Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 30

 

Т.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:
Прокурор С.Сугар,
Нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 201 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор Э.Хосбаярын эсэргүүцлээр тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т.Б, А.С, Л.Х нарт холбогдох эрүүгийн 1930000810117 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1981 онд Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй,  мэргэжилгүй, ам бүл 4, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Хийдийн 20-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Т.Б

2.Монгол Улсын иргэн, 1979 онд Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг, Булагийн 9-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, А.С

3. Монгол улсын иргэн, 1984 онд Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар баг, “Жөнгөөт” гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Л.Х  

Холбогдсон хэргийн талаар:

1. Яллагдагч Т.Б, А.С, Л.Х нар нь бүлэглэж, 2018 оны 07 дугаар сарын 24-өөс 26-ны хооронд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг “Цагаан-Өндөр” гэх газраас А.Эын 2 эр үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 3500000 төгрөгийн хохирол учруулсан,
-2018 оны 07 дугаар сарын 25-ны орчим Уулбаян сумын нутаг “Алтангадас” гэх газраас З.Бийн 2 адуу, С.Бийн 2 адуу, нийт 4 адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 3150000 төгрөгийн,
-2018 оны 09 дүгээр сарын 26-аас 29-ний хооронд мөн сумын нутаг “Лагт” гэх газраас П.Лын 4 адууг хулгайлж 3300000 төгрөгийн, А.Бын 2 адууг хулгайлж, нийт 5300000 төгрөгийн,
-2018 оны 8 дугаар сарын 20-ны үед Уулбаян сумын нутаг “Булшт” гэх газраас Ц.Өийн 2 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1900000 төгрөгийн,  
-2018 оны 10 дугаар сарын 12-оос 14-ний хооронд тус сумын нутаг “Алтангадас” гэх газраас Э.Уын 4 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2600000 төгрөгийн,
-мөн оны 10 дугаар сарын 29-өөс 31-ний хооронд тус сумын нутаг “Рашаант-Ухаа” гэх газраас Т.Эын 5 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 4700000 төгрөгийн,
-мөн оны 11 дүгээр сарын 23-ны шөнө “Дов-Ухаа” гэх газраас Т.Чын 4 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 3500000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 27 бод мал хулгайлж, 24650000 төгрөгийн хохирол учруулсан,  

2. Яллагдагч А.С, Л.Х нар бүлэглэж,
    -2018 оны 11 дүгээр сарын 29-30-ны үед Уулбаян сумын “Бор таваг” гэх газраас Т.Чын 4 тооны адууг хулгайлж, 3400000 төгрөгийн,
-2018 оны 12 дугаар сарын 21-ээс 22-ны хооронд Уулбаян сумын “Бор таваг” гэх газраас Н.Уын 5 адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 4800000 төгрөгийн,
-2018 оны 12 дугаар сарын орчимд Уулбаян сумын “Бор таваг” гэх газраас  Д.Гын 6 адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 4600000 төгрөгийн,
-2019 оны 01 дүгээр сарын 12-оос 16-ны хооронд Уулбаян сумын “Хоолой” гэх газраас Г.Бын 4 үхэр, Э.Эрдэнэхүүгийн 1 үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 6300000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 20 бод хулгайлж, 19100000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь шүүгдэгч Т.Б, А.С, Л.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 201 дүгээр шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Б, А.С, Л.Х нарт холбогдох эрүүгийн 1930000810117 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр тус аймгийн Прокурорын газарт буцааж, шүүхийн шатанд шүүгдэгч  Т.Б, А.С, Л.Х нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Хосбаяр эсэргүүцэлдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол хэлэлцүүлэг явуулахгүй” байхаар хуульчилсан байхад А.С нарт холбогдох эрүүгийн 1930000810117 дугаартай хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч, яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч нар дээрх зүйл, хэсгийн 6 дугаар зүйлд заасан үндэслэлүүдээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй байхад эрүүгийн хэрэгт огт хамааралгүй хүмүүсийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” зарчимыг зөрчиж, хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолвол зохих, үүнийг шүүх хуралдааны явцад ч нотолж болохыг заасан байхад шүүх анхаарч үзээгүй байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон 14 хүний хохирол төлбөрийн асуудал яригддаг бөгөөд бүгд хохирлоо нөхөн төлүүлэх талаар мэдүүлэг өгсөн байхад иргэний нэхэмжлэгчийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор С.Сугар шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:

    Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр яллагдагч Т.Б, А.С, Л.Х нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

    Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн яллагдагч Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлж, шүүгчийн захирамжаар тухайн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзсэн үндэслэл тогтоогдохгүй байна.

    Тодруулбал, шүүгчийн захирамжид дурдсан хохирогч Д.Гын адуугаа хайхдаа зарцуулсан шатахуун, эвдэрсэн моторын үнэ 1139933 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн талаар яллах дүгнэлтийн хавсралтад тусгаагүй орхигдуулсан, яллагдагч Г.Баатархуяг нь А.С, Л.Х нартай бүлэглэж, 7 удаагийн үйлдлээр хулгайлсан нийт малын тоог тооцож, бичихдээ 1 бод мал, 2 сая төгрөгийн зөрүү гаргасан, яллагдагч Л.Хийн улсын дугааргүй ногоон өнгийн Чансаа мотоциклыг битүүмжилсэн тухай тэмдэглэл үйлдэж, үнэлгээ хийлгэсэн атлаа, прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолд тусгалгүй, орхигдуулсан /1-р хавтасны 38-41 х/ зэрэг техникийн шинжтэй алдаанууд байх боловч, эдгээр нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй юм.

    Энэ хэрэгт яллагдагч А.Сын эзэмшлийн 43-73 ХЭҮ улсын дугаартай портер автомашин болон 4 ханатай монгол гэрийг битүүмжилсэн бөгөөд түүний  эзэмшлийн 50-91 ХЭҮ улсын дугаартай “Киа Бонго” загварын тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул уг тээврийн хэрэгслийг битүүмжлэх ажиллагаа хийгээгүйг буруутгах үндэслэлгүй байна. /1-р хавтасны 6-17 х/
    
    Мөн прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон эрүүгийн хэрэг нэгтгэсэн тогтоолуудад хулгайд алдагдсан малын тоог ташаарч бичсэнийг ял өөрчлөн сонсгохдоо зөвтгөсөн байх ба яллагдагч нарын тодорхой эд хөрөнгө битүүмжлсэгдсэн учраас тэдний мал тооллогын баримтуудыг хэрэгт нотлох баримтаар авах шаардлагагүй юм. /3-р хавтасны 116-119 х/

    Хохирогч П.Л нас барсны улмаас түүний эхнэр Д.Оюунцэцэгийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосныг хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу хязгаарласан гэж үзэхгүй.  

    Эрх бүхий албан тушаалтнаас иргэн Ч.Батбаатар, Э.Дашням нарыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байхад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт төлөөллөөр болон биечлэн оролцуулсныг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзнэ. Мөн тэдний өргөдөл, гомдлоор мөрдөн  шалгах ажиллагаа явуулсан нөхцөл байдал энэ хэрэгт тогтоогдохгүй, холбогдох нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хэргүүдийг нэгтгүүлэхээр буцаах үндэслэлгүй юм.  

    Иймд энэ хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Т.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.
    
Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурорын эсэргүүцлийг хангаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 201 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Т.Б, А.С, Л.Х нарт  холбогдох эрүүгийн 1930000810117 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Шүүгдэгч Т.Б, А.С, Л.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.


                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 О.БААТАРСҮХ
                             ШҮҮГЧИД                 Д.БАЙГАЛМАА   
                                                                            С.ОЮУНТУНГАЛАГ