Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 115/ШШ2022/0004

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И” гадаадын хөрөнгө оруулалттай ХХК, регистрийн дугаар ...,  (цаашид “И” ХХК  гэх)

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г-ын М,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т-ын Ч, 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б-ын Л,

Хариуцагч: Дорноговь аймгийн Д сумын Засаг дарга,

Хариуцагч: Дорноговь аймгийн Д сумын Байгаль орчны бодлогын мэргэжилтэн (Байгаль орчны улсын байцаагч),

Нэхэмжлэлийн шаардлага: “И” ХХК-ийн, Дорноговь аймгийн Д сумын нутаг дэвсгэрт орших ашигт малтмалын хайгуулын ... дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлахгүй байгаа Дорноговь аймгийн Д сумын Засаг даргын татгалзал болон тус сумын Байгаль орчны улсын байцаагчийн эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгож, 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж, батлахыг хариуцагч нарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, Т.Ч, Б.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагч Д сумын Засаг дарга, түүний өмгөөлөгч Э.Э, хариуцагч М.Б нар шүүх хуралдааны танхимаас, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “И” ХХК нь Дорноговь аймгийн Д сумын Засаг дарга болон тус сумын Байгаль орчны улсын байцаагчид холбогдуулан “И” ХХК-ийн, Дорноговь аймгийн Д сумын нутаг дэвсгэрт орших ашигт малтмалын хайгуулын ...дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлахгүй байгаа Дорноговь аймгийн Д сумын Засаг даргын татгалзал болон тус сумын Байгаль орчны улсын байцаагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан, батлахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2. Нэхэмжлэгч “И” ХХК нь Дорноговь аймгийн Д сумын нутаг дэвсгэрт орших ашигт малтмалын хайгуулын ...дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2021 оны Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хянуулж, батлуулахаар анх 2021 оны 06 дугаар сарын 20-дын үед орон нутаг хариуцсан менежерээр дамжуулж хариуцагч Д сумын Засаг даргад хүргүүлсэн байх бөгөөд тухайн албан тушаалтнаас 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 01/238 тоот албан бичгээр “...танай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь сумаас 2017 онд тусгай хэрэгцээнд авсан болон 2018 онд сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэж үзсэн талбайтай давхцаж байна, ...аймгийн Засаг даргаас, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад тусгай зөвшөөрлийг цуцлуулах албан бичгийг хүргүүлсэн, ...маргаантай асуудлыг шийдэгдэх хүртэл хайгуулын ажил хийлгэх боломжгүй” гэсэн хариуг нэхэмжлэгч хуулийн этгээдэд өгсөн байна.

3. Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Д сумын Засаг даргаас ирүүлсэн дээрх хариутай холбогдуулан 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 28 тоот албан бичгээр Дорноговь аймгийн Засаг даргад гомдол гаргасныг тухайн албан тушаалтан 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсан (1 дэх хавтаст хэргийн 49 дэх хуудас) ч Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т “...30 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгнө” гэж заасан хугацаанд хариу өгөөгүй байна. Улмаар тус хуулийн этгээдээс 2021 оны 10 дугаар сарын 29-ний  өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага .../-д/ гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан байна гэж үзэж тухайн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн болно.

4. Нэхэмжлэгч “И” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

1/. Манай компани Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 119 дүгээр шийдвэрээр Дорноговь аймгийн Д сумын нутагт байрлах Цнэртэй 29,770.28 гектар талбай бүхий ...тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-иас шилжүүлэн авч, хуулийн дагуу эзэмшиж байна.

2/. “Э” ХХК нь Дорноговь аймгийн Д сумын нутагт байрлах Ц нэртэй 29,770.28 гектар бүхий талбайг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолыг үндэслэн нээлттэй сонгон шалгаруулалтаар авсан байдаг.

3/. Манай компани дээр дурдсан хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаас хойш байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлж, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.1.4-т заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хайгуулын талбай байрших сумын Засаг дарга, байгаль орчны улсын байцаагч нарт хүргүүлсэн.  Гэтэл Дорноговь аймгийн Д сумын Засаг дарга 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 01/238 тоот албан бичгээр “...танай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь тус сумын 2017 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан талбай болон 2018 онд сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талбайтай давхцаж байгаа, ...маргаантай асуудлыг шийдэгдэх хүртэл хайгуулын ажил хийлгэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн.

4/. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж зааснаар Дорноговь аймгийн Д сумын Засаг дарга Ц талбайн 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах үүрэгтэй.

5/. Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/168 тоот тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 3.5-д “...ашигт малтмалын хайгуулын төслийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн төслийг хэрэгжүүлж буй сум, дүүргийн байгаль орчны улсын байцаагчаар хянуулан, Засаг даргаар батлуулж, аймаг, нийслэлийн байгаль орчны газарт нэг хувийг хүргүүлнэ” гэж зааснаар Дорноговь аймгийн Д сумын Байгаль орчны улсын байцаагч нь мөн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах үүрэгтэй боловч эс үйлдэхүй гаргаж байна.

6/. Ийнхүү Дорноговь аймгийн Д сумын Засаг даргын төлөвлөгөөг батлахаас үндэслэлгүй татгалзаж буй үйлдэл нь тус компанийн хуульд заасан журмын дагуу эзэмшиж буй хайгуулын ажлыг эхлүүлэх эрхийг зөрчиж байх бөгөөд цаашлаад “И” ХХК-ийн тусгай зөвшөөрөл цуцлагдах нөхцөл байдал үүсэж болзошгүй байна гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр сонгон шалгаруулалт зарлагдаад тус  шалгаруулалтаар шалгараад 10 сарын 12-нд тусгай зөвшөөрлөө авсан. Тэгээд шийдвэр нь гараад үүний дараа 11 сард Ашигт малтмал, газрын тосны газраас Дорноговь аймгийн Д сум руу мөн Дорноговь аймаг руу танай аймгаас ийм ийм газарт сонгон шалгаруулалт явуулсан гэдэг бичгийг хүргүүлсэн байдаг. Манай “И” ХХК, 2021 оны 4 сард  хуульд заасан үндэслэл журмын дагуу “Э” компаниас тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан. Үүний дараа Улсын онцгой комисс, аймгийн онцгой комисс, Засгийн газрын зүгээс Гамшгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу өндөржүүлсэн бүх нийтийн бэлэн байдлыг удаа дараа зарласны улмаас 6 дугаар сарын 20-д хүргэж Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар хандсан. Тухайн үед төлөвлөгөөн дээр Г.Б дарга өөрөө гарын үсэг зураад баталгаажуулсан, түүнийгээ балаар дарчихсан ийм баримт байгаа. Анх ийнхүү хүлээж авсан, аваагүй гэдгээ хариу тайлбартаа дурдаагүй байдаг. Дараа нь орон нутгийн тусгай хамгаалалттай газартай давхцалтай гэдэг байдлаар хариу өгөхөд нь аймгийн Засаг даргад хандаад явсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 17.2-т орон нутгаас 45 хоногийн хугацаанд саналыг нь авахаар заасан. Зүгээр л орон нутгийн тусгай хамгаалалттай газар учир тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариуг өгч болохгүй. Хуульд үндэслэсэн хариу өгөх ёстой, тийм үндэслэл байгаагүй учраас Ашигт малтмал, газрын тосны газраас сонгон шалгаруулалтын талбайд оруулсан гэдгийг дурдсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 9.1.3. улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх, 9.1.11. геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын болон энэ хуулийн 24.1-т зааснаас бусад тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх, 10 дугаар зүйлд Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, 10.1. Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 10.1.3. ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах; 11.1.17. тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх, зураг зүйн бүртгэл хөтлөх гээд бүгд байна.

Дараагийн асуудал  нь Газрын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу тусгай хэрэгцээнд авах ёстой юм гэж ярьж байна. Авах ёстой, гэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ гээд заачихсан. Кадастрын нэгдсэн системийн бүртгэлд энэхүү газруудыг байршуулах ёстой байсан. 14 хоногийн дотор үүнийг кадастрын нэгдсэн системийн бүртгэлд бүртгүүлээгүй байгаа. Манайх 8 сарын 21-нд лавлагаа авсан. Манай авсан талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайтай ямар ч давхцалгүй байна гэсэн хоёр удаагийн лавлагаа бидэнд ирчихсэн байгаа.

Хариуцагч яагаад 1 сард нь бүртгээгүй байж, 5 сард санал байна уу гэсэн юм бэ гэж байна. Ашигт малтмал, газрын тосны газар буюу төрийн захиргааны байгууллага нь өөрийнхөө хуульд заасан эрхийн хүрээнд кадастрын зургийн бүртгэлийг хөтлөөд, тусгай хэрэгцээнд ямар аймгийн, ямар сум авсан юм гэдгийг бүртгээд явдаг газар. Тэндээс өөрсдөө хуульд заасан үндэслэл, журмын дагуу зохих хариу тайлбараа өгөөд сонгон шалгаруулалт зарлаад л явж байгаа. Яагаад тэгсэн юм, яагаад ингэсэн юм гэдэг асуулт дээр бид  өнөөдөр тайлбар өгөх боломжгүй.

Энэ хайгуулын ажлын тайланг Ашигт малтмал газрын тосны газарт жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хүргүүлдэг. 2021 оны төлөвлөгөөнд заасан ажил маань ийм шалтгааны улмаас хийгдсэнгүй гэдгээ тодорхой тайлбарлана. Тэгээд 2022 оны төлөвлөгөөндөө орно. Хайгуулын ажлын тайланг хүргүүлэхгүй байх нь тусгай зөвшөөрөл цуцлагдах хэмжээнд хүртэлх асуудал үүсдэг болохоор яг ямар шалтгаанаар энэ ажил хийгдээгүй вэ гэдгээ тайлагнах ёстой. Манайх олон улсын хөрөнгийн бирж дээрх нээлттэй компани цаашдаа сум орон нутагтай ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд гэрээгээ байгуулан хамтран ажиллана. Хайгуул судалгааны ажлын дараа хайгуулын ажлын тайлан дүгнэлтийг үндэслэн эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр оруулж анхан шатны нэгж баг, сум, уул уурхай, байгаль орчны яамдаас саналыг нь авч байж ашиглах асуудал яригдана, энэ бол зөвхөн хайгуул судалгааны ажил, энэ ажлынхаа хүрээнд ч мөн хамтран ажиллана гэж хэлье гэв.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Айлын өвөлжөө, хаваржаа болон хужир, марааг зэргэлдэх сумууд өвлийн улиралд ирж малынхаа хужрын хэрэглээг авдаг гэлээ. Бид нар “Э” компаниас хуулийн хүрээнд тусгай зөвшөөрлийг шилжүүлж аваад одоо талбай дээрээ нэг ч судалгааны ажил явуулж эхлээгүй байгаа. Дөнгөж эхлэх процесс дээр ийм асуудал үүссэн. Орон нутагтаа энэ асуудлыг шийдвэрлэх гээд явж байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрөл дотор айлын өвөлжөө, хаваржаа, худаг зэрэг олон зүйлүүд давхцаж болдог. Үүнд компани ямар нэгэн ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрхгүй учир орон нутагтаа уян хатан хандаж, тусгай хамгаалалттай газрыг нь хөндөхгүйгээр үйл ажиллагаа явуулна гээд хуульд байгаа. Ашиглалтын тусгай зөвшөөрөл энд яригдах ямар ч боломжгүй юм. Яагаад гэвэл дөнгөж судалгаагаа эхэлж байгаа учраас энэ дээр ямар нэгэн байдлаар ашигт малтмалын тодорхой нөөц тогтоогдсон, нөөц батлуулах ийм ажил байхгүй. Зөвхөн нөөцийг тогтоох зорилготой л ажиллагаа хийгдэнэ. Дөнгөж эхлэх гэж байгаа судалгааны ажил юм. 

 Орон нутгийн тусгай хамгаалалттай газарт 9 цооног 3 метрийн гүнтэй ухахаар төлөвлөгдсөн, гадаргуу дээр ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй. Энэ өрөмдлөгийн цэгүүдийг тогтоохдоо компьютер дээр геологийн сансрын зураг болон  өмнө нь хийж байсан судалгааны ажлуудыг давхцуулаад төлөвлөгөөгөө боловсруулж байгаа. Өрөмдлөгийн ажиллагаа яваад хөрсний дээжээ аваад л тэрийгээ тэр дор нь нөхөн сэргээгээд явна. Тэнд зам харгуйгаа нэг байлгах үүднээс дахин нөхөн сэргээлтийн ажил гэж зам харгуй гаргахгүйгээр нэг шугамд тавьсан цооногуудаа өрөмдөөд буцаагаад нөхөн сэргээдэг. 30 см диаметртэй, 3м гүнтэй цооног өрөмдөөд 1м тутмаас дээж аваад цооногоо нөхөн сэргээнэ.

 

Бид  ашигт малтмалын талбайгаа буцааж өгөх гэвэл заавал хайгуул судалгааны ажил хийх ёстой, зүгээр үзэмжээрээ энийг авна, тэрийг авахгүй гэдэггүй. Ашигт малтмалын тухай хуулийн гол зарчмаараа ямар нэгэн ажил хийлгүй, шалтгаангүйгээр буцааж болдоггүй, чи яагаад энэ талбайгаа өгч байгаа юм бэ, энэ дээр заавал судалгаа хийж өг гээд бид нарыг шахдаг. Энэ дээр зайлшгүй судалгааны ажил явагдаад шинжилгээгээ аваад дээжээ өгсний дараа л буцаах тухай асуудал яригдана. Энэ дээжийн хариу гарсны дараа бид нар цаашаа яах вэ гэдгээ шийддэг. Дээрээс нь хувь хүний компани биш олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хувьцаат компани учраас бүх юм ил тод ямар нэгэн үндэслэлээр буцааж өгөх ёстой байдаг юм гэв.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 6 дугаар сард хотоос төлөвлөгөөг над руу ирүүлээд би Дорноговь аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газарт очиж мэргэжилтэнд нь хянуулах гээд өгсөн, тэгтэл шууд суман дээр аваачиж хянуулаад хувийг нь авчирч өг гэхээр нь би суман дээр очиж Г.Б даргад биечлэн хүргэж өгсөн. Тухайн үедээ хүлээж аваад гарын үсэг зурсан, тэгээд энэ “Г” гэдэг газрын асуудал гарч ирээд давхцаж байгаа юм байна гэдгээр албан ёсоор баталж өгөлгүй буцаасан. Төлөвлөгөө хүргэж өгсөн нь 2021 оны 06 дугаар сарын 20-дын үед байх, өдрийг нь яг сайн санахгүй байна гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын зүгээс шүүхэд гаргаж байгаа татгалзлын үндэслэл нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан гэдэг. Өөрөөр хэлбэл “И” компанид хууль бусаар тодорхой зөвшөөрөл олгосон гэхээр ойлгогдож байгаа. Энэ тусгай зөвшөөрлийн хувьд “И” компани нь “Э” компаниас 2021 оны 04 сарын 28-ны өдөр хуульд заасан үндэслэлээр шилжүүлж авсан байдаг. Анх 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тусгай зөвшөөрөл олгосон байдаг боловч ковид, цар тахлын нөлөөтэйгөөр улсын онцгой комиссоос тогтоосон хөл хорионы улмаас аймаг, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан тул 2020 онд ямар нэгэн хайгуулын ажил хийгдээгүй. Энэ талаар “Э” компани, сумын Засаг дарга руу хандан албан бичиг өгсөн байдаг. Нэхэмжлэгч “И” компанийн хувьд хөл хорио дуусмагц сумын Засаг дарга руу төлөвлөгөөгөө батлуулахаар хандсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тодорхой газар нутгийг хамгаалах зориулалтаар авч болохоор мөн Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайд санал өгөх эрхтэй боловч уг эрхээ хуулийн дагуу хэрэгжүүлээгүй байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагчийн тайлбартаа дурдсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014, 2017 оны тогтоолууд нь Засгийн газрын 2014 оны 240, 2017 оны 37, 106 тогтоолуудаар батлагдсан нөөцөд авсан сонгон шалгаруулалтын талбай болон өргөдлийн талбайнуудтай давхцалтай тул дээрх талбайнуудыг кадастрын нэгдсэн системд бүртгээгүй байдаг. Энэ нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Д сумын Засаг даргад хүргүүлсэн албан бичгээр тогтоогдож байна. Мөн тус газраас 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Д сумын Засаг даргад хүргүүлсэн албан бичиг хэрэгт авагдсан. Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.3, 9.1.11-т зааснаар Засгийн газар нь хуульд заасан эрх хэмжээнийхээ дагуу сонгон шалгаруулалт зарлаад тэр сонгон шалгаруулалтад нь “Э” компани хуульд заасны дагуу оролцож шалгараад тусгай зөвшөөрөл олгочихсон байгаа. Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоол буюу сонгон шалгаруулалтаар олгосон тогтоол нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан төрийн захиргааны төв байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газар нь тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах асуудлыг шийдвэрлэдэг. Энэ тусгай зөвшөөрөл болон Засгийн газрын тогтоол нь хүчин төгөлдөр байгаа. Энэ тогтоолын дагуу олгогдсон талбайн менежментийн төлөвлөгөөг батлах үүрэгтэй гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт байгаа татгалзлыг нь харахаар сумын Засаг даргаас аймгийн Засаг дарга руу энэ асуудлыг шийдүүлэхээр хүсэлт явуулсан нь Засаг даргын хийх ажил биш учир энэ талаар хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагагүй гэж бодож байна.  Дорноговь аймгийн Д сумын Засаг дарга, тус сумын байгаль орчны улсын байцаагч нар нь “И” компанийн Дорноговь аймгийн Д сумын нутаг дэвсгэрт байрлах Ц талбайн 2021 оны менежментийн төлөвлөгөөг хүлээн авсан атлаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан гэдэг үндэслэлээр татгалзсан нь тухайн төлөвлөгөөг батлахад хамаарахгүй. Хуульд заагаагүй хууль бус эс үйлдэхүй гаргаж “И” компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж байна. Төрийн байгууллагын аливаа хууль бус шийдвэрээс болж аж ахуйн нэгж, байгууллага, иргэн хохирсон тохиолдолд шийдвэр гаргаж, нөхөн төлбөр төлдөг хуулийн зохицуулалттай.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь менежментийн төлөвлөгөөнд заагдсан ажлаа тайлагнах ёстой. “И” компани нь энэ төлөвлөгөөгөө тайлагнаагүйн улмаас цаашлаад тусгай зөвшөөрөл нь цуцлагдах хүртэл асуудал ч үүсэж магадгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4 зааснаар хариуцагч нарыг Ц талбайн 2021 оны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй татгалзлыг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгаж өгнө үү гэв.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны зарчмыг заасан. Тодруулбал Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчлэх ёстой, мөн түүнчлэн энэ хуулийн 4.2 дахь хэсэгт зааснаар захиргааны үйл ажиллагаанд тусгай зарчмууд үйлчилнэ. Иргэн, хуулийн этгээдийн гаргаж байгаа өргөдөл, хүсэлт, батлуулахаар ирүүлсэн энэ бичиг баримтыг захиргааны байгууллага хүлээж аваад шийдвэрлэхдээ хуульд үндэслэх ёстой. Мөн захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой.

Гэтэл хариуцагч нарын зүгээс “И” ХХК-ний байгаль орчны төлөвлөгөөг хүргүүлснийг тухайн сумын Засаг дарга болон байгаль орчны байцаагч нар хүлээж авсан ч татгалзаж байгаа үндэслэл нь өөрөө хуульд нийцээгүй. “И” ХХК нь Засгийн газраас зарласан, нөөцөд авсан талбайд зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоод тусгай зөвшөөрөл авсан этгээдээс шилжүүлэн авч шударга ёсны зарчмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа. Өнөөдрийг хүртэл захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа. Гэтэл хариуцагч нар нь аймгийн иргэдийн Хурлын тогтоолоор аймаг, сумын тусгай хэрэгцээнд авчихсан газруудтай давхцалтай учраас байгаль орчны менежментийг төлөвлөгөөг батлахгүй гэсэн үндэслэлүүдийг зааж татгалзаж байна. Ийнхүү татгалзахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг захиргааны байгууллага заавал тогтоож өгөх байсан. Өөрөөр хэлбэл сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гаргаад байгаа тогтоол нь өөрөө хуульд нийцсэн үү. Дээд шатны байгууллага нь хүлээн зөвшөөрсөн үү. Энэ тогтоолууд дээрх талбайнууд нь Ашигт малтмалын кадастрын газарт бүртгэгдсэн үү. Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн тайлбарт энэ газар нь ямар нэгэн давхцалгүй байна гэдэг. Гэтэл энэ бодит нөхцөл байдлыг тогтоох ямар ч арга хэмжээг хариуцагч нар аваагүй, зөвхөн сумын тусгай хэрэгцээнд авчихсан байгаа гэдэг. Сүүлд бүр морь уралдааны хэсэгтэй давхацсан байгаа гэдэг тайлбаруудыг ирүүлдэг. Уг татгалзал нь захиргааны актын хуульд заасан үндэслэл бүхий татгалзалтай нийцэхгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагчаас тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн нөөц газарт манай “Г” гэдэг газар хамаарна. Ийм учраас тусгай хамгаалалтад авсан гэж тайлбарлаад байна. Тэгтэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд байгалийн тодорхой хэв шинж, аль нэгэн нөөц, аль нэгэн байгалийн баялгийг хамгаалахаар улсын тусгай хамгаалалтад авсан газруудыг байгалийн нөөц газар гэж үзэхээр заасан байдаг. Байгалийн нөөц газрын хилийн заагийг батлах, өөрчлөх, улсын тусгай хэрэгцээнд авах бүрэн эрх нь хаана байдаг вэ? гэхээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан. Мөн хуулийн 25.2 дахь хэсэгт Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах. Өөрөөр хэлбэл тус хуулийн 3.3-т заасан байгалийн нөөц газрын ангилалд хамааруулаад газрын хилийн заагийг батлах, өөрчлөх эрх нь Улсын Их Хурлын бүрэн эрх байдаг.

Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Д сумын “Г” гэх газрыг тусгай хамгаалалтад авчихсан гэдэг ч Улсын Их Хурлын тогтоол байхгүй. Хэрвээ сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тусгай хэрэгцээний газраа байгалийн нөөц газарт хамааруулахаар шийдвэрлээд тогтоол гарчихсан байгаа бол энэ тогтоолоо Засгийн газарт өргөн мэдүүлэх ёстой. Хариуцагчийн өмгөөлөгч, хариуцагч нар тайлбарлахдаа зөвхөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарснаараа тусгай хамгаалалтад авчихсан юм шиг тайлбарлаж, хуулийг буруу тайлбарлаж байна. Энэ тогтоолоо Засгийн газарт уламжилна, Засгийн газар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд энэ газар нь байгалийн нөөц баялгийн ийм хэмжээнд байх юм байна гэж үзвэл өргөн барина. Улсын Их хурал тэр газрыг тусгай хэрэгцээний буюу улсын тусгай хамгаалалтын газарт авах боломжтой гэж үзвэл тогтоол гаргана. Харин газрын хилийн заагийг тогтоох эрх нь 26.6 зааснаар Засгийн газрын бүрэн эрхэд хамаарна.

Тэгэхээр Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудыг Засгийн газар руу явуулсан ч Засгийн газар ямар хариу өгдөг гэхээр 2014 оны Засгийн газрын 240, 2017 оны 106 дугаар тогтоолуудаар батлагдсан нөөцөд авагдсан болон сонгон шалгаруулалтын талбайтай давхцаад байна, тийм учраас байгалийн нөөц газарт авах үндэслэлгүй гэсэн хариу өгсөн. Энэ асуудлаараа ямар нэгэн байдлаар гомдол гаргасан уу? Шүүхэд хандсан уу? Ийм асуудал байхгүй байна. Ийм шийдвэр журамтай холбоотой гаргасан гомдлууд байхгүй байгаа. Өнөөдөр Уул уурхайн яаманд гомдол гаргасан гээд байна. Энэ гомдлыг одоо гаргахгүй ээ. Тэр 2014, 2017 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар энэ асуудлыг хэлэлцээд Засгийн газарт уламжлаад энэ нь давхцалтай байна аа гээд хариу ирээд байхад гомдол гаргаагүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд зааснаар урьдчилан шийдвэрлэхтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа нь аль хэдийн өнгөрчихсөн. 

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж батлах үүрэг нь байгаль орчны улсын байцаагч хянаад дараа нь Засаг дарга батлах үүрэгтэй. Энэ үүргээ хуульд заасны дагуу хэрэгжүүлэх ёстой. Эцэст нь хэлэхэд хариуцагч нар нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авчихсан гэж үзээд байгаа хууль зүйн үндэслэл чинь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийнхаа хүрээнд хүчин төгөлдөр шийдвэр болж чадаагүй байгаа юм биш үү? гэдгийг дахин хэлмээр байна. 

Өнөөдөр шүүх хуралдаан дээр өмгөөлөгч нь 30 хоногийн дотор энэ байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж батлуулаагүй гэсэн үндэслэлийг ярьж байна. Тухайн үед сумын Засаг дарга ийм үндэслэлээр татгалзаж байгаагүй ээ. Хэрвээ өнөөдөр энэ үндэслэлээр татгалзаж байгаа гэсэн хариу тайлбар өгч байгаа бол 2021 оны 4 дүгээр сарын 10-наас 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын хатуу хөл хорио тогтоосон. Ялангуяа Дорноговь аймгийн хувьд газрын тосны үйлдвэр баригдаж байгаатай холбоотой Энэтхэгийн ажилтнуудаас корона илэрсэнтэй холбоотойгоор 28 хоногийн хатуу хөл хорио тогтоосон аймгийн нэг. Тиймээс шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар хуульд нийцэхгүй байна. Д сумын Засаг дарга болон байгаль орчны улсын байцаагч нар нь энэ асуудалтай холбоотой татгалзал гаргаагүй.

Менежментийн төлөвлөгөөг тодорхой албан тушаалтанд ямар нэгэн байдлаар албан бичигтэй ч бай, үгүй ч бай хүргүүлсэн гэж үзэж байгаа. Байгаль орчны байцаагч бол би хянасан, хянахад давхцал байгаа асуудал байсан учраас татгалзаж байна гэдэг хариуг сумын Засаг даргад өгчихсөн. Энэ хоёр хүний хувьд тухайн үйл баримт дээр цаг хугацааны хувьд хариу арга хэмжээ авсан гэж харж байна. Харин татгалзсан үндэслэлийн хувьд нэг л үндэслэлээр маргаж байна гэдэг. Эцэст нь хэлэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь орон нутагтайгаа хамтын ажиллагаатай байх ёстой, Байгаль орчны тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуульд заасан байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй эрэл хайгуулын үйл ажиллагаагаа явуулах эрхтэй.

Сумын Засаг дарга бол татгалзсан гэдэг шийдвэрээ гаргасан. Энэ татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, харин байгаль орчны байцаагчийн зүгээс хянах чиг үүргээ биелүүлээгүй учраас эс үйлдэхүй байгаа бөгөөд аль аль нь захиргааны үйл ажиллагаанд хамаарна. Бичгээр ирсэн татгалзах бичиг нь сумын Засаг даргатай холбоотой. Иймд аль алиныг нь хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

10. Хариуцагч Дорноговь аймгийн Д сумын Засаг дарга болон Байгаль орчны улсын байцаагч нар нь шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:  Тус сумын  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Бумбат  багийн нутагт байх Г-ыг 6 жилийн  хугацаатайгаар “Орон нутгийн тусгай хэрэгцээ”-нд, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6/04 дүгээр тогтоолоор “Орон нутгийн тусгай хамгаалалт”-д тус  тус авсан. Улмаар 2017 оны 12 дугаар сарын 15-нд Ашигт малтмал, газрын тосны газарт тус газрыг кадастрын системд бүртгүүлэх хүсэлтийг сумын Засаг даргын албан бичгээр өгсөн. Уг бичгийн хариу 2018 оны 01 дүгээр сарын 18-нд  ирсэн байх ба  тус газар нь  Монгол Улсын Засгийн газрын 2014 ооны 240, 2017 оны 37, 106 дугаар тогтоолуудаар батлагдсан Нөөцөд авсан,  сонгон шалгаруулалтын талбай болон өргөдлийн талбайтай давхцалтай байгаа тул Кадастрын системд  бүртгэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн байна.

Засгийн газрын дээрх тогтоолуудыг Эрх зүйн мэдээллийн систем “Legalinfo” сайтаас татаж үзэхэд нөөцөд авсан, сонгон шалгаруулалтын болон өргөдлийн талбайтай  давхцалгүй байна. Гэсэн хэдий ч 2018 оны 05 дугаар сарын 23-нд аймгийн Засаг даргын орлогч Г.Э-ээс Г орчмын  159 дугаартай талбайд  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн санал ирүүлэх тухай албан бичиг ирүүлсэн нь тухайн талбай нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох нөөцийн болон сонгон шалгаруулалтын талбайтай давхцалгүй байгаа мэт ойлголтыг төрүүлж байна. Тус албан бичгийн дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, тус талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжиж 2018 оны 06 дугаар сарын 13-нд тогтоолыг албан бичгийн хамт аймгийн Засаг даргад хүргүүлсэн.

Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурдын Тэргүүлэгчдийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаар тогтоолын хавсралтаар “Г” орчмын 159 дүгээр талбайд тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэж тогтоолыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1/1266 дугаар албан бичгээр хүргүүлсэн байна.

Дээр дурьдсан шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн баримт бичгийн хуулийн хугацаанд холбогдох газруудад хүргүүлсэн байхад 159 дугаартай талбайд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ...дугаартай тусгай зөвшөөрлийг “Э” ХХК-д олгосон. Дээрх шалтгаануудын улмаас “И” ХХК-ийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан болно. Тус газар нь  уст цэг, хужир мараагаар баялаг, өөрийн сум болон зэргэлдээх аймаг, сумдын малчид хужир шүүнийхээ хэрэгцээг хангадаг малын бэлчээрийн чухал ач холбогдол бүхий  газар тул олгогдсон тусгай зөвшөөрлийг цуцлуулж кадастрын системд бүргүүлж хамгаалалтад авах шаардлагатай талаар аймгийн Засаг даргад албан бичиг, цаашлаад аймгийн Засаг даргаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад албан бичгүүдийг тус тус хүргүүлээд байна гэжээ.

11. Хариуцагч Д сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Бидний зүгээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа шалтгаанууд гэвэл 2018 оны 1 дүгээр сард нөөцийн болон сонгон шалгаруулалтын талбайтай давхцалтай байгаа тул кадастрын системд “Г” гэдэг газрын талбайн солбицлыг бүртгэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Гэтэл 4 сарын дараа буюу 5 дугаар сарын 17-нд тус 159 дүгээр талбай дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж хариу ирүүлнэ үү гэсэн албан бичгийг ирүүлсэн. Тэгэхээр энэ хооронд түрүү дурдагдсан 240, 37, 116 гэсэн Засгийн газрын тогтоолууд хүчинтэй мөрдөгдөж байсан гэж үзэж байгаа. Тийм байхад яагаад тэр 1 сард бүртгэх боломжгүй гэсэн хэрнээ 5 дугаар сард ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар санал авах гэж ирүүлсэн юм бол гэдэг асуудал байгаа. Хуульд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авна аа гэсэн заалт байдаг. Үүний дагуу бид бүхэн сум, аймгийн иргэдийн төлөөлөгчдөөр хэлэлцэж хуулийн хугацаанд Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн байхад яагаад орон нутгийн саналыг эс харгалзан үзэж тусгай зөвшөөрөл олгосон юм бол.

Хэрвээ бид байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь батлаад өгвөл өмнө нь хэлсэнчлэн хууль зөрчсөн асуудал байх юм бол бид нар яах юм бэ? гэж үзсэн тул  байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ асуудал шийдэгдтэл нэг талдаа бодитой шийдвэр гаргах хүртэл түр батлах боломжгүй гэж үзсэн. Мөн аймгийн Засаг даргад 2021 оны 7 дугаар сарын 30-нд “Э” компанид тусгай зөвшөөрөл олгосонтой холбоотой асуудал болон энэ асуудлыг зохицуулах талаар дэмжлэг өгч ажиллана уу гэсэн хүсэлтийг албан бичгээр хүргүүлсэн. Аймгийн Засаг даргаас 8 дугаар сарын 9-нд Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны сайдад албан бичгийг хүргүүлсэн байдаг. Энэ 3 дахь өдөр аймгийн Засаг даргын Тамгын газраас тус албан бичгийн хариуг ирсэн эсэх талаар лавласан боловч Уул уурхайн хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн албан бичгийн хариу ирээгүй гэсэн. Бид тэгэхээр одоо аймгийн Засаг даргын явуулсан албан бичигт хариу иртэл Байгаль орчин, менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй юм гэж үзэж байна.

Менежментийн төлөвлөгөөг анх хүлээж авсантай холбоотой тайлбар хэлье.  2021 оны 06 дугаар сард байх өдрийг нь бас тодорхой санахгүй байна, 20-дын үед юм болов уу.  Ямар процесс болсон бэ гэхээр түрүүний дурдсан Ц гэдэг хүн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг анх авч ирсэн. Тэгэхдээ ямар нэгэн байдлаар албан бичиг өгөөгүй. Би бол төлөвлөгөөг нь батлах юм байна гээд эхний ээлжид тамга дарж гарын үсэг зурсан. Юу билээ энэ чинь нэрээ манай орон нутгийн тусгай хамгаалалттай газартай давхцаж байгаа юм байна шүү дээ судалж үзье гээд байгаль орчны байцаагчаараа гарын үсэг зуруулалгүй аймгийн Байгаль орчны газрын даргаар мөн зуруулалгүй байж байгаад судлахад ийм асуудлууд гарч ирсэн. Дараа нь Т.Ч ирж авахад нь ийм ийм асуудлууд байна батлахгүй гээд гарын үсэг зурсан хэсгээ хэрээсэлж өгсөн гэв.  

 

12. Хариуцагч сумын байгаль орчны мэргэжилтэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмэлтээр хэлэхэд тус “И” ХХК-ийн эзэмшиж байгаа талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан буюу хөрш зэргэлдээ аймгууд болох Сүхбаатар, Хэнтий аймгийн сумууд өвлийн улиралд малд өгөх хужир мараа эрдэс бодисуудаа авдаг. Ерөнхийдөө малын бэлчээрийн маш чухал нөөц газар байгаа. Уг талбайд нийт 27 айлын хаваржаа, өвөлжөө байдаг. Үүнээс 17 нь хаваржаа, 10 нь өвөлжөө юм. Одоо ашиглаж байгаа 7 худаг, үүнээс 2 гүний худаг байгаа. Нуур цөөрмийн хувьд баруун хар, зүүн хар, дунд хар гэсэн гурван том нуур  байдаг. Уг гурван нуур нь зуны их аадар бороотойд дүүрч жил өнждөг. Уг нуурыг тойроод олон тооны хөв, цөөрөм, усан сан бүхий газартай. Малчид ард иргэдийн хувьд малаа бэлчээрлүүлэхэд маш таатай нутаг.

Төлөвлөгөөг анх 2021 оны 6 дугаар сарын хэдэнд авчирч өгсөн гээд байгаа шүү дээ тэрэнтэй анх танилцаж үзээд тусгай хамгаалалтад авсан газартай давхацчихсан байгаа юм байна гэдэг шалтгаанаа Засаг даргад хэлээд төлөвлөгөөгөө авч үлдэж байгаад батлуулахгүй татгалзах үндэслэлтэй юм байна гэж үзсэн. Гэхдээ тухайн менежментийн төлөвлөгөө нь Ашигт малтмалын тухай хууль, мөн холбогдох журамд заасантай нийцэж байсан гэв.

 

13. Хариуцагч Д сумын Засаг даргын өмгөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Би хууль зүйн үр дагавраас нь тайлбарлая. Газрын тухай хуулийн 6.2 дугаар зүйлд хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана гэж заасан байдаг, 6.2.1-д бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтийн зориулалтаар ашиглана гэж заасан байна. Мөн хуулийн 10.1 дэх хэсэгт Монгол Улсын газрын нэгдмэл санг дараах байдлаар ангилна. 10.1.6-д тусгай хэрэгцээний газар гэж заасан. Мөн хуулийн 16.1-д Монгол Улс тусгай хэрэгцээний газартай байна. Улсын тусгай хэрэгцээний газарт дараах газар хамаарна гэсэн байгаа. Мөн 16.2-т Аймаг, нийслэл, сум, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно. 16.3-т Газрын нэгдмэл сангийн аль ч ангиллын газраас тусгай хэрэгцээнд авч болно гэж хуульчилсан. 20.1-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 20.1.3-т тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох;

Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.13-д "тусгай хэрэгцээний газар" гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг; Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт улсын тусгай хамгаалалттай газар нутгийг 4 ангилаад заачихсан байгаа. Үүний гуравт нь байгалийн нөөц газар гээд ангилсан байна.  2 дахь хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно гэж заасан. Мөн хуулийн 20 дугаар зүйлд Байгалийн нөөц газрын төрлийг яаж хуваах талаар зохицуулсан байна. 1.Байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилго бүхий байгалийн иж бүрдлийн нөөц газар 2. Ховор ховордсон ургамал, амьтныг хамгаалах, тэдгээрийн нөхөн үржих нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий биологийн нөөц газар; эртний амьтан 3. Ургамлын ховор олдворыг байгалийн байдлаар нь хадгалах зорилго бүхий байгалийн түүхэн олдворын нөөц газар 4. Газрын өвөрмөц тогтоц, илэрц, тэдгээрийн бүтцийг байгалийн байдлаар нь хадгалах зорилго бүхий геологийн нөөц газар 5. Мөрөн, гол, усны эх үүсвэрийг хамгаалах зорилго бүхий усны нөөц газар гээд тав хуваачихсан байгаа. 21 дүгээр зүйлд Байгалийн нөөц газрын дэглэм гээд байгаа. 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Байгалийн нөөц газарт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, ан амьтан агнах, барих, мод, зэгс, шагшуурга бэлтгэх зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, голын усыг бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байна. Мөн энэ хуулийн 28 дугаар зүйлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг тодорхойлсон. 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад гаргах шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох гэж заажээ. Мөн хуулийн 29 дүгээр зүйлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлж өгсөн. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутгийн төрийн бодлогыг хэрэгжүүлнэ гээд Засаг даргад бүрэн эрх олгосон байна. Энэ зүйлийн 3 дахь хэсэг байгалийн нөөц, дурсгалт газрын хамгаалалтыг  эрхлэх гэж ийм бүрэн эрхүүд олгогджээ.

Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 6/04 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох гэж заасныг үндэслэсэн байдаг. Нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг анх “Э” ХХК 2020 оны 8 сарын 14-ний өдөр олгохоос өмнө “Г” гэдэг газрыг сумын тусгай хамгаалалтад авсан байсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь байгалийн унаган төрхийн шинжийг хадгалах байгалийн нөөцийн газрын төрлөөр “Г” гэдэг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ. Энэ тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр, тухайн шатны хурал хүчингүй болгоогүй, аймгийн Засаг даргаас хориг тавиагүй, одоо ч хүчин төгөлдөр байгаа шийдвэр юм. Д сумын Засаг даргаас 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 01/424 дугаартай албан бичгээр тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 6/04 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газруудын нөөцөд бүртгэгдсэн талбайгаар тасалж, кадастрын системд бүртгүүлэхээр санал хүргүүлэхэд Ашигт малтмал, газрын тосны газар бүртгэж аваагүй. Энэ нь Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчсөн хариуцлагагүй үйл ажиллагаа гэж ойлгож байна. Ийм учраас өнөөдөр “И” ХХК-ний олгосон газартай давхцалгүй гэсэн асуудал үүсээд байна.

Аймгийн Засаг даргаас тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр нэгж, түүний удирдлагын тухай 2006 оны хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13. харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход  Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн саналаа өгөх гэж заасан бүрэн эрхийн дагуу Ашигт малтмал газрын тосны газрын 2018 оны 5 сарын 17-ны өдрийн 7/3756 тоот албан бичгийг 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн аваад, хариуг нь 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 1/1266 тоот албан бичгээр аймгийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 50 дугаар тогтоолын хамт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай саналаа хуулийн хугацаанд нь хүргүүлсэн байдаг.

Мөн аймгийн Засаг даргын даргаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад 2021 оны 8 сарын 9-ний өдрийн 01/1052 тоот албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлсэн байдаг боловч хэрхэн шийдвэрлэсэн талаар хариуг өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа болохыг аймгийн Засаг даргын тамгын газраас албан бичгээр ирүүлсэн байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 2006 оны хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т засаг захиргааны тухайн нэгжид үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дээд шатны байгууллагад харьяалагддаг аж ахуйн нэгж, албан газар, байгууллагын гаргасан шийдвэр хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллага, Хурал, Засаг даргын хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрт харшилбал Засаг дарга түүнийг өөрчлөх буюу хүчингүй болгуулах саналаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах бөгөөд энэхүү саналыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд уг шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлнэ гэж заажээ. Хуулийн энэхүү зохицуулалтаар “И” ХХК-ний 2021 оны менежментийн төлөвлөгөө нь хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хийгдэх үйл ажиллагаа тул аймгийн Засаг даргын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас шийдвэрлэх хүртэл энэ төлөвлөгөөг батлах эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ. 38.1.1.тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах гэж заасан, ийм үүрэг хүлээсэн байна. “И” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийг 4 дүгээр сарын 28-ны өдөр хууль ёсоор шилжүүлж авсан. 54 хоногийн дараа буюу 2021 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн 18 тоот албан бичгээр Д сумын Засаг даргад төлөвлөгөө хянуулах хүсэлт хүргүүлсэн гэж байгаа, гэсэн хэдий ч Засаг даргын тайлбараар үгүйсгэгддэг. Засаг дарга нь энэ тоот манайд ирээгүй хүлээн аваагүй гэж үгүйсгэдэг. Албан бичигт менежментийн төлөвлөгөөг хэдэн хуудас хүргүүллээ гэсэн бичвэр бичигдээгүй байгаа. Төлөвлөгөөг энэ хүсэлтийн хамт хүргүүлсэн нь тодорхойгүй харагдаж байна. Дээр нь нэмж хэлэхэд энэ менежментийн төлөвлөгөөний огноо нь 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэсэн байна. Тэгэхээр би энэ менежментийн төлөвлөгөөг эцсийн байдлаар боловсруулж дуусаад 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Засаг дарга луу очсон юм байна гэж ойлгоод байгаа. Дээрх хэрэгт авагдсан баримтаар Д сумын Засаг дарга Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиудын холбогдох заалт, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг  хэрэгжүүлэх зорилгоор “И” ХХК-ний 2021 оны менежментийн төлөвлөгөөг батлаагүй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж хууль зөрчөөгүй нийтийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гэж үзэж байна.

Аймгийн Засаг даргын 2018 онд явуулсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн санал нь хуульд нийцээгүй байсан гэж тайлбарлаад байна. Би үүнийг хуульд нийцсэн гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 17.2-т сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч явуулна гээд заачихсан. Тэрнээс өөр хуулийн шаардлага тавигдаагүй шүү дээ. Энэ хоёр шатны хурлын саналыг аваад л явуулчихсан. Үүгээрээ бол хууль зөрчөөгүй. Хуулийн шаардлагуудыг бол хангасан. Өөрсдөө кадастрын нэгдсэн системд бүртгүүлээгүй гэж байх шиг байна. Энэ бол хуулийн хугацаанд явсан, сумаас бүх юмыг нь гаргаад, зураг хөргийг нь хавсаргаад тогтоолоо Ашигт малтмал, газрын тосны газарт хуулийн хугацаанд хүргүүлсэн. Харин Ашигт малтмал, газрын тосны газар нь яагаад бүртгээгүй гэдэг нь бүрхэг, тодорхойгүй байгаа. Дараагийн асуудал нь энэ ковид цар тахлын улмаас тогтоосон хөл хориотой холбоотойгоор бид нар менежментийн төлөвлөгөөгөө боловсруулах хугацаа хойшлогдсон, хугацаа хэтэрсэн гэсэн тайлбар гаргаж байна. Тэгэхээр энэ төлөвлөгөө боловсруулахад заавал тэр газар нутаг руу очих шаардлага байхгүй гэж бодож байна. Техник технологи хөгжсөн энэ үед заавал биеэр очихгүй, цахимаар, утсаар яриад ч юм уу, эсвэл мэйл хаягаар нь явуулаад зөвшилцөх боломж байсан. Энд хорио цээр ямар ч нөлөөгүй гэж үзэж байна. Өмгөөлөгч тайлбартаа Их Хуралд хилийн зааг тогтоох эрх нь хадгалагдаж байгаа гэлээ, үгүй ээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3-т нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, түүний хилийн заагийг тогтоох гээд заасан. Хилийн заагийг тогтоох эрх нь байгаа. Сумын хурал энэ бүрэн эрхийнхээ хүрээнд энэ тогтоолыг гаргасан гэж үзэж байна.

Хариуцагч М.Б-ыг нэхэмжлэгч талаас төлөвлөгөөг хянаагүй эс үйлдэхүй гаргасан гээд байгаа. Түрүү хэлэлцүүлэг дээр хэлсэн шүү дээ, би бүгдийг нь харсан, хянаад шалгасан, журамд нь нийцсэн байна билээ гэж хэлсэн. Энэ хүн бол хянах үйлдлээ  хийсэн, эс үйлдэхүй гаргаагүй.

Эцэст нь хэлэхэд нэгдүгээрт байгаль орчин менежментийн төлөвлөгөөг ашигт малтмалын хуульд заасан хугацаанд боловсруулаагүй байна гэж үзэж байгаа. Хоёрдугаарт Газрын тухай хуулиар газрын ангиллын аль ч газраас тусгай хэрэгцээнд авах зохицуулалттай. Гуравдугаарт Д сумын “Г” гэдэг газрыг тусгай хамгаалалтад авсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолууд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Эдгээрийг харгалзаж үзэхгүй бол болохгүй. Кадастрын системд бүргүүлээгүй асуудал нь сумын удирдлага шийдвэр гаргасан хүмүүсээс шалтгаалаагүй, тэд хуулийн дагуу бүх баримт материалуудаа хуулийн хугацаанд хүргүүлсэн байгаа. Дөрөвдүгээрт Хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглах Газрын тухай хуулийн зохицуулалт байгаа. Мөн менежментийн төлөвлөгөө хэрэгжих хугацаа 2021 оноор дуусна. Ийм нөхцөлд тус төлөвлөгөөг батлахыг даалгах нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчим зөрчигдөнө. Одоо өнгөрчихсөн төлөвлөгөөг батлуулж яах юм бэ? гэдэг нөхцөл үүсэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “И” ХХК-ийн гаргасан, “Дорноговь аймгийн Д сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын ...дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлахгүй байгаа Дорноговь аймгийн Д сумын Засаг даргын татгалзал болон тус сумын Байгаль орчны улсын байцаагч (Байгаль орчны бодлогын мэргэжилтэн)-ийн эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоолгож, 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж, батлахыг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч хуулийн этгээд нэхэмжлэлийн үндэслэлээ: “Ашигт малтмалын тухай хуулийн 38.2-т зааснаар Засаг дарга төлөвлөгөөг батлах үүрэгтэй, ...Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны А/168 дугаар тушаалаар батлагдсан журмын 3.5-д зааснаар сумын байгаль орчны байцаагч төлөвлөгөөг хянах үүрэгтэй боловч хянахгүй эс үйлдэхүй гаргаж байна, ...төлөвлөгөөг батлахаас татгалзвал зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзах үүрэгтэй, гэтэл хуульд заагаагүй үндэслэлээр татгалзаж байгаа нь хууль  бус” гэж,

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ: “...тусгай зөвшөөрөл бүхий талбай нь 2017 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан болон 2018 онд сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзсэн талбайтай давхцаж байгаа, ...тусгай хамгаалалтад авсан газар нь уст цэг, хужир мараагаар баялаг бөгөөд өөрийн сум болон зэргэлдээх аймаг, сумдын малчдын хужир шүүнийхээ хэрэгцээг хангадаг, малын бэлчээрийн чухал ач холбогдолтой газар, ...орон нутгийн зүгээс шат дараатай арга хэмжээ авсаар байтал тус талбайд тусгай зөвшөөрөл олгосон, ...тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаарх албан бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хүргүүлсэн, асуудлыг шийдэгдэх хүртэл хайгуулын ажил хийлгэхгүй” гэжээ.

4. Дорноговь аймгийн Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр тогтоол (1 дэх хавтаст хэргийн 124, 125 дахь хуудас)-оор тус сумын Бумбат багийн нутаг дахь морь уралдааны замын 685.61 га газрыг “Алтан зурхайн” зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан,

5. Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаар тогтоол (1 дэх хавтаст хэргийн 77, 78 дахь хуудас)-оор тус сумын Бумбат багийн нутаг дахь “Г” нэртэй 1500 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, газрын хэмжээ, координатуудыг 1 дүгээр хавсралтын 1 дэх заалтаар баталсан,

6. Тус Хурлын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 6/04 дүгээр тогтоол (1 дэх хавтаст хэргийн 79 дэх хуудас)-оор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1/-д заасныг үндэслэн 4 газрыг зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгоор 20 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хамгаалалтад авч, газрын хэмжээг хавсралтаар баталсны дотор “Г” нэртэй 412,56 га хэмжээтэй газар багтсан байх бөгөөд уг газруудыг улс, аймгийн мэдээллийн санд бүртгүүлэхийг сумын Засаг даргад даалгаж, улмаар тухайн тогтоол гарсантай холбогдуулан “Г” нэртэй 1500 га газрыг өмнө нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шийдвэр болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 08 дугаар тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн,

7. Д сумын Засаг дарга дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан нэр бүхий 4 газрыг нөөцөд бүртгэлтэй талбайгаас хасаж, кадастрын системд бүртгүүлэх тухай хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/424 тоот албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 81 дэх хуудас)-ээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн, тус хэлтсээс 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 7/434 тоот албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 82 дахь хуудас)-ээр “..тусгай хамгаалалтад авсан газрууд нь Засгийн газрын 2014 оны 240, 2017 оны 37, 106 дугаар тогтоолуудаар нөөцөд авсан, сонгон шалгаруулалтын талбай болон өргөдлийн талбайтай давхцалтай тул кадастрын системд бүртгэх боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн,

8. Үүний дараа Ашигт малтмал, газрын тосны газраас “Засгийн газрын тогтоолуудыг үндэслэн тус аймгийн нутагт ... гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтойг мэдэгдэж, тухайн талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч хариу ирүүлэх”-ийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 7/3756 тоот албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 2 дахь хуудас)-ээр мэдэгдсэн, үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын орлогчоос сумын Засаг дарга нарт “...хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаарх саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн хариу ирүүлэх”-ийг шаардсан 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2/1000 тоот албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 83 дахь хуудас)-ийг хүргүүлсэн,

9. Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэсэн тухай хариуг (1 дэх хавтаст хэргийн 85-89 дэх хуудас) аймгийн Засаг даргад хүргүүлсэн, мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 50 дугаар тогтоол  (1 дэх хавтаст хэргийн 91, 92 дахь хуудас)-оор “...сумдын саналыг харгалзан тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэсэн санал гаргасныг, аймгийн Засаг дарга 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1/1266 тоот албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 93 дахь хуудас)-ээр Ашигт малтмал, газрын тосны газарт мэдэгдсэн,

10. Дээрх үйл баримтын дараа Дорноговь аймгийн Д сумын нутагт орших “Цагаан-Овоо” нэртэй 29,770.28 гектар талбай бүхий ...дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл (1 дэх хавтаст хэргийн 11-15 дахь хуудас)-ийг  Ашиг малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 366 тоот шийдвэрээр “Э” ХХК-д сонгон шалгаруулалтаар анх олгосон улмаар тус хэлтсийн даргын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 119 тоот шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “И” ХХК-д шилжүүлсэн (1 дэх хавтаст хэргийн 16, 99, 100 дахь хуудас),

11. Дорноговь аймгийн Засаг дарга “...орон нутгийн зүгээс дэмжээгүй санал хүргүүлсэн газруудад тусгай зөвшөөрөл олгосноор нутгийн захиргааны байгууллага болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хооронд маргаан үүсэх нөхцөл байдал гараад байгаа” агуулга бүхий 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/199 тоот албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 67, 68 дахь хуудас)-ийг Ашигт малтмал, газрын тосны газарт  хүргүүлсэн зэрэг үйл баримтууд тус тус хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчид эдгээр үйл баримтуудын тухайд маргаагүй болно.

12. Нэхэмжлэгч “И” ХХК нь ...дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн аваад тус талбайн 2021 оны байгаль орны менежментийн төлөвлөгөөг (цаашид “төлөвлөгөө” гэх) батлуулахаар тухайн хайгуулын талбай байрших Д сумын Засаг даргад 2021 оны 06 дугаар сарын 20-ны үед орон нутаг хариуцсан менежерээр биечлэн хүргүүлсэн, хариуцагч сумын Засаг дарга болон сумын байгаль орчны мэргэжилтний зүгээс “хайгуулын талбай нь орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай давхцалтай” гэх үндэслэлээр төлөвлөгөөг нь батлахаас татгалзаж буцаасан үйл баримт хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тодорхойлох нь хэсгийн 7, 11-д дурдсан тайлбарууд болон холбогдох бусад нотлох баримтаар тогтоогдож байх ба хариуцагч сумын Засаг дарга энэхүү татгалзлаа 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 01/238 тоот албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 40 дэх хуудас)-ээр “...танай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь сумаас 2017 онд тусгай хэрэгцээнд авсан болон 2018 онд сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэж үзсэн талбайтай давхцаж байна, ...аймгийн Засаг даргаас, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад тусгай зөвшөөрлийг цуцлуулах албан бичгийг хүргүүлсэн, ...маргаантай асуудлыг шийдэгдэх хүртэл хайгуулын ажил хийлгэх боломжгүй” хэмээн илэрхийлсэн байна.

13. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ” гээд 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын тайлбай байрших сум ...(-ын) Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах;” 38.1.3-т “...38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум ...(-ын) Засаг даргад хүргүүлж батлуулах;” гэж заасан бол 38.2 дахь хэсэгт энэ хуулийн 38.1.3-т заасан төлөвлөгөөг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэхийг сумын Засаг даргад үүрэг болгон зохицуулжээ.

14. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дээрх хуулиар хүлээсэн үүрэгтэй холбогдох харилцааг зохицуулсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ...батална”, 9.5-д “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрөөс бүрдэнэ” гэж,

 15. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 1.1-д “Төсөл хэрэгжүүлэгч ... хуулийн этгээдийн байгаль орчныг хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, түүнийг хянан батлах, хэрэгжилтийг ханган тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино”, 2.4-т “...байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээлэл, төслийн танилцуулга, төслийн хэрэгжилтийн явц, ашиглаж байгаа техник технологи, төсөл хэрэгжиж буй нутгийн байгаль орчин, нийгэм-эдийн засгийн төлөв байдлын товч танилцуулга, энэ журмын 1.5-д заасан бүрдэл хэсгүүд, баримтлах хууль тогтоомж, стандартын шаардлага болон авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг тодорхой тусгана”, 2.11-д “...ашигт малтмалын хайгуулын төслийг хэрэгжүүлэгч нь байгаль хамгаалах төлөвлөгөө боловсруулж, тухайн хайгуулын үйл ажиллагаа явуулж буй сум, ...(-ын) Засаг даргын тамгын газарт батлуулахаар хүргүүлнэ”, 3.3-т “...байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэхүү журамд заасан шаардлагыг хангаж боловсруулаагүй бол түүнийг хүлээн авч хянах, батлахаас татгалзах үндэслэл болно”, 3.5-д “...ашигт малтмалын хайгуулын төслийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн төслийг хэрэгжүүлж буй сум, ...(-ын) байгаль орчны улсын байцаагчаар хянуулан, Засаг даргаар батлуулж, аймаг, ...(ийн) байгаль орчны газарт нэг хувийг хүргүүлнэ” хэмээн тус тус журамласан байна.

16. Дээр дурдсан хуулийн зохицуулалтууд болоод холбогдох журмын заалтуудаас үзэхэд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авснаасаа хойш 30 хоногийн дотор холбогдох төлөвлөгөөг боловсруулж, тусгай зөвшөөрөл бүхий талбай нь байрших сумын Засаг даргад хүргүүлж батлуулахаар байх бөгөөд уг төлөвлөгөө журамд заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд түүнийг шууд батлах, хангаагүй нөхцөлд батлахаас татгалзах хууль зүйн үр дагавартай байна.

17. Хариуцагч нараас тус төлөвлөгөөг хянан, батлахгүй байх үндэслэлээ болгож буй “тус хайгуулын талбай нь орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай давхцалтай, ...орон нутгийн тусгай хамгаалалтад авсан шийдвэрийг хүргүүлсэн боловч кадастрын системд бүртгэхээс татгалзсан нь эргэлзээтэй, ...хайгуулын талбайд анхнаасаа тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн саналыг орон нутгийн зүгээс хүргүүлсээр байхад тусгай зөвшөөрөл олгосон” гэх тайлбаруудыг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудтай харьцуулан судлахад дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна.

18. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий 29,770.28 гектар талбай нь нутгийн өөрөө удирдах байгууллагаас Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 20 дугаар зүйлийн 20.1.3-т тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан морь уралдааны зам болох 685.61 га талбайн тодорхой хэсэгтэй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1/-д заасныг үндэслэн орон нутгийн тусгай хамгаалалтад авсан “Г” нэртэй 412.56 га талбайтай бүхэлд нь давхцалтай (1 дэх хавтаст хэргийн 195 дахь хуудас) байх бөгөөд тус газруудын орон нутгийн тусгай хамгаалалтад болон тусгай хэрэгцээнд байх хугацаа дуусаагүй байна.

19. “Г” нэртэй 412.56 га газрыг кадастрын нэгдсэн системд бүртгүүлэхээр холбогдох шийдвэрийг эрх бүхий байгууллагад хүргүүлсэн ч уг шийдвэрийг гарахаас өмнө буюу 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Засгийн газраас, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасан “...хайгуулын болон ... ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх;” бүрэн эрхийнхээ хүрээнд “сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор солбицлыг нь тогтоосон” 1.61 сая га талбайн тодорхой хэсэгтэй давхцалтай байсан нь тус газрыг кадастрын системд бүртгэхгүй байх нөхцөл шалтгаан болсон гэж үзэхээр байна.

20. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд маргаан бүхий 29,770.28 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаарх саналаа нутгийн захиргааны байгууллагаас Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлж байсан байх боловч уг саналд татгалзсан үндэслэлээ тодорхой дурдаагүй байх бөгөөд улмаар тус талбайд тусгай зөвшөөрөл олгосон болон орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрыг кадастрын системд бүртгээгүй эрх бүхий байгууллагын холбогдох шийдвэр, үйл ажиллагаанд нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс зохих журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргасан болон гаргаж байсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

21. Түүнчлэн “Г” нэртэй газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан эрх бүхий этгээдийн шийдвэрт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1/-д заасныг үндэслэсэн байгаагаас үзэхэд тус газар нь байгалийн нөөц газрын ангилалд хамаарч байх боловч  тухайн газарт мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т заасан “Байгалийн нөөц газарт түүний байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, …зэргээр байгалийн унаган төрхийг өөрчлөх, ...аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн улсын тусгай хамгаалалттай байгалийн нөөц газрын дэглэм хамаарахгүй.

Учир нь орон нутгийн тусгай хамгаалалтад авсан “Г” нэртэй газар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 2/-т “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай саналыг дээд шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буюу Засгийн газарт уламжлах;” гэж заасны дагуу улсын тусгай хамгаалалтад авагдсан газар биш, харин мөн хэсгийн 3/-т “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах” гэж заасны дагуу зөвхөн орон нутгийн  хамгаалалтад авсан газар байх бөгөөд эрх бүхий этгээдээс тухайн газрын хамгаалалтын дэглэм, горимыг тусгайлан тогтоосон зүйлгүй байх тул энэ тохиолдолд Байгаль орчны сайдын 2000 оны 07 дугаар тушаалаар батлагдсан “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай” журмын 3.3-т “Орон нутгийн хамгаалалтад авсан газар нутагт дараахь дэглэмийг хэрэгжүүлж болно”, 5/-д “...сонгосон талбайд ашигт малтмалын хайгуул хийх” гэж зааснаар тус газарт ашигт малтмалын хайгуул хийх үйл ажиллагааг хориглох үндэслэлгүй байна.

22. Мөн хариуцагч сумын Засаг дарга болон түүний өмгөөлөгчөөс “нэхэмжлэгч хуулийн этгээд нь тус төлөвлөгөөг батлуулах 30 хоногийн хугацааг хэтрүүлж Засаг даргад ирүүлсэн, энэ нь тухайн төлөвлөгөөг батлахаас татгалзах нэг үндэслэл болсон” гэх тайлбарыг шүүх хуралдаан дээр гарган маргасан.

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын ...дугаартай тусгай зөвшөөрлийг өмнө нь эзэмшиж байсан “Э” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийнхээ хүрээнд  тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2020 онд гүйцэтгэх геологи-хайгуулын ажлын төлөвлөгөөг боловсруулж, төрийн захиргааны байгууллагаар хянуулсан байх боловч Ковид-19 цар тахлын улмаас улс орны хэмжээнд  засаг захиргааны бүх нэгжид хорио цээрийн дэглэм тогтоосон, өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөл байдалтай холбоотойгоор 2020 онд (мөн оны 11, 12 дугаар сард) тус геологи-хайгуулын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг огт хийгээгүй байх бөгөөд улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тусгай зөвшөөрөл авснаасаа хойш 30 хоногийн дотор төлөвлөгөөг боловсруулах, Засаг даргаар батлуулах үүргээ хэрэгжүүлж амжилгүйгээр хайгуулын тусгай зөвшөөрлөө нэхэмжлэгч “И” ХХК-д шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар болон холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “И” ХХК нь, “Э” ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан (2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр)-аас хойш 51 хоногийн дараа буюу 2021 оны 06 дугаар сарын 20-нд хариуцагч албан тушаалтанд тус төлөвлөгөөгөө  батлуулахаар хүргүүлсэн байх боловч энэ цаг хугацаанд Ковид-19 цар тахалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 104, 115, 154 дүгээр тогтоолуудаар улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн бөгөөд Улсын онцгой комиссын шийдвэрээр хорио цээрийн дэглэм тогтоосон нөхцөл байдал бий болсон байсан нь нэхэмжлэгчийг хуулиар хүлээсэн энэхүү үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэл болохоос гадна Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан 30 хоногийн хугацаа нь тухайн төлөвлөгөөг сумын Засаг даргад хүргүүлэх хугацаа бус уг төлөвлөгөөг боловсруулах тухайлан заасан хугацаа болохыг дурдах нь зүйтэй байна.

23. Түүнчлэн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах чиг үүрэг бүхий сумын Байгаль орчны бодлогын мэргэжилтнээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ”... төлөвлөгөөтэй танилцахад зохих журмын дагуу боловсруулагдсан бөгөөд журамд заасан шаардлагыг хангасан байсан, гэвч тусгай зөвшөөлийн талбай нь орон нутгийн тусгай хамгаалалтад авсан зарим газартай давхцалтай байсан тул сумын Засаг даргад мэдэгдсэн, ...“ гэх тайлбарыг гаргасан, хариуцагч сумын Засаг дарга тус төлөвлөгөөг батлахаас татгалзсан үндэслэлээ дээр дурдсанаар 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн болон үндэслэх нь хэсгийн 3-т зааснаар тодорхойлсон, тэрээр эдгээрээс өөр үндэслэл дурдаж маргаагүй зэргээс нь тус тус дүгнэхэд хариуцагч нарын маргаж буй эдгээр үндэслэлүүд нь энэхүү маргаанд шууд хамааралгүй бөгөөд төлөвлөгөөг батлахгүй байх хуульд заасан үндэслэл болохгүй тул тэдгээрийн тус төлөвлөгөөг хянаагүй эс үйлдэхүй болон батлахаас татгалзсан үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.  

24. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн батлуулахаар хүсэж буй байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь хэдийгээр 2021 оны гэж тодорхойлж байх боловч энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс жил бүр боловсруулан батлуулж хэрэгжүүлдэг тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө бус, тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор холбогдох этгээдүүдтэй зөвшилцөн боловсруулах үүргийнхээ дагуу анх удаа батлуулахаар хүргүүлж буй төлөвлөгөө байх тул хариуцагч нарын хувьд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар төлөвлөгөөг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан, батлах үүрэг хүлээнэ.

25. Шүүх хуралдааны явцад хариуцагч сумын Засаг даргын өмгөөлөгчөөс “хариуцагч сумын байгаль орчны мэргэжилтэн журамд заасан шаардлагыг хангаж байсан гэх тайлбарыг гаргаж байгаагаас нь үзэхэд тухайн этгээд тус төлөвлөгөөг хянасан байна, тиймээс эс үйлдэхүй гаргаагүй гэж үзэж байна” гэх тайлбарыг гаргасан, гэвч хэрэгт авагдсан нотлох баримт болох “2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-ний хавтас дээрх (1 дэх хавтаст хэргийн 18 дахь хуудас) ХЯНАСАН: Дорноговь аймгийн Д сумын БОХ улсын байцаагч ...гэсэн хэсэгт хариуцагч М.Б-ын гарын үсэг зурагдаагүй бөгөөд хянасан болохоо батлаагүй байх тул түүний тус төлөвлөгөөтэй танилцсан үйлдлийг нь төлөвлөгөөг хянасан гэж үзэхгүй, харин хууль бус эс үйлдэхүй гэж үзэх үндэслэл болж байна. 

26. Хариуцагч нар нь Захиргааны ерөнхий 5 дугаар зүйлийн 5.4-т “Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ” гэж зааснаар захиргааны байгууллага болохын хувьд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх;” 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” зарчмыг үйл ажиллагаандаа зайлшгүй баримтлах үүрэгтэй бөгөөд эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэгэнт олгогдсон, хүчин төгөлдөр байх хугацаа нь дуусаагүй тусгай зөвшөөрөлтэй, уг тусгай зөвшөөрлийг авснаас хойш геологи хайгуулын ажил эхлээгүй, үйл ажиллагаа явуулаагүй, түүнчлэн тухайн тусгай зөвшөөрлийг цуцлах болон нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох хуульд заасан бодит нөхцөл байдлууд бий болоогүй энэ тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;”, 12.1.2-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, ... ”, 12.1.3-т “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ... талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих” бүрэн эрхээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэх шаардлагатай юм.

27. Нэхэмжлэгч “И” ХХК-ийн ...дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн “2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г хянан, батлахгүй байгаа хариуцагч нарын, эс үйлдэхүй болон татгалзал хууль бус болох нь дээр дурдсанаар ийнхүү тогтоогдож байх бөгөөд энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа явуулах, хайгуулын талбайн хилийн дотор ашигт малтмал эрэх, хайх хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байх тул тус төлөвлөгөөг хянаж, батлахыг хариуцагч албан тушаалтнуудад даалгах үндэслэлтэй байна.

28. Хэргийн оролцогчдоос хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн зарим баримтууд болох Дорноговь аймгийн Засаг даргаас Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлсэн “Р” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай албан бичиг, “Э” ХХК-ийн холбогдох баримтууд, Засгийн газрын 2014 оны 240, 2017 оны 37, 106 дугаар тогтоолууд, нэхэмжлэгч хуулийн этгээдээс холбогдох байгууллагад хүргүүлсэн хүсэлт, түүний хариу зэрэг нь (1 дэх хавтаст хэргийн 94-96, 107-121, 138-155, 178-192, 215-220, 229-233 дэх хуудас, 2 дахь хавтаст хэргийн 5,6 дахь хуудас) нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзлын үндэслэл болоод энэхүү маргааны үйл баримтыг тогтооход шууд хамааралгүй, ач холбогдолгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нотлох баримтаар үнэлээгүй болно.

29. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс “...давхцаж байгаа газруудаас “Г” нэртэй 412.56 га талбайд 9 ширхэг цооног өрөмдөхөөр төлөвлөгдсөн, өрөмдлөгийн ажил дууссаны дараа ухсан нүхийг булж, нөхөн сэргээлтийг шууд хийж тухайн газрыг хэвийн байдалд нь оруулна, ...энэхүү хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсний дараа тухайн газар нутгийн онцлог, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан нөхцөл байдал зэргийг нь харгалзан хайгуулын талбайгаас хэсэгчлэн буцаан өгөх асуудлыг судлан үзэн шийдвэрлүүлэх боломжтой” талаарх байр сууриа илэрхийлснийг дурдах нь зүйтэй байх ба ийнхүү дурдсан нь ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “И” ХХК-ийн, Дорноговь аймгийн Д сумын нутаг дэвсгэрт орших ашигт малтмалын хайгуулын ...дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлахгүй байгаа Дорноговь аймгийн Д сумын Засаг даргын татгалзал болон тус сумын Байгаль орчны улсын байцаагч (Байгаль орчны бодлогын мэргэжилтэн)-ийн эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, ашигт малтмалын хайгуулын ...дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянаж, батлахыг хариуцагч Дорноговь аймгийн Д сумын байгаль орчны мэргэжилтэн болон тус сумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус тус 35,100 төгрөг (Д сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс 70,200 төгрөг) гаргуулж, ... регистрийн дугаартай, нэхэмжлэгч ”И” ХХК-д буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.СИЙЛЭГМАА