| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 128/2024/0899/З |
| Дугаар | 221/МА2025/0036 |
| Огноо | 2025-01-15 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2025/0036
| 2025 оны 01 сарын 15 өдөр | Дугаар 221/МА2025/0036 | Улаанбаатар хот |
Нийслэлийн Прокурорын газрын
Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд
хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор
Б.С-ийн дүгнэлттэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С;
Дүгнэлт гаргагч: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С
Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.С;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 957 дугаар шийдвэр;
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хариуцагч А.С;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2024/0899/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С-аас “Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.С-ийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн С.Б-д холбогдох 06305ХХ дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 957 дугаар шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Амьтны тухай хуулийн 11.1.9-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С-ийн дүгнэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С давж заалдах гомдолдоо:
3.1. ...Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.” гэж, мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж хуульд зөрчилд тооцох үйлдлийг Зөрчлийн тухай хууль тогтоомжоор хуульчилсан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд буюу тус зүйлийн 1-9 дэх заалтад заасан үйлдлүүд Амьтны тухай хууль зөрчих зөрчилд тооцогдохоор хуульд заасан. Гэтэл шүүхийн дүгнэж буй “Тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах” /Амьтны тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 11.1.9/ үйлдлийг зөрчилд тооцохоор Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлд заасан заалтуудад тусгагдаагүй байхад салбар хуулийн энэ заалтыг иш татаж, Ховд аймгийн М сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэсэн нь зөрчил болно, шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн гэж дүгнэж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна.
3.2. Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 дахь заалтад заасан “Тархац нутаг” гэх, мөн хэсгийн 4.1.9 дэх заалтад заасан “Агнуурын бүс нутаг” гэх хуулийн нэр томьёоны тодорхойлолтоор тайлбарласан ойлголт нь амьтныг барьсан, амьтныг агнасан үйлдэлтэй холбоотойгоор хөндөгдөж, зохицуулагдах ойлголт атал шүүх хуулийн заалтыг буруу тайлбарлан Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь заалтад “Тухайн зөрчил хэд хэдэн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлийн зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэнэ.” гэж, 6 дахь хэсгийн 6.37 дахь заалтад “Байгаль орчны хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 7.6 дугаар зүйлд заасан зөрчил” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5 дахь заалтад “Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ.” гэж, мөн хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.” гэж тус тус зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагч харьяа нутаг дэвсгэрт үйлдэгдсэн Амьтны тухай хууль зөрчих зөрчлийг шалгаж, нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд, мөн тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг нэг мөр тогтоож, шалгаж, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан атал “... зөвшөөрлийн эрхийн бичигтэй, зөвшөөрөгдсөн хугацаанд тухайн тарвагыг агнасан эсэхийг хариуцагч буюу улсын байцаагч А.С тогтоох үүрэггүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.3. Мөн шүүх тогтоох хэсэгтээ тусгай журмаар шийдвэрлэх маргааныг шийдвэрлэсэн буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь заалтад заасны дагуу гомдол гаргах хуулийн заалтыг дурдаж бичсэн нь алдаатай байгааг дурдах нь зүйтэй. Иймд Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.6 дахь хэсгийн 122.6.3 дахь хэсэгт заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0957 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргав.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Маргааны зүйл нь иргэн С.Б-ийн “1 ширхэг хөлдөөсөн тарвага худалдан борлуулах зорилгоор авч явсан” гэх зөрчлийг гомдол мэдээллийн дагуу эрх бүхий албан тушаалтан хянан шалгаад “...1 ширхэг тарвага Агнуурын бүс нутгаас бусад газар тээвэрлэсэн” гэсэн үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг оногдуулсан нь хуульд нийцсэн эсэхтэй холбоотой байна.
3. Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч А.С нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 06305ХХ дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн С.Б-г 1 ширхэг хөлдөөсөн тарвага худалдан борлуулах зорилгоор авч явсан гэх зөрчлийн талаарх мэдээллийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж “1 ширхэг тарвага Агнуурын бүс нутгаас бусад газар тээвэрлэсэн” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т заасны дагуу гурван зуун нэгж буюу 300,000 /гурван зуун мянга/ төгрөгөөр торгож, 820.000 /найман зуун хорин мянга/ төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 4.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.2 дугаар зүйлд заасантай нийцжээ.
3.1. Тодруулбал, иргэн С.Б нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т заасан “...агнуурын бүс нутгаас бусад газар 1 ширхэг тарвага тээвэрлэсэн” гэх зөрчил гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалд авагдсан Экологийн цагдаагийн албаны зөрчил шалган шийдвэрлэх хэлтсийн улсын байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Х-ын “...“Шорлог Хорхог боодог, дурлагсад” группэд тарвага зарна гэж байршуулан ...С.Б ... 103 дугаар цэцэрлэгийн орчимд 1 ширхэг хөлдөөсөн тарвага худалдан борлуулах зорилгоор авч явсан үйлдлийг ...илрүүлсэн” гэх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, мөн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн холбогдогч (иргэн С.Б)-ын “... 2024 оны 09 дүгээр сарын 13-н хавьцаа сайн санахгүй байна. Ховдын М суманд нутагтаа оччихоод ирсэн. Тэгэхэд нутгийн айлууд надад өгсөн юмаа. ...1 ширхгийг нь хот руу гэртээ авч Тэгээд мөнгөний хэрэг гараад “Шорлог Хорхог боодог, дурлагсад” гэсэн фейсбүүк зарын групп дээр 2024 оны 09 дүгээр сарын 31-ний орой дугаараа тавиад зар тавьсан...” гэх мэдүүлэг, гэрэл зураг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
3.2. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Агнуурын бүс нутгаас бусад газарт, ...тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж,
Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т ““тархац нутаг” гэж тухайн амьтан нутагладаг, нүүдэллэдэг, тэдгээрийн амьдрах боломжтой нөхцөл бүрдсэн газар нутгийг”, 4.1.9-д ““агнуурын бүс нутаг” гэж агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах зориулалт бүхий амьтны байршил, тархац нутгийг” хэлнэ, 11.1-д “Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Агнуурын амьтныг дор дурдсан хугацаанд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно:”, 9.1.3-т “урт сүүлт зурам, тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 11.1.9-д “тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн, хуулийн этгээд тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл авч, гэрээ байгуулна.”, 25.3-т “Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт /цаашид “тодорхойлолт” гэх/ олгоно.”, 39 дүгээр зүйлийн 39.2-т “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж,
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол” гэж тус тус заажээ.
3.3. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, зөрчилд холбогдогч иргэн С.Б нь тухайн агнуурыг Ховд аймгаас Улаанбаатар хот руу тээвэрлэн ирснээ хүлээн зөвшөөрсөн үйлдэл нь тарвагыг хот, тосгонд оруулах, нэвтрүүлэхийг хориглосон Амьтны тухай хууль зөрчсөн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байх тул түүнд торгох шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн маргаан бүхий шийтгэлийн хуудсаар хохирол, нөхөн төлбөр болох 820 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний жагсаалтын 38 дугаарт “монгол тарвага 410 000 төгрөг” гэж, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж тус тус заасантай нийцсэн байна.
3.4. Энэ талаар анхан шатны шүүх “... иргэн, хуулийн этгээд нь зөвшөөрөлтэй, зөвшөөрөгдсөн хугацаанд агнасан, бусдаас авсан эсэхээс үл хамаарч түүхий ... тарвагыг хот, тосгонд оруулах, нэвтрүүлэхийг хориглосон байх тул иргэн С.Б-ийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн М сумаас Улаанбаатар хот руу 1 ширхэг тарвага тээвэрлэсэн үйлдлийг зөрчилд тооцсон нь хуульд нийцсэн...” гэх дүгнэлт хийж, дүгнэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
3.5. Нөгөөтээгүүр, зөрчилд холбогдогч иргэн С.Б нь Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч А.С-ийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 06305ХХ дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаагүй, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч, торгууль болон нөхөн төлбөр төлсөн болох нь хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалд авагдсан баримтуудаар нотлогдож байна.
3.6. Мөн Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д “Зөрчлийн тухай хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах;” гэж заасан хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг гүйцэтгэсэн байна.
3.7. Зөрчилд холбогдогч нь тарвага агнах зөвшөөрлийн эрхийн бичиггүй, гарал үүслийн бичиггүй, Ховд аймгийн М сумаас Улаанбаатар хот руу тээвэрлэсэн, тэрээр нэгэнт зөрчлөө хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг төлж барагдуулсан энэ тохиолдолд прокуророос хууль хэрэглээний талаар дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй.
3.8. Учир нь зөрчлийн хэрэгт авагдсан 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хэрэгт зөрчилд холбогдогчийн “... надад хөлдөөгчөөсөө гаргаж өгсөн. Хэзээ агнасныг бол би мэдэхгүй” гэх мэдүүлгээс үзвэл тарвагыг хэзээ, хэдийд, хэн ангасан нь тогтоогдоогүй, хуулиар зөвшөөрсөн хугацаанд тарвага агнасан эсэх нь тодорхойгүй байхад прокуророос “...эрх бүхий албан тушаалтан нь тарвага агнахыг Амьтны тухай хуулиар зөвшөөрсөн 2 сарын хугацаанд үйлдэгдсэн буюу “тээвэрлэсэн” үйлдлийг зөрчилд тооцож шийдвэрлэх ёсгүй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
3.9. Дээрхээс үзэхэд, маргаан бүхий шийтгэлийн хуудас нь хуульд нийцсэн байх тул энэ талаар гаргасан дүгнэлт гаргагчийн “...Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 дахь заалтад заасан “Тархац нутаг” гэх, мөн хэсгийн 4.1.9 дэх заалтад заасан “Агнуурын бүс нутаг” гэх хуулийн нэр томьёоны тодорхойлолтоор тайлбарласан ойлголт нь амьтныг барьсан, амьтныг агнасан үйлдэлтэй холбоотойгоор хөндөгдөж, зохицуулагдах ойлголт атал шүүх хуулийн заалтыг буруу тайлбарлан Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
3.10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0957 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, дүгнэлт гаргагч хяналтын прокурор Б.С-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т заасныг баримтлан дүгнэлт гаргагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА