Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 10

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Солонго даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч Т.Баярмаа,

Шүүгдэгч Д.Ажиршгүй

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шанхай овогт Долгорын Ажиршгүйд холбогдох 201616010126 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1967 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын Үйзэн гэх газар төрсөн, 49 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 1, Өмнөговь аймаг Манлай сумын Жаргалант багийн Оргихын Өлгий гэх бууцанд мал маллан амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шанхай овогт Долгорын Ажиршгүй /РД: КЕ57061614/

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/:

Шүүгдэгч Д.Ажиршгүй нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн нутагт Б.Мягмарсүрэнтэй малын бэлчээрийн асуудлаас болоод “бууцруу малаа явууллаа” гэх зэргээр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар дидиш антенийн дуран тогтоогч төмрөөр гар, нуруу хэсэгт нь цохин бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ажиршгүй мэдүүлэхдээ: “2016 оны 10 сарын 17-ны өдөр дүүгийнхээ малыг харах гээд бууцны дэргэд ирэхэд Базар гуайн төллөх мал нь манай бууцны дэргэд ирчихсэн байсан. Тэгээд сувай мал нь бас бууц руу ирж байхаар нь би тэр малуудыг нь нийлүүлчихэе гэж бодоод малыг нь туугаад дөхөж байтал эдний охин Мягмарсүрэн яватай хүрээд ирсэн. Тэгээд би танай мал чинь манай дүүгийн бууцан дээр ирчихсэн байна гэж хэлэхэд “юун сүртэй юм манай мал яахаараа явж идэж болдоггүй юм. Манай мал идэж болдоггүй юм бол наад муу бууцыг чинь шатаагаад хаячихна шүү. Идсэн нэртэй юм чинь идүүлсэн ч яадаг юм” гэж хэлэхээр нь би зүүн гартаа барьж явсан малын шилбүүрээр нуруун дундуур нь шавхараад авсан чинь Мягмарсүрэн мотоциклоо хажуу тийш нь налуулж тавиад над руу шороо чулуу шидсэн. Тэгэхээр нь би мотоциклоо данхраадаж тавиад шилбүүрээр нуруун дундуур нь 2 цохиод авсан. Тэгсэн чинь Мягмарсүрэн мангар тэнэг юм чинь хүн танихгүй байж зодлоо цохилоо гэж хэлсэн. Тухайн үед Мягмарсүрэн нь далдын хар малгай шиг малгай нүд амаа цоолсон гурван цоорхойтой малгай өмсчихсөн байсан. Тэгээд миний шилбүүрийн үзүүр нь тэрний малгайны ард тохогдоод үлдсэн гэзэг шиг үлдчихсэн байсан. Тэгээд би мотоциклоо асааж унаад нөгөө малыг нь нийлүүлэхгээд хойноос нь хөөсөн чинь Мягмарсүрэн бас мотоциклоо асааж миний хажуугаар давхиж ирээд “ ална шүү муу писда минь, яах гээд мал эргүүлээд байгаа юм” гэж хашхираад малын дундуур давхиад явсан. Тэгээд өөдөөс хэрэлдээд чарлаад байхаар нь би малыг нь туухаа болиод хойд орой дээр гараад харахад тэр Мягмарсүрэн гэж охин өөрийнхөө малыг нийлүүлээд зүүн тийшээгээ гэрлүүгээ тууж байсан. Болсон зүйл бол ийм л зүйл болсон” гэв.

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мягмарсүрэнгийн өгсөн:”...2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед гэрийнхээ гаднаас хартал манай гэрийн баруун хойд талд 2 орчим км-ийн зайтай газарт хоёр тусдаа байх манай малыг мотоциклтой хүн туусан. ...тэгээд хоёр малыг нийлүүлчихнэ гэж бодоод би мотоциклтой яваад очсон. Тэгээд би очоод мотоциклоосоо бууж амжаагүй мотоцикл дээрээ тэр хүнтэй мэндлэх санаатай сууж байтал тэр манай малыг тууж б айсан Ажиршгүй гэж хүн надтай мэндлэхгүй шууд мотоциклио данхраадаж бууж ирээд юм дуугараагүй барьж явсан ирмэгтэй дөрвөлжин цагаан төмрөөр миний нурууны ар луу саваад хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би мотоциклоос буугаад холдсон. Тэгээд би та ямар учраас намайг зодож байгаа юм бэ гэж асуусан тэгсэн чинь бууц руу яасан их малаа явуулж дарладаг юм. Яасан их малтай юм гэж хэлээд үргэлжлүүлээд миний нуруу бөгс, толгой хавь руу учиргүй цохиод байсан. тэгэхээр нь би чамайг хэлдэг газар нь хэлнэ гэсэн чинь хэл чи надад тэр засаг захиргаа чинь хамаарахгүй та нарт л хамаардаг юм байгаа биз би чамайг энд алчхаад явахад хэн мэдэх юм гэж дайрч байсан. Тэгж байгаад нөгөө төмөр нь хугарсан чинь нийлүүлж барьж байгаад цохисон. Тэгээд миний зүүн мөр лүү цохисон. Тэгэхэд их эвгүй өвдсөн. Тэгэхээр нь би та болиоч гар хугалчихлаа гэж хэлсэн чинь зодож цохихоо болиод мотоциклоо унаад баруун хойшоо гэр лүүгээ яваад өгсөн. Тэгээд би баахан уйлж байгаад арай гайгүй болоод гэр лүүгээ хариад энэ тухай бэр эгчид хэлсэн. Тэр өдрөө сумын эмчид дуудаж үзүүлсэн. ...Миний тархи толгой доргилттой, зүүн талын бөөр доргилттой, нуруун далбаа бяцарсан. Сав хэлтийсэн байна гэсэн. ...манай зун буусан зунжаанаас баруун хойшоо 9 км-т Ажиршгүйн дүүгийнх нь өвөлжөө байдаг юм. Тэр өвөлжөөний бэлчээрийг харамлаад зодсон. ...Замбараагүй олон удаа цохисон. Юм нүдэж байгаа юм шиг нуруу бөгс толгой руу цохиод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мягмарсүрэнгийн дахин өгсөн:”...Шинжээчийн дүгнэлт, тогтоолуудтай уншиж танилцлаа. Миний биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэдгийг ойлголоо. Өөр хэлэх санал, хүсэлт байхгүй байна. Би энэ явдлаас болж сум болон аймгийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж нааш цааш их явсан, эмчлүүлсэн зардлын нийлбэр 1,961,240 /нэг сая есөн зуун жаран нэгэн мянга хоёр зуун дөчин төгрөг/ болсон. Би үүн дээр 6 сар хөдөлмөрийн чадвараа алдсаны зардлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, 1,152,000 /нэг сая нэг зуун тавин хоёр мянга/ төгрөгийг намайг зодож гэмтээсэн Ажиршгүйгээс нэхэмжилж энэ зардлаа төлүүлэхээр өргөдөл гаргасан. ..Энэ хүн намайг аймагт эмчлүүлэх явцад нэг сая төгрөгийг ээжийн дансаар дамжуулан над руу шилжүүлсэн. Өнөөдөр үлдсэн зардал болох 2 сая гаран төгрөгийг мөн л манай ээж Базарын данс руу шилжүүлж миний нэхэмжилсэн зардлыг төллөө. Тиймээс одоогоор гарсан эмчилгээ болон бусад зардал бүрэн төлөгдсөн гэж үзэж байгаа тул надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

Гэрч Р.Базарын өгсөн:”...Манай охин Мягмарсүрэн хонио хариулж байгаад завсар дундуур нь бидэнд хоол хүргэж ирсэн юм. Тэгээд буцаад хонин дээрээ очтол хонийг нь энэ Ажиршгүй гэдэг хүн туугаад явж байсан гэсэн. Тэгээд очоод уулзтал тэр хүн манай охиныг мотоциклоос нь бууж ч амжаагүй байхад нь төмрөөр зодчихсон юм билээ. Охин маань суманд эмчилгээ хийлгэж байгаад дараа нь аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, дараа нь хот руу явж нарийн шинжилгээ өгсөн. Охины маань Ажиршгүйд зодуулаад нурууны үе хоорондын гэмтэл, далбаа ясны бяцрал гэмтэлтэй болсон байсан. ...Одоогоор Ажиршгүй манай охины эмчилгээ болон бусад зардалд зориулж 3,123,000 /гурван сая нэг зуун хорин гурван мянга/ төгрөгийг бидэнд өгсөн. Эдгээр мөнгийг миний өөрийн 5591036515 дугаарын данс руу шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/

Гэрч Л.Мөнхтөрийн өгсөн:”...Д.Ажиршгүй, Б.Мягмарсүрэн нар нь малын бууц, бэлчээрийн асуудлаас болоод хэрүүл маргаан болж нэгнийгээ гэмтээсэн асуудал гарсан байсан. ..нэг нь бууц бэлчээрээ хамгаалсан нөгөө нь малаа хамгаалснаас болж хэрүүл маргаан болсон. Ажиршгүй гэх хүний хувьд ганц бие гэртээ насаараа ганцаараа амьдарч байгаа хүн архи дарс янз бүрийн зүйл хэрэглэдэггүй... Мягмарсүрэнгийн хувьд даруухан ааш зантай янз бүрийн илүү дутуу зан ааш байхгүй хүмүүс хоорондоо ямар зан ааштайг нь бол мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/

Гэрч А.Сугирсүрэнгийн өгсөн мэдүүлэг:”...Б.Мягмарсүрэнд янз бүрийн өвчин байхгүй зовиур хэлж ирж үзүүлж байгаагүй Ажиршгүй гэж хүний бол даралт ихсэх өвчтэй өөр архаг хууч өвчин байдаггүй мөн зүрхний титэм судасны цусны хомсдол гэсэн оноштойгоор эмнэлгийн хяналтад байдаг өөр өвчин гээд байх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

Гэрч С.Шинэсарын өгсөн:”...2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Мягмарсүрэн хүнд зодуулсан гээд хөдөө сумын төвөөс 50 орчим км-т алсын дуудлага ирсэн тухайн өдөр миний бие дуудлагын эмчийн хуваарийн дагуу очиж үзээд сумын эмнэлэгт авчирсан. Намайг хөдөө гэрт нь очиж үзэхэд Мягмарсүрэн нь гэртээ дээл нөмрөөд хэвтэж байсан ингээд үзэхэд өөрийнх нь зовиур нь толгой өвдөнө, дотор муухай оргино, толгой эргэнэ хамаг бие хөдөлж болохгүй хөндүүртэй гэсэн зүйл ярьж байсан миний харснаар ууцны орчмоор 2 хэсэг газарт цус хуралттай, баруун гарын бугалганы доод ар хэсэгт цус хуралт үүссэн байсан өөр ил харагдах шарх сорви байхгүй байсан. биеийн байдал хүндэвтэр байсан тэгээд сумын төв рүү авч яваад гэрт нь хэвтүүлээд гэрээр нь эмчилгээ хийж биеийн байдлыг ажигласан. ...Малаа эргүүлэх гэж яваад хөдөө хээр хүнд зодуулсан гэж хэлсэн”... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

Шинжээч эмчийн №33 дугаартай”:::нэмэлт шинжилгээний материалтай танилцан дүгнэхэд Б.Мягмарсүрэнгийн биед бүсэлхийн 4-р нугаламын их биеийн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ажиршгүйн яллагдагчаар өгсөн:”...надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Тэр хэрэг болсон буюу сонгуулийн урд өдөр дүүгийн малыг харах гээд мотоциклоо унаад малдаа явж байтал дүүгийн бууцны тэрүүхэн хажууд Базарын бог мал нь бэлчээрлээд ирчихсэн байсан. Би тэдний малыг гэрийнх нь зүг рүү туугаад явж байтал Базарын охин Мягмарсүрэн ява уначихсан давхиж ирээд муу мангар тэнэг минь яах гэж мал элдээд байгаа юм гэхээр нь танай мал манай дүүгийн бууцыг яах гэж идээд байгаа юм гэхэд манай мал яахлаараа энүүгээр явж идэж болдоггүй юм бэ? Юун сүртэй юм манай мал яахлаараа энүүгээр явж идэж болдоггүй юм бол энэ муу бууцыг чинь шатаачихна шүү идсэн нэртэй юм чинь яадаг юм бүгдийг нь идүүлнэ гэж хэлээд над руу шороо аваад цацаад чулуу авч шидээд байсан. Тэгэхээр нь би малд барьж явсан дидиш антенийн тулгуур төмрөөр хийсэн шилбүүрээр нэг удаа түүнийг шавхраад авсан. Тэр эмэгтэй намайг мангар, тэнэгээр дуудаад байхаар нь би мотоциклоос буугаад нөгөө шилбүүрийнхээ төмөртэй талаар тэр охины нуруун дундуур нь 2 удаа цохичхоод би мотоциклоо унаад яваад өгсөн. ...нэхэмжилсэн 3 сая 123 мянган төгрөгийг хүнээс зээлж ээж Базарын данс руу нь шилжүүлж төлсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Ажиршгүйн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Ажиошгүйн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 49 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Манлай сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 53 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Ажиршгүйн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 1/370 дугаартай албан тоот /хх-ийн 56 дугаар хуудас/

Арилжааны банкнуудаас авсан лавлагаа /хх-ийн 58-65 дугаар хуудас/

Хохирол төлсөн талаарх баримт /хх-ийн 77-78 дугаар хуудас/

Гэрч Д.Цэцэгмаагийн өгсөн мэдүүлэг:”...Д.Ажиршгүй бид хоёр 1976 оноос 1983 он хүртэл Манлай сумын төвд ерөнхий боловсролын сургуулийн нэг ангид хамт суралцсан. ...ажиршгүй насаараа л мал маллан амьдарч байгаа бөгөөд одоог хүртэл эхнэр аваагүй өөрийн гэсэн үр хүүхэдгүй бөгөөд өндөр настай ээжтэйгээ амьдардаг хүн байгаа юм. Зан байдал нь их дөлгөөн зантай хүүхэд байсан. Тэр зарим нэг юман дээр огцомдуу уурлах шинжтэй байдаг. ...Түүнээс өөрөөр Ажиршгүйд элдэв бусын ааш авир байдаггүй нутаг усандаа нэр хүндтэй хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/

Гэрч Ц.Төмөрхуягийн өгсөн:”...Би Б.Мягмарсүрэнг танина төрсөн эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм мөн нэг ангийн хүүхдүүд байгаа юм. Ангийн хүүхдийн хувьд дуу цөөтэй хүүхэд байсан. ..төлөв даруу томоотой хүүхэд л байсан. Б.Мягмарсүрэнд ямар нэг муу зуршил байхгүй”.../хх-ийн 88 дугаар хуудас/

Гэрч Ц.Оюунцэцэгийн өгсөн:”Б.Мягмарсүрэнгийн хувьд дуу цөөтэй, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэг сурлага сайтай ангийн тэргүүний сурагчдын нэг хүүхэд байсан. үг дуу цөөтэй, хүнтэй зөв сайхан харьцдаг хүүхэд байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 90 дүгээр хуудас/

Гэрч Д.Амгалангийн өгсөн:”...манай ах Ажиршгүй нь олон таван үг яриад байдаггүй, дуу цөөтэй, олон үг хэлээд яриад байдаггүй, архи, тамхихэрэглэдэгггүй даруухан, сайхан ааш зантай хүн, хүнд тус хүргэчих юмсан гэж бодож явдаг мөн өглөгч, хүнээс юм харамлана гэж байхгүй л хүн. Малын бэлчээр бууцнаас болоод хэрүүл маргаан болсон асуудал байсан. Базарын мал манай ахын өвөлжөө бууцны бэлчээрийг идээд байхаар нь уурласан байх өөр ямар нэг шалтгаан байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 92 дугаар хуудас/

Амбулаторын эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 93-99 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Долгор овогтой Ажиршгүй нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн нутагт Б.Мягмарсүрэнтэй малын бэлчээрийн асуудлаас болоод “бууц руу малаа явууллаа” гэх зэргээр хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар дидиш антенийн дуран тогтоогч төмрөөр гар, нуруу хэсэгт нь цохин бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Д.Ажиршгүйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ажиршгүй нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3,123,000 төгрөг төлсөн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан, хохирогч Б.Мягмарсүрэн нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан бөгөөд бусдад төлөх төлбөргүй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Ажиршгүйд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг арилгасан, хохирол төлбөрийг барагдуулсан буюу бусдад төлөх төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тооцож, түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мотоциклийн хаазны троссны бүрээсний 1 ширхэг тасархай хэсэг, дидиш антенийн 1 ширхэг тулгуур төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шанхай овогт Долгорын Ажиршгүйг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ажиршгүйг 1 /нэг/ жил, 4 /дөрөв/-н сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Ажиршгүйд оногдуулсан 1 /нэг/ жил, 4 /дөрөв/-н сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Ялтан Д.Ажиршгүй нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мотоциклийн хаазны троссны бүрээсний 1 ширхэг тасархай хэсэг, дидиш антенийн 1 ширхэг тулгуур төмөр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Д.Ажиршгүйд оногдуулсан 1 /нэг/ жил, 4 /дөрөв/-н сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Ажиршгүйд хяналт тавихыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж, түүнд хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг Д.Ажиршгүйд сануулсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ажиршгүйд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.СОЛОНГО