| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2023/0031/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/33 |
| Огноо | 2023-03-09 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Эрхэмбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам
Шүүгдэгч М.Шатар нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Шатарт холбогдох эрүүгийн 2222001300016 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 2, хүүгийн хамт Дундговь аймгийн Гурвансайхан сумын 1 дүгээр баг “Баян хүрээ” гэх газар оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Занги овогт Мишигдоржийн Шатар, /Регистрийн дугаар: ЗГ84081215/
Шүүгдэгч М.Шатар нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 11 дүгээр сард Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Замын улаан” гэх газарт байрлах иргэн Ц.Даваагийн эзэмшлийн 14 тооны эм хонийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Олон тооны мал хулгайлах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Ц.Даваад шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөрөө авсан, ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байна.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Занги овогт Мишигдоржийн Шатар нь 2020 оны 11 дүгээр сард Дундговь аймгийн Гурвансайхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Замын улаан” гэх газарт бэлчээрт байсан иргэн Ц.Даваагийн эзэмшлийн 14 тооны эм хонийг хулгайлж 1.950.000 /нэг сая есөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:
Хохирогч Ц.Даваагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2020 оны 11 дүгээр сард алдсан 15 эм хонио нэхэмжилж байна. Тухайн өдөр нөхөр бид хоёрыг малаа орхиод ирэхэд манай мал их бутарсан байдалтай байсан юм. Тэгээд би тэр хавиар байх айлуудаас сурагласан чинь манай мал бөөн байсан гэж ярьж байсан. Тухайн үед малаас таслаад хулгайлсан байх магадлалтай. Мөн Шатар гэх хүнийг сэжиглэж байгаа юм. Тэр үед Шатар нь Баянжаргалан сум руу мал ачуулсан байсан юм. Тэр ачуулсан гэх малын тоо толгой нь манай алдсан гэх малын тоо толгойтой таарч байгаа юм. Манай мал зөв тал нь сам, буруу тал нь араасаа эрхэмтэй, зөв нь зарим малынх нь цуулбартай байсан юм. Бид нар малаа цэнхэр өнгийн будгаар зөв талын ташаан толгойноос нь доош цэнхэр будгаар буддаг юм. Малаа зун 7 дугаар сард шинээр будсан байсан юм. Манай малын будаг их тод том будагтай байдаг байсан болохоор будаг нь арилдаггүй байсан юм. Намайг 2022 оны 12 дугаар сарын 02-ны орой намайг гэртээ нөхөр Энхбаатар хамтаар Гурвансайхан сумын 4 дүгээр багийн нутаг гэртээ байж байхад Шатар манай гэрт Бавуу, Гүндээ, Тулгаа, Нямзав нарын хамтаар ирээд надтай уулзах болсон юм. Тэгээд бид нар яриад байж байтал Шатар ах эгч хоёртой уулзах гэж ирлээ би нэг хэрэг хийчихсэн юм. Одоо хэрэг нь цагдаа дээр шалгагдаж байгаа юм. Би танд үнэнээ хэлэхээр ирсэн юм гэж хэлсэн юм. Манай 2020 оны 11 дүгээр сард алдсан гэх 15 хонийг чи авчихсан юм уу гэж асуутал тиймээ гэхдээ би 14 хонь авчихсан юм гэж хэлсэн юм. Би урьд нь хэдэн мал алдаж байсан гэж Шатарт хэлэхэд би тэр малыг чинь аваагүй юм гэж хэлсэн тэгээд таны хохирлыг барагдуулна гэж хэлээд явсан юм. Тухайн үед суман дээр мал худалдан авахгүй байсан болохоор Баянжаргалан сум руу малаа ачуулсан гэж надад хэлсэн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-19-р хуудас/
Гэрч А.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр малаа услахад зүсээр байсан 15 эм хонь маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр малаа усалж байхад дутсан байсан юм. Тухайн үед манайх зүүн хойно Хужиртын нуураас хойш нутаглаж байсан юм. Бид хоёр тэр үед малаа хайж явахдаа Шатарын малаас 2 тооны малаа олж авсан юм. Тухайн үед манайх байсан газраас Шатарын гэр нь 2 километр зайтай байсан юм....” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-27-р хуудас/
Гэрч Н.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Намайг сумын төв дээр тухайн үед байхад Нямзав над руу утсаар яриад айлд очоод мал аваад ирье гэж хэлсэн. Тэгээд би Нямзавын хамтаар Гурвансайхан сум руу явсан юм. Бид хоёр Гурвансайхан суманд Шатарын гэрт ирсэн юм. Тэдний хотонд машинаа тулгаж зогсоод мал ачсан юм. Тухайн үед 14-15 тооны эм хонь ачсан юм. Тухайн хонийг Шатар өөрөө хотон дотроосоо шүүж бид хоёрт барьж өгөөд бид 2 машин дээрээ барьж өгсөн малыг нь ачсан юм. Бид нар ачсан хэдэн хонио Баянжаргалан суман дээр очиж Оюундэлгэр гэх хүнд худалдан борлуулсан юм. Тухайн үед орой болсон байсан болохоор Нямзав бид хоёр малаа хашаанд нь буулгаад маргааш нь нядалж өгсөн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 29-32-р хуудас/
Гэрч Б.Нямзавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Намайг 2020 оны 11 дүгээр сард Гурвансайхан сумын 1 дүгээр баг Элгэнд байх Шатар гэх хүн хэдэн мал борлуулах гэсэн юм мал ачаад өгөөч гэж хэлсэн юм. Би чамд мал зарсан мөнгөнөөсөө зардал өгнө гэж хэлсэн юм. Тэгээд би тэр үед Гурвансайхан сумын төвөөс зүүн урагшаа 20 гаран км газарт өөрийн эзэмшлийн 83-50 УБЛ улсын дугаартай Бонго-3 маркийн машинтай очоод Шатарын гэрийн гадна хашсан байсан хониноос 14-15 тооны эм хонь ачуулсан юм. Би тэр хонийг ачаад Баянжаргалан сумын төв дээр ирээд Оюундэлгэр гэх хүнд өгсөн юм. Тэр үед Ганболд бид 2 нөгөө ачиж ирсэн малаа Оюундэлгэрийн хашаанд нядалж өгөөд малийн махаа гулуузлаад Оюундэлгэрт хүлээлгэн өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-38-р хуудас/
Гэрч А.Оюундэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2020 оны 08 дугаар сараас хойш Баянжаргалан суманд мал худалдан авч байсан юм. Тэгтэл 2020 оны 11 дүгээр сард Нямзав, Ганболд нар над дээр мал ачиж ирсэн юм. Би тэр үед төлөг болон эм хонийг 90.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Нямзав тухайн үед өөрийн машин дээрээ малаа ачиж ирсэн юм. Би Нямзав, Ганболд хоёроор авч ирсэн малыг нь нядпуулсан тэр үед нэг мал нядлах ханш 6000 байсан юм.Тэгээд худалдан авсан мөнгөө би дансаар гүйлгээ хийсэн тухайн үедээ би хэнд нь малын мөнгийг өгсөн эсэхээ сайн санахгүй байна. Би 14 хонь байсан гэж бодоод байна. Надад тэгж санагдаж байна. Би тэр үед 1.530.000 төгрөг шилжүүлсэн байсан. Би 14 хонийг нь 1.260.000 төгрөгөөр авсан мөн тэр дээр Ганболдод мал хийсэн хөлс өгсөн юм. Урьд нь би Ганболдоор мал нядлуулсан мөнгө өгөх ёстой байсан мөнгөө нэмээд өгсөн юм. Сэрвээн дээрээ будагтай байсан би одоо өнгийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 40-42-р хуудас/
Шүүгдэгч М.Шатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... Би хүлээн зөвшөөрч байна. Би 2020 оны 11 дүгээр сарын эхээр өөрийнхөө малаас зарах гээд байж байсан чинь Гурвансайхан суманд мал авч байгаа хүн байхгүй байсан болохоор Баянжаргаланд байх найз Нямзав руу яриад танайд суман дээр мал авч байгаа хүн байна уу гэсэн чинь байгаа гэхээр нь манайд хүрээд ирээ хэдэн мал борлуулаад өгчих гэсэн юм. Тэгсэн Нямзав ярьсны маргааш нь Бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй хүрээд ирсэн. Ирэхдээ Нямзав, Ганболд гэдэг хүнтэй хоёулаа ирсэн. Тэгэхээр нь айлын 14 эм хонийг Нямзав, Ганболд хоёрт ачуулаад зарж борлуулаад өгөөрэй гэж хэлээд явуулсан юм. Би 2022 оны 12 дугаар сарын 10-нд 1 сая төгрөг, 12 сарын 20-нд 950.000 төгрөг тус тус төлсөн. Одоо хохирлоо барагдуулчихсан өр төлбөр байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 152-р хуудас/
Шүүгдэгч М.Шатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Олон тооны мал хулгайлсан. Хохирлоо төлж барагдуулсан...” /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Хохирлын үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг үнэлгээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.
Шүүгдэгчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 14 тооны бог малыг шууд санаатай үйлдлээр хулгайлсан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Олон тооны мал хулгайлах” гэмт хэргийн обьектив шинжийг хангаж байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Шатарыг бусдын 14 тооны буюу олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн болно.
Хохирлын талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Даваад 1.950.000 /нэг сая есөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын үнэлгээний комиссын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн үнэлгээгээр /хх-ийн 65-66-р хуудас/ тогтоогдсон байна.
Шүүгдэгч М.Шатар нь түүнчлэн дээрх хулгайлан авсан 14 тооны хонио бусдад худалдан борлуулсан биетээр байхгүй тул үнийг хохирогч Ц.Даваад нөхөн төлсөн талаархи баримт хэрэгт хавсаргагдсан, /хх-ийн 136-137-р хуудсанд хохирогч Ц.Даваагийн харилцах дансанд 1.950.000 /нэг сая есөн зуун тавин мянга/ төгрөг шилжүүлсэн/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.Шатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.Шатар нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос М.Шатарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлэн эдлэх ялыг 1 жил 3 сар болгож, түүний үйлдэл нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад зааснаар 1 жил, 3 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих санал гаргасныг М.Шатар хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч М.Шатарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.Шатарт 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шатарт оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч М.Шатарт оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Шатар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсрагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1,3, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Занги овогт Мишигдоржийн Шатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.Шатарыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шатарт оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч М.Шатарт оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Шатарыг 1 жил 3 сарын хугацаанд Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвөөс гадагш явахыг хориглосугай.
6. Шүүхээс тогтоосон чиглэлээр явах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг 1 жил 3 сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг анхааруулсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Шатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
9. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай.
10. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсрагдсан болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД