Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 465

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. У даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Дундговь аймгийн ******* сумын 6-р баг ******* тоотод оршин суух, О овогт Ш ын Х /*******/-гийн ажиллаж байсан байдал  тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жа   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Х миний бие  55 нас хүрч байгаа, улсад 17 жил ажилласан.  1983 оны 7 сарын 23-ны өдрөөс 1991 оны 1 сарын 1-ний өдөр хүртэл Дундговь аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид худалдагч,  1991 оны 1 сарын 1-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Рашаант бүрэн бус хариуцлагатай хоршоонд худалдагч кассчнаар ажилласан. Ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарахгүй байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Х нь ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч Ш.Х-гийн Дундговь аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 7 сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал худалдагч кассчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 10 сарын 04-ний өдрийн 320 дугаартай  тодорхойлолтоор нотлогдож  байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

               Шүүхийн хэлэлцүүлгээр дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 10 сарын 4-ний өдрийн 08/567 дугаартай “******* сумын Худалдаа бэлтгэлийн анги нь 1991 оны 4 сарын 3-нд Рашаант хэрэглээний хоршоо болон улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1991 оны 12 сарын 25-нд Рашаант хэрэглээний ББХК, 1996 оны 4 сарын 27-нд ******* хоршоо болж өөрчлөгдсөн болно” гэх тодорхойлолт

-Дундговь аймгийн Архивын тасгийн  2019 оны 10 сарын 4-ний өдрийн 320 дугаартай “...тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангид 1983 оны 7 сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал худалдагч кассчнаар ажилласан талаарх холбогдох баримт байхгүй байна...” гэх тодорхойлолт

- Өмнөговь аймгийн Техник мэргэжлийн сургуулиас  Ш.Хд 1983 оны 6 сарын 23-ны өдөр олгосон 030575 дугаартай,  1983 оны 7 сарын 1-ний өдөр ******* сумын худалдаа бэлтгэлийн ангийн худалдагчаар томилон ажиллуулав, 1983 оны 7 сарын 23-ны өдөр ХБА-ын худалдагчаар ажиллуулав гэсэн тушаалуудын бичилттэй  хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

-1994 оны 1 сарын 1-ний өдөр Рашаант хоршооноос  Ш.Хд олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар

-Рашаант ББХК ний  тооцоо бодсон баримт

-1987 оны 5 сарын 25-ны өдөр Ш.Хд олгосон 679950 дугаартай 1987-1989 оны цалин болон татварын бичилттэй Монголын үйлдвэрчийн эвлэлийн бат илэрхийлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар

- Дундговь аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1984 оны 2 сарын 30-ны өдрийн 17 дугаартай “худалдагч нарт 12, 1, 2-р саруудын балл үнэлгээт шагнал олгох тухай” тушаалын хуулбар

- Дундговь аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1985 оны 3 сарын 7-ны өдрийн 9 дугаартай “социалист уралдааны болзол дүгнэх тухай ” тушаалын хуулбар

- Дундговь аймгийн ******* сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1989 оны 3 сарын 10-ны өдрийн 10 дугаартай “2 сарын худалдаа үйлчилгээний чанар дүгнэх тухай” тушаалын хуулбар

-Гэрч Х.Ц-н “...Ш.Х нь намайг анх 1988 онд ******* суманд томилогдож очих үед буюу 1988 онд ажиллаж байсан.  Дундговь аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид дэлгүүрийн  хүнсний барааны худалдагч, кассчнаар  1988 оноос 2000 он хүртэл ажилласан хүн. Тус худалдаа бэлтгэлийн анги 1991 онд Хоршоо болох үед ажиллаж байсан.  Ш.Х нь сургууль төгсөж ирээд сумандаа ажилласан, 1988 оноос өмнө нь ажиллаж байсан гэж сонссон. Би 1988-2000 он хүртэл Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн анги, Рашаант хоршоонд дэлгүүрийн  хүнсний барааны худалдагчаар ажиллаж байсан. Бид кассчны ажлаа ээлжлээд хийдэг байсан. Би Ш.Хтай нэг  байгууллагад хамт ажиллаж байсан учраас энэ хүний талаар мэдэж  байна...” гэх мэдүүлэг

-Гэрч Ө.О-ны “...Ш.Х Дундговь аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид хүнсний худалдагчаар 1984 оны 4 сараас 1995 он хүртэл ажилласан. Би 1980-1984 онд Дундговь аймгийн ******* сумын Дунд сургуульд тогоочоор, 1984-1995 онд Дундговь аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эд авдаг чанарын цехэд ажилтнаар ажиллаж байсан. Би Ш.Хтай нэг  байгууллагад хамт ажиллаж байсан учраас энэ хүний талаар мэдэж  байна...” гэх мэдүүлэг

-Гэрч И.Н-н “...Ш.Х нь 1983-2000 он дуустал Дундговь аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн анги, Рашаант хоршоонд тус тус дэлгүүрийн  хүнсний барааны худалдагч, кассчнаар  ажилласан хүн. Би 1982 оны 7 сараас 2000 он дуустал Дундговь аймгийн Худалдаа бэлтгэлийн анги, Рашаант хоршоонд  нягтлан бодогчоор ажиллаж байсан. Байгууллагын нэр өөрчлөгдсөн болохоос ажилтнууд нь үүрэгт ажлаа хийж байсан юм. Би Ш.Хтай нэг  байгууллагад хамт ажиллаж байсан учраас энэ хүний талаар мэдэж  байна...” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.

Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудаар Ш.Х нь 1983 оны 7 сарын 23-ны өдрөөс 1991 оны 4 сарын 3-ны өдөр хүртэл Дундговь аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид, 1991 оны 4 сарын 3-ны өдрөөс  1991 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн ******* сумын  Рашаант хэрэглээний хоршоонд, 1991 оны 12 сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн ******* сумын Рашаант хэрэглээний ББХК-д худалдагчаар тус тус  ажиллаж  байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О овогт Шын Х /*******/ нь 1983 оны 7 сарын 23-ны өдрөөс 1991 оны 4 сарын 3-ны өдөр хүртэл Дундговь аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид, 1991 оны 4 сарын 3-ны өдрөөс  1991 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн ******* сумын  Рашаант хэрэглээний хоршоонд, 1991 оны 12 сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн ******* сумын Рашаанд хэрэглээний ББХК-д худалдагчаар тус тус  ажиллаж  байсан  болохыг  тогтоосугай.  
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.У