Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00130

 

Ө.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 132/ШШ2020/00144 дүгээр шийдвэр,

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаар магадлалтай,

 

Ө.Эгийн нэхэмжлэлтэй

Булган аймгийн Э М Гт холбогдох

 

8,680,540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Нарантуяагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Э, түүний өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 132/ШШ2020/00144 дугаартай шийдвэрээр Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг баримтлан Э М Гт холбогдох тэтгэмжийн зөрүү 8.680.540 төгрөгийг гаргуулах тухай Ө.Эгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145.545 төгрөгийг Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Ө.Эд олгож шийдвэрлэжээ.

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаар магадлалаар нэхэмжлэгч Ө.Э, түүний өмгөөлөгч Г.Ганзориг, М.Мэнбаяр, Э.Түмэнбаяр нарын давж заалдсан гомдлыг хүлээн авч, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 144 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож 1. “Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг баримтлан Булган аймаг дахь Эрүүл мэндийн газраас тэтгэмжийн зөрүү 8.680.540 /найман сая зургаан зуун ная таван зуун дөч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Эд олгосугай” гэж өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Нарантуяа хяналтын гомдолдоо: ...Магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгосон байна. Иймд манай байгууллага нь дараах үндэслэлийг баримтлан хяналтын журмаар гомдол гаргаж байна. Их эмч Ө.Э нь 2019.09 сард өндөр насны тэтгэврээ тогтоолгож, 11 дугаар сард “Эрүүл мэндийн тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтаар 29,005,928 төгрөгийн тэтгэврийн тэтгэмж авсан. Аймгийн Эрүүл мэндийн салбараас өндөр насны тэтгэвэрт гарч буй төрийн албан хаагчдад “Төрийн албаны тухай” хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, “Эрүүл мэндийн тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтаар тэтгэврийн тэтгэмж олгодог. Монгол улсын Засгийн газар нь “Төрийн албаны тухай” хуулийн 57 дугаар зүйлийн 57.5-д зааснаар төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг тогтоодог бөгөөд Засгийн газраас гаргасан нийтээр дагаж мөрдөх аливаа шийдвэр, дүрэм журмыг байгууллага, аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх, биелүүлэх үүрэгтэй. Гэвч аймгийн Нэгдсэн эмнэлэг нь албан хаагчдынхаа цалинг Монгол улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг харгалзахгүйгээр өндөр /илүү/ тогтоосон байдаг /Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй улсын хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагуудаас ганцхан/ учраас тэтгэврийн тэтгэмжтэй холбоотой өргөдөл, гомдол ирүүлэх шалтгаан болсон. Тухайлбал: Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нь Засгийн газрын 2019 оны “Төрийн төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 2.5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар ТҮЭМ-7 зэрэглэл, Засгийн газрын 2019 оны “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 24 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтаар ТҮЭМ-7-5 дахь шатлалаар 893,425 төгрөгийн үндсэн цалин авах ёстой боловч 2019 оны байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн тогтоосон цалингийн сүлжээгээр ТҮЭМ-7-5 дахь шатлалын үндсэн цалин нь 1,072,355 төгрөг буюу 178,930 төгрөгөөр зөрүүтэй /илүү/ байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга нь төрийн албан хаагчдынхаа цалин тогтоох тушаалыг гаргахдаа төрийн албан хаагчийн цалингийн сүлжээг баталсан Засгийн газрын тогтоолыг үндэслэл болгодог ч тухайн тогтоолд байхгүй цалингаар тогтоосон байна. Манай байгууллага аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Эрүүл мэндийн байгууллагуудаас өндөр насны тэтгэвэрт гарах албан хаагчдын судалгаа, тооцооллыг үндсэн байгууллагуудаас нь авч хянан, Эрүүл мэндийн яаманд хүргүүлж, яамнаас батлагдаж ирсэн хуваарийг үндэслэн төрийн албан хаагчдад тэтгэврийн тэтгэмжийг дамжуулахдаа үндсэн материалыг шалгаж, хянадаг чиг үүрэг бүхий байгууллага юм. Эрүүл мэндийн яам нь тэтгэврийн тэтгэмжийг “Эрүүл мэндийн тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.10-д заасан “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх” гэсэн бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газраас баталсан цалингийн жишиг болон холбогдох дүрэм, журмыг үндэслэн тооцоолдог бөгөөд тухайн 1 байгууллагын хэт үндэслэлгүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй цалингийн жишгээс дээгүүр тогтоосон цалингийн сүлжээг харгалзан үздэггүй болно. Бид салбарын яамнаас тэтгэврийн тэтгэмжийн талаар зөвлөгөө, зөвлөмжийг удаа дараа авч, Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн зөвлөмж, мэдээлэл болон холбогдох хууль, журмаар батлагдаж ирсэн хуваарийг үндэслэн төрийн албан хаагчдад тэтгэврийн тэтгэмжийг олгож байсан бөгөөд өмнө нь энэ талаар маргаан гарч байгаагүй ч, сүүлийн жилүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлгээс өндөр насны тэтгэвэрт гарч байгаа албан хаагчид өөрийн байгууллагын тогтоосон цалингаар тэтгэмж авах талаар өргөдөл, гомдол ирүүлж байна. Манай байгууллага нэхэмжлэгч Ө.Эгийн тэтгэврийн тэтгэмжийн тооцооллыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн цалингийн сүлжээ буюу цалингийн сүлжээнээс дээгүүр тогтоосон цалингийн хэмжээ болох 35,686,468 төгрөгөөр тооцон Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн боловч яамнаас тэтгэмжийн мөнгийг Засгийн газрын 2014 оны “Төрийн зарим албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” 75, “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 24 дүгээр тогтоолуудыг баримтлан тооцож ирүүлсэн. Анхан шатны шүүх Ө.Эгийн албан тушаалын ангиллын зэрэглэлийг ТҮЭМ-ийн 7-5 шатлалаар сүүлийн 3 жилийн үндсэн цалингийн нэг сарын дундаж 794,292 төгрөгөөр тогтоож 34 сараа тооцож 27,005,928 төгрөгийн тэтгэмж авахаар тэтгэмжийн хэмжээг тогтоосон байна” гэж дүгнэсэн атлаа ТҮЭМ-ийн 7-5-р шатлалаар сүүлийн 3 жилийн цалингийн нэг сарын дундажийг 893,425 төгрөгөөр тогтоож тэтгэмж олгосон нь үндэслэлтэй гэсэн шийдвэрийн “Үндэслэх хэсэг”-ийг тухайн шүүх хуралдааны нарийн бичгийн бичвэрийн алдаанаас шалтгаалж агуулгын хувьд зөрчилтэй дүгнэлт хийж, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хууль хэрэглээний хувьд гаргасан алдааг зөвтгөн залруулж өөрчлөлт оруулах нь буруу гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

4. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

5. Нэхэмжлэгч Ө.Э нь хариуцагч Булган аймгийн Э М Гт холбогдуулан дутуу олгосон тэтгэмж 8,680,540 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзахдаа 2015 оноос өндөр насны тэтгэвэрт гарч байгаа төрийн албан хаагчдад олгох тэтгэмжийг Засгийн газрын 2014 оны “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам батлах тухай” 405, журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 338, Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай 2012 оны 78, 2014 оны 75, 2019 оны 7 дугаар тогтоолд “...сүүлчийн 36 сарын цалингийн дунджаар олгоно.” гэсэн заалт байдаг, манай байгууллагаас Ө.Эгийн тэтгэмжийг үндсэн цалин 1,049,602 төгрөгийг 34 сараар үржүүлж бодож явуулсан боловч Эрүүл мэндийн яамнаас албан тушаалын цалингийн доод хэмжээгээр тооцож 27,592,280 төгрөгөөр батлагдаж ирснийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэсэн үндэслэлийг заажээ.

 

6. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна.

 

7. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Төрийн өмчийн эрүүл мэндийн болон бусад салбарын байгууллагад 25 ба түүнээс дээш жил, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд болон анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай эмнэлэгт 10 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гаргахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг үндсэн цалингийн дунджаас нь тооцож олгох бөгөөд нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэвэр олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлан тогтооно.” гэж, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Төрийн, улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь хүний их эмчээр 34 жил ажилласан, 2017 оноос Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байгаад 2019.09.13-ны өдөр өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарсан, хуульд заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг авах болзлыг хангажээ.

 

8. Булган аймгийн Э М Г Ө.Эгийн үндсэн цалингийн дундаж 1,049,602 төгрөг гэж тодорхойлж, ажилласан хугацаа буюу 34 сараар тооцож саналаа явуулсан боловч Эрүүл мэндийн яам Засгийн газрын 2014 оны “Төрийн зарим албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” 75 дугаар тогтоолын хавсралтад заасан ТҮЭМ-ийн 7-5 шатлалаар, Ө.Эгийн албан тушаалын цалингийн дунджийг 794,292 төгрөгөөр тооцож 27,005,928 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдсан, нэхэмжлэгчийн үндсэн цалинг зөрүүтэй тогтоосноос тэтгэмжийн хэмжээ өөр тогтоогдсон үйл баримт талуудын хоорондох маргааны зүйл болсон байна.

 

9. Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Монгол улсын Засгийн газрын 2019.01.09-ний өдрийн “Журам батлах тухай” 7 дугаар тогтоолд тус тус зааснаар төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэврээ тогтоолгосон төрийн албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоотой тэнцэх сарын тоогоор үржүүлэнсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно... тэтгэмжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингийн дунджаас ихгүй байх ёстой байна.

Ө.Эгийн албан тушаалын ангилалын зэрэглэл ...ТҮЭМ-ийн 7-5 шатлалд хамаарч, сарын цалин 794,292 төгрөг байх боловч А.Энхмаа нь 2017-2019 онд Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж сард 1,072,355 төгрөгийн үндсэн цалин авч байсан нь Нийгмийн даатгалын дэвтрийн хуулга, цалингийн тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогджээ. /хх- 6,7,41/

“Төрийн зарим албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 75 дугаар тогтоол нь төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн доод жишгийг баталгаажуулсан бөгөөд “Төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн цалингийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1997 оны 88 дугаар тогтоолоор төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн албан тушаалын цалинг тэдний ажлын үр дүн болон цалингийн жишгийг үндэслэн цалингийн сандаа багтаан нэмэгдүүлэн тогтоож байх эрхийг төсөвч байгууллагын эрх баригч нарт олгосон байна.

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн газар нь Ө.Эгийн үндсэн цалинг 1,072,355 төгрөгөөр тогтоосон, 2017 оноос хойш нийгмийн даатгалын дэвтэрт энэ талаарх бичилт хийгдсэн, харин дундаж цалингийн хэмжээ 1,049,602 төгрөг болжээ.

Нэхэмжлэгчийн үндсэн цалинг Засгийн газрын 1997 оны 88 дугаар тогтоолын дагуу ийнхүү нэмэгдүүлсэн, үндсэн цалингийн хэмжээг тодорхойлоход Засгийн газраас тогтоосон төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээнээс гадна 88 дугаар тогтоолын дагуу нэмэгдүүлсэн үйл баримт мөн хамааралтай байна.

Тийм ч учраас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаал /дундаж цалин хөлс тодорхойлох журам/-ын хавсралтын 3.а./ үндсэн цалин гэж ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгох баталгаат хөлсийг хэлнэ. гэж, үндсэн цалинд хийснээр болон цагаар тариф цалин, албан тушаалын цалин, ажлын онцлог, ажилтны онцгой ур чадварыг үндэслэн контракт болон хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохирсон цалин, тэдгээртэй адилтгах хэлбэрээр тогтоосон бусад баталгаат хөлс хамаарна гэж заажээ. Эдгээр хэм хэмжээг давж заалдах шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

10. Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй юм. Харин хэрэгт байгаа баримтаас үзвэл Булган аймгийн Э М Г нэхэмжлэгчийн тэтгэмжийн хэмжээг зөв тооцож хүргүүлсэн боловч Эрүүл мэндийн яамнаас өөрөөр тооцож тэтгэмжийг шилжүүлсэн байх ба Булган аймгийн Э М Г нь тэтгэмжийн дутууг олгохыг уламжлах, эсвэл төсөвт тусгах замаар тэтгэмжийг олгохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                          Х.ЭРДЭНЭСУВД