| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2023/0699/З |
| Дугаар | 221/МА2025/0257 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2025/0257
| 2025 оны 04 сарын 15 өдөр | Дугаар 221/МА2025/0257 | Улаанбаатар хот |
“Б к” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч З.Ганзориг
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Э.У, Т.Мөнхжаргал, хариуцагч улсын байцаагч Д.А, Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О, В.Б
Нэхэмжлэгч: “Б к” ХХК
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.А, Ж.С нар
Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №НА-35220******* “Нөхөн ногдуулалтын акт” болон Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор актыг өөрчилж, төлүүлэхээр тогтоосон 1,324,946,299.01 төгрөгийн төлбөрөөс 876,823,273.21 төгрөгийн нөхөн татвар, 275,444,383.9 төгрөгийн торгууль, 170,653,641.91 төгрөгийн алданги, нийт 1.322.921.299.02 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 990 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Э.У, Т.Мөнхжаргал
Хариуцагч Д.А, Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2023/0699/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б к” ХХК-gас хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.А, Ж.С нарт холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №НА-35220******* “Нөхөн ногдуулалтын акт” болон Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор актыг өөрчилж, төлүүлэхээр тогтоосон 1,324,946,299.01 төгрөгийн төлбөрөөс 876,823,273.21 төгрөгийн нөхөн татвар, 275,444,383.9 төгрөгийн торгууль, 170,653,641.91 төгрөгийн алданги, нийт 1.322.921.299.02 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 990 дүгээр шийдвэрээр: “Татварын ерөнхий хууль /2008 он/-ын 12 дугаар зүйлийн 121.1, 18 дугаар зүйлийн 18.1.6, 29 дүгээр зүйлийн 29.1.5, 74 дүгээр зүйлийн 74.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ын 4 дүгээр зүйлийн 4.1.6, 5 дугаар зүйлийн 5.1, 8 д угаар зүйлийн 8.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 он/-ын 3 дугаар зүйлийн 3.1.6.а дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б к” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаж буй Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА-3522******** дугаар нөхөн ногдууллатын актаар тогтоосон 1.324.946.299.03 төгрөгийн төлбөрөөс 786,246,148.33 төгрөгийн төлбөрийг бууруулж...” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...“Б к” ХХК нь орон сууцны төсөл хэрэгжүүлэх зорилгоор 2018 онд иргэн Д.Б “Ү р” ХХК-ийн 100%-ийн хувьцааг, иргэн Т.Э “Х Э” ХХК-ийн 100%-ийн хувьцааг тус тус шилжүүлэн авсан ба ийнхүү шилжүүлэн авснаар эдгээр компаниуд нь Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар “Б к” ХХК-ийн охин компани болсон байдаг. Энэ нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.2.2-д “хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого”-д хамаарах тул мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12-т “Энэ хуулийн 8.2-т заасан орлогыг тухайн эрх эзэмшигч, түүний эцсийн эзэмшигчийн шилжүүлсэн хувьцаа, хувь оролцооноос тухайн газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдийн хувьцаанд ногдох хэмжээгээр газрын эрхийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.” гэж заасан бөгөөд энэхүү хуулийн зохицуулалт нь тухайн эрх эзэмшигчийн албан татвар ногдуулах орлогыг хэрхэн тодорхойлох зохицуулалт юм.
3.2. Харин Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-д татвар суутган төлөх үүрэгтэй этгээдийг 21 дүгээр зүйлийн 21.7-д заасан “Энэ хуулийн 16.11, 16.12, 16.13, 16.14-т заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулах албан татварыг ... газар эзэмших, ашиглах эрхтэй этгээд хэлцэл хийгдснээс хойш ажлын 7 хоногийн дотор ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ” гэж зааснаар татвар суутган төлөх үүрэгтэй этгээд нь тухайн газрын эрхийг эзэмшигч “Х Э” ХХК болон “Ү р” ХХК болно. Татварын ерөнхий хуульд зааснаар албан татвар ногдуулахдаа тодорхой байх зарчмыг хэрэгжүүлэх, орлого олсон этгээд хэн болох, орлогын аль төрлөөс хамаарч хэн хэзээ төлөхийг татварын хуулиар нарийвчлан тогтоосон байхад анхан шатны шүүх Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан эцсийн өмчлөгчийн талаар тайлбарлаж, албан татварыг суутгах үүрэгтэй гэж үзсэн нь хуулийн тодорхой байх зарчмыг зөрчсөн.
3.3. “Б к” ХХК нь “Х Э” ХХК болон “Ү р” ХХК-ийн газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэн аваагүй тул газар эзэмших, ашиглах эрхтэй этгээд нь “Б к” ХХК биш юм. Өөрөөр хэлбэл 2006 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар аж ахуйн нэгжийн эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоог өөрчлөх замаар эрх борлуулсан, шилжүүлэн тохиолдолд “эрх эзэмшигч” буюу хуулийн этгээд хэлцэл хийгдсэнээс хойш 7 хоногийн дотор төсөвт төлөхөөр зохицуулсан. Тодруулбал дээрх харилцаа нь газар эзэмших, ашиглах эрхтэй хуулийн этгээд нь тус эрхээ бусад хуулийн этгээдэд шилжүүлсэн тохиолдолд үйлчлэх хууль зүйн зохицуулалт билээ. Компанийн тухай хуулийн 6.5, 6.12-д эрх үүргийг тусгаарласныг дурдах нь зүйтэй.
3.4. Ийнхүү толгой компани болох “Б к” ХХК-ийг татвар төлөх ёстой байсан, эсхүл хувьцааны орлогыг бусдад шилжүүлсэн гэх агуулгаар толгой компанид охин компанийн үүргийг ногдуулж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасанд нийцэхгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 990 дүгээр шийдвэрээр “Б к” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн 475,800,000 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. “...Татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА- 3522********** дугаар нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1-д 2018 онд 324,71,363.64 төгрөгийн, 2019 онд 675,745,563.64 төгрөгийн, 2020 онд 251,980,254.55 төгрөгийн орлогыг урьдчилж орсон орлого дансанд бүртгэж, санхүүгийн балансад харуулсан боловч, борлуулалтын дансны борлуулалтаар хүлээн зөвшөөрч Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаж, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно” гээд 8.1.1-д үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого, Шинэчлэн найруулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 8 дугаар зүйлийн 8.1-д “Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.1-д бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого гэж заасан заалтыг, Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1-д 2018 онд 324,712,363.64 төгрөгийн, 2019 онд 675,745,563.64 төгрөгийн, 2020 онд 251,980,254.55 төгрөгийн борлуулалтын орлогыг урьдчилж орсон орлого дансанд бүртгэж орлого хойшлуулсан.зөрчлийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил үйлчилгээ” гэж заасан байна.
4.2. Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 3-д 2020 онд 987,759,938.43 төгрөгийн үйл ажиллагаанд хамааралгүй зардалд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалт” хэсэгт тусган төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчил нь Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д “Албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох, орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасч тооцно” гэж заасныг тус тус зөрчсөн. Анхан шатны шүүхээс дээрхи зөрчлүүдийг үндэслэлгүй болгохдоо шинжээчийн дүгнэлт, захиалагч нийлүүлэгч гэсэн хоёр талын хоорондын гэрээг үндэслэл болгон авч шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
4.3. Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 2-д 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Ү р” ХХК, “Б к” ХХК-уудын хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-нд “Үжин ресурс”-ийн Хан уул дүүргийн Богдхан-Уулын ДЦГ-ын Арцатын аманд байрлах, Байгал орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2015/*** тоот тушаалаар олгогдсон, газар ашиглах 2015/127 дугаар гэрчилгээтэй, 2.17 га тайлбай бүхийн газарт “Б к” ХХК нь орон сууцны хотхон барьж худалдан борлуулан ашиг олох зорилгоор 958,000,000.00 төгрөгөөр үнэлэн шилжүүлэн авахдаа, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Хүннужин-Энх” ХХК, “Б к” ХХК-уудын хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-нд “Хүннүжин-Энх”-ийн Хан уул дүүргийн Богдхан-Уулын ДЦГ-ын Арцатын аманд байрлах, Байгал орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 тоот тушаалаар олгогдсон, 5.0 га тайлбай бүхийн газарт “Бросс консалтинг ХХК нь орон сууцны хотхон барьж худалдан борлуулан ашиг олох зорилгоор 1,600,000 ам.доллар буюу 3,800,000,000.00 төгрөгөөр үнэлэн шилжүүлэн /эцсийн эзэмшигчийг өөрчилсөн/ авахдаа албан татвар ногдуулан суутган авч төсөвт төлөөгүй зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно” 8.1.2-т “эрх борлуулсны орлого”; 16 дугаар зүйлийн 16.12-т “Энэ хуулийн 8.2-т заасан орлогыг тухайн эрх эзэмшигч, түүний эцсийн эзэмшигчийн шилжүүлсэн хувьцаа, хувь оролцооноос тухайн газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдийн хувьцаанд ногдох хэмжээгээр газрын эрхийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”; 21 дүгээр зүйлийн 21.7-д “Энэ хуулийн 16.11, 16.12, 16.13, 16.14-т заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулах албан татварыг тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсхүл газар эзэмших, ашиглах эрхтэй этгээд хэлцэл хийгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ” гэсэн заалтыг үндэслэн Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д д “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.” гэж заасан "Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага хүлээлгэхдээ Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3,4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасныг удирдлага болгосныг үндэслэсэн.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 990 дүгээр шийдвэрийн 52-т заасан торгууль, алданги үндэслэлгүй гэж үзсэнтэй санал нийлэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн НА-3522******** дугар нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 1,322,291,922.02 төгрөгийн дүнгээс 786,246,148.33 төгрөгийг бууруулж шийдвэрлэснийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, талуудын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Шүүх гомдлуудыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч “Б к” ХХК-аас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.А, Ж.С нарт холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №НА-3522********* дугаар Нөхөн ногдуулалтын акт болон Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор актыг өөрчилж, төлүүлэхээр тогтоосон 1.324.946.299.01 төгрөгийн төлбөрөөс 876.823.273.21 төгрөгийн нөхөн татвар, 275.444.383.9 төгрөгийн торгууль, 170.653.641.91 төгрөгийн алданги, нийт 1.322.921.299.02 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
2.2. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.А, Ж.С нар нь “Б к” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийж дээрх нөхөн ногдуулалтын актаар
“1-д 2018 онд 324,712,363.64 төгрөгийн, 2019 онд 675,745,563.64 төгрөгийн, 2020 онд 251,980,254.55 төгрөгийн орлогыг урьдчилж орсон орлого дансанд бүртгэж санхүүгийн балансанд харуулсан боловч борлуулалтын дансны борлуулалтаар авч тайлагнаагүй зөрчил, мөн 2018 онд 19,579,709.09 төгрөгийн, 2019 онд 207,984,040.0 төгрөгийн, 2020 онд 191,788,044.55 төгрөгийн ажил гүйцэтгүүлэх, бараа материал худалдан авахад орон сууц өгч бартерын солилцооны борлуулалтын орлогоо хүлээн зөвшөөрч тайлагнаагүй зөрчил, 2019 онд RGTS4475********** тоот захиалгын гэрээтэй орон сууцны 909,090,909.09 төгрөгийн борлуулалтыг өглөг дансанд бүртгэсэн нийт 2,580,880,884.55 төгрөгийн татвар ногдуулах орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаж, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй,
1.1-д 2018 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан 80,892,484.28 төгрөгийн алдангийг, 2018 онд 20,000,000.0 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлаар, мөн 2018 оны 324,712,363.64 төгрөгийн борлуулалтын орлогын зөрчлөөр тус тус бууруулж үлдэгдэл 263,819,879.36 төгрөгийн борлуулалтын орлогод хариуцлага тооцох,
2-т 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Ү р” ХХК, “Б к” ХХК-иудын хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-нд “Ү р” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд байрлах, Байгал орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2015/127 тоот тушаалаар олгогдсон, газар ашиглах 2015/127 дугаар гэрчилгээтэй, 2.17 га талбай бүхий газарт “Б к” ХХК нь орон сууцны хотхон барьж худалдан борлуулан ашиг олох зорилгоор 958,000,000.00 төгрөгөөр үнэлэн шилжүүлэн авахдаа, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Хүннүжин-Энх” ХХК, “Б к” ХХК-иудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээнд “Хүннүжин-Энх” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд байрлах, Байгал орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 тоот тушаалаар олгогдсон, 5 га талбай бүхий газарт “Б к” ХХК нь орон сууцны хотхон барьж худалдан борлуулан ашиг олох зорилгоор 1,600,000 ам.доллар буюу 3,800,000,000.00 төгрөгөөр үнэлэн шилжүүлэн авахдаа албан татвар ногдуулан суутган авч төсөвт төлөөгүй,
3-д 2018 онд 324,712,363.64 төгрөгийн, 2019 онд 675,745,563.64 төгрөгийн, 2020 онд 251,980,254.55 төгрөгийн борлуулалтын орлогыг урьдчилж орсон орлого дансанд бүртгэж орлого хойшлуулсан зөрчил, мөн 2018 онд 19,579,709.09 төгрөгийн, 2019 онд 207,984,040.0 төгрөгийн, 2020 онд 191,788,044.55 төгрөгийн бартераар борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнаагүй зөрчил, 2019 онд RGTS4475********* тоот захиалгын гэрээтэй орон сууцны 909,090,909.09 төгрөгийн борлуулалтыг өглөг дансанд бүртгэсэн, 2018 онд 13,500,000.0 төгрөгийн хөрөнгө борлуулсны орлого нийт 2,594,380,884.55 төгрөгийн татвар ногдуулах борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй,
4-д 2018 онд 20,000,000.00 төгрөг, 2019 онд 171,807,598.0 төгрөгийг үйл ажиллагаанд хамааралгүй зардлыг илүү тооцон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тусган албан татвар ногдуулах орлогыг бууруулсан,
4.1-д 2018 оны 20,000,000.00 төгрөгийн зөрчлийн дүнгээс аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх 80,892,484.28 төгрөгийн алдангийг уг дүнгээр бууруулах, үлдэгдэл 60,892,484.28 төгрөгийг тус оны орлогоос бууруулах,
5-д 2019 онд 1,721,581,404.31 төгрөгийн, 2020 онд 987,759,938.43 төгрөгийн үйл ажиллагаанд хамааралгүй зардалд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалт” хэсэгт тусган төсөвт төлөх албан татварыг бууруулсан гэх зөрчлүүдэд ... 1,274,423,046.18 төгрөгийн нөхөн татвар, 396,642,196.23 төгрөгийн торгууль, 249,444,801.92 төгрөгийн алданги, нийт 1,920,510,044.33 төгрөгийн төлбөр төлүүлэх”-ээр тогтоосон байна.
2.3. Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №НА-3522000066 дугаар нөхөн ногдуулалтын актыг ...3,962,497,729.68 төгрөгийн зөрчилд ногдох 396,249,772.97 төгрөгийн нөхөн татвар, 120,792,812.33 төгрөгийн торгууль, 78,521,160.02 төгрөгийн алданги, нийт 595,563,745.33 төгрөгийн төлбөрийг бууруулж, 8,871,911,980.09 төгрөгийн зөрчилд ногдох 878,173,273.21 төгрөгийн нөхөн татвар, 275,849,383.90 төгрөгийн торгууль, 170,923,641.90 төгрөгийн алданги нийт 1,324,946,299.01 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
2.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 9308 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Б к” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны санхүүгийн баримтуудад дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Эдийн засгийн шинжилгээний газрыг шинжээчээр томилсон байх ба шинжээчээс 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 28 дугаартай дүгнэлтийг ирүүлсэн байна.
2.5. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан маргаан бүхий актаар тогтоосон
- Урьдчилж олсон орлого дансанд бүртгэж, санхүүгийн балансанд харуулсан боловч борлуулалтын дансны борлуулалтаар авч тайлагнаагүй, орлого хойшлуулсан, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй гэх зөрчлийн талаар “...нэхэмжлэгч “Б к” ХХК-иас Гарден сити-1 орон сууцны цогцолбор хотхоны 1201, 1204 тоот 2 блок барилгыг захиалагчид худалдан борлуулахдаа Орон сууц захиалгын гэрээ-нд заасан орон сууцыг Улсын комисст ашиглалтад оруулж, захиалагчид актаар хүлээлгэн өгснөөр борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч, 2019 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнасныг буруутгах үндэслэлгүй, ... Шинжээчийн дүгнэлтэд ...борлуулалтын орлогоор тайлагнаагүй ...зөрчлүүд үндэслэлгүй талаар дүгнэсэн, ...иймд НА-3522******** дугаар Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1 болон 3 дахь хэсэгт заасан 2018 онд 324,712,363.64 төгрөгийн, 2019 онд 675,745,563.64 төгрөгийн, 2020 онд 251,980,254.55 төгрөгийн... зөрчлийн дүнд холбогдох нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгох нь зүйтэй” гэж,
- Бартерын солилцооны борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнаагүй гэх зөрчлийн талаар “...2019 оны 207,984,040.00 төгрөгийн зөрчлөөс 117,013,370.00 төгрөгийн зөрчил нь тогтоогдсон, үлдэх хэсэг нь үндэслэлгүй талаар Шинжээчийн дүгнэлтэд тодорхой дүгнэсэн, ...нэхэмжлэгч талаас нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1 болон 3 дахь хэсэгт заасан бартерийн солилцооны борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнаагүй 117,013,370.00 төгрөгийн зөрчилд холбогдох 11,701,337.00 төгрөгийн нөхөн татвар, 3,510,401.10 төгрөгийн торгууль, 2,340,267.40 төгрөгийн алданги, нийт 17,552,005.50 төгрөгийн төлбөрийг тус тус хүлээн зөвшөөрсөн, ...иймд Тэмдэглэх хэсгийн 1 болон 3 дахь хэсэгт тэмдэглэсэн 2019 оны 207,984,040.00 төгрөгийн бартерын солилцооны борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч, тайлагнаагүй зөрчлөөс нэхэмжлэгчийн маргаж буй 90,970,670.00 төгрөгийн зөрчилд ногдох 9,097,067.00 төгрөгийн нөхөн татвар, 2,729,120.10 төгрөгийн торгууль, 1,819,413.40 төгрөгийн алданги, нийт 13,645,600.50 төгрөгийн төлбөрийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй” гэж,
- Үйл ажиллагаанд хамааралгүй зардлыг илүү тооцон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах орлогыг бууруулсан гэх зөрчлийн талаар “...2019 оны 171,807,598.00 төгрөгийн зардал нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд хамаарахгүй болох нь баримтаар нотлогдож байх тул татварын улсын байцаагч нар татвар ногдох орлогоос үйл ажиллагаанд хамааралгүй зардлыг хасаж, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд тооцон нэхэмжлэгч “Б к” ХХК-д нөхөн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй” гэж,
- Үйл ажиллагаанд хамааралгүй зардалд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалт хэсэгт тусган төсөвт төлөх татварыг бууруулсан гэх зөрчлийн талаар “...“Б к” ХХК-д “В к” ХХК, “Б” ХХК, “Ф м” ХХК-иас ... и-баримтыг тус тус шивж өгсөн, эдгээр и-баримтууд нь Га***** хотхоны 1401 тоот дуусаагүй барилгад хамаарч байгаа нь Шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог, ...иймд “Б к” ХХК-ийг 2020 онд 987,759,938.43 төгрөгийн үйл ажиллагаанд хамааралгүй зардалд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалт хэсэгт тусган төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй тул уг зөрчилд холбогдох нөхөн төлбөрийг хүчингүй болгов” гэж,
- Эрх борлуулсны орлогоос албан татвар суутган авч төсөвт төлөөгүй гэх зөрчлийн талаар “...“Хү” ХХК, “Ү р” ХХК-ийн хувьцааг бүхэлд нь худалдан авах замаар газар ашиглах эрхийг олж авсан “Б к” ХХК суутгагч болно, ... “Хү” ХХК, “Ү р” ХХК нь орлого олсон этгээд биш харин газар ашиглах эрхийг олж авах зорилгоор байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх, Хамтран ажиллах гэрээний зүйл болсон байх тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан суутгагч биш, иймд маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар “Б к” ХХК 2018 онд нийт 4,758,000,000.00 төгрөгийн эрх борлуулсны орлогод албан татвар ногдуулан суутган авч төсөвт төлөөгүй зөрчил нийт 475,800,000.00 төгрөгийн нөхөн татварын төлбөр ногдуулсан нь хууль тогтоомжид нийцсэн” гэх дүгнэлтийг тус тус хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн НА-3522******** дугаар нөхөн ногдуулалтын актаас хэвээр үлдээсэн нийт 1,324,946,299.03 төгрөгийн төлбөрөөс нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн болон үндэслэлгүй болох нь тогтоогдсон 786,246,148.33 төгрөгийн дүн бүхий төлбөрийг бууруулж, 538,700,150.70 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын тухайд:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас маргаан бүхий татварын нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх 2 дахь хэсгээр “Б к” ХХК нь “... “Ү р” ХХК-ийн ...2.17 га талбай бүхий газарт орон сууцны хотхон барьж худалдан борлуулан ашиг олох зорилгоор тус компанийн газар ашиглах эрхийг хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх, хамтран ажиллах гэрээгээр 958,000,000.00 төгрөгөөр үнэлэн шилжүүлэн авахдаа болон мөн “Хү” ХХК-ийн ...5 га талбай бүхий газарт ...орон сууцны хотхон барьж худалдан борлуулан ашиг олох зорилгоор тус компанийн газар ашиглах эрхийг хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх, хамтран ажиллах гэрээгээр 1,600,000 ам.доллар буюу 3,800,000,000.00 төгрөгөөр үнэлэн шилжүүлэн авахдаа албан татвар ногдуулан суутган авч төсөвт төлөөгүй нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2006)-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.2-т “эрх борлуулсны орлого”, 8.2 дахь “Эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна”, 16 дугаар зүйлийн 16.12-т “Энэ хуулийн 8.2-т заасан орлогыг тухайн эрх эзэмшигч, түүний эцсийн эзэмшигчийн шилжүүлсэн хувьцаа, хувь оролцооноос тухайн газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдийн хувьцаанд ногдох хэмжээгээр газрын эрхийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 16.13-д “Энэ хуулийн 16.12-т заасан орлогыг Газрын тухай хуулийн 38.6-д заасан үнийн шаардлагыг үндэслэн тодорхойлох ба татварын ногдлыг тодорхойлох аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж, 21 дүгээр зүйлийн 21.7-д “Энэ хуулийн ...16.12, 16.13, 16.14-т заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулах албан татварыг тухайн ... газар эзэмших, ашиглах эрхтэй этгээд хэлцэл хийгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ” заалтыг зөрчсөн зөрчилд тооцжээ.
3.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Б к” ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр “Ү р” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан байх бөгөөд тус гэрээгээр “Ү р” ХХК-ийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд байрлах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2015/127 дугаар тушаалаар олгогдсон 2.17 га газарт нэхэмжлэгч орон сууцны хотхон барьж худалдан борлуулж ашиг олох, “Ү р” ХХК нь газар ашиглах төслийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэн өгч өөрийн өмнө оруулсан хөрөнгө оруулалтаа “Б к” ХХК-аас гаргуулах авах замаар хамтран ажиллах бөгөөд “Ү р” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг бүхэлд нь 958,000,000.00 төгрөг байхаар, “Ү р” ХХК гэрээ бодитой хэрэгжих баталгаа болгож компанийн хувьцааг бүхэлд нь “Б к” ХХК-д гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор шилжүүлэн, эрхийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн баталгаажуулахаар харилцан тохиролцож, улмаар “Б к” ХХК болон “Ү р” ХХК-ийн хооронд 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 01 дугаартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулагдаж, “Ү р” ХХК-ийн нийт гаргасан болон эргэлтэд байгаа 100 хувийг бүрдүүлэх нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 20 ширхэг энгийн хувьцааг “Б к” ХХК эрх шилжүүлэн худалдан авчээ.
3.3. Мөн “Б к” ХХК нь орон сууцны төсөл хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Х Э” ХХК-тай “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулан мөн гэрээгээр “Х Э” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд байрлах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 тоот тушаалаар олгогдсон 5 га талбай бүхий газарт “Б к” ХХК нь орон сууцны хотхон барьж худалдан борлуулан ашиг олох, “Х Э” ХХК нь газар ашиглах төслийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэн өгч өөрийн өмнө оруулсан хөрөнгө оруулалтаа “Б к” ХХК-аас гаргуулан авах замаар хамтран ажиллах бөгөөд “Х Э” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг бүхэлд нь 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ ам.доллар буюу 3.800.000.000.00 төгрөг байхаар, “Х Э” ХХК гэрээ бодитой хэрэгжих баталгаа болгож компанийн хувьцааг бүхэлд нь “Б к” ХХК-д гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор шилжүүлэн, эрхийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн баталгаажуулахаар харилцан тохиролцож, улмаар “Б к” ХХК болон “Х Э” ХХК-ийн хооронд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулагдаж, “Ү р” ХХК-ийн нийт гаргасан болон эргэлтэд байгаа 100 хувийг бүрдүүлэх нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1000 ширхэг энгийн хувьцааг “Б к” ХХК эрх шилжүүлэн худалдан авсан байна.
3.4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “Энэ хуулийн зорилт нь аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д ““суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг ойлгоно” гэж зааснаас үзвэл суутгагч нь аж ахуйн нэгжид “орлого олгосон” буюу шилжүүлсэн байх, ингэснээр тухайн аж ахуйн нэгж нь “албан татвар төлөгч” болсон тохиолдолд түүний төлөх ёстой татварыг өмнөөс нь суутган авч, төсөвт төлөх үүрэг хүлээхээр байна. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжийн хувьд эхэлж татвар төлөх үүрэг үүсэж байж өөр хэн нэгэн этгээдэд тухайн татварыг суутган авах/төлөх үүрэг үүснэ.
3.5. Дээрх хуулийн зүйл, заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд “Ү р” ХХК болон “Х Э” ХХК нь “суутгагч” биш, харин худалдах худалдан авах гэрээний зүйл болсон байна. Өөрөөр хэлбэл, тухайн тохиолдолд “Ү р” ХХК болон “Х Э” ХХК-ийн хувьцааг бүхэлд нь худалдан авах замаар газар ашиглах эрхийг олж авсан “Б к” ХХК-ийг суутгагч гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
3.6. Учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан “эрх борлуулсны орлого”-ыг тухайн аж ахуйн нэгж өөрөө олсон тохиолдолд, тодруулбал 8.2-т зааснаар өөрийн эзэмшлийн эрхийг бусдад шилжүүлснээс орлого олсон, эсхүл хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар ... газар ашиглах эрхийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар орлого олсон тохиолдолд татвар төлөх үүрэгтэй. Гэхдээ тухайн татварыг 16 дугаар зүйлийн 16.12-т “Энэ хуулийн 8.2-т заасан орлогыг тухайн эрх эзэмшигч, түүний эцсийн эзэмшигчийн шилжүүлсэн хувьцаа, хувь оролцооноос тухайн газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдийн хувьцаанд ногдох хэмжээгээр газрын эрхийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 21.7-д “Энэ хуулийн 16.11, 16.12, 16.13, 16.14-т заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулах албан татварыг тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсхүл газар эзэмших, ашиглах эрхтэй этгээд хэлцэл хийгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ” гэсний дагуу татвар төлөгч өөрөө биш харин “суутган төлөгч” буюу тухайн тохиолдолд газар эзэмших эрхийн эцсийн өмчлөгч этгээд болох нэхэмжлэгч “Б к” ХХК төлөхөөр байна.
3.7. Энэхүү хэргийн тухайд, нэхэмжлэгч “Б к” ХХК нь “Ү р” ХХК, “Х Э” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэн авах замаар тус компаниудын газрын эрхийг эзэмшигч болж байгаа тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “...“Б к” ХХК нь “Ү р” ХХК, “Х Э” ХХК-ийн толгой компани болсноос биш эдгээр компанийн газар эзэмших эрхийг шилжүүлэн аваагүй, толгой компани хараат болон охин компанийхаа өрийг хариуцахгүй” гэх тайлбар үндэслэлгүй.
3.8. Түүнчлэн 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар аж ахуйн нэгжийн эцсийн эзэмшигчийн хувьцаа, хувь оролцоог өөрчлөх замаар эрх борлуулах, шилжүүлэхтэй холбоотой татварын харилцааг тусгайлан зохицуулаагүй, тухайлбал энэ замаар тодорхой эрхийг борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн орлогод тооцох тухай тодорхой зохицуулалт байгаагүй тул 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсгийг “аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулах” хуулийн зорилго болон “суутгагч”-ийн талаарх зохицуулалтын агуулгад нийцүүлэн тайлбарласан байдаг.
3.9. Үүнээс үзвэл, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2008 оны Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж заасан, уг зүйлд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт орж, “хуульд заасны нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус зохицуулсны дотор суутгагчийн үүрэгтэй холбоотойгоор хариуцлага хүлээх зохицуулалт байхгүй талаар Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 61 дүгээр тогтоолд дүгнэсэн тул анхан шатны шүүхээс тус зөрчилд ногдуулсан 713,700,000.00 төгрөгийн төлбөрөөс 475,800,000.00 төгрөгийн нөхөн татварын төлбөрийг хэвээр үлдээж, үлдэх 142,740,000.00 төгрөгийн торгууль, 95,160,000.00 төгрөгийн алданги, нийт 237,900,000.00 төгрөгийн төлбөрийг бууруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
4. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын тухайд:
4.1. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №НА-3522********* дугаартай нөхөн ногдуулалтын актаар актын тэмдэглэх хэсгийн
- 1-д 2018 онд 324,71,363.64 төгрөгийн, 2019 онд 675,745,563.64 төгрөгийн, 2020 онд 251,980,254.55 төгрөгийн орлогыг урьдчилж орсон орлого дансанд бүртгэж, санхүүгийн балансад харуулсан боловч борлуулалтын дансны борлуулалтаар хүлээн зөвшөөрч Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаж, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй, 2018 онд 324,712,363.64 төгрөгийн, 2019 онд 675,745,563.64 төгрөгийн, 2020 онд 251,980,254.55 төгрөгийн борлуулалтын орлогыг урьдчилж орсон орлого дансанд бүртгэж орлого хойшлуулсан зөрчлийг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй,
- 3-д 2020 онд 987,759,938.43 төгрөгийн үйл ажиллагаанд хамааралгүй зардалд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайлангийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалт” хэсэгт тусган төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчил нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн заалтыг тус тус зөрчсөн гэж маргасан.
4.2. Дээрх зөрчлүүдэд холбогдуулан Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор ...татварын улсын байцаагчид
- 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “М” ХХК-ийн GC1204********* гэрээгээр 34,865,100.00 төгрөг байрны төлбөрт, GC13412******* гэрээгээр 10,001,500.00 төгрөг байрны төлбөрт, GC1201************ гэрээнд заасны дагуу 312,317,000.00 төгрөгийн тооцоог “Э С Д г” ХХК руу хаасан нийт 324,712,363.64 төгрөгийг урьдчилж орсон орлого дансанд бүртгэж, орлого хойшлуулсан гэж,
- мөн дээрх гэрээтэй холбоотой 2019 онд GC4231204305 тоот айлын төлбөр, “Р” ХХК-ийн GC2-53140********* байрны тооцоонд урьдчилгаа үүсгэв, GC20411************ тоот гэрээний дагуу урьдчилгааг RGP/18/0**** тоот гэрээний төлбөрөөс суутган тооцсон нийт 675,745,563.64 төгрөгийн гэж,
- 2020 онд “М” ХХК-ийн GC1204403299 байр захиалагчаас авах авлага 86,821,400.00 төгрөг, 146,235,400.00 төгрөг, 44,121,480.00 төгрөгийн нийт 251,980,254.55 төгрөгийн гэж зөрчилд тооцсон нь үндэслэлтэй байна. Учир нь 2018 онд 324,71,363.64 төгрөгийн, 2019 онд 675,745,563.64 төгрөгийн, 2020 онд 251,980,254.55 төгрөгийн орлогыг урьдчилж орсон орлого дансанд бүртгэж, санхүүгийн балансад харуулсан боловч борлуулалтын дансны борлуулалтаар авч тайлагнаагүй гэж, харин тэмдэглэх хэсгийн 3-т дурдсан зөрчил буюу ...төлөлтийн тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалт хэсэгт тусган төсөвт төлөх татварыг бууруулсан гэх зөрчлийн талаар
- “Б к” ХХК нь нь “Э н д” ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр “Га” хотхоны 1401 дуусаагүй барилгыг 6,168,423,010.00 төгрөг буюу НӨАТ багтсан үнээр шилжүүлэх, худалдан авагч буюу “Э д” ХХК төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар “Б к” ХХК-ийн 1401 блокийн дуусаагүй барилгатай холбоотой 2019 онд гарсан зардлыг хасах нь зүйтэй гэж,
- нэхэмжлэгч “Б к” ХХК-аас “Н” ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 381,304,074.00 төгрөгийн дүн бүхий “Тавилга бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулсан бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Гэрээ дүгнэсэн актаар урьдчилгаа төлбөрт 237,156,577.00 төгрөг, хугацаа хэтэрсэн хоногийн алдангид 5,571,644.00 төгрөг, NCD RGR05********** гэрээний 311 дүгээр барилгын 2 давхрын үйлчилгээний талбайн төлбөрт 128,714,707.00 төгрөгийг тус тус баталгаажуулсан зөрчилд ...төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй талаар дурдаад, харин татварын улсын байцаагчид 2018 онд 19,579,709.09 төгрөгийн, 2020 оны 191,788,044.55 төгрөгийн нийт бартерын борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнаагүй 211,367,753.55 төгрөгийн зөрчилд ... нийт 31,705,163.04 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэж, хүчингүй болгож шийдвэрлэжээ.
4.3. Дээрх 2019 оны 207,984,040.00 төгрөгийн зөрчлөөс 117,013,370.00 төгрөгийн зөрчил нь тогтоогдсон, үлдэх хэсэг нь үндэслэлгүй талаар Шинжээчийн дүгнэлтэд тодорхой дүгнэжээ.
4.4. Харин анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч “Б к” ХХК-иас Гарден сити-1 орон сууцны цогцолбор хотхоны 1201, 1204 тоот 2 блок барилгыг захиалагчид худалдан борлуулахдаа “Орон сууц захиалгын гэрээ”-нд заасан орон сууцыг Улсын комисст ашиглалтад оруулж, захиалагчид актаар хүлээлгэн өгснөөр борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч, 2019 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнасныг буруутгах үндэслэлгүй, энэ нь СТОУС-ын стандарт болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасантай нийцсэн, ...эдгээр зөрчлүүд үндэслэлгүй талаар шинжээчийн дүгнэлтэд дүгнэсэн, ... “Б к” ХХК-д “В к” ХХК-иас 2019 онд нийт 987,657,586.01 төгрөгийн, 2020 онд 448,776,374.00 төгрөгийн, “Б” ХХК-иас 2019 онд нийт 332,938,157.00 төгрөгийн, 2020 онд 207,858,872.99 төгрөгийн, “Ф м” ХХК-иас 2019 онд нийт 603,142,701.73 төгрөгийн, 2020 онд 429,899,585.28 төгрөгийн и-баримтыг тус тус шивж өгсөн, эдгээр и-баримтууд нь Гард******* хотхоны 1401 тоот дуусаагүй барилгад хамаарч байгаа нь Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон” гэж дүгнэн, нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1 болон 3 дахь хэсэгт заасан 2018 онд 324,712,363.64 төгрөгийн, 2019 онд 675,745,563.64 төгрөгийн 2020 онд 251,980,254.55 төгрөгийн борлуулалтын орлогыг урьдчилж орсон орлого дансанд бүртгэж, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй гэх зөрчлийн дүнд холбогдох нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.5. Учир нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно” гээд 8.1.1-д “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно” гээд 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө гээд 12.1.3-т үйлчилгээний орлогыг хүлээж авсан, эсхүл гэрээ, хэлцэлд заасан нөхцөлийг хангаснаар” гэж,
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна” гээд 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д “Албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасч тооцно” гэж тус тус заажээ.
4.6. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд Нэмэгдсэн өртгийн албан татвар нь бусдаас худалдан авсан бараа, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараа буцааж авах эсхүл хасч тооцуулах зарчимтай, өөрөөр хэлбэл, аж ахуй эрхлэгч нар үйл ажиллагаа явуулахын тулд бусдаас худалдаж авсан бараа үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараа өөрийн барааг бусдад борлуулах үедээ тэдгээр худалдан авагч нарын төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасах зарчимтай тул эцсийн борлуулалт хийгдээгүй байхад татвар ногдуулах нь нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх зохицуулалтад нийцэхээргүй байна.
4.7. Тухайн тохиолдолд, хариуцагчаас “Б к” ХХК-ийн 2018 онд борлуулалтаар тайлагнаагүй гэх 324,712,363.64 төгрөг нь НӨАТ-тай дүнгээр 357,183,600.00 төгрөг байх бөгөөд тухайн орлогыг нийт гэрээний үнийн дүнгээр буюу 768,107,00.00 төгрөгөөр борлуулалтаар тайлагнаж, 2019 оны 12 дугаар сард 3 ширхэг и-баримт бүртгэсэн, 2019 онд борлуулалтаар тайлагнаагүй гэх 675,745,563.64 төгрөг нь мөн НӨАТ-тай дүнгээр 743,320,120.00 төгрөг байх бөгөөд тус орлогоос 279,917,520.00 төгрөгийн орлогыг 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн и-баримтаар, 79,894,600.00 төгрөгийн орлогыг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн и-баримтаар тус тус шивж, үлдэх 383,508,000.00 төгрөгийн борлуулалтыг “Э д” ХХК руу шилжүүлсэн нь төлбөрийн нэхэмжлэх болон баримтууд, “Э н д” ХХК нь тухайн орон сууцнуудыг борлуулж и-баримтаар тайлагнасан, харин 2020 онд борлуулалтаар тайлагнаагүй гэх 251,980,254.55 төгрөг нь НӨАТ-тай дүнгээр 277,178,280.00 төгрөг байх бөгөөд тус орлогоос 130,942,880.00 төгрөгийн орлогыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн и-баримтаар, 146,235,400.00 төгрөгийн орлогыг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн и-баримтаар тус тус шивж тайлагнасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул эдгээрийг зөрчилд тооцож, татвар, торгууль, алданги тооцсон нь үндэслэлгүй.
4.8. Мөн шинжээчийн дүгнэлтэд маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын 3 дахь зөрчилд холбогдуулан 2018 онд борлуулалтын орлогоор тайлагнаагүй гэх НӨАТ-гүй дүнгээр 324,712,363.64 төгрөгийн орлогыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 3 ширхэг и-баримтаар, 2019 онд борлуулалтын орлогоор тайлагнаагүй гэх НӨАТ-гүй дүнгээр 675,745,563.64 төгрөгийн орлогыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2 ширхэг, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1 ширхэг, “Эх ногоон дэлхий” ХХК руу шилжүүлсэн орон сууцны борлуулалтыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1 ширхэг, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1 ширхэг и-баримтаар, 2020 онд борлуулалтын орлогоор тайлагнаагүй гэх НӨАТ-гүй дүнгээр 251,980,254.55 төгрөгийн орлогыг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2 ширхэг, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1 ширхэг и-баримтаар тус тус шивж борлуулалтаар тайлагнаж, татвар ногдуулсан болох нь тогтоогдсон тул тухайн зөрчилд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй гэх үндэслэлээр нөхөн татвар, торгууль, алданги оногдуулсныг анхан шатны шүүхээс бууруулсан нь үндэслэлтэй байна.
4.9. Харин нэхэмжлэгч компанийн 2019 оны 207,984,040.00 төгрөгийн бартераар борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнаагүй талаар “Б к” ХХК нь 2019 оны НӨАТ-тэй дүнгээр 128,714,707.00 төгрөгийн, НӨАТ-гүй дүнгээр 117,013,370.00 төгрөгийн зөрчил гаргасан болох нь мөн дүгнэлтээр тогтоогджээ. Ийнхүү зөрчил гаргасан нь нэгэнт эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдсон учир шүүхээс уг зөрчилд илүү ногдуулсан 13,645,600.50 төгрөгийн төлбөрийг бууруулсныг буруутгах боломжгүй.
4.10. Товчхондоо хариуцагчаас маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч компанийг татварын тайлангаа хугацаа хэтрүүлэн тайлагнасан гэдгээр бус татвараа огт тайлагнаагүй гэж буруутган нөхөн ногдуулалтын актыг үйлдсэнд анхан шатны шүүхээс “...Урьдчилж олсон орлого дансанд бүртгэж, санхүүгийн балансанд харуулсан боловч борлуулалтын дансны борлуулалтаар авч тайлагнаагүй, бартерын солилцооны борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнаагүй, орлого хойшлуулсан, албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй ... зөрчлийн дүнд холбогдох нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгох нь зүйтэй” дүгнэлт хийж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.
4.11. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №НА-3522000066 дугаартай нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1, 3 дахь заалтад дурдсан зөрчлүүдийг нэхэмжлэгч “Б к” ХХК-аас дээр дурдсан хугацаанд тайлагнаж, татвар ногдуулсан болохыг нотлох төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, дансны дебет, кредитийн бүртгэл гэх зэрэг санхүүгийн анхан шатны баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.
4.12. Маргаан бүхий 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №НА-3522000066 дугаартай нөхөн ногдуулалтын актаар актын тэмдэглэх хэсгийн 2-т дурдсан зөрчлийн талаар нэгэнт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдолд холбогдуулан дүгнэсэн тул энэ талаар дахин дүгнэх шаардлагагүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийн оролцогч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 990 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч улсын байцаагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА