| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2023/0040/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/42 |
| Огноо | 2023-03-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Эрхэмбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч А.Ичинхорол нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ичинхоролд холбогдох эрүүгийн 2322000000013 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг Мандал сум 3 дугаар баг Рашаантын гудамж 21 тоотод оршин суух хаягтай боловч одоо Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 10-8 тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Барга буурал овогт Алтаннарангийн Ичинхорол /Регистрийн дугаар: ЗМ97040503/
Шүүгдэгч А.Ичинхорол нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүрд” нэртэй ресторанаар үйлчлүүлэх үедээ зүс таних иргэн Б.Мөнгөнжаргалын эзэмшил, өмчлөлийн “Самсунг А51” маркийн гар утсыг хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч Б.Мөнгөнжаргалд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөрөө авсан, ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байна.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Барга буурал овогт Алтаннарангийн Ичинхорол нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бүрд” нэртэй ресторанаар үйлчлүүлэх үедээ зүс таних иргэн Б.Мөнгөнжаргалын өмчлөлийн “Самсунг А-51” /Samsung Galaxy A51/ маркийн гар утсыг хулгайлж 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:
Эд зүйлээ алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Б.Мөнгөнжаргалын “Манай байгууллага өчигдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой “Бүрд” ресторанд шинэ жилийн баяраа тэмдэглэсэн юм. Тэгээд тарахын өмнө 23 цаг өнгөрөөгөөд би өөрийн сууж байсан ширээн дээр өөрийн Samsung А51 гар утсаа тавьж орхиод зураг даруулахаар боссон. Тэгээд ширээн дээрээ очилгүй байж байгаад үйл ажиллагаа тарах үед ширээн дээр очиход миний гар утас алга болсон байсан. Тэгээд хэсэг ажлынхаа хүмүүсээс асуугаад олдоогүй. Тэгтэл Бүрд рестораны хувцас солих өрөөнхий голын цонхны тавцан дээр миний гар утасны хар өнгөтэй кейсийг тавьчихсан байсан. Тэгээд өнөөдрийг хүртэл би өөрийн гар утас руугаа залгахаар дуудаад байгаа юм. Ийм шалтгаанаар гомдол, мэдээлэл гаргасан. Би 2 жилийн өмнө Мобикомын салбараас линзингээр 949.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би алдсан гар утсаа 500.000 төгрөгөөр үнэлнэ. Ажлынхаа газрын Ичинхорол гэх хүнийг би сэжиглэж байна. Учир нь гар утасны кейсийг тавьсан байсан цонхны тавцан дээр Ичинхорол гадуур хувцасаа тайлсан байсан. Гар утсаа олуулмаар байна, гар утсаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/
Гэрч С.Долгоржавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Тухайн өдөр 1 дүгээр сургуулийн шинэ жил Бүрд ресторанд болсон юм. Шинэ жилийн үйл ажиллагаа 23 цаг өнгөрч байхад тарсан юм. Тараад ширээн дээрх эд зүйлсээ хурааж хувцас солих өрөөнд оруулж тавьчихаад эргээд зааланд орж ирээд зураг авахуулаад Мөнгөнжаргалаас утсаа яасан юм бэ явъя гэсэн чинь Мөнгөнжаргал би ширээн дээр тавьж үлдээсэн шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь бид 2 Мөнгөнжаргалын сууж байсан ширээн дээр нь очиж үзтэл утас байхгүй байсан. Тэгээд утсыг нь нилээн хайгаад олдохгүй байхаар нь хувцас сольдог өрөөнд ороод хайсан юм. Тэгсэн цонхны тавцан дээр Мөнгөнжаргалын утасны кейс байсан. Тэгэхээр нь хэн нэгэн нь авсан гэж бодоод цагдаад дуудлага өгөсн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/
Шүүгдэгч А.Ичинхоролын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Би Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр сургуульд үйлчлэгч хийдэг байсан юм. 2022 оны 12 дугаар сарын 21-ний орой манай байгууллага Бүрд ресторанд шинэ жил тэмдэглээд би 19 цагийн үед сүүлдэж очсон юм. тэгээд үйл ажиллагаа үргэлжилж байгаад 00 цаг дөхөж байхад шинэ жилийн арга хэмжээ дуусаад ширээн дээрх үлдэгпэл зүйлсээ хумьж байтал ширээн дээр нэг хар өнгийн гар утас байхаар нь авангуутаа тэр заалнаас гараад хувцас солих өрөө рүү нь ороод хувцсаа солиод гар утсыг нь халаасандаа хийчихээд гарах гэсэн чинь Мөнгөнжаргал эгч утас алга болчихлоо, би цагдаа дуудчихсан гэж ярьж байсан. Тэгэхээр нь би тухайн үед айгаад утсыг нь 00-д ороод хогийн саванд хийчихсэн юм. Хэнийх гэдгийг нь мэдээгүй, ширээн дээр утас байхаар нь авчихсан юм. Би сонирхоод л авчихсан юм...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 43-р хуудас/
Шүүгдэгч А.Ичинхоролын дээрх үйлдлийн улмаас хохирогч Б.Мөнгөнжаргалд 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь Дундговь аймаг Сайнцагаан сумын үнэлгээний комиссын эд хөрөнгийн үнэлгээчин Ц.Эрдэнэцогийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 122 дугаартай актаар тогтоогджээ.
Шүүгдэгч А.Ичинхорол нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн дээрх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч А.Ичинхорол нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг агуулж байна.
Шүүгдэгч А.Ичинхорол нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хүсэж шилжүүлсэн нь хулгайлах гэмт хэргийн субьектив шинжтэй байна.
Иймд шүүгдэгч А.Ичинхоролыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй.
Хохирлын талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мөнгөнжаргалд 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь Дундговь аймаг Сайнцагаан сумын үнэлгээний комиссын эд хөрөнгийн үнэлгээчин Ц.Эрдэнэцогийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 122 дугаартай үнэлгээгээр /хх-ийн 17-18 дугаар хуудас/ тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.Ичинхорол нь хулгайлсан гар утсаа хохирогч Б.Мөнгөнжаргалд биет байдлаар буцаан өгсөн байх ба хохирогч гар утсаа буцаан авсан, гомдол саналгүй талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Ичинхоролыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч П.Ичинхоролын үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүй түүнчлэн зорчин явах эрхийг хөндөлгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.
Харин шүүгдэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Ичинхорол нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө орлого байхгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Барга буурал овогт Алтаннарангийн Ичинхоролыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүй нууцаар хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Барга буурал овогт Алтаннарангийн Ичинхоролд 280 /Хоёр зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ичинхоролд оногдуулсан 280 /Хоёр зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож шийтгэх тогтоол биелүүлэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч А.Ичинхоролд урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ичинхорол нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг анхааруулсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД