Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/232

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

-Улсын яллагчаар Л.Наранхүү,

-хохирогч Э.Б, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,

-Шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Нид холбогдох эрүүгийн 2134003890137 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т.Н

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл майнинг” ХХК-ийн үйлдвэрийн байр руу хууль бусаар нэвтэрч, улмаар хамгаалагч нараас нь зугтаж явахдаа “Сонор” ХХК-ийн харуул хамгаалалтын ажилтан Э.Б луу чулуу шидсэний улмаас нүүрэн тус газар нь онож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Т.Н нь: “Тухайн өдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11:00 цагийн үед уурхай дээр очсон. 70, 80 хүн цугласан байсан. Нэг хүн цагдаатай юм яриад намайг заагаад байсан. Юу болсон юм бэ, яасан юм гээд би цагдаа дээр өөрөө очиход намайг тоогоогүй. 3 хоногийн дараа хоёр цагдаа орж ирээд гэрээс авч явсан. Тэгээд гэрчийн мэдүүлэг аваад, цуг явж байсан хүмүүсээ аваад ир гээд бид дөрөвт камерын бичлэг үзүүлсэн. Тэгээд та нар биш байна, арай залуу хүмүүс байна гээд явуулсан. Хоёр хоногийн дараа дахиад өглөө 2 цагдаа ирсэн. Тэгээд гавлаад чи “Бүрдэл Майнинг”-ийн хүнийг зодсон хүн мөн байна, чи тэр хүн мөн байна, чи цохисон хүн нь яг мөн байна гээд намайг цагаан сарын дараа дуудна гээд явуулсан. Тэгээд цагаан сарын дараа 10 цагт дуудсан. Тухайн үед дөрвөн хүн байсан. Манай хүргэн бас архи уусан хэргээр цагдаагийн газарт ирсэн байсан. Тэгээд хүргэнээ чи яасан гэсэн чинь ...нэг хамгаалалтын ажилтныг цохиж зодсон юм болсон юм байлгүй дээ гэж хэлж байсан. Тэгэхэд энэ залуу хараад суугаад байсан. Хоёр цагийн дараа таних ажиллагаа явуулна гээд 4 хүн цуг оруулсан. Тэгээд аль дугаарын авахын гэхээр нь би 2 дугаарыг авсан. Гэтэл энэ залуу орж ирээд намайг заасан, тэгээд надаас яллагдагчийн мэдүүлэг авсан. Би өөрийнхөө зургийг угаалгаад прокурорт өргөдөл өгөөд, өмгөөлөгч авсан. Би ял завших гэж ингээгүй үнэн зөвөө л хэлж байна” гэв.

Хохирогч Э.Б нь: “Би “Бүрдэл Майнинг” ХХК-д харуул хамгаалалтын ажилтан хийдэг байсан. Шөнө ажил дээрээ сууж байсан чинь доошоо нинжа нар орлоо гэхээр нь Эрдэнэмөнх ахтай доошоо гүйсэн чинь 4, 5 хүн байсан. Бид хоёрыг очсон чинь цаашаа зугтацгаасан. Гэтэл нэг хүн доороос гараад ирэхээр нь бариад авсан чинь над руу цаанаас нэг хүн чулуу шидсэн. Би шүд амаа ийм болгочхоод гомдолтой байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл майнинг” ХХК-ийн үйлдвэрийн байр руу хууль бусаар нэвтэрч, улмаар хамгаалагч нараас нь зугтаж явахдаа “Сонох” ХХК-ийн харуул хамгаалалтын ажилтан Э.Б луу чулуу шидсэний улмаас нүүрэн тус газар нь онож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Эд зүйл /хяналтын камерын дүрс бичлэг/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-15 тал/,

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-20 тал/,

-Хохирогч Э.Бын “...Тухайн шөнө би ажил үүргээ гүйцэтгэж байх үед камер хянагч 23 цаг 58 минутад 1 болон 2 дугаар үйлдвэр рүү 5 нинжа нар орчихсон байна гэж станцаар мэдээлэл өгсөн, мэдээллийн дагуу хамгаалагч н.Эрдэнэмөнхийн хамт үйлдвэрийн хоёр талаар нь тойроод очсон чинь бид хоёрыг хараад нөгөө хүмүүс зугтаж эхэлсэн. Би хойноос нь хөөгөөд эрээн хувцастай, бордуу царайтай надаас нуруу намхан, 40 орчим насны эрэгтэй хүн байсан. Тэр хүнийг бариад авсан чинь урд нь гүйж явсан эрээн өмдтэй, юүдэнтэй саарал малгай цамцтай, нуруугаар надтай ойролцоо 30 дөнгөж гарч байгаа байх тийм хүн байсан. Тэр эргэж харангуутаа хөөе наадхаа тавь гаснаа 2.5 метр орчим зайнаас зангидсан гар шиг хэмжээтэй чулуу газраас аваад шууд миний нүүр рүү шидчихсэн. Тэгээд би нөгөө хүний тавиад явуулчихсан. н.Эрдэнэмөнх ах араас нь хөөгөөд барьж чадаагүй. Удаагүй н.Золжаргал ээлжийн ахлах ирээд нөгөө хүмүүсийг хайгаад олоогүй...,...Нүд хөмсөг, царай төрхийг нь сайн санаж байна. Үйлдвэрийн гэрэлтүүлгийн доор харсан учир өдөр юм шиг царайг нь харсан. Маскаа эрүүн доогуураа шахуу хийчихсэн байсан. Үүдэн 4 ширхэг шүд хугарсан, уруул сэтэрсэн, эрүү маш их өвчтэй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

-Гэрч А.Эрдэнэмөнхийн “...2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ал угаах төхөөрөмжний нацосон дээр засвар хийгээд усан буу нь буудаагүй байсан. Ажилчид засвар хийж дуусаад 23 цаг 10 минутад хоолондоо явсан. 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 00 цаг 05 минутаас 10 минутын орчимд хууль бус гар аргаар алт олборлогч иргэд шлиц буюу үйлдвэр гэх газар руу хүмүүс орчихлоо гээд камер хянагчаас эхэлсэн. Тэгэхээр нь н.Барсбаатар бид 2, үйлдвэрийн баруун зүүн талаар нь гүйгээд орсон. Тухайн үед 8-аас 10 орчим хүн байсан. Би тухайн хийн буутай байсан. Тухайн хүмүүсийг байгаа газраа зогсоорой гэж анхааруулга өгсөн. Тэгсэн зогсохгүй бүгд зугтаасан. Тэгсэн Э.Б сүүлд гүйж явсан нэг залууг нь бариад авсан чинь урд нь зугтаж явсан хоёр залуу эргэж ирээд саарал юдэнтэй цамцтай эрэн хувцастай залуу нь Э.Быг чулуугаар цохичхоод зугтчихсан. Ийм л үйл явдал болсон..., ...Танина, нэг залуу нь намхан эрээн хувцастай, 50 арай хүрээгүй насны маскгүй байсан, хараад шууд танина. Чулуугаар цохисон залуу бол саарал юдэнтэй цамцтай эрээн хувцастай, өндөр нь 175 см орчим өндөртэй, царайг нь харвал танина. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цагаас 17 цагийн хооронд Бүрдэл майнинг ХХК-ийн алт угаах төхөөрөмж рүү 200 орчим тооны хууль бус гар аргаар алт олборлогч иргэд дайрсан. Тухайн үед цагдаа нар хамгаалалт авсан байсан. Тэгсэн чинь тэр хууль бус гар аргаар алт олборлогч иргэд дунд Э.Бын нүүр рүү чулуу шидсэн залуу зогсож байсан. Би хараад таньчхаад өндөр шар бүдүүн цагдаа байсан. Тэр цагдаад тэр хүн урьд шөнө манай хамгаалагчийн нүүр рүү чулуу шидсэн хүн мөн байна гэж хэлсэн. Урьд шөнө нь өмссөн хувцастайгаа явж байсан. Нөгөө хүмүүс нь бол харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 тал/,

-Гэрч Г.Золжаргалын “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 00 цаг 10 минут орчимд байх камер 2 дугаар үйлдвэр рүү хүн орчихлоо гэж станцаар мэдээ өгсөн. Тэгээд станцаар Э.Б, н.Эрдэнэмөнх хоёртой станцаар холбогдоод танай хэсэг рүү хүн орчихлоо хичнээн хүн явж байна гэж мэдэгдсэн. Тэгээд би орон нутгийн замаар яваад очсон чинь зугтсан хүмүүс нь огт харагдахгүй байсан. Хамгаалагч дээрээ яваад очсон чинь Э.Б нь гэмтсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан..., ...Манай хамгаалагч А.Эрдэнэмөнх 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 11 цагаас 16 цагийн хооронд болсон хууль бус гар аргаар алт олборлогч иргэд дайрсан үеэр Э.Быг цохьсон залуу тэр байна гээд шууд таниж байсан. Эрээн хувцастай саарал юдэнтэй цамцтай, хар малгайтай 173 см орчим өндөвтөр залуу байсан. Э.Б харвал бас таних байх. Одоогоор Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа..” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

-Гэрч Г.Ганболдын “...Манай цагдаагийн хэлтэст 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Бүрдэл Майнинг ХХК-ийн усан буу руу хууль бус гар аргаар алт олборлогч иргэд дайраад байна гэх утгастай дуудлага, мэдээлэл ирээд, цагдаагийн алба хаагч нар тухайн дуудлагад очсон. Тухайн дуудлагад очих үед тухайн газарт 200 гаруй хууль бус гар аргаар алт олборлогч иргэд цугласан байсан. Тэгээд байж байсан чинь “Бүрдэл майнинг” ХХК-ийн харуул хамгаалалтын Сонор ХХК-ийн  хамгаалагч гээд нэг хүн саарал малгайтай, цамцтай хар хөх малгайтай эрээн хувцастай залууг зааж байсан. Тухайн залууг хажуугаар өнгөрсөн хүнээс тэр залуу хэн бэ гэсэн чинь очирын гудамжинд амьдардаг 9009 гэсэн дугаартай саарал өнгийн аллион гээд машинтай Т.Н гээд залуу байна. н.Нямка гэж дууддаг шүү дээ гэж байсан. Тэгээд би энэ талаар мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10977 дугаартай “...Э.Бын биед зүүн доод 1, 2, 3-р шүдний булгарал, баруун дээд 1, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, сулрал, уруулд няцарсан шарх, язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гурван шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42 тал/,

-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 84 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Т.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэл майнинг” ХХК-ийн үйлдвэрийн байр руу хууль бусаар нэвтэрч, улмаар хамгаалагч нараас нь зугтаж явахдаа “Сонор” ХХК-ийн харуул хамгаалалтын ажилтан Э.Б луу чулуу шидсэний улмаас нүүрэн тус газар нь онож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Прокуророос шүүгдэгч Т.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Т.Нийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Т.Н нь хохирогч Э.Быг хувийн таарамжгүй харилцааны улмаас цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Т.Н нь хохирогч Э.Быг цохисны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна. Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд цээжинд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангаас “...таниулах ажиллагаа хийхдээ хөндлөнгийн гэрчийг байлцуулаагүй, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хууль зөрчиж авагдсан учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй, нотолбол зохих байдлыг хийж чадаагүй учраас  цагаатгаж хэргийг хэрэгсэргүй болгож өгнө үү..” гэх хүсэлтүүд гаргасанг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Бын “...Нүд хөмсөг, царай төрхийг нь сайн санаж байна. Үйлдвэрийн гэрэлтүүлгийн доор харсан учир өдөр юм шиг царайг нь харсан. Маскаа эрүүн доогуураа шахуу хийчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/, гэрч А.Эрдэнэмөнхийн “...Танина, нэг залуу нь намхан эрээн хувцастай, 50 арай хүрээгүй насны маскгүй байсан, хараад шууд танина. Чулуугаар цохисон залуу бол саарал юдэнтэй цамцтай эрээн хувцастай, өндөр нь 175 см орчим өндөртэй, царайг нь харвал танина. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цагаас 17 цагийн хооронд Бүрдэл майнинг ХХК-ийн алт угаах төхөөрөмж рүү 200 орчим тооны хууль бус гар аргаар алт олборлогч иргэд дайрсан. Тухайн үед цагдаа нар хамгаалалт авсан байсан. Тэгсэн чинь тэр хууль бус гар аргаар алт олборлогч иргэд дунд Э.Бын нүүр рүү чулуу шидсэн залуу зогсож байсан. Би хараад таньчхаад өндөр шар бүдүүн цагдаа байсан. Тэр цагдаад тэр хүн урьд шөнө манай хамгаалагчийн нүүр рүү чулуу шидсэн хүн мөн байна гэж хэлсэн. Урьд шөнө нь өмссөн хувцастайгаа явж байсан. Нөгөө хүмүүс нь бол харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 тал/, гэрч Г.Ганболдын “...Тэгээд байж байсан чинь “Бүрдэл майнинг” ХХК-ийн харуул хамгаалалтын Сонор ХХК-ийн  хамгаалагч гээд нэг хүн саарал малгайтай, цамцтай хар хөх малгайтай эрээн хувцастай залууг зааж байсан. Тухайн залууг хажуугаар өнгөрсөн хүнээс тэр залуу хэн бэ гэсэн чинь очирын гудамжинд амьдардаг 9009 гэсэн дугаартай саарал өнгийн аллион гээд машинтай Т.Н гээд залуу байна. н.Нямка гэж дууддаг шүү дээ гэж байсан. Тэгээд би энэ талаар мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/ болон Эд зүйл /хяналтын камерын дүрс бичлэг/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-15 тал/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-20 тал/-ийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Талууд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал,  хүсэлт гаргах эрхтэй ” гэсний дагуу шүүх хуралдааны оролцогч нар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлсэн хохирогчийн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 16.1 дүгээр зүйлийн 11-д “ Энэ хуульд заасны дагуу оролцогчоос прокурор, мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлээгүй бол дангаараа нотлох баримт болохгүй гэж, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-д “.Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй “ гэж тус тус зааснаар хохирогч Э.Б нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тогтвортойгоор мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгчийн хүсэлтүүд нь нөхөн гүйцэтгэх боломжгүй шүүх Эрүүгийн хэрэг хянан шйдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Иймд шүүгдэгч Т.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Л.НаранхүүгээсШүүгдэгч Т.Нийг шүүхээс гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг нь харгалзан 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэх ялын дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Л.Батжаргал: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр гаргах ёстой. Хохирогчийг хохирсон дээр нь бүр хохироосон, мөн хохирол төлбөр төлөхтэй холбоотойгоор завсарлага авахгүй гэж байх шиг байна. Шүүх ялтны цалин, хөрөнгө, бусад нөхцөл байдлыг харгалзах ёстой. Торгуулийн ялыг биелүүлэх үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байна гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Мөнхбаясгалангаас: “Гэм буруу дэрээ маргаж байгаа тул тусгайлан гаргах саналгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Т.Нийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан шударга ёсны болон эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж шүүгдэгч  Т.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Нийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах...” ялтай сонгомол санкцтай гэмт хэрэг байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...торгуулийн ял оногдуулах .” дүгнэлт гаргасанг хүлээн авах боломжгүй.

Учир нь шүүгдэгч Т.Н нь “эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогын эх үүсвэрээ нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул торгуулийн ялыг төлүүлэх нь үндэслэлгүй буюу торгуулийн ял биелэгдэх боломжгүй гэж үзсэн.  

 

Шүүгдэгч Т.Нийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд ял шийтгэлгүй, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсонг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

Хэрэгт авагдсан материалаас үзэхэд хохирогч Э.Б нь 11.668.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхээс нотлох баримтын шаардлага хангасан 168.500 төгрөгийг шүүгдэгч Т.Ноос гаргуулж хохирогч Э.Бт олгож, хохирогч Э.Б нь үлдэх 11.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн 2134003890137 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Т.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Т.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нид оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нид оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Ноос 168.500 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б олгож, хохирогч Э.Б нь 11.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн 2134003890137 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Н нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

           

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА