| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2019/00425/И |
| Дугаар | 435 |
| Огноо | 2019-10-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 435
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн ******* сумын 8-р баг ******* тоотод оршин суух, С овогт Та Тү /*******/-ын гаргасан ******* овогт Саг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Тү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Тү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ш. Са нь надаас мөнгө зээлж аваад одоо болтол өгөхгүй байгаа юм. Одоо Ш.Са нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо 3 Алтайн гудамж 3-р гудамж 264 тоотод оршин суух хаягтай бөгөөд 2013 оны 1 сард 14 сая төгрөг хүүтэй зээлж авсан. Са нь сүүлийн жилүүдэд зээлээ төлөхгүй тодорхой хаягтаа байхгүй зарим үед утсаа авахгүй, авсан тохиолдолд төлнө гэж хэлээд сураггүй болдог. Хаягтаа байхгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргаж чадахгүйд хүрч байна. Иймд хариуцагч болох Ш.Саг эрэн сурвалжлуулах тухай асуудлыг шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.Тү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ш.Саг эрэн сурвалжилж өгнө үү. Холбоо барих утас 99259223 гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Тү нь Ш.Саг эрэн сурвалжлуулж, оршин суух хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс харахад Ш.Са нь оршин суух нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байна. Ш.Са нь хаягтаа байхгүй, түүнтэй холбоо барих боломжгүй байгаа болох нь нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Т.Түын хүсэлтийн дагуу Ш.Саг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоохыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ш –Ө Са-г эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоохыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.У