Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар П.Сэлэнгэбаатарт холбогдох 201601070252 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

           Нарийн бичгийн дарга:                             З.Ганцоож

           Улсын яллагч:                                           Х.Эрдэнэтуяа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч:                         Д.Цэнд-Аюуш      

           Хохирогч:                                                   Б.Даваахатан

           Шүүгдэгч:                                                   П.Сэлэнгэбаатар нар оролцов.    

Монгол улсын иргэн, 1989 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 28 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 4, эхнэр Сувд-Эрдэнэ, 3-6 насны хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 34 дүгээр гудамжны 08 тоот хашаанд оршин суух, ял шийтгэлгүй, НУ-89010617 дугаарын регистертэй, Отгон овгийн  Пүрэвдоржийн Сэлэнгэбаатар.

         Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

         Яллагдагч П.Сэлэнгэбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2016 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00-04 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Соронз” баарны үүдний коридорт бусдыг илтэд үл хүндэтгэн Б.Даваахатанд хүч хэрэглэн нүүрэн тус газар нь мөргөж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж, нийгмийн хэв журмыг бүдүүлэгээр зөрчиж, танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Сэлэнгэбаатарын шүүх хуралдаанд өгсөн: “Би Төв аймгийн Мөнгөнморьт сум руу самарт яваад 2016 оны 10 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө самраас бууж, Багануурт ирсэн юм. Бид хонох газаргүй байсан бөгөөд хамт явж байсан хоёр ах баарны гадна машиндаа унтаад үлдсэн, би дүү Энхбаяртай хамт “Соронз” бааранд орж нэг нэг лааз пиво уугаад бүжиглэж байхад хохирогчийн найз Отгонболд гэх залуу дүү Энхбаярын нуруу руу 2-3 удаа хүчтэй нудрахаар нь би Отгонболдыг алгаж унагаасан. Тэгээд Отгонболд болон тэнд байсан залуучууд зодолдъё гээд баарнаас гараад явсан. Би араас нь гарч явж байгаад баарны үүдний хэсэгт Отгонболдтой таарсан. Отгонболдтой хамт явж байсан нэг залуу намайг заамдаад буланд шахсан. Намайг олон залуучууд хажуу талаас татаад больцгоо гээд байсан. Энэ үед хохирогч Даваахатан ирээд “больцгоо” гээд хажууд ирээд зогсож байсан. Тэгээд би Даваахатаны нүүрэнд нэг удаа мөргөсөн. Би Даваахатанг танихгүй. Би бааранд орохоосоо өмнө  нэг лааз пиво уусан байсан. Хонох газар байхгүй баарны үүдэнд машиндаа хонох зорилгоор ирсэн байсан. Даваахатан над руу дайрсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Даваахатаны өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө 00 цагийн үед найз Отгонболд, Доной, Хасбаатар нарын хамт “Соронз” бааранд ороод нэг нэг пиво захиалж уугаад бүжиглэж байхад Отгонболд нь Сэлэнгэбаатартай маргалдаж байгаад баарнаас гараад явсан бөгөөд араас нь Сэлэнгэбаатар гарсан. Би тэднийг ороод ирэх байх гэж бодоод араас нь гараагүй. Тэгээд баарны үүдний коридор хэсэгт миний үеийн зүс таних нэг залуу Сэлэнгэбаатарыг заамдсан байхаар нь би салгах зорилгоор очоод “больцгоо” гэж хэлтэл Сэлэнгэбаатар нь намайг мөргөсөн. Би салгах үйлдэл хийсэн, өөр ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Сэлэнгэбаатар бид хоёр учраа олохоор Амтлаг дэлгүүрийн хажууд очиж уулзаад хамар муруйчихлаа гэдгээ хэлсэн. Тэр үед Сэлэнгэбаатарын 2 найз нь ирээд тэд явцгаасан. Сэлэнгэбаатар нь надад эмчилгээний зардалд 100.000 төгрөг өгсөн. Одоогоор надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Гэхдээ би хамрандаа гэмтэл авч, 4 жилийн өмнө хамрын хагалгаанд орж, хамраа эмчлүүлсэн байсан. Сая Сэлэнгэбаатарт мөргүүлсний улмаас өмнөх хагалгаа нь ямар ч үр дүнгүй болсон. Тиймээс цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ...” гэсэн мэдүүлэг,

Гэрч М.Дондовдоржийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Даваахатан, Отгонболд, Хасбаатар бид нар “Соронз” бааранд 22 цаг өнгөрч байхад орсон. Даваахатан, Хасбаатар Отгонболд  нар тамхи татахаар баарнаас гараад орж ирэхгүй болохоор нь араас нь гарахаар явж байтал баарны үүдний коридорт танихгүй хэдэн залуучууд заамдалцаад зогсож байсан. Нэг харахад миний дэргэд Даваахатан ирчихсэн зогсож байсан. Баарны хамгаалагч эдгээр залуучуудыг гарцгаа гээд гаргасан. Тэр хооронд Даваахатан миний хамар руу цохьчихлоо гэж хэлсэн. Бид нар баар руу орж гадуур хувцасаа аваад эмнэлэг явцгаасан. Эмнэлгийн хүлээн авах руу Отгонболд, Даваахатан нар ороод гарч ирэхдээ Даваахатан нь хамрын яс хугарсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 19 /

Мөрдөн байцаалтад гэрч У.Отгонболдын өгсөн: “…Хасбаатар, Даваахатан бид гурав бааранд бүжиглэж байтал тэнд бүжиглэж байсан улаан цамцтай залуу юу ч хэлэлгүй намайг шууд хацар руу нэг алгадахаар нь би юм хэлэлгүй баарнаас гарахад араас найз Хасбаатар гарч ирсэн. Тэгээд удалгүй баар руу буцаад орох гэтэл үүдний коридорт олон залуучууд маргалдаж байгаа харагдсан. Улаан цамцтай залуу Даваахатаны нүүр рүү 1 удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-н 20/

Мөрдөн байцаалтад гэрч Н.Энхболдын өгсөн: “...Намайг бааранд бүжиглэж байхад нүдний шилтэй өндөр нуруутай туранхай залуу миний нуруу руу гурван удаа хүчтэй нудрахаар нь би доошоо суугаад босоход тэр залуугийн хацар руу нэг удаа Сэлэнгэбаатар алгадсан. Алгадуулсан нүдний шилтэй залуу баарнаас гараад явсан. Дээрх залуутай хамт явсан залуучууд нь Сэлэнгэбаатарыг гараад ир гээд дуудсан. Тэгээд Сэлэнгэбаатар бид 2 баарны хаалгаар гарах гээд үүдний коридорт  явж байхад Сэлэнгэбаатарт алгадуулсан залуу урдаас орж ирээд Сэлэнгэбаатарыг заамдаад авахад хамт байсан залуучууд нь тойроод ирсэн. Тэгээд хэсэг маргаж байгаад Сэлэнгэбаатар нүдний шилтэй залуугийн хажууд байсан саравчтай малгайтай залуугийн нүүр рүү мөргөсөн”  гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 10 сарын 10-ны өдрийн 09шэ/384 тоот актын “Даваахатаны биед хамар ясны  хугарал гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Д.Мөнхбат гэх дүгнэлт /хх-н 29/

Шүүгдэгч П.Сэлэнгэбаатар нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 40/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/384 дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

              Шүүгдэгч П.Сэлэнгэбаатар согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 00 цагийн үед Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соронз” баарны үүдний коридорт бусадтай маргалдсан бөгөөд уг маргааныг таслан зогсоох зорилгоор очсон Б.Даваахатаны  нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөж биед нь хамар ясны  хугарал бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Сэлэнгэбаатарын хэргээ хүлээн мэдүүлсэн “...Намайг олон залуучууд хажуу талаас татаад больцгоо гээд байсан. Энэ үед хохирогч Даваахатан ирээд “больцгоо” гээд хажууд ирээд зогсож байсан. Тэгээд би Даваахатаны нүүрэнд нэг удаа мөргөсөн. Би Даваахатанг танихгүй” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Даваахатаны “би маргааныг салгах зорилгоор очоод “больцгоо” гэж хэлтэл Сэлэнгэбаатар нь намайг мөргөсөн. Би салгах үйлдэл хийсэн, өөр ямар нэгэн үйлдэл хийгээгүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад гэрч М.Дондовдоржийн “баарны үүдний коридорт танихгүй хэдэн залуучууд заамдалцаад зогсож байсан. Нэг харахад Даваахатан дэргэд ирчихсэн зогсож байсан байсан бөгөөд хамраа цохиулчихлаа гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 19/, гэрч У.Отгонболдын “улаан цамцтай залуу Даваахатангийн нүүр рүү 1 удаа мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хх-20/, гэрч Н.Энхболдын мэдүүлсэн “Тэгээд хэсэг маргаж байгаад Сэлэнгэбаатар нүдний шилтэй залуугийн хажууд байсан саравчтай малгайтай залуугийн нүүр рүү мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн “Б.Даваахатаны биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 29/, эд мөрийн баримтаар хураагдсан сиди бичлэг зэрэг бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Танхайрах гэмт хэрэг үйлдэгдсэн газар болон орчин нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг шинж болдог онцлогтой. П.Сэлэнгэбаатар нь олон нийтийн газар буюу бааранд пиво ууж согтуурсан үедээ бусадтай маргалдаж, уг үл ойлголцол, хэрүүл маргааныг таслан зогсоох зорилгоор очсон Б.Даваахатаныг ямарч шалтаг шалтгаангүйгээр шууд түүний нүүрэн тус газарт нь мөргөж, биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг хувийн сэдэлтээр үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, П.Сэлэнгэбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн буюу Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

           Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Даваахатан нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 800.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судалбал Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн тасалбар 30.000 төгрөг болон унааны зардал 8500 төгрөгийн баримтыг тус тус ирүүлжээ. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 100.000 төгрөг  төлж, хохирогч Б.Даваахатан нь одоогоор нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч П.Сэлэнгэбаатар нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-н 40 хуудас/ тогтоогдсон болно.    

Шүүхээс П.Сэлэнгэбаатарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээж үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцож, хуульд заасан хорих ялын доод хэмжээг баримтлан ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

П.Сэлэнгэбаатар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг DVD-ыг /Сиди/ хэрэгт хавсаргах нь зохилтой.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйл,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Отгон овгийн Пүрэвдоржийн Сэлэнгэбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Отгон овгийн Пүрэвдоржийн Сэлэнгэбаатарыг 3 /гурван/ жил 1/нэг/ хоногийн хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар П.Сэлэнгэбаатарыг эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд заасныг журамлан П.Сэлэнгэбаатарт оногдуулсан 3 /гурван/ жил 1/нэг/ хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  5. Шүүгдэгч П.Сэлэнгэбаатар нь хохирогч Б.Даваахатаны эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 100.000 төгрөг төлснийг, хохирогч нь цаашид гарах эрүүл мэндийн хохирлын талаарх нэхэмжлэлийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй зэргийг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “Somei” гэсэн бичигтэй DVD-ыг /сиди/ уг хэргийн хадгалах хугацаа дуустал, хэрэгт хавсарган хадгалсугай.
  7. Энэ тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол П.Сэлэнгэбаатарт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. П.Сэлэнгэбаатарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Сэлэнгэбаатарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАЙГАЛМАА