Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 796

 

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2018/00796

 

 

ПК ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/00441 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ПК ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Д-д холбогдох,

 

46 076 350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнхтүвшин

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Амарбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хариуцагч Б.Д-тэй Өмнөговь аймгийн Хүрмэн сумын хүн эмнэлгийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба түүний хүсэлтээр бид 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Эсу ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, 400 ширхэг тулаас төмрийг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Хэдийгээр талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд тус ажлыг 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр тохирсон боловч уг ажлыг 2012 оны 07 дугаар сараас эхэлсэн бөгөөд өмнөх гэрээгээ гээгдүүлсэн тул ийнхүү дахин гэрээ байгуулсан юм.

Гэтэл хариуцагч Б.Д- гэрээт ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүйгээс гадна 400 ширхэг тулаас төмрийг бусдад худалдаж, хувьдаа завшсан байдаг. Энэхүү үйлдлийн улмаас манай компани Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2015/06001 тоот шийдвэрээр түрээслүүлэгч Эсу ХХК-нд түрээсийн төлбөрт 37 680 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 396 350 төгрөгийг тус тус төлөх болсон. Прайдконстракшн ХХК нь дээр дурьдсан 400 ширхэг тулаас төмрийг бусад этгээдээс худалдан авч, түрээслүүлэгчид өгсөн бөгөөд 102/ШШ2015/06001 тоот шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн.

Бид компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хариуцагчид удаа дараа шаардлага тавьж байсан хэдий ч тэрээр өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Хариуцагчийн үйлдлээс манай компанид шүүхийн шийдвэрийн дагуу түрээсийн төлбөр 37 680 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 396 350 төгрөг, тулаас төмрийн үнэ 8 000 000 төгрөг, нийт 46 076 350 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагчаас 46 076 350 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Прайдконстракшн ХХК-тай 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын хүн эмнэлгийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэхээр болсон.

Би нэхэмжлэлийн шаардлагаас зөвхөн тулаас төмрийн үнэ 8 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, захиалагч буюу нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээнд заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс шалтгаалан ажилчид маань хоол, хүнсгүй болж, тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд материалын зардал дутаж байсан тул 400 ширхэг тулгуур төмрийг бусдад худалдаж, ажилтнуудынхаа цалин хөлсийг олгосон.

Нэхэмжлэлд дурьдсан Эсу ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу төлөх 37 680 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 396 350 төгрөг надад хамаагүй, намайг барилгын ажлыг эхлэхээс өмнө 400 ширхэг тулаас төмрийг нэхэмжлэгч тал ашиглаж байсан бөгөөд миний хүсэлтээр компанийн хувиар түрээсийн гэрээ байгуулах болсон гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 8 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг тус тус үндэслэн хариуцагч Б.Д-гээс 8,000,000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ПК ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 38,076,350.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 388,331.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 142,950.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн гэм хороос учирсан хохирлыг гэрээний үүргээс салгаж шийдвэрлээгүй. Хариуцагч Б.Д- нь барилгын тулаас төмрийг 2013 оны 07 дугаар сард зарсан гэдгээ Эрүүгийн болон Иргэний шүүх хуралдаан дээр тайлбар өгөөд байхад шүүх бүрэлдэхүүн уг барилгын тулаас төмөр зарсан гэм хороос болж нэхэмжлэгч 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 102/ШШ2015/06001 дугаартай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр түрээсийн төлбөр 37 680 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 396 350 төгрөг "Эсу" ХХК-д төлөхөөр шийдвэрлэгдсэн. Мөн түрээсэлж авсан 400 ширхэг тулаас төмөр болох 8 000 000 төгрөг нийт 46 076 350 төгрөгийг "Эсу" ХХК-д төлж бүрэн хохиролгүй болгож шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон мөнгөн төлбөрийг харгалзаж үзэхгүйгээр зөвхөн барилгын тулаас төмрийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь гэм хороос учирсан хохирлыг гэрээний үүрэгтэй салгаж үзээгүй байна.

2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэрээр "ПК" ХХК нь түрээсийн гэрээний дагуу хүлээн авсан тулгуур төмрийн бүрэн бүтэн болоод хугацаандаа буцаан өгөх үүргийг түрээслүүлэгч "Эсу" ХХК-ийн өмнө хариуцах бөгөөд хэрэв ажил гүйцэтгэх гэрээний дагуу тухайн төмрийг ашиглаж байсан хариуцагч тал гэрээнд заасан хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй, аль эсхүл бусад шалтгаанаар буцаан өгөөгүйтэй холбоотой үүсэн гарах хариуцлагыг түрээслэгч өөрөө хүлээх ба шүүхийн шийдвэрээр 37 680 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч Б.Д-гийн үйлдэл шууд шалтгаант холбоотой биш байна үзсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөнд учирсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг хамруулна гэж заасан ба ажил гүйцэтгэх гэрээний дагуу Б.Д- нь барилгын тулаас төмрийг 1 сарын хугацаатай ашиглаж дуусах байсан боловч ажлаа хийлгүй зугтаж барилгын тулаас төмрийг бусдад зарсан.

Хариуцагчийн гэм хороос учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан баримт хэрэгт авагдсан бөгөөд шүүх хурал дээр хариуцагчийн тайлбартай нь 102/ШШ2015/06001 дугаартай шүүхийн шийдвэрт дурьдсан цаг хугацаа нь таарч шууд шалтгаан холбоотой нь тодорхой байхад шүүх харгалзан үзээгүй болно. Хариуцагч Б.Д- нь бусдад барилгын тулаас төмрийг зарж манай компанид хохирол учруулсан үйлдлээс болж 2015 оны 10 дугаар сарын 01 өдөр 102/ШШ2015/06001 дугаартай шүүхийн шийдвэрээр дээрх нэхэмжлэлийн төлбөрийг бүрэн төлсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч ПК ХХК нь хариуцагч Б.Д-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэл болон хохирол нийт 45 076 350 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч Б.Д- нь захиалагч талын хүсэлтээр Өмнөговь аймгийн Хүрмэн сумын хүн эмнэлэгийн өргөтгөлийн 2-р зэрэглэлийн барилгын угсралтын ажлыг 60 хоногийн хугацаанд гүйцэтгэх, захиалагч буюу нэхэмжлэгч ПК ХХК нь 80 000 000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцсон үйл баримт тогтоогдсон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Талууд гэрээний хугацааг 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэж тохиролцсон боловч уг ажлыг 2012 оны 07 дугаар сараас эхэлсэн, гэрээний хугацаанд тодорхой шалтгааны улмаас ажлын гүйцэтгэл дуусгавар болоогүй тул 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан болох нь зохигчдын тайлбар болон ажил гүйцэтгэх гэрээ, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тохиролцоогоор тогтоогдож байна.

 

            ПК ХХК нь 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Эсу ХХК-иас 1 сарын хугацаатай түрээсийн төлбөрт 1 200 000 төгрөг төлөхөөр тохиролцож, барилгын угсралтын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай 400 ширхэг тулаас төмрийг хүлээж авчээ.

 

            Захиалагч ПК ХХК нь гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3-т заасан үүргээ биелүүлж, 400 ширхэг тулаас төмрийг гүйцэтгэгч Б.Д-д хүлээлгэж өгсөн, 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дуусахад гүйцэтгэгч Б.Д- нь барилгын угсралтын ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөөгүй, түүнчлэн ажил гүйцэтгэхэд шаардагдах 400 ширхэг тулаас төмрийг буцаан хүлээлгэн өгөөгүй үйл баримтын хувьд талууд маргаагүй.

 

            400 ширхэг тулаас төмрийг буцаан өгөх үүрэг нь ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт үүрэгт хамаарах бөгөөд ийнхүү үүргээ зөрчсөн зөрчлийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд заасан зарчимд хамаарах нь хууль хэрэглээний хувьд оновчтой болно.

 

            Иймд талуудын хооронд гэм хор учруулсанаас үүссэн харилцаа байхгүй байхад анхан шатны шүүх буруу дүгнэж, шаардах эрхийг буруу тодорхойлсон алдааг залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

            400 ширхэг тулаас төмрийг бусдад худалдсанаас бодитойгоор шилжүүлэх боломжгүй тул үнийг хохиролд тооцох нь зүйтэй бөгөөд үнэд нь 8 000 000 төгрөгийг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул үнийн талаар маргаангүй гэж үзнэ.

 

            Түрээсийн гэрээг талууд сунгасан хэдий ч уг гэрээг сунгах болсон нь хариуцагч тал ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүйтэй холбоотой тул 400 ширхэг тулаас төмрийн түрээсийн төлбөр нь нэхэмжлэгчийн хувьд эд хөрөнгөд учирсан хохирол болох юм.

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2015/06001 дүгээр шийдвэрээр ПК ХХК нь Эсу ХХК-нд 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тулаас төмөр ашигласны төлбөрт 37 680 000 төгрөгийг ПК ХХК төлөхөөр болсон бөгөөд шийдвэр гүйцэтгэгдсэн боловч энэ хэмжээгээр хохирлыг тооцохгүй.

 

            Тулаас төмрийн үнийг ПК ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Эсу ХХК-д төлсөн нь баримтаар тогтоогдсон. Иймд тулаас төмрийг хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанд ашиглах эрхтэй бөгөөд гэрээний хугацаа дууссан 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс тулаас төмрийн үнийг ПК ХХК-иас Эсу ХХК-д төлсөн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх төлбөрийн хохирлыг нэхэмжлэгчид учруулсан гэж үзнэ.

 

            Иймд 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх 2 жил буюу 730 хоногийн хугацааны хохиролд 29 200 000 төгрөг /400 ширхэг100 төгрөг730 хоног/-ийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ПК ХХК-ийн олгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Д-гээс 37 200 000 /29.200.000+8.000.000/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ПК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 876 350 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулав.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2018/00441 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтын 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 гэж, 8,000,000.000 гэснийг 37 200 000 гэж, 38,076,350.00 гэснийг 8 876 350 гэж,

2 дахь заалтын 142,950.000 гэснийг 343 950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ПК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348 332 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД                                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                    Э.ЗОЛЗАЯА