| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2019/01510/и |
| Дугаар | 183/ШШ2019/01592 |
| Огноо | 2019-07-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2019/01592
2019 оны 07 сарын 08 өдөр Дугаар183/ШШ2018/01592 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, тоотод оршин суух, Г /РД:............./-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, тоотод байрлах, Ш ХХК /РД:........../-д холбогдох,
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ........ тоот нийт 30 м.кв талбай бүхий 2 автомашины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г миний бие 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ш ХХК-ийн орон сууцны барилгын зоорийн давхрын автомашины хамааралгүй дулаан зогсоолоос худалдан авах гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо......... дугаартай нийт 30 м.кв талбайтай автомашины дулаан зогсоолыг тус бүр 13.000.000 төгрөгөөр нийтдээ 26.000.000 төгрөгөөр худалдан авсан. Иймд Г намайг дээрх 2 автомашины дулаан зогсоолын жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ш ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хан-Уул үүргийн 10 дугаар хороон дахь Ш ХХК-ийн үйлчилгээний зориулалттай ....... айлын орон сууцны барилгаас иргэн Г зоорийн давхрын ........... тоот нийт 30 м.кв талбайтай 2 ширхэг авто зогсоолыг худалдан авч төлбөр тооцоо бүрэн дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаа шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээний дагуу №13, №14 тоот 2 ширхэг автомашины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн, хариуцагч Ш ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүссэн байна.
Хэргийн баримтаас үзэхэд Ш ХХК, ******* нарын хооронд 2015.09.18-ны өдрийн №015/43, 2015.03.15-ны өдрийн №015/56 тоот Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа ........... айлын орон сууцны хорооллын барилгын ажил захиалгаар гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан, 2015.09.18-ны өдрийн №015/43 тоот, 2015.03.15-ны өдрийн №015/56 тоот гэрээнүүдийн 1.2-т зааснаар гүйцэтгэгч буюу Ш ХХК нь дээрх орон сууцны барилгын зоорийн давхрын №13 тоот 15 м.кв талбайтай, №14 тоот 15 м.кв талбайтай 2 ширхэг автомашины дулаан зогсоолыг ашиглалтанд оруулах, 2015.09.18-ны өдрийн №015/43 тоот гэрээний 1.4-т зааснаар гэрээний үнэ 13.000.000 төгрөг байх ба гэрээний 2.1-д зааснаар зэхиалагч нь гэрээ байгуулсан өдөр 2.000.000 төгрөг, 2015.10.01.-ны өдөр 4.000.000 төгрөг, 2015.11.01-ний өдөр 3.500.000 төгрөг, 2015.12.01-ний өдөр 3.500.000 төгрөгийг, мөн 2015.03.15-ны өдрийн №015/56 тоот гэрээний 1.4-т зааснаар гэрээний үнэ 13.000.000 төгрөг байх ба гэрээний 2.1-д зааснаар захиалагч нь гэрээ байгуулсан өдөр 8.000.000 төгрөг, 2016.7.20-ны өдөр 5.000.000 төгрөгийг төлөхөөр тус тус тохирсон байна.
Захиалагч нь дээрх 2 гэрээний нийт үнэ болох 26.000.000 төгрөгийг төлсөн болох нь Ш ХХК-ийн тус шүүхэд ирүүлсэн 2019.06.17-ны өдрийн 437 дугаартай хариу тайлбараар тогтоогдсон, харин гүйцэтгэгч нь 2015.09.18-ны өдрийн №015/43, 2015.03.15-ны өдрийн №015/56 тоот гэрээнүүдийн 6.8-д зааснаар захиалагч гэрээний үнийг 100 хувь төлсөн тохиолдолд орон сууцны эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдсон материал, баримт бичгийг гаргаж өгөх бүртгүүлэх үүргийг хүлээсэн боловч Ш ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь автомашины дулаан зогсоолын үнийг бүрэн төлж, гэрээний үүргийг биелүүлсэн байх тул тухайн автомашины дулаан зогсоолын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг гаргасан нь үндэслэлтэй, шаардах эрхтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус заажээ.
Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн, нэхэмжлэгч үнийг бүрэн төлсөн болох нь тогтоогдсон тул тухайн автомашины дулаан зогсоолыг өмчлөх эрхийг Г худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр олж авсан байна.
Түүнчлэн тухайн автомашины дулаан зогсоолууд нь бусдын барьцаанд байгаа эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, хэрэв барьцаанд байгаа тохиолдолд *******ын өмчлөх эрхийг бүртгэхэд саад болохгүй бөгөөд барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн ч үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны эрх тухайн этгээдэд хэвээр хадгалагдах үр дагавартайг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, төлбөрийн асуудал байхгүй гэх үндэслэлээр хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхийг хүссэн, мөн нэхэмжлэгч Г өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 100.5 дахь хэсэгт зааснаар шүүх зохигчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн хороолол, ............ айлын орон сууцны хорооллын барилгын зоорийн давхарын №13, №14 дугаартай нийт 30 м.кв талбайтай автомашины дулаан зогсоолын өмчлөгч нь Г мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ