэж асуухад Бямбакаагийнд гэж хариулсан. Тэгээд тэр айлд очиход гэрийн гадаа нэг хүн дээшээ хараад хэвтэж байсан. Газар хэвтэж байгаа хүнийг нөхрөө юм болов уу гэж бодоод хартал дээлийнх нь өнгө улаан хүрэн харагдаад байсан юм. Тэгэхээр нь биш байна гэж бодоод сайн хартал гутал, дурангийн сав хоёр нь манай нөхрийнх байсан. Бууж очоод хартал дээл нь цус шороо болж бохирлогдсон, нүүр нь танигдахгүй, битүү хавдартай, цус ихээр гарч газар тунасан байсан. Би та нар хүнийг ийм болтол зоддог ямар учиртай юм бэ гээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа хүлээж байх хооронд Мэндбаяр болон Бямбадорж нар манай нөхрийг цохиж зодоод өшиглөөд байсан. Тэгэхээр нь би нөхрөө зодуулахгүй хамгаалтал Бямбадорж миний толгой хэсэгт 2 удаа цохисон. Тэгээд цагдаа ирээд намайг нөхрөө аваад эмнэлэг яв гээд, тэр хоёр хүнийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 18-19-р хуудас/

 

Н.Батбаяр нь хохирогч М.Бямбадоржийн нүүрэн тус газарт нь гараараа цохисон үйлдлийн улмаас түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 284 дугаартай “М.Бямбадоржийн биед нүдний эвэрлэгт цус хуралт, зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эвэрлэгт цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зовхины цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахүй.” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 31-32-р хуудас/,

М.Бямбадорж нь хохирогч Н.Батбаярын нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохисон үйлдлийн улмаас түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 283 дугаартай “Н.Батбаярын биед баруун, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, нүдний алимын доргилт, хамар ясны хугарал, чамархай, уруулд язарсан шарх, зовхи, хацар, шанаа, уруулын зөөлөн эдийн няцрал, зовхинд цус хуралт, хүзүү, хацар, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Арьсны зулгаралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 37-38-р хуудас/ тус тус тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг  нотолсон байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч М.Бямбадорж, Н.Батбаяр нар нь харилцан бие биенийхээ нүүрэн тус газарт цохисон үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. М.Бямбадорж, Н.Батбаяр нар нь шууд санаатай үйлдлээрээ харилцан бие, биедээ хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч М.Бямбадорж, Н.Батбаяр нар Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “Хүний халдашгүй дархан байх эрх” буюу “Хүний эрүүл мэндийн халдашгүй эрх” ийг зөрчиж харилцан зодолдож бие, биенийхээ эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч М.Бямбадорж, Н.Батбаяр нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч нар нь харилцан хохирогчоор тогтоогдсон ба бие биедээ төлөх төлбөргүй болох нь хохирогч  нарын ”... гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтүүдээр нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч М.Бямбадорж, Н.Батбаяр нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хэргийг шүүхэд шилжин ирэх үед хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гарган улсын яллагчтай ял тохиролцон эрүүгийн хариуцлагын саналаа гарган ирүүлсэн ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нар нь харилцан төлөх төлбөргүй учир тэдэнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч нарт прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /Дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял  оногдуулсан болно.

Шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэг, 36.8, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харнууд овогт Мөнхчулууны Бямбадорж, Хулд овогт Наранцогтын Батбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Харнууд овогт Мөнхчулууны Бямбадорж, Хулд овогт Наранцогтын Батбаяр нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бямбадорж, Н.Батбаяр нарт шүүхээс оногдуулсан оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй 15000 /арван таван мянга/ тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч М.Бямбадорж, Н.Батбаяр нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь харилцан хохирогчоор тогтоогдсон ба харилцан гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бямбадорж, Н.Батбаяр нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ТӨРБОЛД