Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00099

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00373 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 885 дугаар магадлалтай,  

,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,”  ХХК-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөрт 63,152,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бадамцэрэн, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,”  ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 63,152,700 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00373 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар хариуцагч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,”  ХХК-аас 63,152,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 885 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00373 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.  

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.13-ны өдрийн 373 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.17-ны өдрийн 885 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

                                                                                                                 

4.1. Хууль, эрх зүйн актуудыг буруу хэрэглэсэн талаар: Магадлалд “Хариуцагч нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,г осол болох үед “Е” ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй буюу “Хово” маркийн автомашин жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан, иймээс даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан, даатгалын тохиолдолд бий болох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлох боловч талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд тээврийн хэрэгслийн ангиллын талаар харилцан тохиролцоогүй байна. Иймээс энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, зам тээврийн ослын шалтгаан нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн ангилалтай холбоотой гэх баримт хэрэгт авагдаагүй байна” гэсэн нь үндэслэлгүй.

4.2. Учир нь эрх зүйн хэм хэмжээг тогтоосон актууд нь зөвшөөрсөн, хориглосон хэм хэмжээг агуулж байдаг ба тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй (чиргүүлтэй) нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн үйлдэл нь осол гарсан өдөр буюу 2019.03.14-ний өдрийн байдлаар 66-69 УБВ улсын дугаартай “Хово” маркийн “Е” ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй гэдгээ өөрөө мэдэж байсан, жолоодвол осол гарч болно гэдгийг мэдсэн хэрнээ осол гаргахгүй байж чадна, жолоодож чадна гэж хөнгөмсгөөр найдаж Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн хориглосон заалтыг зөрчсөн санаатай үйлдэл юм.

4.3. Энэ нь талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 4.15.2-т заасан “Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан, даатгалын тохиолдолд бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн” гэсэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл болно. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-ын “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн заалтыг зөрчин хэрэгт авагдсан шинжээчийн 2019.03.25-ны өдрийн “жолооч ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлтийг үндэслэсэн, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв эргэлзээгүй талаас нь бодитой дүгнэж үзээгүй. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, осол гаргах үед тээврийн хэрэгслийн “Е” ангиллын жолоодох эрхгүй байсан нь Цагдаагийн байгууллагаас гаргуулсан жолоодох эрхийн лавлагаа, жолооны үнэмлэх зэрэг баримтаар тогтоогдож байхад шүүх дүгнэлт өгөөгүй.

4.4. Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийг зөрчсөн талаар: Анхан шатны шүүх 2020.02.13-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж хэргийн оролцогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т зааснаар баталгаажсан эрхийг ноцтой зөрчсөн. Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдааны явцад тайлбарласан боловч давж заалдах гомдолд энэ асуудлыг тусаагүй тул хэлэлцэхгүй гэж хэргийг гомдлын хүрээнд шийдвэрлэж магадлал гарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4  дэх хэсгийн “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасныг зөрчсөн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах эрхээ эдлэх боломжоор хангаж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас хариуцагч “,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,”  ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 63,152,700 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

7. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

8. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1., 431.4., 433.1., 189 дүгээр зүйлийн 189.1.-д нийцсэн, хүчин төгөлдөр даатгалын гэрээ байгуулагдсан, зам тээврийн осол гарахад нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, буруугүй болох нь тогтоогдсон, Даатгалын тухай хууль болон Иргэний хуулийн дурдсан зохицуулалт, зохигчийн гэрээгээр тохиролцсон даатгалын тохиолдол бий болсон, нөхөн төлбөр авах нөхцөл бүрдсэн байх тул хариуцагч олгох үүрэгтэй, нэхэмжлэгч нь зам тээврийн осол гарсан 2019.03.14-ний өдрийн байдлаар “С” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, “СЕ” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх боловч энэ нь даатгалын тохиолдлын шууд шалтгаан болж чадахгүй, гэрээний 4.15.2-т зааснаар санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэдэгт хамаарахгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

9. Иймд, “... шүүх хуулийг буруу хэрэглэсэн, нэхэмжлэгч нь осол гаргасан өдөр буюу 2019.03.14-ний өдрийн байдлаар “Хово” маркийн “Е” ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй гэдгээ өөрөө мэдэж байсан, жолоодвол осол гарч болно гэдгийг мэдсэн хэрнээ хөнгөмсгөөр найдаж жолоо барьсан, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн санаатай үйлдэл, энэ нь талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 4.15.2-т зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл, шүүх шинжээчийн 2019.03.25-ны өдрийн “,,,,,,,,,,,,,,,,,,,, нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлтийг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-ын  “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг зөрчсөн, хэргийн үйл баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн дүгнээгүй...” (Тодорхойлох хэсгийн 4.1-4.3) гэсэн агуулгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

10. Тодруулбал, эрх бүхий мэргэжлийн байгууллагаас нэхэмжлэгчийг “Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй” гэж дүгнэснийг шүүх үгүйсгэх боломжгүй, холбогдох шинжээчийн дүгнэлтийг үнэлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.-ыг зөрчсөн гэж үзэхгүй, мөн нэхэмжлэгчийн тухайд хэдийгээр “СЕ” ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох үнэмлэхгүй байсан боловч “С” ангиллын эрхтэй, харин “СЕ” ангиллын (чиргүүл) шалгалтаа өгч тэнцсэн, үнэмлэхээ хүлээж байсан (үүнийг хариуцагч үгүйсгээгүй), шинжээчийн дүгнэлтээр осол нь нэхэмжлэгчийн жолоодох эрхтэй холбоогүй болохыг тогтоосон үйл баримтаар үгүйсгэгдэнэ.

11. Мөн уг тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.4-т заасан “анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авах, хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг хангахаас татгалзаж хэргийн оролцогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т баталгаажсан эрхийг ноцтой зөрчсөн. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд тайлбарласан боловч хэлэлцэхгүй магадлал гарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчсөн...” гэх гомдол үндэслэлгүй байна.

12. Учир нь, анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дээрх хүсэлтийг хангаж, 2019.12.24-ний өдрийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан байх боловч 2020.02.13-ны өдрийн шүүх хуралдаанд дахин гаргасныг шүүх “...шүүх хариуцагч талыг өмгөөлөгч авах эрхээр нь нэгэнт хангасан...” гэсэн үндэслэлээр хангахгүй орхисон нь үндэслэлтэй, хэргийн оролцогчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг шүүхээс хангасан байхад уг эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгахгүй.  

13. Иймд шүүх бүрэлдэхүүн “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах” тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00373 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 885 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 473,714 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                    Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ