Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Мөнхзаяа |
Хэргийн индекс | 159/2021/0020/З |
Дугаар | 159/ШШ2022/0002 |
Огноо | 2022-02-28 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 159/ШШ2022/0002
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарын хоорондын тусгай зөвшөөрлийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/305 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж байна.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга ******* ХХК-нд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Таширын нуруу нэртэй газар орших 79.8 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын *******Х дугаар тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/******* дүгээр захирамжаар олгож, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Тусгай зөвшөөрөл сунгах тухай А/339 дүгээр захирамжаар ******* ХХК-ийн *******Х дугаар тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар сунгажээ.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/305 дугаар захирамжаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 37.4 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлээр ******* ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж, хүчингүй болгосон байна.
Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/1075 тоот албан бичгээр мэдэгдсэний дагуу маргаан бүхий актыг мэдэж, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ... Манай ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжийн дагуу олгосон түгээмал тархацтай ашигт малтмалын хайгуулын *******Х дугаар тусгай зөвшөөрлөөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр Таширын нуруу гэх газарт хайгуулын хайрга, дайрганы чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болно. Гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/305 дугаар захирамж гарч манай компанийн дээрх тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Цуцлах болсон үндэслэл нь хайгуулын талбайд хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, хууль бусаар алт олборлосон, тайлан төлөвлөгөөг цаг хугацаанд нь хүргүүлээгүй гэж үзжээ.
Манай ******* ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшиж эхэлсэн хугацаа болох 2016-2017 онд санхүү, хөрөнгө оруулалтын нөхцөл байдлаас шалтгаалж үйл ажиллагаа явуулаагүй ба тухайн үед энэ талаарх албан бичгийг аймгийн хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлж байсан болно. 2018-2019 оны үйл ажиллагааны тайланг тухай бүрд нь холбогдох байгууллагуудад тэр дундаа мэргэжлийн хяналтын газрын Уул уурхай хариуцсан хэлтсийн мэргэжилтэн О.Болд-Эрдэнэ, мөн Сэлэнгэ аймгийн Тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн ******* нарт тус тус хүргүүлж байсан. Улмаар 2019 оны жилийн эцсээр тусгай зөвшөөрлийн сунгалтыг хийлгэхээр тайлан болон бусад баримтуудыг Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн ******* хүргүүлж байсан ба цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зөвшөөрлөө сунгуулсан.
Хууль бусаар алт олборлосон асуудал нь манай ******* ХХК-тай хамааралгүй ба эрүүгийн журмаар манай компанийг шалгаж хариуцлага хүлээлгэсэн асуудал байхгүй. Харин манай компаний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын гэрэлтүүлгийн ажилд 20 сая төгрөг, тамгын газрын байрны засвар замын ажилд 10 сая төгрөг, уурын зуухны шинэчлэлд 20 сая төгрөг, цэцэрлэг болон бусад байгууллагын ойн арга хэмжээ зэрэгт удаа дараа хандив, тусламж үзүүлж сайн үйлсийг дэмжин ажиллаж байсан.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 371.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана. гэсэн байна. Гэтэл Засаг даргын зүгээс манай компанид албан ёсоор мэдэгдэлгүйгээр шууд тусгай зөвшөөрлийг цуцлах ажиллагаа явагдсан гэж үзэж байна. Мөн Түгээмал тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах нэрээр өөр төрлийн ашигт малтмал хайж, ашигласан нь тогтоогдсон гэж үзсэн байна. Энэ хуулийн заалтаар бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөрчил гаргасан байхыг шаардаж байгаа ба одоогоор ******* ХХК-ийг буруутгасан шүүхийн болон хууль хяналтын байгууллагын шийдвэр байхгүй. Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/305 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/******* дугаар захирамжийн дагуу олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын *******Х дугаар тусгай зөвшөөрлөөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр Ташрын нуруу гэх газарт хайгуулын хайрга, дайргын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болно. Гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/305 дугаар захирамж гарч манай компанийн дээрх тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Цуцлах болсон үндэслэл нь хайгуулын талбайд хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, хууль бусаар алт олборлосон, тайлан төлөвлөгөөг цаг хугацаанд нь хүргүүлээгүй гэж үзжээ. ******* ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшиж эхэлсэн хугацаа болох 2016-2017 онд санхүү, хөрөнгө оруулалтын нөхцөл байдлаас шалтгаалж үйл ажиллагаа явуулаагүй ба тухайн үед энэ талаарх албан бичгийг аймгийн хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлж байсан болно. 2018-2019 оны үйл ажиллагааны тайланг тухай бүрд нь холбогдох байгууллагуудад тэр дундаа мэргэжлийн хяналтын газрын Уул уурхай хариуцсан хэлтсийн мэргэжилтэн О.Болд-Эрдэнэ, мөн Сэлэнгэ аймгийн Тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн ******* нарт тус тус хүргүүлж байсан.
Улмаар 2019 оны жилийн эцсээр тусгай зөвшөөрлийн сунгалтыг хийлгэхээр тайлан болон бусад баримтуудыг Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн ******* хүргүүлж байсан ба цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зөвшөөрлөө сунгуулсан. Хууль бусаар алт олборлосон асуудал нь манай ******* ХХК-нд хамааралгүй ба эрүүгийн журмаар манай компанийг шалгаж хариуцлага хүлээлгэсэн асуудал байхгүй. Харин манай компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын гэрэлтүүлгийн ажилд 20.000.000 төгрөг, тамгын газрын байрны засвар замын ажилд 10.000.000 сая төгрөг, уурын зуухны шинэчлэлд 20.000.000 төгрөг, цэцэрлэг болон бусад байгууллагын ойн арга хэмжээ зэрэгт удаа дараа хандив, тусламж үзүүлж сайн үйлсийг дэмжин ажиллаж байсан.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1, 37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана. гэсэн байна. Гэтэл Засаг даргын зүгээс манай компанид албан ёсоор мэдэгдэлгүйгээр шууд тусгай зөвшөөрлийг цуцлах ажиллагаа явагдсан гэж үзэж байна. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах нэрээр өөр төрлийн ашигт малтмал хайж, ашигласан нь тогтоогдсон гэж үзсэн байна. Энэ хуулийн заалтаар бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөрчил гаргасан байхыг шаардаж байгаа ба одоогоор ******* ХХК-ийг буруутгасан шүүхийн болон хууль хяналтын байгууллагын шийдвэр байхгүй. Иймд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/305 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг харахад цуцлах болсон үндэслэл нь Засаг даргын захирамжтай холбоотой юм. Тус аж ахуйн нэгж нь хайгуулын талбайд хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, хууль бусаар алт олборлосон. Мөн Аймгийн мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар тайлангаа хууль журмын дагуу хугацаанд нь хүргүүлээгүй гэж тогтоогдсон байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12 дахь заалтыг харахаар түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч гэдгийг тусгайлан заагаад өгчихсөн. Үүнд хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглах асуудлын талаар тодорхой заасан. Хуулийн этгээд гэдэг нь Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар компани, нөхөрлөл гэх хоёр хэлбэртэй байна гэж заасан. Миний ойлгож байгаагаар ******* гэх хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээд ял шийтгэл авсан. Шинэчилсэн Эрүүгийн хуульд хуулийн этгээд эрүүгийн хэргийн субъект болж орохоор заасан.
Тиймээс хэрвээ энэ компани ямар нэгэн байдлаар тухайн зөвшөөрөлтэй холбогдолтой асуудлаар хууль бус зүйл хийсэн бол энэ компанид хариуцлага тооцох байсан. Энэ компанид хариуцлага тооцсон бол өнөөдөр энэ компани тусгай зөвшөөрлийг эзэмшигч гэх статустайгаар оролцоод эзэмшигч нь ямар амжилт гаргасан бэ гэх асуудал яригдаад явах байх. ******* гэх захирал нь хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргээр тусдаа эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь компанид хамааралгүй асуудал байна гэх үндэслэл шаардлага байна. Хоёрдугаарт тайлангаа цаг хугацаанд нь хүргүүлээгүй гэж байна. Хэдэн оны хэдэн сарын тайлан, тооцоогоо хүргүүлээгүй гэдэг нь тодорхой байхгүй байна. Учир нь хэргийн материалаас харахад 2020 онд тусгай зөвшөөрлөө сунгасан. Хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас өмнөх үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтуудыг өгсөн тохиолдолд зөвшөөрөл сунгагдах байсан. Нэгэнт 2020 онд сунгасан учраас 2020 оноос өмнөх тайлан, мэдээг бүгдийн хийсэн учраас сунгагдсан гэж үзэж байна. Тиймээс тухайн захирамж хуулийн дагуу гараагүй гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч татгалзал болон үндэслэлээ тайлбарлахдаа: ... Нэхэмжлэгч буюу ******* ХХК нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтыг зөрчиж байгаа талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/331 тоот Санал хүргүүлэх тухай албан бичгийг аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн. Тус албан бичигтэй танилцахад аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолоор ******* ХХК-ийн захирал *******т хэрэг үүсгэн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан нь тогтоогдож 01 жил 06 сарын хорих ялаар шийтгэгдсэн байсан.
Уг асуудлын хүрээнд ******* ХХК-нд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтыг үндэслэн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай албан бичгийг 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 01/792 албан бичгээр хүргүүлсэн болно. 2021 оны 8 дугаар сарын 02-ны 06 тоот албан бичгээр ******* ХХК-иас тайлбар ирүүлсэн бөгөөд ирүүлсэн тус тайлбарт тухайн хууль бус үйлдлийг эс үйлдсэн талаар нотлох баримт, шүүхийн шийдвэрийг хавсаргаагүй, хууль ёсны нотлох баримтын ирүүлээгүй тул аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/305 дугаар захирамжаар ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан.
Ийнхүү цуцалсан шийдвэрээ аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/705 тоот албан бичгээр ******* ХХК-нд хүргүүлсэн болно. Майна зүгээс уг нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж байна. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Баянгол сумын иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын газраас удирдамж гаргаад улсын байцаагч 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянгол сумын Ташрын нуруу нарт, Бор толгой гэх газарт хяналт шалгалт явуулсан. Хяналт шалгалтын явуулж ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01/331 тоот албан тоотоор аймгийн Засаг даргын нэр дээр ирүүлсэн. Тус албан тоотод дурдсанаар ******* ХХК нь Баянгол сумын Ташрын нуруу гэх газарт ХV-43000043, *******Х дугаартай 79.8 га газарт хайрга, дайрга түгээмэл тархацтай, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан. Гэвч ******* ХХК нь тусгай зөвшөөрөлд заагдсан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал хайх үйл ажиллагаа явуулах үүргийн хэрэгжилтийг хангалтгүй явуулсан. Ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөлтэй газарт дур мэдэн ашиглалт явуулсан. Энэ 7 иргэнд холбогдох зөрчилд Баянгол сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаас 2020 онд 1.050.000 төгрөгийн торгуул, 2021 онд 450.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон. Үүний дотор тус компанийн гүйцэтгэх захирал гэх Н.Эрдэнэбаярт 2 удаа торгуулийн арга хэмжээ тооцсон байна. Мөн ******* ХХК-ийн захирал *******т тусгай зөвшөөрлийн талбайдаа 2019 онд хууль бусаар алт олборлолт явуулсан зөрчил гаргаж шүүхээр ял шийтгүүлсэн.
Дээрх дурдсан удирдамжийн дагуу 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр тус компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх явцад тус компани нь нь тухайн үед тусгай зөвшөөрлийн хуулбараас өөр ямар нэгэн баримт бичиг байхгүй байсан. Мөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө тайланг тухайн сумын Засаг дарга болон Мэргэжлийн хяналтын газрын байгууллагаар хянуулсан тайлан, төлөвлөгөө байхгүй. Аймгийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газарт ирүүлдэггүй зөрчлүүд илэрсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйл, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа. Тус компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд иргэд дур мэдэн ашиглалт гаргаад байхад компанийн удирдлагын зүгээс зөрчлийг таслах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Мөн компанийн эрх бүхий албан тушаалтан нар өөрсдөө хууль зөрчсөн үйлдэл гаргаж Зөрчлийн тухай хуульд холбогдох зүйл заалт, Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээсэн нь Баянгол сумын байгаль орчны улсын байцаагч 2020, 2021 оны хэрэг бүртгэлтийн материал, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 65 дугаар шийдвэр зэрэг материалуудаар нотлогдон тогтоогдож байгаа.
Иймд дээрх зөрчлүүд болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтыг үндэслэн ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Мэргэжлийн хяналтын газраас хяналт, шалгалт явуулаад Аймгийн Засаг даргад ирүүлсний дагуу бодит нөхцөл байдал тогтоогдсон учраас тусгай зөвшөөрлийг цуцлах мэдэгдлийг тус компанийн захирал *******т 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 01/792 дугаар албан тоотоор хүргүүлсэн. Дээрх мэдэгдлийн дагуу тус компаниас 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 06 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Хариу тайлбартаа 2016-2017 онд үйл ажиллагаа явуулаагүй, 2018-2019 онд тайлангаа Мэргэжлийн хяналтын газарт Аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө орлогын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст ирүүлсэн байна. Ирүүлсэн тайлбарын дагуу тус компаниас 2018, 2019 оны тайланг шүүх үзэхэд 2018 онд ирүүлсэн гэх тайлан нь 2018 оны төлөвлөгөөнийхөө нүүрийг тайлан болгон өөрчилж хуурамч материал бүрдүүлсэн байна.
Иймд аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/305 дугаар захирамжаар ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, цуцалсан тухай мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/1075 тоот албан бичгээр хүргүүлсэн. ******* ХХК нь 2016, 2017 онд үйл ажиллагаа явуулаагүй гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. 2016 оноос хойш нэг ч удаа тайлангаа ирүүлж байсан нь нотлогдоогүй. 2018 онд ирүүлсэн тайлан гэдэгт 2018 оныхоо хайгуулын ажлын төлөвлөгөөнийхөө зөвхөн нүүрийг солиод тайлан гэх нүүр хийгээд буцаагаад явуулсан. Үүнийг тайлан гэж үзэхээргүй байгаа. Мөн Ашигт малтмалын тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчсөн гэх үйлдлүүдийг Мэргэжлийн хяналтын газар болон байгаль орчны хяналтын улсын байцаагч 2020, 2021 онуудад торгуулийн арга хэмжээ тус тус авагдаж хариуцлага тооцсон. Мөн хууль бус алт олборолт явуулж захирал нь шүүхээр ял шийтгүүлсэн зэргээр хууль зөрчсөн үйлдлүүд нь нотлогдож байх тул ******* ХХК-ийн гаргасан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/305 дугаар захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн тайлангаа хугацаанд нь хүргүүлээгүй гэх асуудал яригдаж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд тусгайлан заагаад өгчихсөн байгаа. Тухайлбал 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах мэдээ, тайлан, төлөвлөгөөг доор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж аймаг, нийслэлийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын газарт хүргүүлнэ гэж заасан. Хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан маягтын дагуу байгууллагын хайгуулын үе шатаар дамжлан гаргаж тайланг гаргасан хугацаанаас хойш 60 хоногийн дотор хүргүүлнэ. Мөн тайлангаа тухайн талбайд хийгдсэн өрөмдлөг болон бусад бүх төрлийн ажлын тоо хэмжээ, өртөг зардал, ажилсан хүчтэй холбоотой мэдээ түүнчлэн хайгуулын ажлын үр дүн , тухайн талбайд хийгдсэн ажлын зургийг хавсаргах бөгөөд түүнийг нь улсын геодезийн тулгуур сүлжээтэй холбосон байх ёстой. 2018 онд ганц удаа ирүүлсэн тайланг бол төлөвлөгөөнийхөө нүүрийг солиод ирүүлсэн. Ийм байдалтай байна, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн тайлбартаа холбоотой холбоотой баримтуудыг шүүхэд гаргаж өгөх хүсэлтэй байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрүүдийн шүүх хуралдааныг нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ыг оролцуулах үндэслэлээр хойшлуулж, нэхэмжлэгчийн эрхийг шүүхээс хангаж дараагийн шүүх хуралдааны товыг мэдэгдэх гэсэн боловч түүний 88110781 дугаар утас холбогдох боломжгүй, мөн нэхэмжлэлд дурдсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, , шар хад тоот хаяг болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дэх Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, 2 40 мянгат 21, 21 тоот хаягаар тус тус шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тус хаягт байхгүй гэсэн шуудангийн хариу ирсэн[1] мөн шүүгчийн туслахаас 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тус компанийн өмнөөс анх шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан иргэн //-тай холбогдоход ******* 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр болох шүүх хуралдааны товыг мэдсэн хуралд биечлэн оролцоно гэж байсан... гэсэн. Түүнчлэн түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхэд нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татгалзах зүйлгүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан.
Дээрх нөхцөл байдлуудыг үндэслээд шүүхээс шүүн таслах ажиллагааны хэвийн тасралтгүй байдлыг хангах үүднээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд оролцож байгаа тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулахаар удаа дараа хандсан боловч шүүхийн албан бичигт дурдсан нотлох баримтын холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргаж өгсөн бөгөөд үлдсэн баримтыг хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тул шүүх нотлох баримтыг заавал нэхэмжлэгчээс гаргуулах шаардлагагүй, байгаа баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах тухай А/305 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...******* гэх захирал нь хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргээр эрүүгийн хариуцлага хүлээсэн нь манай компанид хамааралгүй, хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэн бус хуулийн этгээд байхаар заасан бөгөөд шинэчилсэн Эрүүгийн хуульд хуулийн этгээд эрүүгийн хэргийн субъект болж орохоор заасан, тусгай зөвшөөрлийн хугацааг хариуцагч 2020 онд сунгасан атлаа одоо тайлан төлөвлөгөөг хугацаанд нь батлуулаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан... гэж тайлбарлан маргадаг.
1.******* гэх захирал нь хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргээр эрүүгийн хариуцлага хүлээсэн нь манай компанид хамааралгүй, хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэн бус хуулийн этгээд байхаар заасан бөгөөд шинэчилсэн Эрүүгийн хуульд хуулийн этгээд эрүүгийн хэргийн субъект болж орохоор заасан гэх үндэслэлийн тухайд:
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Санал хүргүүлэх тухай 01/331 тоот албан бичиг[2]-ээр Баянгол сумын иргэнээс ирүүлсэн ******* ХХК-нд холбогдох гомдлыг үндэслэн хяналт шалгалт хийж Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтыг үндэслэн ******* ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг хүргүүлж холбогдох баримтыг хавсаргасны дагуу хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/305 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.5, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 37.4 дэх заалтыг тус тус үндэслэн ******* ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлтэй байна.
Учир нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоол[3]-оор ******* ХХК-ийн захирал *******ыг Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг Таширын нуруу гэх газарт 79.8 гектар талбайг хамарсан түгээмэл тархацтай хайрга дайрганы ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 3 жилийн хугацаатай авсан боловч уг хайгуулын тусгай зөвшөөрөл болон Ашигт малтмалын тухай хуулийг 2019 оны 6 дугаар сараас эхлэн зөрчин тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байгаль экологид буюу эдэлбэр газар, газрын хэвлий газрын хөрсөнд нийт 4821272 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. гэж дүгнэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулжээ.
Улмаар шүүгчдэгч ******* ХХК-ийн захирал *******, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 44 дүгээр магадлал[4]-аар шүүгчдэгч нь гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлж барагдуулсан байна гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хорих ялыг торгох ялаар өөрчилсөн байна.
Үүнээс үзвэл *******т оногдуулсан эрүүгийн хариуцлага нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн үйл ажиллагаатай хамааралтай бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь ...******* түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй боловч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу зөвхөн түгээмэл тархацтай ашигт малтмал хайх гэсэн заалтыг болон энэ хуулийн 27, 28 дугаар зүйлүүдэд заасныг зөрчин хууль бусаар буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу алт олборлосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэснээс үзвэл тухайн эрүүгийн хариуцлагыг дан ганц иргэн *******ын хувьд бус түүний тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн удирдлагын хувьд уг үйл ажиллагаатай нь холбогдуулан оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ[5]-нд тус компанийн гүйцэтгэх захирлаар *******ыг томилсныг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн бүртгэж, түүнээс хойш захирлын мэдээлэлд өөрчлөлт ороогүй байна.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 0067646 дугаар шийтгэлийн хуудас[6]-аар ******* ХХК-ийг түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий Бороо-4 гэх газарт зохих зөвшөөрөлгүй хууль бусаар олборлолт явуулж тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн нийтлэг үүргийг зөрчсөн гэж үзэж 1000 нэгжээр торгожээ.
Дээрх шүүхийн шийдвэрүүд болон эрх бүхийн этгээдийн шийтгэлийн хуудсаас үзвэл нэхэмжлэгч нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах нэрээр өөр төрлийн буюу гар аргаар алт олборлосон болох нь тогтоогдож байх тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасны дагуу тус компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлтэй байна.
2.Тусгай зөвшөөрлийн хугацааг хариуцагч 2020 онд сунгасан атлаа одоо тайлан төлөвлөгөөг хугацаанд нь батлуулаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь ойлгомжгүй гэх үндэслэлийн тухайд:
Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/339 дүгээр захирамж[7]-аар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.7, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтыг тус тус үндэслэн ******* ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар сунгаж холбогдох баримт[8]-ыг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт-[9]дээ 2018, 2019, 2020 оны хайгуулын ажлын төлөвлөгөө, 2018 оны тайлан хавсаргасан. Мөн хариуцагчаас гаргаж өгсөн баримт зэргээс үзвэл нэхэмжлэгчийг тайлан төлөвлөгөөг цаг хугацаанд нь хүргүүлээгүй бодит нөхцөл байдал тогтоогдсон хэмээн хариуцагчаас маргаан бүхий актад дурдсан нь үндэслэлтэй байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 16.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 15.1.3-т заасан хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ. гэжээ. Гэтэл ******* ХХК-иас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр[10] гаргасан боловч хүсэлтийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр буюу жил 2 сар гаруй хугацааны дараа шийдвэрлэсэн нь хариуцагч дээрх хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Хэдийгээр хариуцагч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах шийдвэр гаргах хугацааг хэтрүүлсэн, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэгэнт тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан тул өмнө гаргаж өгсөн хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан дутуу эсэх нь одоо хамааралгүй гэж тайлбарлаж байгаа нь тусгай зөвшөөрлийг цуцалсан маргаан бүхий актыг үгүйсгэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн өөрийн байгууллагын буруутай үйлдлийг зөвтгөж буй тайлбар нь үндэслэлгүй гэж шүүх үзэв.
3.Нэхэмжлэгчид мэдэгдэлгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан гэх үндэслэлийн тухайд:
Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нь 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 01/792 тоот[11] албан бичгээр нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал *******т түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасны дагуу цуцлахыг мэдэгдэж, ******* ХХК-иас 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 06 тоот албан бичгээр хариу авч сонсох ажиллагааг хэрэгжүүлэн улмаар 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/1075 тоот[12] албан бичгээр нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/305 дугаар захирамжаар цуцалсан талаар тус тус мэдэгджээ.
Үүнээс үзвэл хариуцагч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 37.1.1-37.1.4-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана. мөн зүйлийн 37.4-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 37.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж, шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ. болон Захиргааны ерөнхий хуулийн 26, 43 дугаар зүйлд тус тус заасан мэдэгдэх ба сонсгох ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэл баримтаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл үгүйсгэгдэж байх тул Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах тухай А/305 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.4, 37.2, 37.4, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 43 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлах тухай А/305 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] Хавтаст хэрэг-2, 155-156 хуудас
[2] Хавтаст хэрэг-1, 31 хуудас
[3] Хавтаст хэрэг-1, 64-72 хуудас
[4] Хавтаст хэрэг-1, 73-77 хуудас
[5] Хавтаст хэрэг-1, 4 хуудас, хавтаст хэрэг-2, 143-145 хуудас
[6] Хавтаст хэрэг-1, 96 хуудас
[7] Хавтаст хэрэг-1, 214 хуудас
[8] Хавтаст хэрэг-1, 213-250 хуудас, Хавтаст хэрэг-2, 1-58 хуудас
[9] Хавтаст хэрэг-1, 217 хуудас
[10] Хавтаст хэрэг-1, 217 хуудас
[11] Хавтаст хэрэг-1, 28 хуудас
[12] Хавтаст хэрэг-1, 30 хуудас