| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2017/0006/Э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2017-01-27 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Т.Баярмаа |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 11
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Улсын яллагч: Т.Баярмаа,
Шүүгдэгч: Ж.Мөнхбаатар,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Яргайт овогт Жанчивдоржийн Мөнхбаатарт холбогдох 201616010141 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд нь 2000 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн 239-р зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял авч мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2004 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт зааснаар 210 цагийн албадан ажил хийлгэх ялаар, 2010 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Яргайт овогт Жанчивдоржийн Мөнхбаатар /РД:МЛ76033014/,
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/:
Шүүгдэгч Ж.Мөнхбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цагийн үед тус аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр баг, Таван толгойн уурхайн 4-р амны
D:\Ajil\Shiitgeh togtool\\2017_01_27_№10_99.1_Munkhbaatar.docx
ачилтын оочерт согтуугаар Батзаяа овогтой Батболдтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар Б.Батболдын зүүн бугалга, зүүн гуян тус газар хутгаар зүсч хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Мөнхбаатар мэдүүлэхдээ: “Би 2016 оны 11 сарын 19-ний өдөр машиныхаа кабинд нэлээн халамцуу байж байгаан Батболдтой утсаар маргалдсан. Дараа нь Батболдын машинд очиж маргалдсан бөгөөд биед нь гэмтэл учруулсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хүнтэй ойлголцоогүйн улмаас гэмт хэрэг үйлдсэн. Манай эхнэр Солонгос улсад ажилладаг. Би 4 хүүхэдтэй. Хохирол төлбөрт нийт 800.000 төгрөг төлсөн. Цаашдаа мэргэжлийнхээ дагуу жолоочийн ажил хийж 2 хүүхэдтэйгээ хамт орон гэртэй болж амьдрах бодолтой байна. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: “Шүүгдэгч Мөнхбаатар нь Шүүгдэгч Ж.Мөнхбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цагийн үед тус аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр баг, Таван толгойн уурхайн 4-р амны ачилтын оочерт согтуугаар Батзаяа овогтой Батболдтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар Б.Батболдын зүүн бугалга, зүүн гуян тус газар хутгаар зүсч хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч нь согтуугаар хохирогчтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэж гэмт хэрэг үйлдсэн. Мөн Мөнхбаатар нь үйлдсэн гэмт хэргээ хүлээж гэмшиж байгаа, бага насны хүүхэдтэй, эхнэр нь гадаадад амьдардаг зэрэг байдлыг харгалзан үзээд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь 2016 оны 12 сарын 11-ний өдрөөс гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй эвхдэг тонгорог хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай, Уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй. Иймээс улсын яллагчийн ялын саналын дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү?” гэв.
Хэрэг учрэлын газарт үзлэг хийсэн тэмдэглэп /Хавтаст хэргийн 4-6-р хуудас/,
Хохирогч Батзаяа овогтой Батболдын өгсөн "...Би 2016 оны 11 дүгээр сарын 19-ны 16 цагийн үед Тавантолгойн уурхайн 4 дүгээр аманд машин дотроо байж байхад манай ах Мөнхбаатэр над руу залгаад хаана байна гэхээр нь би машиндаа байна яасан гэж хэлсэн.Тэгсэн Мөнхбаатар ах яахэв дээ машинд чинь яваад очих уу гэхээр нь яах гэсиин гээд би жаахан тоглоод өөдөөс нь жаахан томронгуй ярьсан юм. Тэгээд байж байтал удалгүй Мөнхбаатар ах миний машин дээр ирээд кабинд орж суугаад чи яагаад байгаа юм бэ гээд жаахан уурлахаар нь би юу гэсэн үг юм бэ?, яах гээд байгаан ядаргаатай юм гэх зэргээр яриа үүсч бид хоёр ширүүн харьцсан ах намайг хүндэлсэнгүй томорлоо гээд бид хоёр нилээн маргалдсан юм. Тэгээд маргалдаад бид хоёр машинд барьцалдаад ноцолдсон юм.Тэр үед миний кабины дотор талд урд талын хайрцаган дээр хүнсний жижиг тонгорог хутга байсныг Мөнхбаатар ах аваад уурандаа намайг хэдэн удаа зүссэн юм. Тэгээд зүссэний дараа салаад миний мөр гуя халуун оргиод байхаар нь хартал гуя гарнаас цус гарч байсан. Тэгээд Мөнхбаатар ах намайг аваад сумын эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр эмчлүүлж байхад цагдаа ирсэн.” Гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 12-р хуудас/,
Гэрч Гүрбадам овогтой Гантөмөрийн өгсөн “...Тус өдрийн 16 цаг өнгөрч байхад би Таван толгойн уурхайн 4 дүгээр ямны очерт машиндаа байж байгаад буугаад Батболд гээд нутгийн танилынхаа машинд очих гээд явж байтал Батболдын машинаас Мөнхбаатар бууж ирээд Төмөрөө хурдлаарай Болдоо сүйд боллоо гээд хашгирсан. Тэгээд би юу болов гээд санраад яваад очтол Батболдын гуя зүүн мөрнөөс цус гарсан байдалтай, хувцасны тасархайгаар боочихсон сууж байсан. Тэгээд би та хоёр юу болов гэхэд Мөнхбаатар ах би уурандаа Батболдыг хутгалчихлаа яаралтай эмнэлэг явъя гэж байсан. Би тэгээд аман дээр байсан таньдаг гуанз ажиллуулдаг хүний машиныг түр гуйж Мөнхбаатар, Батболд хоёрыг сумын эмнэлэгт хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 13-р хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах “...Хүрэн өнгийн иштэй, ажлын хэсгийн урт нь 7.6 см, иш 9.5 см урттай иштэй эвхдэг тонгорог хутгыг эд мөрийн баримтаар тооцож уг хэрэгт хавсаргахяар тогтов.” Гэсэн тогтоол /Хавтаст хэргийн 14-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15935 дугаартай “1.Батболдын биед зүүн бугалга, зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна гэсэн” дүгнэлт /Хавтаст хэргийн 16-р хуудас/,
Ж.Мөнхбаатарын сэжигтнээр өгсөн “...Би 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Таван толгойн уурхайн 4 дүгээр аманд ачилт орох гээд байж байсан юм. Тэгээд би...дүү Батболд руу залгаад хаана байгаа юм гэтэл Батболд яах гэсэн юм гээд жаахан эвгүй хэрьцахаар нь би яахав дээ машинд чинь яваад очих уу гэхэд та миний машинд ирж яах гэж байгаан гээд жаахан уурлангуй хэлэхээр нь би тухайн уедээ жаахан уурлаад хойно бас очерт зогсож байсан Батболдын машин дээр очоод кабинд нь орж суугаад миний яагаад ахтайгаа ингэж яриад байгаа юм гэхэд Батболд яаж харьцсын сүртэй юм гэх зэргээр өөдөөс уурлаж харьцсан. Түүнээс болоод би уурлаад чи ахыгаа хүндлэхээ больсон юм уу гээд....бид хоёр нэлээн маргалдаад маргаан дунд бид хоер нэгэнтэйгээ зууралдаж ноцолдсон юм.Тэр үед би Батболдын машины кабины урд талд тавиатай байсан жижиг эвхдэг тонгорог хутга дэлгээстэй байхаар нь авэад гуя, мөр хавьд нь хэд хэдэн удаа зүссэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 хуудас/,
Сэлэнгэ аймгийн Сант сумын хушаат 2 дугаар багийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №407 тоот тодорхойлолт /хавтаст хэргийн 26-р хуудас/,
Нийслэлийн улсын бүртгэлийн хэлтэсийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Иргэн Ж.Мөнхбаатарын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэсэн тодорхойлолт /хавтаст хэргийн 27-р хуудас/,
Ж.Мөнхбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 28-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн сум дундын 3-р дугаар шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3/59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /хавтаст хэргийн 30-31-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн сум дундын 3-р дугаар шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3/18 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 32-р хуудас/,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 03-ны №140 дугаартай шийтгэх тогтоол, /хавтаст хэргийн 33-34-р хуудас/,
Хохирогч Б.Батболдын хохирол гомдолгүй талаар наториатаар батлуулсан хүсэлт /хавтаст хэргийн 38-р хуудас/,
Хохирогч Б.Батболдод хохирол төлбөрт нийт 800 000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /хавтаст хэргийн 39-43-р хуудас/,
Ж.Мөнхбаатарын харилцах банк дахь дансны хуулга /хавтаст хэргийн 45-49-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ж.Мөнхбаатар нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16 цагийн үед тус аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр баг, Таван толгойн уурхайн 4-р амны ачилтын оочерт Батзаяа овогтой Батболдтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар Б.Батболдын зүүн бугалга, зүүн гуян тус газар хутгаар зүсч хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Хохирогч нь шүүгдэгч Ж.Мөнхбаатартай сайн дураараа эвлэрч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хүсэлт гарган нотариатаар баталгаажуулсан, хохирогч нь шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ж.Мөнхбаатар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж, гэм хорыг арилгасан байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хэдийгээр шүүгдэгч Ж.Мөнхбаатар нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлдэг ч түүний мэдүүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлд зааснаар хэрэгт байгаа бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх тул улсын яллагчийн “түүнийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэн хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй эвхдэг тонгорог хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Яргайт овогт Жанчивдоржийн Мөнхбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Өмнөговь аймгийн прокурорын газраас Ж.Мөнхбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн 201616010141 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Ж.Мөнхбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Ж.Мөнхбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй эвхдэг тонгорог хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Мөнхбаатарт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй байх таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэл хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА