Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 109/ШШ2022/0003

 

 Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, 
       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

       Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, иргэн Б.С-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.С, хариуцагч Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Е нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “ ... нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдуулан “Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа адил чанарын албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар дараах нөхцөлөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
1. Б.С миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж,
2. Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь тус газрын сул орон тоо болох Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний чиг үүрэг дээр Б.С-н урьд эрхэлж байсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэсэн чиг үүргийг нэмж, 2022 онд Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтцэд нэмэлт өөрчлөлт оруулж Архангай аймгийн Засаг даргаар батлуулахаар,
3. Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний чиг үүрэг дээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэсэн чиг үүргийг Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь нэмж батлуулах болсон тул нэхэмжлэгч Б.С миний бие одоо байгаа албан тушаал болох Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулахаар тус тус харилцан тохиролцов ...” гэжээ. 
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүхэд иргэн Б.С-с Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдуулан “Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.С-г урьд эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа, адил чанарын албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгохыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Уг хэргийн маргаан бүхий Б/07 дугаар тушаалын тухайд, Архангай Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5., Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 45.2.5., 62 дугаар зүйлийн 62.1.4., аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн А/24 дүгээр захирамжийг үндэслэн байгууллагын бүтэц орон тоо, дүрэм, ажил үүргийн чиглэл шинэчлэн батлагдаж, бүтцийн өөрчлөлт хийгдсэнтэй холбогдуулан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Б.С-г 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч Б.С-с дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 
Шүүх уг хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүх хуралдааныг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр товлосон боловч, шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, шүүхэд ирүүлжээ. 
 Тодруулбал, “ ... нэхэмжлэгч 1. Б.С миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 2. Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь тус газрын сул орон тоо болох Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний чиг үүрэг дээр Б.С-ын урьд эрхэлж байсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэсэн чиг үүргийг нэмж, 2022 онд Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтцэд нэмэлт өөрчлөлт оруулж Архангай аймгийн Засаг даргаар батлуулахаар, 3. Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний чиг үүрэг дээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэсэн чиг үүргийг Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь нэмж батлуулах болсон тул нэхэмжлэгч Б.С миний бие одоо байгаа албан тушаал болох Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулахаар тус тус харилцан тохиролцов ...” гэжээ.

Мөн Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас шүүхэд ирүүлсэн тайлбарт “ ... тус газрын биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний орон тоо нь сул байгаа бөгөөд уг албан тушаалд тусгай шалгалтын захиалгыг төрийн албаны зөвлөлд хүргүүлээгүй болно. Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний ажил үүргийг түр орлон гүйцэтгэгч томилон гүйцэтгүүлж байна” гэж дурджээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ...  хариуцагчтай эвлэрэх”, 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д “..., нэхэмжлэгчтэй эвлэрэх, ...” 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч Б.С, хариуцагч Архангай  аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар дээрх эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 
Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон   
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Архангай  аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргатай “ ... 1. Б.С миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 2. Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь тус газрын сул орон тоо болох Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний чиг үүрэг дээр Б.С-н урьд эрхэлж байсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, төрийн бус байгууллагуудтай ажиллах ажил, судалгаа шинжилгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалын “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэсэн чиг үүргийг нэмж, 2022 онд Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын бүтцэд нэмэлт өөрчлөлт оруулж Архангай аймгийн Засаг даргаар батлуулахаар, 3. Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний чиг үүрэг дээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэсэн чиг үүргийг Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь нэмж батлуулах болсон тул нэхэмжлэгч Б.С миний бие одоо байгаа албан тушаал болох Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилуулах ...” нөхцөлөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                             
3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.


ШҮҮГЧ                                 А.ТҮВШИНТУЛГА