Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 860

 

 

 

 

 

 

 

 

 

Г.О-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/00293 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.О-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “МД” ХХК-д холбогдох

 

Даатгалын гэрээний нөхөн төлбөр  39 162 467 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Баярхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр М.Батсүхийн хамт “Голомт” банкнаас 2013 оны 11 сарын 15-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулан нийт 83 700 000 төгрөгийн зээл авсан. Бидний сарын орлого нийлж байж банкны шаардлагыг хангаж байсан бөгөөд тэд нийлээд сард 803 556.65 төгрөг төлдөг. Нөхөр М.Батсүхийн цалин манай өрхийн орлогын 53 хувийг бүрдүүлдэг. Зээл авах үед банкнаас зээлдэгчийн гэнэтийн ослын даатгал заавал хийлгэх ёстой гэж шаардсан. Тухайн үед буюу 2012 оны 11 сарын 15-наас 2014 оны 11 сарын 14-ний өдрийг хүртэл “Монгол даатгал” ХХК-иар даатгал хийлгүүлж байсан. Харин 2015 оны 5 сард “Голомт” банкны зүгээс хамтран ажилладаг Г.О-тай орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг байгуулан даатгал хийлгүүлсэн. Хариуцагч “Мандал женерал даатгал” ХХК-тай байгуулсан орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын гэрээ нь зээлдэгч болох Г.О, М.Батсүх нар орон сууцны зээлээ төлж чадахгүй болох эрсдлүүдээс сэргийлэх үндсэн агуулгатай гэрээ юм. Тийм ч учраас аливаа гэнэтийн осол, өвчний /архаг хууч өвчин орохгүй/ улмаас амь насаа алдах эрсдлээс сэргийлж гэрээ байгуулсан. Улмаар 2015 оны 9 сарын 06-ны өдөр нөхөр М.Батсүх нас барсан бөгөөд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулахаар холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн хариуцагч компанид хандсан. “Мандал женерал даатгал” ХХК-ийн зүгээс 2016 оны 5 сарын 12-ны өдөр нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай албан бичгийг ирүүлсэн. Тус албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан бөгөөд даатгалын гэрээний 8.14-т даатгуулагч цус харвасан татаж унасны улмаас гэмтэж бэртсэн гэх заалтыг үндэслэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү хариуг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандсан боловч нөхөн төлбөр олгох шийдвэрийг гаргаагүй бөгөөд даатгалын гэрээтэй холбоотой асуудлаар хууль, тогтоомжийн дагуу шүүхэд хандаж иргэний журмаар шийдвэрлүүлэх эрх тань нээлттэй гэсэн хариу өгсөн. Миний бие “Мандал женерал даатгал” ХХК-ийн 2016 оны 5 сарын 12-ны өдөр ирүүлсэн Нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай гэсэн албан тоотыг эс зөвшөөрч байгаа болно. Учир нь хариуцагчтай байгуулсан гэнэтийн ослын даатгалын гэрээний 8-р бүлэгт даатгалийн эрсдэлд даатгуулагч бүх төрлийн гэнэтийн осол, өвчний /архаг хууч өвчин орохгүй/ улмаас нас барах... хамаарна. Талийгаач М.Батсүх нь 2015 оны 9 сарын 06-ны өдөр цус харвалтын улмаас нас барсан. Талийгаач нь ямар нэг архаг, хууч өвчний улмаас нас бараагүй. Гэтэл хариуцагч нь даатгуулагч гэнэтийн өвчний улмаас нас барсан энэхүү нөхцөл байдлыг даатгалын гэрээний 8.14-т заасан даатгуулагч цус харвасан, татаж унасны улмаас гэмтэж бэртсэн заалтад хамааруулж нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Даатгуулагч М.Батсүх нь цус харвалтын улмаас гэмтэж бэртээгүй, амь насаа алдчихаад байна. Даатгалын гэрээний дагуу даатгуулагч нас барсан бол даатгалын хохирлын хэмжээг тогтоохдоо үндсэн төлбөрөөс зээлдэгч буюу даатгуулагчийн төлсөн зээлийн үндсэн төлбөрийг хассан дүнгээс тооцож, нөхөн төлнө. Мөн зээлдэгч, хамтран зээлдэгчийг ижил үүрэг, хариуцлагатай гэж үзэн, нөхөртэйгөө нийлэн зээл авсан бөгөөд нэг хамтран зээлдэгчтэй тул 50 хувиар тооцон нөхөн төлбөр авах үндэслэлтэй юм. 2015 оны 9 сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 78 324 935 төгрөг байсан. Иймд Г.О-иас орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр 39 162 467.5 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд үүссэн харилцааг нарийвчлан зохицуулсан Даатгалын тухай хуулийн 82.1-д “Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Санхүүгийн зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно” хэмээн заасан байна. Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1-д хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна, 8.2-т Бүрэн эрхийнхээ хүрээнд хорооны гаргасан шийдвэр тогтоол хэлбэртэй байна гэж заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо нь уг нэхэмжлэлийн шаардлага болох 39 162 467.5 төгрөгийг нэхэмжлэгчид олгох эсэх шийдвэрээ тогтоол хэлбэрээр гарган ирүүлэх байсан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал хэмээн заасан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл гэж үзэхээр байна. Даатгуулагч Г.О болон түүний хамтран зээлдэгч М.Батсүх нь 2015 оны 9 сарын 06-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд тодруулбал талийгаач нь 2015 оны 8 сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт өвчний улмаас түргэн тусламжаар хүргэгдэн ирж 10 хоног эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэсэн боловч биеийн байдал нь маш хүнд байсаар 2015 оны 9 сарын 06-ны өдөр нас барсан байна. Даатгуулагчийн нас барсан шалтгаан нь тархины шигдээс буюу тархины цус хомсрох харвалт өвчин байсан бөгөөд энэ нь эмгэг судлалын оношоор тогтоогдож байна. Талийгаачийн нас баралтын шалтгаан болсон I63.3 өвчний хувьд авч үзвэл даатгуулагч энэ өвчнөөр өвдөх өндөр эрсдэлтэй байсан нь өвчний түүх, анамнезаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, даатгуулагчид 4-5 жилийн өмнөөс артерийн даралт ихсэх эмгэг илэрч эхэлсэн бөгөөд даатгуулагч энэ өвчнөө хянадаггүй, эм тогтмол уудаггүй байсан байна. Эмгэг судлалын оношинд тусгагдсан атеромклероз, зүрхний зүүн ховдол зузаарсан, бөөрний артериологломерулосклероз-ын өөрчлөлтүүд зэрэг нь удаан хугацааны туршид даралт ихсэлттэй явсныг харуулж байна. Даатгуулагчийн нас баралтын шалтгаан болсон өвчин нь даатгуулагчийн даатгуулахаас өмнө үүссэн өвчин эмгэгтэй холбоотой байна. Мөн даатгуулагч энэ талаар даатгуулахдаа мэдэгдээгүй байна. Иймээс даатгалын гэрээний 6.1.1-д Даатгалын гэрээний хүчинтэй хугацаанаас өмнөх хохирол түүний шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд даатгагч нөхөн төлбөр олгохгүй гэсэн заалтад үндэслэн “Мандал даатгал” нь нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй юм. Мөн гэрээний 6.1.2-д ...хэлэх ёстой зүйлийг хэлэлгүй нуусан түүний шууд ба шууд бус үр дагаврын улмаас учирсан хохиролд Даатгагч нөхөн төлбөр олгохгүй гэх заалт болон Иргэний хуулийн 431.1-д заасны дагуу даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох нөхцөл байдал, гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй. 2015 оны 9 сарын 25-ны өдөр эмгэг судлаач эмч М.Цэцэгсүрэнгийн гаргасан Б3-47 тоот эмгэг судлалын шинжилгээний протоколд шинжилгээгээр тархины ишеми, артехиосклероз, сувганцарын үхжил, элэгний үрэвсэл stade I, grgde I, голомтлог өөхлөлт зэрэг нь батлагдлаа хэмээн дүгнэсэн байх бөгөөд эдгээр өвчлөлүүд нь удаан хугацааны түршид үүсэж өвдөж явсан архаг хууч өвчлөлүүд байна. Иймд даатгалын гэрээний 8-р зүйлийн 7, 6.1.4, 8.5.3-т тус тус заасныг үндэслэн Г.О нөхөн төлбөр олгох үүрэггүй байна. М.Батсүх нь тархины суурийн артерийн судас хатуурлын өөрчлөлтийн зүүн дунд салаа нь тромбоор бөглөрөн тархины эдэд цусан хангамжийн хурц дутагдал үүсэж, ишемигээр хүндрэн төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдал болсон нь үхлийн шалтгаан болсон болох нь нотлогддог. Иймд даатгалын гэрээний наймдугаар бүлгийн 8.14-т тусгагдсан заалтыг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117, 65 дугаар зүйлүүдэд заасны дагуу Г.Оюундарийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч “МД” ХХК-иас 39 162 467.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 353 762 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас улсын тэмдэгийн хураамжийн 353 762 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь Даатгалын тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн шийдвэр болоод байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

  Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч “МД” ХХКд холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 39 162 467 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.О нь нөхөр М.Батсүхийн хамт 2015 оны 5 сарын 09-ний өдөр хариуцагч “МД” ХХК -тай орон сууц зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулсан байна. /хх-ийн 8 дугаар тал/ Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

Хамтран зээлдэгч М.Б нь 2015 оны 9 сарын 06-ны өдөр тархины эдэд цусан хангамжийн хурц дутагдал буюу цус харвалтын улмаас нас барсан болох нь  нас барсаны гэрчилгээ болон эмнэлгийн бичгээр тогтоогджээ. /хх-ийн 6, 24, 39, 25 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хамтран зээлдэгч М.Б нь нас барсан нь даатгалын тохиолдол бий болсон тул түүний хариуцах зээлийн хэмжээ болох 50 хувь буюу 39 162 467 төгрөгийг даатгалын байгууллага төлөх үүрэгтэй” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “... даатгуулагч М.Б-ийн нас барсан өвчний шалтгаан нь гэрээний 8.14-т зааснаар нөхөн төлбөр олгохгүй үндэслэлд хамаарна” гэж тус тус тайлбарласан.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч нэхэмжлэлийг хангах болсон үндэслэл нь буруу байх тул давж заалдах шатны шүүх залруулан дүгнэх замаар зөвтгөх боломжтой байна.

 

 Хэдийгээр талуудын байгуулсан гэрээний, нөхөн төлбөр олгохгүй нөхцлүүдийн 8.14-т “даатгуулагч цус харвасан, татаж унасны улмаас гэмтэж бэртсэн ...” гэх нөхцлийг заасан байх боловч энэ нь даатгалын тохиолдлыг үүсгээгүй гэх хариуцагчийн тайлбарыг нотлохгүй байна. Учир нь даатгалын гэрээний 2.1-т  зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын төрөлд “даатгуулагч аливаа гэнэтийн осол, өвчний ... улмаас амь насаа алдах” тохиолдлыг оруулжээ. Уг гэрээний агуулгаас дүгнэхэд даатгуулагчийг өвчний улмаас амь насаа алдсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоор талууд тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Хариуцагч нь талийгаач М.Б-ийн нас барсан шалтгаан буюу үхэлд хүргэсэн өвчний оношийг тодруулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон боловч энэ талаар дүгнэлт гаргах боломжгүй тухай хариу ирүүлжээ. /хх-ийн 154 дүгээр тал/

 

Иймд хэрэгт авагдсан “Баянзүрх эмнэлэг” ХХК-ийн бичгээр, талийгаач М.Батсүх нь гэнэтийн өвчний улмаас буюу гэнэт цус харвасны улмаас амь насаа алдсан болох нь тогтоогдсон тул даатгалын гэрээний 2.1-т зааснаар даатгалын тохиолдол үүссэн гэж үзнэ. Уг эмнэлгийн бичгийг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцааж чадаагүй тул шүүх уг баримтыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэв.

 

Түүнчлэн даатгалын гэрээний НАЙМ дахь хэсгийн нөхөн төлбөр зохицуулсан хэсэгт даатгуулагч нас барсан үед даатгалын хохирлын хэмжээг тогтоохдоо зээлийн үндсэн төлбөрөөс зээлдэгч буюу даатгуулагчийн төлсөн зээлийн үндсэн төлбөрийг хассан дүнгээс тооцож нөхөн төлөх талаар заасан байна. Зээлдэгч болон хамтран зээлдэгчийг ижил, үүрэг хариуцлагатай гэж үзэн үндсэн зээлдэгчид 50 хувь, хамтран зээлдэгчид 50 хувь байхаар зохицуулжээ.

 

Иймд даатгуулагч М.Б-ийг нас барах үед орон сууцны зээлийн үлдэгдэл 78 324 935 төгрөг үлдсэн болох нь зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдсон ба түүний хариуцах хэмжээ буюу 50 хувь болох 39 162 467 төгрөгийг хариуцагч “МД” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.        

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2018/00293 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353 770 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ                                               

                                                          ШҮҮГЧ                                  Ш.ОЮУНХАНД                                                                                                   

                                                                                                       Г.ДАВААДОРЖ