| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2023/0221/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/227 |
| Огноо | 2023-05-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
Улсын яллагч Л.Наранхүү,
Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ад холбогдох эрүүгийн 2334000000150 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн 3-9 тоотод оршин суух хаягтай,
Урьд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Г.А
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутаг дэвсгэр 6-67 тоотод оршин суух иргэн Б.Баттөрийн гэрээс 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хуавэй мате 30 про маркийн гар утас хулгайлан авч 425.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.А нь: “Би 4 сарын 3-ний өдөр жаахан юм уучихаад хүний юм авсан. Гэм буруугаа ухаарч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2334000000150 дугаартай дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Үүнд: Шүүгдэгч Г.А нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутаг дэвсгэр 6-67 тоотод оршин суух иргэн Б.Баттөрийн гэрээс 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хуавэй мате 30 про маркийн гар утас хулгайлан авч 425.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
-Хохирогч Б.Баттөрийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод байхдаа фэйсбүүк хаягаар туслах уяач авна гэсэн зар тавьсан юм. Тэгээд удалгүй над руу 94191241 гэсэн утсаар залгаад би тааны туслах уяач хийж гэж хэлсэн. Тэгээд би уг өдрөө Угтаалцайдам сум явах унаанд суулгаад мөн аавыг тосоод авчих гэж хэлээд өөрөө хотод үлдсэн юм. Би уг залууг хөрөөгүй шөнө Угтаалцайдам суманд ирчихлээ гэж хэлсэн. Тэгээд би өнөөдөртөө амарчих гэж хэлээд утсаа салгасан юм. Маргааш буюу 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр надтай цуг морь уядаг н.Ариунбаолд утсаар яриад энэ ирсэн хүн бүтэхгүй хүн байна архи уугаад надад туслахгүй байна та энэ хүнээ хот явах машинд суулгаад явуул гэж хэлсэн. Тэгээд би за гэж хэлээд хот явуулах машинтай ярьж байхад 15 цагийн үед манай ээж ирсэн хүч чинь хувцсаа аваад яваад өглөө явуулах юм уу гэж асуусан. Тэгэхээр нь би явуул би хот явах унаа олсон гэж хэлээд утсаа салгаад байж байхад хэсэг хугацааны дараа ээж залгаад гэрт байсан чиний авч өгсөн утас алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. алан болсон уг утсыг би 10 хоногийн өмнө Улаанбаатар хотын 800.000 төгрөгөөр аваад хурдан морь унадаг хүүдээ түр барьж байг гэж өгсөн юм. Тэгээд алга болсон утсаа олуулах гээд хуулийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,
-Гэрч Б.Түмэндэлгэрын “...Би тань мэдэхгүй, манай ангийн найз Г.Баттулга нь над руу 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 17 цаг 44 минутын үед өөрийнхөө 98513131 гэсэн дугаараас залгаад найз нь туслах уяач оллоо чи хот руу ирэх гэж байгаа бол сумаас аваад ирээч гэсэн би чи хаана туслах олсон юм гэж асуухад Зүүнхараагаас Угтаалцайдам суманд ирсэн байна гэнэ чи байгаа газраас нь аваад ир гэж хэлээд надад 94191241 гэсэн дугаар руу лага би фэйсбүүк хаягаас олсон юм гэж хэлсэн. Тэгээд би өгсөн дугаар руу залгаад чи хаана байгаа юм гэж асуухад Угтаалцайдам сумын дөрвөн давхар ногоон байрны хажууд явж байна та ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд би соёлын төвийн хажууд байх дөрвөн давхар ногоон байран дээр очоод уг Г.А гэх залуутай уулзаад машиндаа суулгаад авч явахаар байж байхад манай сумын морь уядаг найз н.Батпүрэв ирээд чи наад хүнээ авч явж болохгүй н.Баттөрийн туслахаар ирсэн н.Баттөр цагдаад гомдол гаргасан гэсэн. Н.Баттөрийн гэрээс эд зүйл алга болсон байх гэж хэлсэн. Тэгээд би машинаасаа буулгаад байж байхад удалгүй цагдаа ирж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,
-Гэрч Я.Шөхөөгийн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 14 цаг өнгөрч байх гэртээ байж байхад манай хүүгийн туслах уяачийн гэрт байдаг морь унаач хүүхэд н.Бат-Эрдэнийн барьж байсан том хар дэлгэцтэй утас алга болсон. Уг утсыг манай хүү н.Баттөр нь хэд хоногийн өмнө хотоос ирэхдээ 800.000 төгрөгөөр авлаа, н.Бат-Эрдэнэ чи барьж бай гэж хэлээд өгсөн юм. Уг утас нь гэрээс алга болсон, тэгээд би хүү н.Баттөрд утсаар яриад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,
-Гэрч Ч.Ариунболдын “...Би 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр адуугаа услаад хашаандаа морьдоо тэжээгээд байж байхад манай морь унаач хүү н.Бат-Эрдэнэ нь н.Баттөр ахын надад өгсөн утас нь алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би н.Шөхөө эгчид чи орж хэл, н.Баттөр рүү утсаар ярь гэж хэлээд н.Шөхөөгийн эгчийн гэр рүү оруулсан. Тэгээд өөрсдийнхөө байдаг гэрт ороод Huawei pro-30 маркийн гар утсыг хайгаад олоогүй. Тэгээд цагдаад хандсан н.Баттөр өмнөх өдөр нь буюу хотоос туслахаар ирэн Г.А гэх залуу хот явахаар болоод гэрээсээ цүнхтэй хувцсаа аваад явсан. Уг залуу алга болсон утсыг авсан байж магадгүй, өмнө манай гэрээс эд зүйл алга болж байгаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-23 тал/,
-Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24-25 тал/,
-“Дамно” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №ТЦ-23-49 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-36 тал/,
-Шүүгдэгч Г.Алтан-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд байж байгаад хот руу явахаар болоод н.Баттөр ахын гэр рүү ороод цүнхтэй хувцсаа авах гэтэл гэрийн унинд том дэлгэцтэй утас хавчуулсан байсан. Тэгэхээр нь би тэр утсыг нь аваад халаасандаа хийчихсэн юм. Тэгээд тэндээсээ хот явах машинд суугаад явж байхад сумын цагдаа зогсоогоод тэгээд миний авсан утас машинаас гарч ирээд баригдсан. Тухайн үед би уучлалт гуйгаад утсыг нь буцаагаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Дээрх тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Г.Алтан-Эрдэнийг “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.А нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат 2 дугаар багийн нутаг дэвсгэр 6-67 тоотод оршин суух иргэн Б.Баттөрийн гэрээс 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Хуавэй мате 30 про маркийн гар утас хулгайлан авч 425.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Шүүгдэгч Г.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Г.А нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Прокуророос шүүгдэгч Шүүгдэгч Г.Алтан-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Г.Алтан-Эрдэнийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Г.А нь хохирогч Б.Баттөрд эд хөрөнгийн хохирол учруулж, эд хөрөнгийн эрхэд халдсан байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол, хор уршиг учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн шинжийг хангасан байна гэж хуульчилсан.
Тухайлбал шүүгдэгч Г.Алтан-Эрдэнийн хувьд хохирогч Б.Баттөрийн “Хуавэй мате 30 про” маркийн 425.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байна.
Дээрхтэй нөхцөл байдалтай холбоотойгоор шүүгдэгч Г.Алтан-Эрдэнийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн эсэхээс үл шалтгаалан тухайн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол, хор уршиг учирсан тул хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзэж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Тэрээр шүүгдэгч Г.Алтан-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл нь хохирогч Б.Баттөрд учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч Г.А нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Алтан-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Л.Наранхүүгээс: “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөлтэй, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч Л.Алтан-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж гаргаж байна. Хэрэгт битүүмжлэгдсэн болон мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэх ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч Г.Алтан-Эрдэнийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Г.Алтан-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир шүүгдэгч Г.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй, нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Алтан-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршиг бусад асуудлаар:
Шүүх хуралдааны товыг хохирогч Б.Баттөрд мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй,
Эрүүгийн 2334000000150 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Алтан-Эрдэнийн нийтэд тустай ажил хийлгэх ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА