Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2025/0501

 

 

 

 

 

 

 

 

Д.Сгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэгч: Д.С

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Д.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 045 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б

Хэргийн индекс: 110/2025/0023/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.С нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Д.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 045 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Д.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Монгол Улсын Дээд шүүхийн Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2008 оны 15 дугаар тогтоолд тайлбарласнаар хугацааг гэрээ байгуулсан өдрөөс тооцох ёстой. Д.С нь тухайн газрыг эзэмших шийдвэр гарснаас хойших тухайн газрыг хашиж, хамгаалж, усны том сав тавьж, хашааны дотор хоёр машин уулын чулуу, шургааг болон бетонон шон буулгаж, цаашид ашиглахаар хөрөнгө оруулж, төсөл боловсруулж, төр захиргааны болон төрийн бус байгууллагад уламжилж оруулсан боловч тухайн үед санхүүгийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд хандаж байсан боловч дэмжлэг авч чадаагүй.

3.2. Энэ хооронд 2020-2022 онуудад дэлхий дахинд улс орны хэмжээнд Ковид-19 өвчин гарч нийтийн хөл хориог урт, богино хугацаагаар удаа дараа тогтоосон. Иргэд аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулаагүй, улсын хилийг хаасан байсан учир шаардлагатай бараа, материал орж ирэхгүй тасарсан байсан үе байсан. Ковид-19 цар тахлын улмаас Монгол улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон. Иргэн, хуулийн этгээдийн хувьд чөлөөтэй зорчих боломжгүй нөхцөл байдалд байсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд үүнийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон байсан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзнэ. Хариуцагч шийдвэр гаргахдаа үүнийг анхаарч үзээгүй. Ковид-19 цар тахлын улмаас газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсныг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулж үзэхээр маргаан шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолууд бий.

3.3. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж хуульчилсан. Хэрэгт гэрээг дүгнэсэн талаарх ямар нэгэн нотлох баримт авагдаагүй. Хуулийн дээрх заалтаар Өлгий сумын Засаг дарга гэрээг жил бүр дүгнэж, зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг дүгнэсний үндсэн дээр хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэх ёстой. Гэтэл энэ ажлыг огт хийгээгүй атлаа нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээ дүгнэх ажлыг огт хийхгүй явж байгаад бараг 12 жилийн дараа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь өөрөө хууль зөрчсөн.

3.4. Нэхэмжлэгч тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байгаа нь түүний эрүүл мэндийн байдалтай шууд холбоотой байсан. Уг газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай Засаг даргын захирамж гаргахаас дээрх нөхцөл байдлуудыг сайн тодруулж, үйл ажиллагаа явуулсан эсэхийг тогтоосны үндсэн дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон бол ийм маргаан гарахгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хэрхэн хүргүүлэх талаар зохицуулсан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж заасан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэж заасныг зөрчиж, Өлгий сумын Засаг дарга иргэн С.Женисийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа түүний оршин суугаа хаягаар сонсох ажиллагаа хийгээгүй, мэдэгдэл хүргүүлээгүй болох нь нотлогдож байгаа тул Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” зарчмыг хангаагүй байна. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулах ёстой.

3.5. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд ажлын хэсэг шалгалтаар явсны дараа 2024 оны 07 дугаар сард тухайн газрыг эзэмшигч нарыг дуудан уулзаж, тайлбар авсан гэх боловч Д.Стэй дуудаж уулзсан, түүнээс ямар нэгэн тайлбар авсан нотлох баримт байхгүй байна. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд энэхүү гомдлыг зохих журмын дагуу хянаж Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 045 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч Д.С нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/*** дугаар захирамжийн Д.Сд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.2. Нэхэмжлэгч Д.С нь 2012 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2,5 га газар эзэмших тухай хүсэлт гаргаснаар Өлгий сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 161 дүгээр захирамжаар 2,5 га газрыг ойжуулах зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Гэтэл Өлгий сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/*** дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн “газрыг зориулалтын дагуу ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг болон газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгожээ.

2.3. Анхан шатны шүүхээс “...үзлэг хийхэд нэхэмжлэгчид ойжуулах зориулалтаар эзэмшүүлсэн Өлгий сумын 10 дугаар багт байрлах 2,5 га газрыг хашаалаагүй, нүх гаргаагүй, мод тариагүй, худаг гаргаагүй байсан ба уг газрын 4 буланд 4 бетон шон байрлуулснаас 2 нь хугарсан, 4 талд нь 14 модон шон байрлуулснаас 10 нь хугарсан, мөн газрын зүүн урд буланд чулууны үлдэгдлүүд байсан...” цаашид ашиглахаар хөрөнгө оруулсан” гэх боловч эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахаар тодорхой үйл ажиллагаа явуулж, зардал гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

2.4. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” гэж зааснаар газар эзэмшигч этгээд нь тухайн газрыг анх олгосон зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах үүргийг хүлээнэ. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д газар эзэмшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Харин Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно хэмээн тайлбарласан.

2.5.  Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр анхан шатны шүүхээс газрын үзлэг хийсэн ба тус үзлэгийн тэмдэглэлд дурдсанаар нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашигласан гэж үзэх боломжгүй бөгөөд тэрээр анх 2014 онд газар эзэмших гэрээ байгуулснаас хойш маргаан бүхий захиргааны акт гарах хүртэлх 10 жилийн хугацаанд уг 2,5 га газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдож байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Д.С нь газар эзэмших шийдвэр гарснаас хойш тухайн газрыг хашиж, хамгаалж, усны том сав тавьж, хашааны дотор хоёр машин уулын чулуу, шургааг болон бетонон шон буулгаж, цаашид ашиглахаар хөрөнгө оруулж, төсөл боловсруулсан...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

2.6.  Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...ковид-19 өвчний цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон байсан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзнэ...” гэж дурдаж байх боловч Коронавирус цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас хатуу хөл хорио тогтоож эхэлсэн бөгөөд Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт юм. Энэ нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах боловч маргаан бүхий захиргааны акт гарах хүртэлх хугацаанд мөн л тус газраа зориулалтын дагуу ашиглаагүй байх тул газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэж, маргаан бүхий актыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахааргүй байна.

2.7. Тодруулбал цар тахлын нөхцөл байдал арилснаас хойш ч газраа зориулалтын дагуу ашиглах хангалттай хугацаа байсан боловч тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй, Коронавирус цар тахлаас болж газраа ашиглах боломжгүй байсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

2.8. Түүнчлэн, газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх хүндэтгэн үзэх шалтгаанд нэхэмжлэгч Д.С нь эрүүл мэндийн шалтгаантай байсан гэж тайлбарлан маргаж байх хэдий ч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэл 6 хоног, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд 1 хоног, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 27-ны хооронд 7 хоног хэвтэн эмчлүүлсэн, мэс засал хийлгэсэн, 2023 оны 03 дугаар сарын 24-ний, 2023 оны 08 дугаар сарын 14-ний, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд эмчид үзүүлсэн гэх баримтууд байх ба эдгээр нь газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдалд байсан гэх хангалттай нотлох баримт болохгүй байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                                Д.ОЮУМАА