| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2023/0035/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/41 |
| Огноо | 2023-03-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Отгонбаатар |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Ч.Отгонбаатар
Шүүгдэгч Б.Энхбаяр нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Энхбаярт холбогдох эрүүгийн 2222001670005 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Кранист цамхагт кранистийн оператор ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамтаар Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг 24 дүгээр хороо Зээлийн 1 дүгээр гудамж 48 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Өөлд овогт Баярсайханы Энхбаяр, /РД:ЗЮ81030805/
Шүүгдэгч Б.Энхбаяр нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 3 дугаар баг “Цагаан товог” гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 15-16 цагийн орчимд 85-00 УБТ улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгсэл жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас машин доор тоглож байсан иргэн Э.Тулгын /6 нас 10 сар 24 хоногтой/ дээгүүр гарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхчимэгт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол төлбөрөө авсан, ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж хуульд заасан учир хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч Б.Энхбаяр нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Цагаан товог” гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн орчимд 85-00 УБТ улсын дугаартай “Lexus-470” /Лексус-470/ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөн эхлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсоохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл доор тоглож байсан насанд хүрээгүй хохирогч Э.Тулгыг /6 нас, 10 сар, 24 хоног, эр/ анзааралгүйгээр мөргөж улмаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Тухайн зам тээврийн осолын талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхчимэгийн “2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 сарын 07-ны өдрийн хооронд манай нөхөр Энхтайвангийн ах дүү, төрөл садных нь ургийн баяр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2 дугаар багийн нутаг “Дунд ус” гэх газарт болсон юм. Уг арга хэмжээнд би хоёр хүүхдийнхээ хамт очсон. Ингээд 12 цаг өнгөрч байхад хадам эгч Б.Энхбаяр нэг юманд явна гэж ярьж байсан бөгөөд нэг харахад Энхбаяр эгч өөрийнхаа шаргал өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй Lexus-470 маркийн машиндаа суучихаад нөхөр нь болох Хаш-Эрдэнэ машиныхаа гадна талд нь ярилцаад зогсож байсан юм. Тэгээд би тэр хоёрыг ярьж байгааг хальт анзаарч харчихаад ойролцоогоор 3-5 минутын дараа майхан руу алхаж байтал Хаш-Эрдэнэ ах хөөе гээд орилсон. Тэгэхээр нь эргээд хартал машины баруун хойд дугуйны орчимд манай хүү Тулга байгаа харагдсан. Тэгээд Энхбаяр эгч машинаасаа буугаад Тулгыг тэвэрч аваад орилж байх шиг байсан. Би ч гэсэн түр зуур шокийн байдалд ороод хүүхэд рүүгээ гүйгээд очиход миний хүү айсан байдалтай чихнээс нь цус гарсан, толгой хэсэг нь шалбарсан байсан... Эгэм хугарсан, хөлөндөө зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн... Хүү маань тухайн үед айлын хүүхдүүдтэй тоглож байгаад Энхбаяр эгчийн машин доогуур орсон юм шиг байна лээ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хүүгийн биеийн байдал одоо хэвийн болчихсон байгаа...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 19-20, 23-р хуудас/
Тухайн ослыг харсан талаараа мэдүүлсэн гэрч Б.Хаш-Эрдэнийн “2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай эхнэр Б.Энхбаярын ах дүү, төрөл садных нь ургийн баяр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2 дугаар багийн нутаг Цагаан товог гэдэг газарт болсон юм. Манай эхнэр Дунд ус гэх газраас айлаас боодог авч ирэхээр өөрийн эзэмшлийн 85-00 УБТ улсын дугаартай Lexus-470 маркийн машиндаа суугаад 50 орчим метр яваад надтай уулзсан. Тэгэхээр нь би хамт явах юм уу гэхэд, чи барилдах гэж байгаа юм чинь яах юм бэ гэсэн. Би яаж чи ганцаараа 30-40 км газар явдаг юм бэ, хамт явъя, би тамхи өгчихөөд ирэе гээд эргээд хүүхэд уйлах чимээ гарахаар нь эргээд хартал манай эхнэрийн төрсөн дүү Энхтайваны хүү Тулга машины хойд дугуйны дунд хэсгээс гарч ирж байсан. Тэгээд манай эхнэр машинаасаа буугаад тэврээд авсан. Ээж нь гүйж очоод хүүхдээ барьж аваад нөхрийгөө дагуулаад эмнэлэг рүү явсан. Хойноос нь манай эхнэр бид 2 эмнэлэг рүү явсан. Тэгээд шөнөдөө аймгийн эмнэлэг рүү ирээд үзүүлсэн. Маргааш нь Тулгыг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Энхбаяр тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 33-р хуудас/
“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ Замын Хөдөлгөөний Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 22/234 дугаартай “ Toyota Lexus-470 маркийн 85-00 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Энхбаяр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. Уг зам тээврийн осол болоход замын болон бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна... Б.Энхбаяр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 45-46-р хуудас/
Шүүгдэгч Б.Энхбаярын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Тулгын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаартай “...Тогтоолын хамт ирүүлсэн ГССҮТөвийн 11059 дугаартай өвчний түүхийн хуулбар нь шинжилгээнд тэнцэж байна. Э.Тулгын биед эгэм ясны далд хугарал, хуйх, өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 36-37-р хуудас/ тус тус тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтүүдэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Зам тээврийн осол гарах болсон шалтгаан шүүгдэгч Б.Энхбаяр тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохоор хөдлөх үедээ насанд хүрээгүй хүүхдүүд ойр хавьд тоглож байгааг мэдсэн боловч зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангаагүйн улмаас уг осол гарсан болох нь шинжээчийн дүгнэлтээр, түүнчлэн хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсан хэмжилтийн бүдүүвч зургаар тогтоогдсон байна.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэж заасан байдаг ба шүүгдэгч нь уг үүргээ биелүүлэлгүй хөдөлгөөн эхэлснээс осол гарч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Б.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхчимэг нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирлын баримт гаргаж өгөөгүй, түүнчлэн шүүгдэгч хохирол нөхөн төлсөн талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Энхбаярыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч Б.Энхбаярт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Энхбаяр нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.
Түүнчлэн улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Энхбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогч саналаа дэмжиж байна.
Шүүгдэгч Б.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Прокурорын сонсгосон ял нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн хураагдсан СД 1 ширхгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Энхбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өөлд овогт Баярсайханы Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /Дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаяр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаяр нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдсан СD /компакт диск/ 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхбаярт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндсэлэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД