Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 34

 

     Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа,  О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

             Шүүх хуралдаанд:
        прокурор Э.Хосбаяр,
нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор Э.Хосбаярын эсэргүүцлээр тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Мад холбогдох эрүүгийн 1930003700225 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1964 онд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, боловсролгүй,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр  хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар баг  “А” гэх газарт оршин суух,  ял шийтгэлгүй, Ш.М
 
Холбогдсон хэргийн талаар
           Шүүгдэгч  Ш.М нь 2019 оны 12 дугаар сард Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийн нутаг Э гэх газраас иргэн Б.Гийн нэг үхрийг хулгайлж,  500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяр нь шүүгдэгч Ш.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор: . Прокуророос шүүгдэгч Ш.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Ш.Мыг алдуул мал завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Мад шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт Ш.Мын өмчлөлийн эрдэнэ тамгатай хүрэн шүдлэн үрээг битүүмжилсэн  2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5/39 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, ялтан Ш.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гт учруулсан хохирлыг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхээс Ш.Мын хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдон өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа малыг олж аван завшиж буй шууд санаатай үйлдлээр илэрдэг. Гэтэл хохирогч Б.Г, шүүгдэгч Ш.М нар нь 2018 оны 12 дугаар сард саахалт буюу хөрш айл байсан болох нь хохирогчийн өгсөн мэдүүлэгт тусгагдсан. Ер нь таван хошуу малаас үхэр, адуу, тэмээ зэрэг бод мал нь бэлчээрээр нийлэх тохиолдол зөндөө байдаг.
Гэрч Хын “... бяруугаа авахаар ирлээ” гэхэд үхрээ хурааж ирээд улаан зүсний зүүн чин дундаасаа баруун чих онь имтэй бяруу зааж хөөгөөд яв гэх” мэдүүлгээс утга агуулгын хувьд эрс зөрүүтэй дүгнэж бичсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.  
 Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг шүүхээс хөнгөрүүлэн зүйлчилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсэн заалттай нийцэхгүй байна. Прокуророос шүүгдэгч Ш.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгосон нь ойлгомжгүй байна. Учир нь прокуророос Ш.Мыг бусдын мал хулгайлсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.
 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.4-т заасан  “Шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” мөн 39.7 дугаар зүйлийн 1.3 “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичив. Дээрх зөрчлүүдийг харгалзан үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Прокурор дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Ш.Мад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хамааралтай, ач холбогдолтой, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд,  бодит байдлаар үнэлж чадаагүйн улмаас хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
    Хэрэгт авагдсан хохирогч Б.Гийн:  “... Дарьганга сумын 3 дугаар багийн  нутаг Э гэх газраас 2018 оны 12 дугаар сарын эхээр  баруун чих араасаа догол, зүүн чих цуулбар имтэй охин улаан бярууг алдсан. Манай саахалт байдаг М ахаас бяруугаа асуухад “хараагүй” гэж хэлсэн. Дараа нь М ах надаас хоёр удаа бяруугаа олсон уу гэж асуусан. Манай үхрийн имийг сайн мэднэ” гэх /хх-6х/, гэрч Ш.Мын: “... Манай баруун талд байдаг Ганзоригийн бяруу үхэрт нийлээд 2-3 хоног болж байхад Х ирээд “хоолгүй болчихлоо, бяруу хэрэгтэй байна” гэхээр нь тэр бярууг Хт өгч явуулсан гэх /хх-9х/,  гэрч Б.Хын: “... 2018 оны 12 дугаар сарын үед гайгүй малтай болохоор нь М ахтай утсаар  “идэшний бяруу бүтээх боломж байна уу” гэж ярихад “хүрээд ир” гэж хэлсэн. Маргааш нь очиход М ах улаан зүстэй, зүүн чих дундаасаа, баруун чих онь имтэй бярууг хөөж ирснийг би авч явсан. Халамжийн мөнгөө аваад 350000 төгрөг өгнө гэж авсан”  гэх /хх-10х/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирогчийнх шүүгдэгчийн баруун талд саахалт нутагладаг, шүүгдэгч нь Б.Гийн үхрийн им, тэмдгийг сайн мэддэг, хохирогч нь бяруугаа алдсан талаар Маас сураглахад  “хараагүй”  гэж хэлсэн, тухайн бяруу нь байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдоогүй, малын эзнийг мэдсээр байж, өөрийн өмчлөлд авч, идшинд хэрэглүүлэхээр Б.Хт өгч явуулан захиран зарцуулсан атлаа хохирогчоос малаа олсон эсэх талаар хоёр удаа лавлаж асуусан, шүүгдэгч нь Иргэний хуульд зааснаар нутаг усныхандаа болон зохих байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй зэрэг хэргийн нөхцөл байдал тогтоогдсон байна.
    Энэ нь алдуул мал завших гэмт хэргийн: “малын эзэн хэн болох нь мэдэгдэхгүй байх, мал нь ижил сүрэг, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдож, өөр нутаг бэлчээрт буюу орон нутагт бэлчээрлэн очих гэх шинжийг үгүйсгэж байгаа тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
     Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Мад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Мад  холбогдох эрүүгийн 1930003700225 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
Хоёр: Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ш.Мад урьд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 Гурав. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.


                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 С.ОЮУНТУНГАЛАГ
                             ШҮҮГЧИД                 Д.БАЙГАЛМАА
                                                                            О.БААТАРСҮХ