Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Одонтуяа |
Хэргийн индекс | 109/2021/0057/З |
Дугаар | 109/ШШ2022/0004 |
Огноо | 2022-02-21 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 109/ШШ2022/0004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: В.Ц
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г нарын хоорондын “Х.Нын оршуулгын тэтгэмжийн олгохгүй байгаа Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, оршуулгын тэтгэмж олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч В.Ц нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Х.Н-ын оршуулгын тэтгэмжийн олгохгүй байгаа Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, оршуулгын тэтгэмж олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч Б овогт В-ын Ц нь иргэн Б овогт Х-ын Н-тай 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдөр гэр бүл болж, 2003 оны 7 дугаар сарын 9-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэгджээ. Иргэн Х.Н нь 27 жил, 1 сар, 1 өдөр цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 45 нас, 6 сартайдаа буюу 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс цэргийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна. Иргэн Х.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд өвчний улмаас /UO7.1/ нар баржээ. Улмаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр түүний ар гэрт оршуулгын тэтгэмж болох 1.000.000 төгрөгийг эхнэр В.Ц-ийн Хаанбанкны ******** тоот дугаарын дансанд шилжүүлжээ. Гэвч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс нь “цэргийн албан хаагчийн хувьд албан үүрэг гүйцэтгэх хугацаандаа зөвхөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, харин тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэл төлдөггүй тул нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах боломжгүй, тус иргэн нь 36-аас доошгүй сар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөөгүй” гэх үндэслэлээр дээрх оршуулгын тэтгэмжийн буцаан төлөхийг иргэн В.Ц-т /утсаар/ мэдэгдэж, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч В.Ц нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ********* тоот дансанд 1.000.000 төгрөгийг буцаан шилжүүлжээ.
Монгол Улсын иргэний хувьд, нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлж, төрийн алба хааж байсан иргэний хувьд оршуулгын тэтгэмж өгөхөөс татгалзаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Иймд Х.Н-ын оршуулгын тэтгэмжийн олгохгүй байгаа Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, оршуулгын тэтгэмж олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хууль тогтоомжийн дагуу болон үйл явдлын талаар тайлбарлая гэж бодож байна. Х.Н нь цагдаагийн албанд 2000 оны 5 дугаар сарын 15-ны өдөр анх орж тэтгэвэрт гартлаа буюу 2021 он хүртэл 20 жил 11 сар 9 хоног болж байгаа. Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т заасны дагуу тооцоход 57 сар буюу улсад 25 жил ажилласан байгаа юм. 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлтээ гаргасан. Уг хүсэлтийг үндэслэж Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс Х.Нн өндөр насны тэтгэврийг тогтоосон. Шимтгэл төлсөн хугацааг 25 жилээр тооцож 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс тэтгэврийг тогтоож 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс тэтгэмж авах эрхтэй гэж тэтгэврийг тогтоосон байдаг. Тухайн үед биеийн байдал муу байсны учраас нас барсан. Нас барахтай холбогдуулан тэтгэмжийн асуудал яригддаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу оршуулгын тэтгэмж авна. Хэрэв нийгмийн даатгалын санд шимтгэл төлж байгаагүй бол нийгмийн халамжийн сангаас олгох хуулийн зохицуулалттай. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэрт оруулсан нөхцөл байдал нотлогдож байгаа юм. Тийм учраас хуульд заасны дагуу оршуулгын тэтгэмж олгогдох ёстой. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийн тэтгэмж олгож 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн нийгмийн даатгалын үйлдэлд зөв байна. Тэгсэн хирнээ цэргийн албан хаагч гэсэн үүднээс буцаан авсан нь буруу байна. Энэ үйл баримт бусад хууль тогтоомжид заасан байна. Өмнө 2 хуулийн хүрээнд оршуулгын тэтгэмж олгогдоно гэж хэлсэн. Энэ аль хуульд хамаарч байна вэ гэхээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн хугацааг харах ёстой. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийг тогтоож олгохдоо холбогдсон бусад харилцааг зохицуулах гэж заасан. Хэрэв цэргийн албан хаагчийн хувьд оршуулгатай холбоотой зардлыг тухайн үеийн цэргийн болон цагдаагийн албыг хааж байгаад нас барсан тохиолдолд оршуулгын тэтгэмжийг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиар олгогдоно. Талийгаачийн тухайд яасан гэхээр цагдаагийн албан хаагч байж байгаад тэтгэвэртээ гарсан. Энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу бусад харилцааг нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулна гэж байгаа учраас энэ хуулийн дагуу олгогдох ёстой. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 3, 3 дугаар зүйлд зааснаар зохицуулагдана. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар тэтгэвэрт орж тэтгэвэр авч байсан нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас тэтгэмжийг олгох үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэж заасан. Хэрэв оршуулгын тэтгэмжийг олгохгүй гэж байгаа бол Үндсэн хуулийн суурь зарчим хөндөгдөж байна. Х.Н-н оршуулгын тэтгэмжийг олгохгүй байгаа Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, оршуулгын тэтгэмжийг Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү гэв.
5. Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хариу тайлбартаа: Иргэн В.Ц-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хариу тайлбарыг хүргүүлж байна. Учир нь Нийгмийн даатгалын тогтолцоо нь аж ахуй нэгж, байгууллага, иргэдийг нийгмийн даатгалд хамруулах замаар нийгмийн даатгалын сан бүрдүүлж, уг сангаас даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болоход өөрт нь даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нь тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгч эрсдэлээс хамгаалах арга хэмжээ байдаг.
Цэргийн албан хаагчийн хувьд албан үүрэг гүйцэтгэх хугацаандаа зөвхөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, харин тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэл төлдөггүй тул нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах боломжгүй юм. Ийм учраас Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу тэтгэвэрт шаардагдах төсвийг улсын төсөвт тусган нийгмийн даатгалын санд шилжүүлдэг. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д заасныг үндэслэн Нийгмийн даатгалын байгууллага нь зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулж, цэргийн алба хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох үйлчилгээг үзүүлж байна. Эдгээр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу ахмадын насанд хүрсэн цэргийн алба хаасны тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж авах эрх үүсэхгүй.
Харин иргэний байгууллагад ажиллаж 36-аас доошгүй сар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн зарим цэргийн алба хаасны тэтгэвэр авагч иргэний хувьд нас харгалзахгүй нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж авах боломжтой юм.
Гэтэл тус иргэний хувьд иргэний байгууллагад ажиллаж 36-аас доошгүй сар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөөгүй байх тул оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Цэргийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа зөвхөн эрүүл мэндийн даатгалыг төлдөг, тэтгэмжийн даатгалыг төлдөггүй учраас оршуулгын тэтгэмж олгох үндэслэлгүй болохгүй байгаа нь энэ заалтаар тогтоож байгаа. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ З6 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно гэж заасан учраас зөвхөн эрүүл мэндийн даатгал төлсөн учраас оршуулгын тэтгэмж авах эрх үүсэхгүй байгаа юм. Талийгаач Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар биш Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хүрээнд тэтгэврээ тогтоолгосон асуудал байгаа. Тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг авсан гэж ярьж байна. Энэ тухайд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд цэргийн алба хаасан иргэн өндөр насны болон тахир дутуугийн тэтгэвэр эсхүл тухайн иргэн нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн гишүүн нас барсан бол түүний асрамжинд байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн тэжээгчээ алдсан өргөдөл гаргасан тохиолдолд уг хугацаанд төлөгдсөн байвал зохих шимтгэлтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу нийгмийн даатгалын санд шилжүүлнэ гэсний дагуу тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоолгохын тулд нэхэмжилж авсан байгаа юм гэв . Цэргийн албан хаагчийн хувьд албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа зөвхөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, харин тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэл төлдөггүй тул нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах боломжгүй учраас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу тэтгэврийг улсын төсөвт тусган нийгмийн даатгалын санд шилжүүлнэ гэсэн чиглэлийг ирүүлсэн байгаа. Нэхэмжилж авсан гээд байгаа нь өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр, нас барагчийн ар гэрт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоох тооцооллыг хийж улсын төсвөөс санхүүжилт авч тэжээгчээ алдсаны тэтгэврийг тогтоосон. Тэжээгчээ алдсаны тэтгэвэрт ямар нэг мараан үүсээгүй учраас энэ шимтгэл тэжээгчтэй холбоотой шимтгэл юм гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гэрчийн мэдүүлэг, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:
Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд,
1. Иргэн /Х.Н-ын/ тухайд, анх 2000 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цагдаагийн хэлтэст туслах ажилтнаар орж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн Б/1070 дугаар тушаалаар 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөр тасалбар болгон Архангай аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн даргын ажлаас чөлөөлж, “цагдаагийн дэд хурандаа цолыг хадгалуулж” 36 /гучин зургаа/ сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор шийдвэрлэжээ. (хавтаст хэргийн 24, 27 дахь тал)
2. Ийнхүү иргэн Х.Н-т Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдөр тэтгэврийн хувийн хэрэг нээж, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврийг олгохоор тогтоожээ. Улмаар иргэн Х.Н нь 2021 оны 10, 11, 12 дугаар сарын өндөр насны тэтгэврийг бүрэн авсан байна. Мөн Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 10/457 дугаар албан бичгийн хавсралтаар иргэн Х.Нын Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр өгсөн 2017, 2018 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагааг ирүүлжээ.(хавтаст хэргийн 32, 34, 76, 86-87 дахь тал)
3. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд /UO7.1/ өвчний улмаас /Х.Н/ нас барсан байна. Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн В.Ц-ээс Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст оршуулгын тэтгэмж авах өргөдөл гаргаж, тус хэлтсээс түүний эхнэр В.Ц-ийн Хаанбанкны ********* тоот дансанд оршуулгын тэтгэмж болох 1.000.000 төгрөгийг шилжүүлжээ. (хавтаст хэргийн 3, 52, 54 дэх тал)
4. Гэвч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс нь “цэргийн албан хаагчийн хувьд албан үүрэг гүйцэтгэх хугацаандаа зөвхөн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, харин тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэл төлдөггүй тул нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах боломжгүй, тус иргэн нь 36-аас доошгүй сар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөөгүй” гэх үндэслэлээр ар гэрт олгосон оршуулгын тэтгэмжийн буцаан төлөхийг иргэн В.Ц-ээс /амаар/ шаардаж, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч В.Ц нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ********* тоот дансанд 1.000.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байна. (хавтаст хэргийн 19, 53)
5. Шүүхэд нэхэмжлэгч В.Ц нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Х.Н-ын оршуулгын тэтгэмжийн олгохгүй байгаа Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, оршуулгын тэтгэмж олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”-аар маргажээ.
Хууль зүйн үндэслэлийн тухайд,
6. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл. Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 5/-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй.”, Арван есдүгээр зүйлийн 1.-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг тунхаглажээ. Нэхэмжлэгч В.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй бөгөөд түүний эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг эдлэх баталгааг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс зөрчсөн болох нь дараах хууль зүйн үндэслэлүүдээр нотлогдож байна.
7. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 20 дугаар зүйлийн 1.-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ З6 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.”, 3.-т “Нийгмийн даатгалын тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авч байсан иргэн нас барвал, түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.” гэж,
8. Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч /энэ хуульд цаашид "цэргийн алба хаагч" гэх/ нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1.Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг дор дурдсан албан хаагч авах эрхтэй: 5/-д “цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч”, 8 дугаар зүйлийн 1.“Цэргийн алба хаагч нь дор дурдсан үндэслэлээр нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 1/-д “25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй”, 9 дүгээр зүйлийн 1.-д “Цэргийн алба хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн сарын дундаж цалин хөлсний 80 хувиар тогтооно.” гэж зааснаар иргэн /Х.Н/ нь цэргийн өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ.
9. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 1.-д “Цэргийн алба хаагч, түүнчлэн дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн нас барахад түүний оршуулгад зориулан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмж олгоно.”, 21 дүгээр зүйлийн 2.-т “Цэргийн алба хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны болон нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийг тухайн анги, байгууллага нь олгоно.” гэж зохицуулсан байна.
10. Цэргийн албан тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэг Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1.-д "цэргийн алба" гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг”, 3.1.5.-д "цэргийн жинхэнэ алба хаагч" гэж цэргийн байгууллагад цэргийн алба биеэр хааж байгаа Монгол Улсын иргэнийг” гэж заажээ.
11. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, цэргийн алба хааж байгаа иргэн ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа нас барсан тохиолдолд түүний оршуулгад зориулан нас барагчийн ар гэрт тэтгэмж олгох бөгөөд уг тэтгэмжийг тухайн анги, байгууллага нь олгохоор зохицуулсан байна. Гэтэл маргаан бүхий энэ тохиолдолд, иргэн Х.Н нь 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр цэрэг (цагдаагийн) албанаас чөлөөлөгдсөн бөгөөд цэргийн алба хаагчид хамаарахааргүй байна.
12. Түүнчлэн Ахмад насны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь ахмад настны эрхийг хангах, амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагын үүргийг тодорхойлж, тэдгээрийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэн хамаарна.”, 3.3. дахь хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг энэ хуулийн 3.1-д заасан насанд хүрсэн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг энэ хуулийн үйлчлэлд хамааруулж болно.”, 8 дугаар зүйлийн 8.1. дэх хэсэг Ахмад настны амьжиргааг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулахад төрөөс дараахь дэмжлэгийг үзүүлнэ: 8.1.4.-д “нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй ахмад настан нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжтэй тэнцүү хэмжээний тусламж олгох” гэж заасан байна.
13. Уг хуулийн зохицуулалтын агуулгаас үзвэл, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авдаггүй буюу халамжийн тэтгэвэр, тэтгэмж авдаг 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55, түүнээс дээш настай эмэгтэй нас барсан тохиолдолд түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжтэй тэнцүү хэмжээний тусламж олгохоор заасан байх бөгөөд маргаан бүхий энэ хэргийн тохиолдолд хамааралгүй зохицуулалт ажээ.
14. Цэргийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1.-д “Цэргийн алба хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох ажлыг тухайн тэтгэвэр авагчийн алба хааж байсан зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага буюу тэдгээрээс гэрээ байгуулсан этгээд эрхлэн гүйцэтгэнэ.”, 3.-т “Цэргийн алба хаагчийн тэтгэврийг тогтоох, олгохтой холбогдсон үйл ажиллагааны зардлыг энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр гүйцэтгэж байгаа байгууллагад улсын төсвөөс олгох бөгөөд нэг тэтгэвэр авагчид ногдох үйл ажиллагааны зардлын хэмжээг талууд гэрээгээр харилцан тохиролцоно.” 22 дугаар зүйлийн 2.-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаагаар цэргийн алба хаасан иргэн өндөр насны болон тахир дутуугийн тэтгэвэр, эсхүл тухайн иргэн нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргасан тохиолдолд уг хугацаанд төлөгдсөн байвал зохих шимтгэлтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу нийгмийн даатгалын санд шилжүүлэн төлнө.” гэж заасан бөгөөд цэргийн өндөр насны тэтгэвэр авч буй иргэн нас барсан тохиолдолд түүний ар гэрт олгох тэтгэмж, түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн тэжээгчээ алдсаны тэтгэврийн шимтгэлийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу төрөөс нийгмийн даатгалын санд шилжүүлэх зохицуулалттай байна.
15. Өөрөөр хэлбэл, цэрэг (цагдаа)-гийн алба хаагчийн хувьд төрийн тусгай албаны чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байх хугацаанд нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлээс бусад төрлийн шимтгэлийг төр хариуцан төлдөг (холбогдох санд шилжүүлдэг) байсан тул тухайн иргэнийг тэтгэвэрт гарах, нас барсан тохиолдолд холбогдох тэтгэвэр, тэтгэмжийг хуульд зааснаар дордуулалгүй олгох үүргийг төр (хуулиар чиг үүргийг тодорхойлсон байгууллага) хүлээнэ.
16. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар иргэн Х.Н нь 2021 оны 10, 11 сард өндөр насны тэтгэврийг бүтэн, нас барсны дараа сар болох 2021 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэврийг бүтэн авч байсан байх тул түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмжийг Нийгмийн даатгалын байгууллага олгох нь зүйтэй.
17. Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбартаа, “...цэргийн алба хаагчийн хувьд албан үүрэг гүйцэтгэх хугацаандаа зөвхөн эрүүл мэндийн даатгалын шийтгэл төлж, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, энэ талаар Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас чиглэл ирсэн учир нь тэтгэмж олгохгүй” гэж байгаа нь үндэслэлгүй болно. Монгол Улсын Үндсэн Хууль, бусад хууль, журмын баримтлан ажиллаагүй, зөвхөн албан бичиг, чиглэлийг үндэслэл болгосон хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байна.
18. Мөн Цэргийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэн тэтгэмжийн даатгалын шимтгэл төлдөггүй (36-аас доошгүй сар) гэх үндэслэлээр түүний ар гэрт оршуулгын тэтгэмж олгохоос татгалзсан Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болжээ.
19. Иргэн /Х.Н/ нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д зааснаар Монгол Улсын төрийн тусгай байгууллага буюу Архангай аймаг дахь Цагдаагийн газарт 27 жил 1 сарын 1 хоног ажиллаж, хөдөлмөрлөх эрх, баталгаагаар хангагдаж байсан. Улмаар цэргийн тэтгэвэр тогтоолгож, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэврээ авч байсан нь холбогдох бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон болно. /х.х-н 24-50/
20. Иймд Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван есдүгээр зүйлийн 1.-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж зааснаар нэхэмжлэгч В.Ц-ийн эд, мөнгөний тусламж авах эрх нь зөрчигдсөн байх тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1., 106.3.4., 106.3.12. дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч В.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х.Н-ын оршуулгын тэтгэмжийн олгохгүй байгаа Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, оршуулгын тэтгэмж олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА