Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2019/00336/И |
Дугаар | 421 |
Огноо | 2019-10-15 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 421
2019 оны 10 сарын 15 өдөр Дугаар 139/ШШ2019/00421 Дундговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У даргалж тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 14-р байр 30 тоотод оршин суух, Х овогт Э ийн ГА /ЗФ89071106/-ийн нэхэмжлэлтэй,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг 19-р байр 7 тоотод оршин суух, Ч овогт Д ийн М /ЗМ89052013/-д холбогдох гэрлэлт цуцлуулж, 1 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Э.ГА, хариуцагч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.ГА шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.М-той дунд сургуулийн нэг ангид суралцаж, хайр сэтгэлийн холбоотой болж, 2009 онд гэрлэлтээ батлуулсан. 2010 онд бидний дундаас охин М.У мэндэлсэн. Бид хамт амьдарч байх хугацаандаа 2 өрөө байр зээлээр худалдаж авсан. Бид сүүлийн жилүүдэд таарч тохирохоо больж 2018 оны 2 сараас тусдаа амьдарч байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 2 өрөө орон сууцаа хуваалгаж, өөрт болон охиндоо ногдох хэсгийг Д.Моос гаргуулахыг хүсч байна гэжээ. Би нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
Хариуцагч Д.М шүүхэд гаргасан тайлбартаа: Э.ГА-ийн гаргасан хүсэлтийн дагуу гэрлэлт цуцлуулахад татгалзах зүйлгүй. Охин М.Уд хүүхдийн тэтгэлэг цаг тухайд нь өгч байна. 7-р баг 14-р байрны 30 тоотод байх 2 өрөө байрыг анх 2014 онд баригдаж эхлэхээс нь өмнө миний бие урьдчилгаа 14 сая төгрөг өгч гэрээ байгуулан худалдаж авсан. Одоог хүртэл зээлээ би өөрөө төлж байгаа. Цаашид уг байрыг Э.ГАийн нэр дээр шилжүүлэн өгөх хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.ГА нь хариуцагч Д.Ми-д холбогдуулан холбогдох гэрлэлт цуцлуулж, 1 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигч нь 2009 онд гэр бүл болж, 2010 оны 1 сарын 10-ны өдөр охин Мийн У г төрүүлсэн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Зохигч эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй болох нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 6 сарын 25-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэлээр тогтоогдож байгаа бөгөөд зохигч цаашид хамтран амьдрах боломжгүй, бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэсэн тайлбар гаргасан тул зохигчийн гэрлэлтийг цуцалж, зохигчийн хүсэлтийн дагуу охин М.Уг эх Э.ГАийн асрамжид үлдээж, эцэг Д.Моос хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Э.ГА нь “2 өрөө орон сууцандаа охин бид 2 амьдарч байгаа боловч уг орон сууц Мийн нэр дээр байдаг. Орон сууцыг чөлөөлж өгнө. Энэ орон сууц бидний гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө тул бидний хамтран өмчлөх дундын хөрөнгө болно. Үүнээс охин бид хоёрт ногдох хэсгийг гаргуулж өгнө үү” гэж,
Хариуцагч Д.М нь “энэ орон сууцанд охин маань ээжтэйгээ амьдарч байгаа. Би суллаж өг гээгүй. Цаашдаа ч амьдарч болно. Энэ орон сууцыг ипотекийн зээлээр авсан ба орон сууцыг зээлийн хамт ГАт шилжүүлж өгнө үү” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.
Зохигч нь 2009 онд гэр бүл болсон /хх-ийн 4-рт/ ба Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Буяннэмэхийн өргөн чөлөөний 14-р байрны 30 тоотод байршилтай 43,9 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг 2015 онд худалдан авчээ. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч” болно. Иймд дээрхи 2 өрөө орон сууц нь Д.М, Э.ГА нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарч байна. Хариуцагч нь уг орон сууцыг хамтран өмчлөх дундын өмч, мөн орон сууцны үнэлгээ 49738700 төгрөг /хх-ийн 14-28-рт/ гэдэгтэй маргахгүй байх боловч “орон сууцыг зээлээр авсан. Зээл нь төлөгдөж дуусаагүй байгаа. Иймээс орон сууцыг зээлийн хамт Э.ГАт шилжүүлнэ. Би орон сууцыг зарлаа гэхэд Э.ГАийн нэхэмжилж буй мөнгийг өгөөд ипотекийн зээлийн үлдэгдлийг төлж хүрэхгүй болно. Гэтэл зээлийн урьдчилгаанд 15 сая орчим төгрөг төлсөн, орон сууц авснаас хойш зээлээ би өөрөө төлөөд явж байгаа” гэж мэтгэлцэж байна. Гэвч хариуцагч уг орон сууцыг ипотекийн зээлээр авсан эсэх, урьдчилгаанд хэдэн төгрөг төлсөн, зээлээс хэдэн төгрөг төлөгдсөн, хэдэн төгрөг төлөх дутуу байгаа талаар баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт цугларсан бичгийн баримтаар хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байх тул хариуцагч Д.Моос гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч болох 2 өрөө орон сууцны үнэ 49738700 төгрөгийн 2/3 хувь болох 33160.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.ГАт олгож шийдвэрлэлээ.
Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 7 сарын 17-ны өдрийн 139/ШЗ2019/01078 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Э.ГАийг улсын тэмдэгтийн хураамжид 101692 төгрөг төлсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт улсын тэмдэгтийн хураамжид төлвөл зохих 406643 төгрөг төлөх хугацааг хойшлуулж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч дээрх тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч Э.ГАээс улсын тэмдэгтийн хураамжид 406643 төгрөг нөхөн гаргуулж, төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101692 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Моос 508335 гаргуулж, нэхэмжлэгч Э.ГАт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ч овогт Дийн М /ЗМ89052013/, Х овогт Эийн ГА /ЗФ89071106/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 1 сарын 10-ны өдөр төрсөн охин Мийн У /ЗМ10211001/-г эх Э.ГАийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин М.У /ЗМ10211001/-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Д.М /ЗМ89052013/-оос сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар хариуцагч Д.Моос 33160000 /гучин гурван сая нэг зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.ГАт олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э.ГАээс улсын тэмдэгтийн хураамжид 406643 /дөрвөн зуун зургаан мянга/ төгрөг нөхөн гаргуулж төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101692 /нэг зуун нэг мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Моос 508335 /таван зуун найман мянга гурван зуун гучин тав/ гаргуулж, нэхэмжлэгч Э.ГАт олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У