Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 33

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Д.Байгалмаа,  С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

             Шүүх хуралдаанд:
        прокурор Л.Мөнхбаяр,
шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн орлогч прокурор Л.Мөнхбаярын эсэргүүцлээр прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Мт холбогдох эрүүгийн 1930000000183 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Амгалангийн ... тоотод  оршин суух, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Г.М

Шүүгдэгч  Г.М нь согтуугаар, 2019 оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Г” ХХК-ийн барьж байгаа Цагдаагийн ажилчдын орон сууцны барилгын цоожтой агуулахад хууль бусаар нэвтэрч барилгын ажилчдын бүс, цүнхтэй агсамж, төмөр алх, шинүү, хамгаалалтын малгай тус бүр 4 ширхэгийг  хулгайлж, 484 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяр нь шүүгдэгч Г.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолоор: Прокуророос шүүгдэгч Г.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, түүнийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас урьд цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, “Г” ХХК-д хамгаалалтын малгай 1 ширхэг, хамгаалалтын бүс 4 ширхэг, цүнхтэй агсамж 3 ширхэг, төмөр алх 3 ширхэг, шинүү буюу хөшигч төмөр 2 ширхэгийг буцаан өгч, 116 000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Г.М нь 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө манаачтай барилгын хашаа руу нэвтэрсэн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан түүний сим картаар нотлогдож байгаа. Г.М нь тухайн өдөр утсаа барьцаанд тавиад сим картаа халаасандаа авч явж байсан. Энэ карт нь тухайн барилгын хашааны доороос олдсон. Гэрч М.Э нь “Г.Мийг цоожтой агуулах руу орсныг огт мэдээгүй. Өглөө нь байгууллагын инженер ирээд цоожтой агуулах руу хэн орсон юм бэ? гэж асуухад нь мэдсэн.” гэж мэдүүлсэн. Тусгайлан хамгаалагдсан байр, агуулахад нэвтэрсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн болно. Гэтэл анхан шатны шүүхээс “ил байсан юмыг аваад явсан” мэтээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилснийг эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.М нь тусгайлсан хамгаалалттай агуулах саванд нэвтэрч бусдад 484000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Г.Мт холбогдох шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

            Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд тухайн өдөр болсон зүйлийг сайн санахгүй байгаа. Хулгайн хэрэгт холбогдсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлд дурдсанаар Г.Мийг орон байранд нэвтэрсэн гэж үзсэн. Гэвч энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл дээр “гутлын мөр байна.” гэж бичсэн. Түүнчлэн гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр Г.М авсан нь тогтоогдож байна гэж эсэргүүцэлдээ дурдсан байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “орон байранд нэвтрэх” гэдгийг түлхүүр тааруулж орох, багаж хэрэгсэл ашиглах, цонхны түгжээг эвдэх зэрэг аргаар нэвтэрч орохыг ойлгоно. Тухайн агуулахыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр гэж үзээд байгаа юм уу? Мэдээж тухайн газарт хүн амьдрах боломжгүй. Гэрч М.Э: “Г.Мийг авсан байх гэж сэжиглэж байна. Г.М урьд нь манайд ажиллаж байсан. Миний хувьд хоёр давхарт 21 цагийн үед унтчихаад, 22 цагаас хойш унтаагүй объёктоо манаад хоносон” гэж мэдүүлсэн. Тэр Г.Мийг орсныг хараагүй. Харин өглөө нь иргэний нэхэмжлэгч Б.А ирээд подвалд чинь хулгай орсон байна гэж хэлэхэд нь мэдсэн. Түүнээс биш шууд эх сурвалжийг нь заадаггүй. Хавтаст хэрэгт байгаа дээрх баримтуудаас харахад нэвтэрч орсон нь тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зүйлчлэлийг хэвээр үлдээж, давж заалдах шүүх нь эрх хэмжээнийхээ хүрээнд миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор хохирол, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал зэргийг харгалзан үзэж, 6 сарын хорих ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дэх хэсэгт зааснаар тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Г.Мт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Прокуророос шүүгдэгч Г.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг  анхан шатны шүүх “тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн нь эргэлзээтэй байна” гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэжээ.

    Хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Б.А, гэрч Ч.Б, А.О, Х.Э, М.Э, А.У, яллагдагч Г.М нарын мэдүүлэг, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургууд, хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Г.Мийн гэрээс хураан авсан болон иргэний нэхэмжлэгчид буцаан өгсөн эд зүйлс нь байнгын харуул хамгаалалттай барилгын доторх цоожтой агуулахад хадгалагдаж байсан, тус агуулахын хаалганы цоожтой цүүг нь эвдэж орсон ул мөр үлдсэн, хэргийн газраас Г.Мийн утасны сим карт олдсон, хулгайд алдагдсан эд зүйлсийг Г.М нь дэлгүүрт болон гудамжаар барьж явсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, нягт нямбай үнэлээгүйн улмаас хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийсэн байна. /хх 2-8, 11-13, 16-24, 33-34/
    Иймд прокурорын “Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсэн” гэх эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
    
    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Мт холбогдох эрүүгийн 1930000000183 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

Хоёр. Шүүгдэгч Г.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Гурав. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.



                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   О.БААТАРСҮХ
        
                              ШҮҮГЧИД                          Д.БАЙГАЛМАА
                 
                                                                                       С.ОЮУНТУНГАЛАГ