Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 841

 

 

 

 

 

 

 

 

 

“СТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00206 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “СТ” ХХК болон Д.Д нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Эд холбогдох

 

Түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн төлбөрт 2 000 000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 580 000 төгрөг тус тус гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Ч.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Э нь “СТ” ХХК-ийн үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 60 м.кв талбайг үйлдвэрлэлийн зориулалтаар 1 жилийн хугацаатайгаар түрээсэлж авсан. Түрээсийн төлбөр сарын 400 000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд төлбөрийг сар бүрийн 20-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 1 сарын түрээсийн төлбөр төлсөн бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлбөр төлөлгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Түрээслэгч Ч.Э нь түрээсийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байгаа бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн орчим байр чөлөөлж өг, мөн эхнэртэй нь утсаар ярьж “миний хүлээлт дууссан ирж уулзаж учраа ол” гэдэг шаардлагыг удаа дараа тавьсан боловч дээрх шаардлагыг биелүүлэлгүй өнөөдрийг хүрч байна. Мөн Ч.Э нь 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “хүүхдийн сургалтын төлбөр төлөх шаардлагатай байна, 580 000 төгрөг зээлээч, 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр буцааж төлнө” гээд гуйгаад байхаар нь Ч.Эд 580 000 төгрөг эхнэрийнхээ данснаас шилжүүлсэн. Надаас мөнгө авсан талаар өөрөө маш сайн мэдэж байгаа. Ч.Э нь түрээсийн төлбөрөө төлдөггүй, мөн надаас зээлж авсан мөнгөө ч өгөлгүй өнөөдрийг хүрч байна. Иймд хариуцагч Ч.Эаас 1 200 000 төгрөг гаргуулан “СТ” ХХК-д, 580 000 төгрөг гаргуулан “СТ” ХХК-ийн захирал Д.Дд тус тус олгуулахаар анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах үед түрээсийн төлбөрийг 2017.11.20-ны өдөр хүртэл тооцож нэхэмжилсэн боловч хэрэг шийдвэрлэгдээгүй тул 2018.01.20-ны өдөр хүртэл хугацааг нэмж тооцоод түрээсийн төлбөрт 2 000 000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн. Иймд түрээс 2 000 000 төгрөг гаргуулж “СТ” ХХК-д, зээл 580 000 төгрөгийг Д.Д надад гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “СТ” ХХК-ийн 60 м.кв талбай бүхий талбайг үйлдвэрлэлийн зориулалттай түрээслэн авсан нь үнэн бөгөөд түрээсийг тохирохдоо тус талбайн зарим хэсэгт өөрөө амьдрахаар тохирсон юм. Ингээд тус байранд үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэл ажлаа хийж байх үед тус компанийн захирал Д.Д нь 1 давхарт гадаадын төслийн компани орох гээд байна. Байранд нь бараа хураалттай байгаа тул зөөх хүн олоод, суллаад өгөөч гэж хэлсний дагуу хүн олоод өөрийн хамт 3 өдөрт барааг зөөж байрыг сулласан. Энэ ажлынхаа хөлсийг би гүйцээж өгсөн. Мөн манай малыг харж байсан малчин энэ жил өөр хүнээр маллуул, ажилтай болчихлоо гээд байна. Чи надад туслаад өг би 1 сарын түрээсийг чинь хасаж өгье гэсний дагуу 15 хоногийн турш Д.Дын ажлын төлөө өглөө 08 цагаас шөнийн 00 цаг хүртэл ажиллаж, 2 удаа бие нь муудахад массаж хийж амь насыг нь аварсан билээ. Энэ ажлыг 8 сарын 15-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд хийж дуусгаад ирсний дараа Д.Д нь байрны түрээс нэхэж эхэлсэн бөгөөд 9 дүгээр сарын 15-ны өдөр надтай хамт амьдарч байсан хүү Э.Тэмүүлэнг минь өмссөн хувцастай нь хөөж гаргаад түлхүүрээ авсан байсан. Энэ мэт байдлаас болж бидний хооронд маргаан үүссэн. Миний хувьд тус компанийн ажилтан биш бөгөөд тус компанид үнэ хөлсгүй ажиллаад дээр нь байрны байрны түрээс төлөх нь зүйд нийцэхгүй гэж үзэж байгаа ба цаашид энэ хэвээр маргаан үргэлжилбэл 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хойших хугацаанд үйл ажиллагаанаасаа олох ёстой байсан ашгийг нэхэмжлэх бодолтой байна. Зээлж авсан гэх 580 000 төгрөгийн тухайд маргааныг зөв зүйтэйгээр шийдвэрлэж тохиролцоонд хүрсэн үед өгөхөд татгалзах зүйлгүй. Иргэний хуульд зааснаар түрээсээр байр эзэмшиж байгаа бол үр шимийг нь хүртсэн байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл үр шимийг хүртэх боломжийг энэ хүн үүсгээгүй. Гэрээнд заагдаагүй хувийн ажилд зарж, түрээсийн байрыг зохих журмаар ашиглах боломж өгөөгүй. Тиймээс түрээсийн төлбөрийн бүрэн төлөх үндэслэлгүй гэж бодож байна. 580 000 төгрөгийг хэний данснаас хэнд төлсөн, эхнэрийнхээ данснаас гэж байгаа боловч уг мөнгийн энэ хүн нэхэмжлэх эрхтэй гэдгийг нотолсон баримтгүй, хэнд өгсөн нь тодорхойгүй, миний данс руу уг мөнгө орж ирээгүй учраас 580 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй гэж үзэж байна. Гэрээнд заасны дагуу түрээсийн эд хөрөнгийн үр шимийг хүртэх боломжгүй,  ажлын байрыг цоожилсон болох нь нотлогдож байхад түрээсийн төлбөр нэхэж байгаа нь хуульд заасан шаардлагад нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 295 дугаар зүйлийн 295.4-т заасныг баримтлан хариуцагч Ч.Эаас түрээсийн гэрээний үүрэгт 1 600 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “СТ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 400 000 төгрөгийг, Д.Дын зээлийн гэрээний үүрэгт 580 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Эаас улсын тэмдэгтийн хураамжид 40 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ”СТ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие “СТ” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахаар 60 м.кв талбайг түрээслэн авсан билээ. Тэгээд үйл ажиллагаа явуулах гэтэл “СТ” ХХК-ийн захирал Д.Д нь өөрийн ажилдаа дайчлан ажиллуулж хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангаагүй бөгөөд тухайн түрээсийн байрны гадна хашаа болон үйлдвэрийн байрны цоожийг сольж нэвтрэх боломжгүй болсон билээ. Үүний улмаас миний бие Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2-д заасны дагуу эрхээ эдэлж чадахгүй болсон ба үүнд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-д заасны дагуу өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна. Гэтэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс намайг буруутай гэж үзэн хохирол төлөхөөр шийдсэн нь зүйд нийцэхгүй гэж үзэж байгаа тул хэргийг хянаж үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “СТ” ХХК болон Д.Д нар нь хариуцагч Ч.Эд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 580 000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигч талууд 2017 оны 7 сарын 20-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч “СТ” ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Эв нэгдлийн гудамжинд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай байрны 60 м.кв талбайг 1 жилийн хугацаагаар түрээслэх, түрээслэгч Ч.Э нь 1 сарын 400 000 төгрөгийн хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

            Анхан шатны шүүх талууд үйлдвэрлэлийн зориулалттай байрнаас хэсэгчлэн буюу 60 м.кв талбайг түрээслүүлэхээр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд түрээсийн гэрээг бүртгүүлэх шаардлагагүй, талуудын хооронд  Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээний үүрэг үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.

 

            Зохигчид түрээслэгч Ч.Эыг түрээсийн гэрээний зүйлийг 2018 оны 1 сарын 20-ны өдөр хүртэл ашигласан талаар болон энэ хугацаанд түрээсийн төлбөрт 400 000 төгрөг төлсөн талаар маргаагүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж,  2017 оны 8 сард түрээслүүлэгч нь түрээслэгчийг гэрээний зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжоор хангаагүй гэж дүгнэж энэ сарын түрээсийн төлбөрийг нийт төлбөрөөс хасч тооцсоныг буруутгах үндэслэлгүй. Энэ талаар мөн нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

            Иймд анхан шатны шүүх хариуцагч Ч.Эаас түрээсийн төлбөрт нийт 1 600 000 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч “СТ” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн  318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Ч.Эд 580 000 төгрөг зээлдүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан түүний нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

            Хариуцагч нь давж заалдах гомдолдоо өнөөг хүртэл түрээсийн зүйлийг ашиглах боломжоор хангаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

  

             Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00206 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ                                          

                                                          ШҮҮГЧ                                  Ч.ЦЭНД                                                                                                   

                                                                                                       Г.ДАВААДОРЖ