| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00346/И |
| Дугаар | 426 |
| Огноо | 2019-10-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 426
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.У би У. А ийн гаргасан А. Н д холбогдох гэм хорын хохирол 3870000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн хүсэлтийг 2019 он 9 сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Миний бие У.А 2019 оны 5 сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Прокурорын газраас мэдэгдэх хуудас хүлээн авч, энэхүү шийдвэрийг үл зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. 2019 оны 3 сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн 49-67 УБИ улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгслээр 3 хүний хамт албан ажлаар Өмнөговь аймгийг зорьж гарсан. Дундговь аймгаас гараад 20 км явж байхад өөдөөс хөх өнгийн приус маркийн машин, араас нь 2 мотоцикльтой хүн явж байсан. Нэг мотоцикльтой хүн нь машиныг гүйцэж түрүүлж урд нь гарч ирсэн. Би приус машинтай зөрөх мөчид 2 дахь мотоцикльтой хүн урдаа явж байсан машиныг гэнэт гүйцэж түрүүлэн урсгал сөрж, миний машины зүүн тал руу мөргөж надад их хэмжээний хохирол учруулсан. Иймд учирсан хохирол болох 3870000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч У.А шүүхэд гаргасан хүсэлтдээ:Миний бие У.А нь тус шүүхэд Нгээс 3870000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн боловч хариуцагч нь хохирлын мөнгө болох 3870000 төгрөгийг төлөх боломжгүй гэсэн тайлбар гаргасан тул миний бие дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч У.А нь А.Нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт гаргасан байна.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэлээ татан авах, татгалзах эрхтэй байх тул нэхэмжлэгчийг нэхэмжлэлээ татгалзсаныг баталж шийдвэрлэлээ.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76870 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч У.А нь хариуцагч А.Нд холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 3870000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76870 /далан зургаан мянга найман зуун дал/төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.У