| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2024/0466/3 |
| Дугаар | 221/МА2025/0502 |
| Огноо | 2025-07-24 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2025/0502
“У п” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.О
Нэхэмжлэгч: “У п” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/*** дугаар “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн” тушаал, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/** дүгээр “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох” тушаал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/*** дүгээр “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан” захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 0308 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э
Хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х
Гуравдагч этгээд “Ө т”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,
Гуравдагч этгээд “З ш” ГҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т С.Г,
Гуравдагч этгээд “Э н х” ГҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, өмгөөлөгч С.Б,
Гуравдагч этгээд Хяналтын хорооны төлөөлөгч С.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б
Хэргийн индекс: 128/2024/0466/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “У п” ХХК-иас нь Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдуулан “Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/*** дугаар “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн” тушаал, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/** дүгээр “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох” тушаал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/*** дүгээр “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан” захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 0308 дугаар шийдвэрээр: “Хот суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.4, 11.1.5, 22 дугаар зүйлийн 22.1.10, 22.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/*** “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан” захирамж, Хот байгуулалт, хөгжлийн газрын /хуучин нэрээр/ даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/*** дугаар “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн” тушаал, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/** дугаар “Барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгосон” тушаалыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 2.1.1 дэх хэсэгт “...Төсөл хэрэгжүүлэгч “У п” ХХК орон сууцны 21, 22 дугаар байрыг буулгаж дахин барилгажуулах “төслийн хүрээнд байгуулсан 2 ,3 талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төслийн үе шатны ажлуудыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн тухайд:
Дэлхий нийтэд дэгдсэн Коронавируст халдвар цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээ сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд Монгол Улсын Их хурлаас Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр баталсан болон уг хуулийн үйлчлэлийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар тусгайлан тогтоосон. Энэхүү нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төслийн ажлын явц, удааширч саад учирсанд дан ганц төсөл хэрэгжүүлэгчийг буруутгах үндэслэлгүй. Мөн түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч төслийг хэрэгжүүлэх явцад өөрөөс шалтгаалахгүй их хэмжээний хүндрэл, бэрхшээлүүд гарч байсан ба тухай бүрд нь холбогдох төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж байсан. Тодруулбал Хот байгуулалт, хөгжлийн газар болон дэд бүтцээр хангагч байгууллагуудын хоорондын харилцан уялдаа холбоо маш муу байдгаас шалтгаалан төсөл хэрэгжүүлэгч нь Нийслэлийн инженерийн дэд бүтцээр хангагч байгууллагуудад 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “дулаан хангамжийн техникийн нөхцөл авах тухай” хүсэлтийг 3 удаа “цахилгаан хангамжийн техникийн нөхцөл авах тухай” хүсэлтийг 5 удаа гаргасан боловч үндэслэлгүйгээр удаа дараа “татгалзсан хариу өгч” үйл ажиллагааг удаашруулсаар 2022 оны 11 дүгээр сард бүх техникийн нөхцөлүүдийг авч дууссан. Дээрх шалтгаанаар төслийн барилгын ажлын зураг төсөл боловсруулах, магадлалаар хянан батлуулахад хугацаа алдах, цаашлаад төслийн барилгын ажил эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийн хугацаанд ихээхэн сөргөөр нөлөөлж төсөл хэрэгжүүлэгчийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 75/23, 09 сарын 11-ний өдрийн 123/23 дугаар албан бичгүүдийг үндэслэн Хот байгуулалтын хөгжлийн газраас 2023 оны 09 сарын 26-ны өдөр тус төслийн С болон Н блок барилга байгууламжийг шинээр барих ‘барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ” олгогдсон.
Төсөл хэрэгжүүлэгчийн хувьд “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г авсны дараагаар төслийн талбайд хөрсний бэхэлгээний ажлыг хийж гүйцэтгэж эхэлж байх үед “Өлзий” төв /төслийн талбайн хойд талын хөрш барилга/-ийн эзэдтэй инженерийн шугам сүлжээтэй холбоотой маргаан үүсэж тэдний зүгээс гомдол гаргасны дагуу зөрчлийн хэрэг нээгдсэн бөгөөд Барилга байгууламжийн техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.М 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор “Ө т”-ийн гадна ариутгах татуургын шугам сүлжээг хот байгуулалтын мэдээллийн санд оруулаагүй, хамгаалалтын зурвас газар тогтоолгоогүй, .... 21, 22 дугаартай барилгаас холбогдох нормын зай хэмжээ баримтлалгүйгээр гүйцэтгэж, ашиглаж байсан нь тогтоогдсон" гэх үндэслэлээр “Зөрчлийг хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэн хуулийн хүчин төгөлдөр болсон. Гэтэл хариуцагч Хотын стандарт, хяналтын газраас манай компанийг “төслийг хэрэгжүүлэх явцад зөрчил гаргасан мэтээр дүгнэж зөрчлийг арилгуулах тухай Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 11/7847 дугаар албан бичгийг хүргүүлсэн бөгөөд түүнийг нь үндэслэн манай компанийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлж, цаашлаад хүчингүй болгож нэхэмжлэгчид сөрөг эрх зүйн үр дагавар үүсгэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа нь “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх” зарчмыг баримтлах үүднээс хариуцагч маргаан бүхий актуудыг гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасныг хэрэгжүүлээгүй, төслийн үйл явц удааширсан нь дан ганц нэхэмжлэгчээс шалтгаалсан эсэх, “хүндэтгэн үзэх шалтгаан” байсан эсэх талаарх бодит нөхцөл байдлыг тогтоогоогүйгээс шалтгаалж үндэслэлгүй шийдвэр гарсан талаар маргасан. Гэтэл анхан шатны шүүхээс маргаан бүхий актуудыг гаргахдаа дээрх нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй хариуцагчийн буруутай үйл ажиллагааг дүгнээгүй, мөн нэгэнт нийтэд илэрхий үйл баримт Ковид-19 цар тахлын улмаас эрх бүхий байгууллагаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нэхэмжлэгчийн бизнесийн үйл ажиллагаанд өөрийнх нь хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл үүсэж байсныг нотлох “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ олгогдоогүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
3.3. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухайд:
Нэхэмжлэгчийн хувьд 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр анх удаа “маргаан бүхий актуудын биелэлтийг түдгэлзүүлэх” тухай хүсэлтийг гаргасан боловч “нэхэмжлэгчийн зүгээс эрх зүйн мэдлэг дутмаг тул холбогдох нотлох баримтуудыг шүүхэд бүрэн гаргаж өгөх боломжгүй байснаас шалтгаалан” шүүхийн 2024 оны 12 сарын 09-ний өдрийн 10084 дүгээр захирамжаар “хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 сарын 02-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Үүний дараагаар нэхэмжлэгчийн хувьд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлэхэд шаардлагатай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрдүүлэн өмгөөлөгчөөрөө дамжуулан 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” тухай хүсэлтийг, холбогдох баримтуудын хамт гаргасан байсан бөгөөд шүүхээс тухайн хүсэлтийг шийдвэрлэхгүй 4 сар орчим хугацаа өнгөрсний дараагаар буюу 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанаар “Хэлэлцэхгүй орхихоор” шийдвэрлэсэн бөгөөд үндэслэлээ “шүүхийн 2024.12.09-ний өдрийн 10084 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн тул дахин шийдвэрлэх шаардлагагүй...” гэж үзэж үндэслэлгүй дүгнэж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “хэргийн оролцогчдоос захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзахгүй байхаар хуульчилсан бөгөөд хүсэлт гаргасан л бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэгчийн хувьд маргааныг эцэслэн шийдвэрлэх хугацаагаар маргаан бүхий актуудыг түдгэлзүүлж, эрх зүйн түр хамгаалалт авах шаардлагатай байгаа талаараа хүсэлтдээ дэлгэрэнгүй тайлбарлан холбогдох баримтыг бүрдүүлэн өгсөн байтал шүүх үндэслэлгүйгээр хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр маргааныг эцэслэн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг ноцтойгоор зөрчсөн болно.
Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн 2025 оны 01 сарын 23-ны өдрийн 6** дугаар захирамжаар нотлох баримтаар авахаар шийдвэрлэсэн хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд хамаарч байгаа “Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 12 сарын 06-ны өдрийн 01/****, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023.12.12-ны өдрийн 11/****, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2023.12.28-ны өдрийн 01/06/**** дугаартай албан бичгүүдийг” нотлох баримтаар хэрэгт хавсаргаж, шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан үүргийн дагуу маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулж, маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн эсэх болон актын бодит үндэслэл болон түүний эрх зүйн үндэслэл хууль ёсны эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байтал хуульд заасан энэ үүргээ хэрэгжүүлэхгүйгээр, нэхэмжлэгч, түүнийг өмгөөлөгчийг захирамжид гомдол гаргах эрхийг хязгаарлан хэргийг шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа тул мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т заасны дагуу Нийслэл Дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0308 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
4. Хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив. Үүнд:
2.1. “У п” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдуулан “Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/*** дугаар “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн” тушаал, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/** дүгээр “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох” тушаал, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/*** дүгээр “Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан” захирамжийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 21, 22 дугаар орон сууцны байрыг буулгаж, дахин барилгажуулах төсөл зарлаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/*** дугаар захирамжаар Үнэлгээний хороо байгуулсан байна.
3.2. Дээрх Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/**** дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэгчээр нэхэмжлэгч “У п” ХХК шалгарсныг батламжилж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрхийг олгожээ.
3.3. Гэтэл Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 0224 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/** дугаар захирамжаар байгуулагдсан “21,22 дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийн Хяналтын хороо” “төсөл хэрэгжүүлэгч “У п” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төслийн үе шатны ажлуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд заасан хугацаанд ажил гүйцэтгээгүй” гэх оршин суугчдын гомдлын дагуу төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлуулах саналыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн орон сууцны бодлогын газарт тус тус хүргүүлсэн.
3.4. Үүний дагуу Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/*** дугаар тушаалаар “У п” ХХК-ийн барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлж, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/** дүгээр тушаалаар МЗХ2022/32-**** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2023 оны БАЗГ2023/*** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосон.
3.5. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/*** дүгээр захирамжаар “У п” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалснаар энэхүү маргаан үүсжээ.
4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 7.4-т “Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцад үйл ажиллагааны болоод техникийн зөрчил гаргасан, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь чөлөөлсөн газрыг төсөлд тусгагдсанаас өөр зориулалтаар ашигласан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэж заасан.
4.2. “У п” ХХК нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсны дараа 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авсан, улмаар 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр авсан Барилгын ажлын зөвшөөрлөөр 2022 оны 06 дугаар сараас орон сууцны 21, 22 дугаартай 2 барилгыг буулгасан, хөрсний хамгаалалтын ажлын зургийн дагуу уг барилгын талбайд суурийн бэхэлгээ хийснээс бусдаар төслийн хүрээнд барилга угсралтын ажил хийгээгүй. Түүнчлэн “У п” ХХК, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, оршин суугч нарын хооронд 2021 оны 09 дүгээр сард байгуулагдсан гурван талт гэрээгээр нэхэмжлэгч компани нь барилгыг чөлөөлж, орон сууцанд оруулах хүртэл хугацаанд оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, түр суурьшуулах зардал, түрээсийн төлбөр төлөхөөр үүрэг хүлээсэн ч энэхүү үүргээ биелүүлээгүй, оршин суугчдын түрээсийн төлбөрт нийт 899,665,000 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
4.3. Нэхэмжлэгч “У п” ХХК нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 21, 22 дугаар орон сууцны барилгыг буулгаж, дахин барилгажуулах төслийн хүрээнд талуудын хооронд байгуулсан гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, уг байранд оршин суугч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас “У п” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/*** дүгээр шийдвэр үндэслэлтэй, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.1.1-д “хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасантай нийцжээ.
4.4. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Энэ хуулийн 97 дугаар зүйл болон бусад хуульд өөрөөр зааснаас бусад тохиолдолд захиргааны үйл ажиллагааны оролцогч болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлнэ”, 96.2-т “Энэ хуулийн 96.1-д заасны дагуу биелэлтийг нь түдгэлзүүлсэн захиргааны акт тухайн гомдлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж тус тус заасан.
4.5. “У п” ХХК нь төслийн дагуу 22 дугаар байрыг буулгахдаа барилгын талбайн хойд талд байрлах Өлзий төвийн барилгын гадна бохир ус татан зайлуулах шугам сүлжээг гэмтээсэн, хэдийгээр уг бохирын шугам нь мэдээлэлд бүртгэгдээгүй боловч шугам сүлжээг хэрэглэгчийн болон холбогдох мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл, зураг төсөлгүйгээр шилжүүлсэн болохыг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх тул хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаас 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/*** дугаар тушаалаар БАЗГ2023/*** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн нь үндэслэлтэй байна.
4.6. Улмаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн хугацаанд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж заасны дагуу захиргааны байгууллагаас “У п” ХХК-д дээрх нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргаж, зөрчлийг арилгах боломж болгож, сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, нэхэмжлэгчээс тайлбар, холбогдох баримтыг гаргаж өгөөгүй тул 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/** дүгээр тушаалаар гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлтэй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “Актын биелэлт түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлээгүй” гэх гомдлын тухайд:
5.1.1. Нэхэмжлэгчээс гаргасан маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг шүүх өмнө хүлээн авч хянаад, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10084 дүгээр захирамжаар “... захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тохиолдолд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 21, 22 дугаар байрыг дахин барилгажуулах төсөлд хамаарах 96 өрхийн оршин суугчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах эрсдэлтэй болох нь хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэж дүгнэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 021 дүгээр тогтоолоор “... актын биелэлтийг түдгэлзүүлэхгүй байснаар нэхэмжлэгчид хэрхэн хохирол учрах талаарх баримтыг шүүхэд ирүүлэх эрх нь нээлттэй байжээ. Гэтэл нэхэмжлэгчээс энэ талаарх баримтыг уг хүсэлтийг шийдвэрлэсний дараа гаргаж өгсөн нь шүүх нэхэмжлэгчээс гаргасан тухайн хүсэлтийг шийдвэрлэхэд холбогдох нотлох баримтыг цуглуулах, оролцогчийн мэтгэлцэх эрхийг хамгаалах үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэн, захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
5.1.2. Нэхэмжлэгчээс захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг, холбогдох баримтын хамт дахин гаргах эрхтэй хэдий ч уг хүсэлтийг шүүх хэлэлцэхгүй орхисныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ. Гэвч тухайн тохиолдолд уг хүсэлтийг өмнө нь шийдсэн хүчин төгөлдөр шүүхийн тогтоол байгаа гэх үндэслэлээр хүсэлтийг хэлэлцэхгүй орхисноор нэхэмжлэгчид зайлшгүй шаардлагатай эрх зүйн хамгаалалт бий болох нөхцөл байдал үүсэхгүй гэж үзсэнийг шууд буруутгах боломжгүй. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны актын биелэлтийг дараахь тохиолдолд түдгэлзүүлж болохгүй”, 62.1.1-д “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх нь бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой, хуулийн этгээд, эсхүл нийтийн ашиг сонирхолд илт хохирол учруулахаар бол” гэж тус тус заасан.
5.1.3. Өөрөөр хэлбэл, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлснээр хэргийн оролцогчдын хувьд болон маргаан бүхий актын үйлчлэлд шууд хамааралтай бусад иргэдийн орон байраар хангагдах, эрүүл мэнд нь доройтох, эд хөрөнгө нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох, тухайн этгээд түүнийг өөрийн хүчээр эргүүлэн сэргээх боломжгүй, сөрөг үр дагавар үүсэхээр байгаа энэ тохиолдолд актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй байхаар хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчид зайлшгүй шаардлагатай эрх зүйн хамгаалалт бий болох нөхцөл байдал үүсэхээргүй гэж үзжээ.
5.1.4. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар “У п” ХХК нь төслийн хүрээнд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, маргаан бүхий байрны оршин суугчдыг орон сууцаар хангаагүй, түрээсийн төлбөр төлөөгүй, барилгын талбайн хойд талд байрлах Өлзий төвийн барилгад эвдрэл, гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт шууд нөлөөлөхөөргүй байна гэж үзлээ.
5.2. “Шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулаагүй” гэх гомдлын тухайд:
5.2.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 657 дугаар захирамжаар хэргийн 1 дүгээр хавтасны 192-240, 2 дугаар хавтасны 16, 17, 25-27 дугаар талд авагдсан баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан авахаар шийдвэрлэсэн. Уг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх бөгөөд дээрх баримтууд эх хувь биш, хуулбар байгаа хэдий ч хэргийн нөхцөл байдал, нотлогдвол зохих зүйлс нь хэрэгт авагдсан бусад баримтаар хангалттай тогтоогдож байх тул энэ талаарх гомдлыг мөн адил хүлээн авах боломжгүй.
6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 0308 дугаар шийдвэр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Огын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА