Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2019/02184

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 14 өдөр                   Дугаар 183/ШШ2019/02184                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний  шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, тоотод оршин суух, С /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, С ХХК /РД:........./-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан худалдааны борлуулагчийн ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх, 2018 оны амралтын мөнгөн олговроо бодуулж гаргуулж авах, Цалингаас суутгасан эрсдэлийн 10 хувийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С, түүний өмгөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, гэрч Р , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр С ХХК-д анх мерчэндайзерээр ажилд орсон. 2019 оны 02 дугаар сард дэвшээд худалдааны төлөөлөгчөөр 3 сар ажиллаж байхад н.Э буцаагаад мерчэндайзер албан тушаалд томилсон. Би ямар шалтгааны улмаас тушаал буруулж байгаа талаар асуухад шалтгааныг нь хэлээгүй. н.Б хүлээн зөвшөөрөхгүй бол ажлаас гарах өргөдлөө  гарга гэж надад хэлсэн. Иймд би шахалт, дарамтын улмаас өөрөө хүсээгүй ч ажлаас гарах өргөдлөө  гаргаж ажлаас гарсан. Мөн намайг худалдааны борлуулагчаар ажиллаж байхад намайг 3 сарын турш туршилтын цалингаар цалинжуулсан, туршилтын хугацаа дууссан ч намайг жинхлээгүй. Авч буй цалин тодорхойгүй, цалингийн дэлгэрэнгүй өгдөггүй, эрсдэлийн сан гэж цалингаас 10 хувь суутгаж авдаг. Ямар үндэслэлээр хэдэн төгрөг хуримтлал авдаг, хэдэн төгрөгийн хуримтлал үүссэн бэ гэдэг нь тодорхойгүй. Амралтын өдөр хүртэл илүү цагаар ажилуулдаг боловч илүү цаг бодож өгдөггүй, 2018 оны амралтын мөнгө олгоогүй” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С нь С ХХК-д 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мерчэндайзерээр албан тушаал томилогдоод 2019 оны 02 дугаар сараас эхлээд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. 2019 оны 03 дугаар сарын 26-нд ажлаас гарах өргөдлөө  бичиж өгсөн. Үүний дагуу ажилтны өргөдөл болон Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1, 39.2-д заасныг үндэслэж, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тасалбар болгож ажлаас нь чөлөөлж талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Ямар нэгэн дарамт шахалт байгаагүй. Өөрөө өргөдөл бичээд ажлаас гарсан. С ХХК-д ажиллах хүч хэрэгтэй учраас хоёр удаа ажилд буцааж авах санал тавьсан боловч нэхэмжлэгч өөрөө татгалзсан. 2018 оны ээлжийн амралт олгоогүй гэсэн боловч амралт олгосон. Үүнтэй холбоотой баримт шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн хэлснээр эрсдэлийн сан буюу компанийн журамд зааснаар хүний хөгжлийн сан. Энэ сангийн санхүүжилтийг ажилтны цалингаас суутгадаггүй, компаниас санхүүжүүлдэг. Цалингийн хувьд бүтэн олгосон нь цалингийн дэлгэрэнгүй хуулбараас харагдаж байна. Мөн эрсдэлийн сангаас буюу хувь хүний хөгжлийн сангаас хуримтлагдсан мөнгөнөөс хэзээ авах эрх үүсэх талаар журамд заасан шалгаруул хангаж байж мөнгө авах боломжтой. Жишээ нь нэг жил ажилласан байх ёстой, өр дутагдалгүй байх ёстой гэх мэт шалгаруулалттай. Эдгээр шалгаруулууд хангасан тохиолдолд мөнгө авах эрх үүсдэг. Компани тухайн санд мөнгө хийсэн төлөө мөнгө авах эрхтэй гэсэн үг биш. Шалгуур хангасан тохиолдолд мөнгө авах эрх үүсэж, урамшуулал авах эрхтэй боловч С нь эдгээр шалгаруудыг хангаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Сгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч С нь С ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан худалдааны борлуулагчийн ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх, 2018 оны амралтын мөнгөн олговроо бодуулж гаргуулж авах, цалингаас суутгасан эрсдэлийн 10 хувийг гаргуулахаар нэхэмжилсэн,  хариуцагч тал ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд С нь С ХХК-ийн захирлын 2018.6.25-ны өдрийн 02/299 тоот тушаалаар тус компанид мерчиндайзерын ажилд томилогдож 2018.6.18-ны өдөр Т-3 хөдөлмөрийн гэрээг 2018.6.18-ны өдрөөс 2018.8.18-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай байгуулсан байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний 1.1 дэх хэсэгт зааснаар туршилтын хугацаатайгаар байгуулсан байна.

 

Улмаар нэхэмжлэгч С нь  мөн компанид худалдааны борлуулагчийн албан тушаалд дэвшин ажилласан байх боловч түүнийг мерчиндайзерын албан тушаалаас чөлөөлж, худалдааны борлуулагчийн албан тушаалд томилсон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Нэхэмжлэгч С 2019.3.26-ны өдөр өөрийн хүсэлтээр худалдааны боруулагчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг тус компанийн захирлын 2019.5.01-ний өдрийн 02/235 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39.2, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 9.2.1, хөдөлмөрийн гэрээний 5.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн түүнийг ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39.2, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 9.2.1, хөдөлмөрийн гэрээний 5.2 дахь хэсэг, Сгийн 2019.3.26-ны өдрийн ажлаач чөлөөлөгдөх тухай өргөдлийг тус тус үндэслэн тус компанийн марс борлуулалтын албаны борлуулагч ажилтай Сгийн хөдөлмөрийн гэрээг 2019.5.01-ний өдрөөс эхлэн цуцалсан байна.

 

Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд актад тавигдах шаардлагыг хангасан, үндэслэл болгосон хуулийн зохицуулалт нь тохирсон байхыг шаардах бөгөөд С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.5.01-ний өдрийн 02/235 тоот тушаал хуульд нийцсэн байна гэж үзлээ.  

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар С ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2018 оны амралтын мөнгө гаргуулах, цалингаас суутгасан эрсдэлийн 10 хувийг гаргуулахыг хүссэн, С-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ