Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0463

 

 

 

 

 

 

 

Б.Б-ын гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагч Б.Б-

Гомдлын шаардлага: 

“Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Магнайдүүрэнгийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0057939 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар шийдвэр

Гомдол гаргагч: Б.Б-

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.М

Хэргийн индекс: 124/2025/0019/З

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Гомдол гаргагч Б.Б- нь “Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0057939 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.   

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар шийдвэрээр “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.Б-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4-т “Хариуцагч улсын байцаагч Увс аймаг дахь Төрийн аудитын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зөвлөмжийг дагуу прокуророор хянуулан шийдвэрлэж шийтгэлийн хуудас бичсэн ...” гэжээ. Гэтэл тухайн зөвлөмж нь дараах хуулиудыг ноцтой зөрчсөн байна. Үүнд:

3.2 Төрийн аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн аудитын байгууллага аудитын тайлангийн дүнгийн улмаас аудитад хамрагдагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд энэ талаар санал, хүсэлт, тайлбар, гомдол гаргах боломжийг олгоно” гэж заасныг зөрчсөн,

3.3 Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гэж заасныг зөрчин миний хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байхад надад мэдэгдээгүй, тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй байна.

3.4 Аудитын тайлангийн ерөнхий мэдээлэл хэсэгт “Орон нутгийн сонгуульд оролцсон 1 нам, 9 нэр дэвшигч сонгуулийн зардлын дугаар, банкны нэрийг хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй байна. Гэтэл дээрх зөрчилд хэрэг үүсгээгүй байна. Энэ нь Монгол Улсын үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна’’, 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасныг ноцтой зөрчиж байна.

3.5 Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд хуульд зөрчлийг 2 өөр байгууллагад шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь аудит хийхдээ үзэмжээр хандсан байж болзошгүй, мөн ялгаварлан гадуурхаж байгаа нь үйлдэл гэж үзэж байна. Иймд ижил зөрчилд ялгавартай хандсан байна.

3.6 Увс аймаг дахь Төрийн аудитын газраас тухайн хандивын дансанд мөнгө ороогүй, гүйлгээгүй тохиолдолд тайлан гаргаж ирүүлэх шаардлагагүй гэсэн мэдээллийг олон нийтэд зарлачихаад тайлан ирүүлээгүй гэж зөрчлөөр тооцон зөвлөмж өгсөн нь буруу гэж үзэж байна. Уг асуудлыг хянан үзэхийг хүсье.

3.7 Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн надтай нэгэн адил хандив ороогүй нэр дэвшигчдээс тайлан гаргуулж аваагүй бөгөөд зөрчлөөр тооцоогүй байна. Гэтэл миний хандивын дансанд мөнгө ороогүй 0.0 гүйлгээтэй байхад хуулийг 2 өөр байдлаар хэрэглэж, хууль хэрэглээний алдаа гаргаж, ялгавартай хандаж, үндсэн хуулийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.

3.8 Илт хууль зөрчсөн зөвлөмжийг үндэслэн бичсэн Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0057939 дугаартай шийтгэл хуудсын Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 124/ШШ2025/0027 дугаар шийдвэр Үндэслэх хэсгийн 11-д “... Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0057939 дугаартай шийтгэлийн хуудсаар 10,000,000.0 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь дээрх хуульд нийцжээ” дүгнэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0057939 дугаар шийтгэлийн хуудсаар 2024 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Улаангом сумын 23 дугаар тойрогт Иргэний хөдөлгөөн намаас нэр дэвшсэн гомдол гаргагч Б.Б-т Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 10,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.

3. Гомдол гаргагч Б.Б- дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар “... .тухайн үед төрийн банканд сонгуулийн зардлын дансаа нээлгэсэн ба дансанд ямар нэг хэмжээний орлого ороогүй учир зардлын тайлан гаргахгүй юм байна гэж үзсэн тул зардлын тайлан гаргаж аудитын газарт өгөөгүй. ...нэр дэвшигч миний бие хуулийн заалт зөрчсөн гэж үзвэл миний хууль бус ажиллагаанаас болж төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, хуулийн этгээд, нам эвсэлд ч нэг ч төгрөгийн бодит хохирол учруулаагүй...” гэсэн үндэслэлээр маргасан, хариуцагч гомдлыг эс зөвшөөрч “...Увс аймаг дахь төрийн аудитын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зөвлөмжийг санхүү, төрийн сангийн хэлтэст өгсөн, зөвлөмжийн дагуу прокуророор хянуулан шийдвэрлэж шийтгэлийн хуудас бичсэн...” гэж маргаан бүхий шийтгэлийн хуудасны үндэслэлээ тайлбарлан тус тус маргасан байна.

4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ.”, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус хуульчилсан.

5. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд нэр дэвшигч нь санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх үүрэгтэй, тус үүргээ биелүүлээгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтан хуульд заасан журмын дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулахаар байна.

6. Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд гомдол гаргагч Б.Б- нь 2024 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн Улаангом сумын 23 дугаар тойрогт Иргэний хөдөлгөөн намаас нэр дэвшсэн байх боловч дээрх хуульд зааснаар зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, гомдол гаргагчаас сонгуулийн зардлын зарцуулалтын явцын болон эцсийн тайланг хуульд заасан хугацаанд төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлсэн гэж маргаагүйгээс гадна тухайн цаг хугацаанд хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаантай байсан болохыг нотлох баримт, нотолгоог гарган мэтгэлцээгүй энэ тохиолдолд хариуцагчийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн маргаан бүхий 0057939 дугаар шийтгэлийн хуудасны улмаас гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

7. Гомдол гаргагч хуульд заасан хугацааны дотор сонгуулийн зардлын зарцуулалтын болон явцын тайланг хүргүүлээгүй шалтгаанаа “Увс аймаг дахь Төрийн аудитын газраас тухайн хандивын дансанд мөнгө ороогүй, гүйлгээгүй тохиолдолд тайлан гаргаж ирүүлэх шаардлагагүй гэсэн мэдээллийг олон нийтэд зарлачихаад тайлан ирүүлээгүй гэж зөрчлөөр тооцон зөвлөмж өгсөн нь буруу” гэж тайлбарлаж байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасны дагуу хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйгээс гадна “Аудитын тайлангийн ерөнхий мэдээлэл хэсэгт “Орон нутгийн сонгуульд оролцсон 1 нам, 9 нэр дэвшигч сонгуулийн зардлын дугаар, банкны нэрийг хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй байна. Гэтэл дээрх зөрчилд хэрэг үүсгээгүй байна. Энэ нь Монгол Улсын үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна’’, 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасныг ноцтой зөрчиж байна.” гэх давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.    

  

 

 

                              ШҮҮГЧ                                                       Г.МӨНХТУЛГА

 

                              ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН

 

                              ШҮҮГЧ                                                       О.ОЮУНГЭРЭЛ