Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 06

 

С.Г, Н.Т нарт
Холбогдох эрүүгийн хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.
    
Шүүх хуралдаанд:
прокурор Э.Хосбаяр
шүүгдэгч С.Г, Н.Т
шүүгдэгч Түмэнжаргалын өмгөөлөгч Г.Амарсайхан,
гэрч Т.Ц
нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, улсын яллагчийн эсэргүүцлээх С.Г, Н.Т нарт холбогдох эрүүгийн 1830003220240 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:

Нэг. Монгол Улсын иргэн, 1988 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль, хүрээлэн буй  орчин судлаач  мэргэжилтэй, Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, С.Г,

Хоёр: Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргаа удирдлагын мэргэжилтэй, Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын дарга ажилтай, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Н.Т.

    Шүүгдэгч С.Г нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хайлааст” гэх газарт оршин суух Ү.Мийн гэрт иргэн Н.Тыг зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний дээд зовхины дээд хэсгийн язарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан,
  Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хайлааст” гэх газарт оршин суух Ү.Мийн гэрт иргэн С.Гтай маргалдаж улмаар түүний баруун гарын эрхий хурууг хазаж, эрүүл мэндэд нь “баруун гарын эрхий хурууны хазагдсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тус аймгийн Прокурорын газраас С.Г, Н.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор: 1.Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Тыг цагаатгаж, шүүгдэгч С.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  С.Гыг 450 дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 450 000 /дөрвөн зуун тавтг мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Гд оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч С.Г, Н.Т нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний болон бусад бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Гд авсан хувийн баталгаа  гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Н.Тд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.   

Хяналтын прокурор Э.Хосбаяр эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхээс Н.Тд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчим Ү.Мийн гэрт иргэн С.Гтай маргалдаж, улмаар түүний баруун гарын эрхий хурууг хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Тухайлбал, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн орчим багийн Засаг дарга Ц.Анхбаярын хурим дээр С.Г нь сөн түшиж байхад түүний баруун гарын эрхий хуруу нь гэмтээгүй байсан. Өөрөөр хэлбэл Н.Тд хазуулахаас өмнө гэмтэл, бэртэлгүй байсан талаар гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Гэрч Т.Ц “С.Г: “Түмээ чи миний гарыг хазчихлаа.” гээд гадаа яриад байсан” гэж, гэрч С.Г: “... С.Г: Түмээ миний хурууг хазсан гэж ярьж байсан юм” гэж тус тус тодорхой мэдүүлсэн. Хохирогч С.Гы “... Мөнх-Эрдэнэ болон Засаг дарга хоёр намайг дарж, унагаахад Түмээ миний толгой руу өшиглөж, баруун гарын эрхий хурууг хазсан” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Н.Т нь шинжээчийн 558 дугаар дүгнэлттэй танилцаад гаргасан хүсэлтдээ: “С.Г нь уг орой тайван байдал алдагдуулж, үймээн үүсгэсэн. Хүн рүү дайрч, давшлан цохиж, авсан тул аргагүй байдлаас биеэ болон бусдыг хамгаалж, хөнгөн шарх үүсгэсэн байх магадлалтай” гэж бичсэн нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Шүүхээс шүүгдэгч Н.Тыг хохирогч С.Гы баруун гарын эрхий хурууг хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болохыг нотолсон гэрч Т.Ц, С.Г нарын мэдүүлгийг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт хийжээ. Иймд Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаартай шүүгдэгч С.Гд холбогдуулан гаргасан шийтгэх тогтоолд Н.Тын хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив  гэжээ.

Прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэжээ.
Шүүгдэгч Түмэнжаргалын өмгөөлөгч Г.Амарсайхан: Түмэнжаргал нь Ганбулганы гарыг хазсан гэдгийг харсан хүн байдаггүй, хэн ч гэрчилдэггүй, цус гоожсон зүйл байдаггүй. Ганбулганы биед нэлээд хэдэн гэмтэл байдаг. Бусад хүмүүст зодуулаад гомдол гаргаагүй байдаг. Түмэнжаргалыг зодсон учраас л хазуулсан гээд байна. Хазсан ул мөр байдаггүй, хазсан гэдгийг нотолсон баримт байдаггүй. Улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч С.Г нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хайлааст” гэх газарт оршин суух Ү.Мийн гэрт иргэн Н.Тыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж, хэргийн бодит байдалтай нийцжээ. Үүнд:
Шүүгдэгч С.Гы “Би Түмэнжаргал даргын яриаг мушгин гуйвуулж,  маргаан үүсгэн, хэл амаар доромжилсон. Гэтэл Түмэнжаргал дарга намайг өшиглөхөөр нь зөрүүлж алгадсан. Буцаад ороход Түмэнжаргалын хөмсөгнөөс цус гарч байсан учраас малгайгаа аваад гарсан”  гэх /хх 121-123/,
-Хохирогч Н.Тын “Ганбулган гаднаас орж ирээд над руу дайраад хэл амаар доромжилсон. Засаг дарга “Ганбулган боль” гэсэн. Тэгсэн та нар Түмэнжаргалыг өмөөрлөө гээд намайг 2, 3 удаа цохиход Засаг дарга “чи яагаад эмэгтэй хүн цохиж байгаа юм бэ” гээд Ганбулганыг гадаа авч гарсан. Бид тайван бус болсон учраас гарсан. Би машинд сууж байхдаа “Ганбулган яагаад намайг цохидог юм асууна” гээд үүдний таамбар руу ороход Ганбулган гэнэт намайг цохисон. Хөмсөгний судас таарсан учраас их цус гарсан” гэх /хх 19-20, 126-127/,
-Гэрч Т.Цийн “... Манайд байж байтал С.Г гэнэт босч ирээд Түмэнжаргал даргыг гараараа 2-3 удаа алгадахад Түмэнжаргал нь сандлаасаа унасан юм. Миний уур хүрээд “наад хүмүүсээ гарга” гэсэн.  Мөнх-Эрдэнэ, Хүрэлсүх хоёр С.Гтай зууралдаад манай үүдний амбаар руу гарч  байгаа харагдсан. Би Түмэнжаргал даргыг аваад явах гэтэл Түмэнжаргал “Би Ганбулганд гомдолтой байна, намайг юунаас болж, цохисон талаар асууна” гээд машинаас буугаад манай үүдний амбаар руу ороход С.Г нь дахиад гараараа цохиод Түмэнжаргалын хөмсөг задарсан юм” гэх /хх 38/,

-Гэрч Д.Огийн “...Булгаа “та нар Түмээгийн үгэнд орлоо” гээд бахираад байж байтал гэнэт Түмээ дарга “Булгаа намайг цохичихлоо” гээд хөмсөг нь язарчихсан нэлээн цус гарсан байхаар нь би цусыг нь тогтоож, хувцсыг нь сольж өгсөн” гэх /хх 28/,

-Гэрч Д.Гийн “23 цагийн үед жолооч Ү.Мийх рүү явсан. Тэднийд Түмээ дарга, Цэнгэлчимэг бид 3 байж байтал гаднаас Булгаа ору ирээд Түмээ даргыг гараараа 2 удаа алгадсан. Араас нь Засаг дарга, Мөнх-Эрдэнэ болон бусад хүмүүс орж ирээд Булгааг авч гарсан. Түмээ дарга араас нь гарсан ба төд удалгүй цус нь гарчихсан орж ирсэн” гэх /хх 33/,

Гэрч Б.Сгийн “... Манай эхнэр Түмэнжаргал орой ирэхдээ “Булгаад зодуулчихлаа” гээд хөмсөг нь сэтрээд цус гарчихсан байхаар нь Сайнчимэг эмчийг гэртээ дуудаад оёдол тавиулсан” гэх /хх 25/ мэдүүлгүүд,

-Сүхбаатар аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 557 дугаартай “Н.Тын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхины дээд хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болно.
Энэхүү хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ гэмт хэрэг үлйдсэн хүний хувимйн байдал, гэм бурууд тохирсон байна.
Харин прокуророос шүүгдэгч Н.Тыг 2018 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух Ү.Мийн гэрт иргэн С.Гтай маргалдаж, улмаар түүний баруун гарын эрхий хурууг хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, шүүгдэгч Н.Тыг цагаатгасан нь үндэслэлтэй болжээ. Учир нь:

Шүүгдэгч Н.Т нь хохирогч С.Гг хазсаныг энэ хэрэг болсон газарт байсан нэр бүхий гэрчүүд хараагүй, энэ талаар мэдүүлээгүй байх бөгөөд хохирогч С.Г анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон давж заалдах шатны шүүх хуралдаанд “Н.Тыг надтай маргалдсан учраас хазсан гэж бодож байна” гэх эргэлзээтэй мэдүүлэг өгчээ. /хх 25-38, 129/,

Мөн гэрч С.Г, Т.Ц нар мэдүүлэхдээ: “С.Г: -Миний хурууг Түмээ хазсан” гэж хэлсэн гэсэн нь дамжмал нотлох баримт болох бөгөөд нотлох баримтын эх сурвалж нь шүүгдэгч өөрөө, түүний мэдүүлэг эргэлзээтэй тул тэдгээрийн мэдүүлгээр нотлогдсон гэж үзэхгүй юм. /хх 37-38/,
Түүнээс гадна хохирогч С.Гы баруун гарын эрхий хурууны зурагт “хазагдсан” ором байхгүй, Сүхбаатар сумын эрүүл мэндийн төвийн эмчийн “баруун гарын эрхий 1 см хазагдсан шархтай” гэх тодорхойлолтонд ямар учраас “хазагдсан шарх” гэж үзсэн нь тодорхой бус зэргээс үзэхэд яллах талын нотлох баримтууд эргэлзээтэй, шүүгдэгч Н.Т нь хохирогч С.Гг хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байна. /хх 16, 46/
Шинжээч хохирогчийн биед үзлэг хийлгүйгээр зөвхөн Сүхбаатар сумын эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтыг үндэслэн дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай болжээ. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шинжээчийн дүгнэлтийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй” гэж заасны дагуу шинжээчийн “С.Гы баруун гарын эрхий хурууны хазагдсан шарх бүхий гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх 558 тоот дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. /хх 47-48/,

Иймд “Шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг: Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр: Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           О.БААТАРСҮХ

 ШҮҮГЧИД                     Д.БАЙГАЛМАА
           
                                                      С.ОЮУНТУНГАЛАГ